1 гол сэдэв

Юу болов?

Дайныг дуусгах 28 заалт бүхий төлөвлөгөгө танилцууллаа. Трампын засаг захиргаа ОХУ болон Украйны эрх баригчдад дайныг дуусгах төлөвлөгөгөөө танилцуулжээ. Уг төлөвлөгөөнд Украйныг зарим газар нутгаасаа татгалзах, аюулгүй байдлын баталгаа олгох зэрэг “хүнд” заалтууд тусгагджээ.

Ямар заалтууд орсон бэ?

- Крым, Донецк, Луганскийг Оросын хяналтад байхыг хүлээн зөвшөөрөх
- Херсон, Запорожийн шугамыг одоогийн байдлаар нь царцаах
- Украйны армийг 600 мянган хүнээр хязгаарлах, НАТО-д элсэхгүй гэдгийг үндсэн хуульдаа тусгах
- Европын Холбоонд элсэхийг зөвшөөрч, үйл явцыг түргэсгэх
- АНУ Украйнд аюулгүй байдлын баталгаа гаргах
- Украйн 100 хоногийн дотор сонгууль явуулах
- ОХУ-аас царцаасан 100 тэрбум долларыг Украйны сэргээн босголтонд зарцуулах
- ОХУ-ыг Украйн руу дахин халдахгүй байхыг тодорхойлсон хууль, эрх зүйн бичиг баримтыг гаргах
- Украйныг сэргээх хөгжлийн санг үүсгэж, шинэ дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Дэлхийн банкнаас шаардлагатай санхүүжилтийг гаргах
- Европын сөнөөгч онгоцыг Польшид байрлуулах

Одоо яах вэ?

Үүнээс гадна Украйныг сэргээн босгох зорилготой хүмүүнлэгийн хороог АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн биеэр ахлана гэнэ. Мөн хэлцэл зурагдсан даруйд дайнд оролцсон бүх оролцогч талууд, хувь хүмүүст зуун хувийн өршөөл үзүүлж, дайны гэмт хэрэгт татахгүй байх заалт багтжээ.

2 чухал тоо

350.000.000.000: OpenAI-ийн хамгийн гол өрсөлдөгчдийн нэг Antrophic Microsoft, Nvidia-тай шинэ түншлэлээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, Microsoft 5 тэрбумын, Nvidia 10 тэрбумын хөрөнгө оруулалтыг тус компанид хийж, 350 тэрбум долларын үнэлгээтэй болов. Харин Antrophic-ийн хувьд Microsoft-оос 30 тэрбум доллартай тэнцэх Azure клоуд үйлчилгээг худалдан авах болсон бол Nvidia-тай хамтран гол модель болох Claude-ийг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгоно гэв. Ташрамд дурдахад, 2021 онд OpenAI-ийн экс инженерүүд байгуулсан тус компанийн гол санхүүжүүлэгч нь Amazon юм.

38: МАН-ын шинэхэн дарга Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдлоо. Чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь буюу 82.5% нь түүнийг дэмжжээ. Өдгөө 38 настай тэрээр 1992 оноос хойшхи хамгийн залуу парламентын спикер болж байна. Түүнээс өмнө 10 эрхэм уг албан тушаалыг хашиж байсан бөгөөд хамгийн залуу нь 42 настай Н.Багабанди (1992-1996) байжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Танзанид цэргийн хүчээр бослогыг даржээ

- Африкийн хамгийн амар тайван улс гэгддэг байсан Танзанид ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн залуусын жагсаалыг хүч хэрэглэн дарж, улмаар 1000 гаруй хүний аминд хүрсэн аймшигтай үйл явдал болсон байна.

- 10-р сарын 29-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан 98%-ийн саналаар ялалт байгуулсан юм. Гэвч үүнийг сөрөг хүчин эсэргүүцэж, томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болжээ. Улмаар эрх баригчид онц байдал зарлаж, интернет сүлжээг тасалжээ.

- Сөрөг хүчний мэдээлж байгаагаар цэргийнхэн жагсагчдын эсрэг гал нээж, мянга гаруй хүний аминд хүрсэн гэнэ. Харин төрийн албан ёсны хэвлэлээр “эх орноосоо урвасан” шалтгаанаар 240 гаруй хүнийг баривчилсан гэдгээ мэдэгджээ.


II. Google Microsoft-ийг гүйцлээ

- Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцааны ханш баасан гарагийн арилжааны дараагаар 3.5%-аар өсөж, 3.62 их наядад хүрчээ. Ингэснээр тэд Microsoft-ийг гүйцэж, зах зээлийн үнэлгээгээрээ гуравт бичигдэх боллоо. Тэдний өмнө зөвхөн Nvidia, Apple л бичигдэж буй.

- Үүний гол шалтгаан нь Google-ийн шинээр танилцуулсан Gemini 3.0 модель байв. Уг модель хиймэл оюуны чадамжийг шалгадаг бүх тестүүдэд Grok, ChatGPT, Claude-ийг гүйцжээ. Зэрэгцүүлэн гаргасан Nano Banana хэмээх зураг үүсгэдэг хэрэгсэл нь сошиалд тэр дороо хит болж орхив.

- Alphabet-ийн хувьцааны ханш 2025 он гарснаас хойш 58% өсөөд байгаа юм. Тэд саяхан Apple-ийн Siri-д зориулсан шинэ модель хөгжүүлэх болсноо зарлаад байгаа. Тэрчлэн АНУ-ын шүүхээс хайлт, веб хөтчийн зах зээлд монополийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж буй эсэх асуудалд Google-ийн талд шийдвэр гаргаад байгаа билээ.


III. Бангладешийн экс ерөнхий сайдад цаазын ял оноолоо

- 2024 оны наймдугаар сард болсон оюутны бослогын улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, эх орноосоо зугтаад буй Шэйх Хасинад тус улсын шүүх цаазын ял оноожээ. Өдгөө Энэтхэгт амьдарч буй тэрээр уг шийдвэрийг “хэт нэг талыг баримталсан” хэмээн үл ойшоожээ.

- 2009 оноос хойш тасралтгүй эрх барьсан Ш.Хасина бол тус улсыг үүсгэн байгуулагч Шэйх Рахманы охин. Тэрээр өнгөрөгч зуны жагсаалын эхэн үед залуус руу гал нээх шийдвэр гаргаж, улмаар 1400 гаруй хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа билээ.

- Одоогийн байдлаар Бангладеш улсын түр засгийн газрыг Нобелийн шагналт М.Юунүс тэргүүлж байгаа бөгөөд ирэх оны 2-р сард сонгууль явуулахаар төлөвлөж байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Тэг зогсолт: Мягмар гарагт дэлхийн хамгийн том интернет дэд бүтцийн компани Cloudflare-ийн үйлчилгээ саатлаа. Ингэснээр X, Shopify, Claude зэрэг сая сая хэрэглэгчтэй топ платформууд оффлайн болжээ. Өнгөрсөн сард AWS мөн саатаж, олон мянган вебсайт ажиллагаагүй болж байсан билээ.

Шинэ гишүүн: Төв Азийн орнуудын төрийн тэргүүдийн ээлжит зөвлөлдөх уулзалт Ташкент хотноо боллоо. Уг уулзалтын хамгийн том үр дүн нь Азербайжаныг бүлгийн бүрэн эрхтэй шинэ гишүүн болгон нэмсэн нь байв. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг нэмэгдүүлж, улс орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа үүсэх шинэ боломжуудыг үүсгэнэ хэмээн үзэж байна.

Мега хот: Жакарта дэлхийн хамгийн том хот болжээ. НҮБ-аас 10 сая ба түүнээс дээш хүнтэй хотыг “мега-хот” гэж нэрлэдэг. Тэгвэл COP30 арга хэмжээний үеэр танилцуулсан “World Urbanization Prospects” тайланд дурдсанаар Индонезийн Жакарта хот 42 сая оршин суугчтайгаар дэлхийн хамгийн том хот болжээ. Тэдний араас Бангладешийн Дака (40 сая), Японы Токио (33 сая) бичигдэж байна. Топ 10-т Египтийн Кайрогоос бусад нь бүгд Азийн хотууд байлаа. Тайланд дурдсанаар дэлхийн нийт хүн амын тал хувь нь хотуудад амьдарч байгаа гэнэ. Энэ тоо 1950 онд ердөө 20%-тай тэнцүү байжээ.

Цуут мисс: “Miss Universe”-д Мексикийн гоо бүсгүй түрүүллээ. 25 настай Фатима Бош Мексик улсаас тус наадамд түрүүлсэн 4 дэх бүсгүй болж байна. Түүний нэр тэмцээн эхлэхээс өмнө олонд танигдсан. Зохион байгуулагчдын нэг түүнийг “үл хүндэтгэсэн” байдлаар дуудаж, зохисгүй аяг гаргасан нь зарим оролцогчдыг тэмцээнийг орхиход хүртэл хүргэсэн юм. Улмаар тэрээр тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж, ялалт байгуулжээ. 74 дэх удаагийн наадамд 101 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадамд Монголоос төлөөлөл оролцсонгүй.

5 сонин хачин

1. Өнгөрсөн жил гарсан даруйдаа хит болж, дэлхий даяар 790 сая гаруй долларын орлого цуглуулсан “Wicked” мюзиклийн 2-р анги нээлтээ хийлээ. “For Good” нэртэй уг бүтээл эхний долоо хоногтоо 151 сая долларын орлого олсон нь 2025 онд зөвхөн “Minecraft”-ийн ард бичигдэх амжилт болж байна. Universal-ийн хувьд уг кинонд зарцуулсан нийт төсвөө ердөө эхний долоо хоногтоо л олсон нь энэ.

2. Youtube-ийн хамгийн их үзэлттэй суваг болох “Baby Shark”-ийг бүтээгч “Pingfong” БНСУ-ын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани боллоо. Тэд 400 сая долларын үнэлгээтэйгээр 50 сая долларыг татаж байгаа бөгөөд эхний өдөр 62%-ийн өсөлт үзүүлжээ. Pingfong-ийн хувьд зөвхөн Youtube дээр л гэхэд 16 тэрбум үзэлт цуглуулж, Netflix-ийн хит “Bebefinn”-ийг хөгжүүлж чадсан. Одоо тэд зөвхөн анимэйшнээс гадна кино, мерч тоглоом, гар утасны тоглоом зэргийг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

3. Домогт уран бүтээлч Густав Климтын 1914-1916 онуудад зурсан “Portrait of Elisabeth Lederer” хэмээх бүтээл “Sotheby’s”-ийн ордонд зарагдсан хамгийн өндөр үнэтэй бүтээл болжээ. 19 минутын турш үргэлжилсэн дуудлага худалдааны ялагч нь нэрээ нууцалсан эрхэм байсан бөгөөд 236 сая долларыг төлжээ. Сонирхуулахад, 2017 онд Леонардо Да Винчигийн “Salvator Mundi” хэмээх зураг “Christie’s”-ийн ордонд 450 сая долларын үнэ хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй бүтээлд тооцогддог билээ.

4. Дэлхийн хамгийн баян эрхэмүүдийн нэг Жефф Бэйзос Project Prometheus нэртэй шинэ стартап үүсгэн байгуулжээ. Тэрээр Google-ийн “Moonshop Factory”-д ажиллаж байсан нэрт физикч Вик Бажажатай хамтран уг компаниа удирдана гэнэ. Уг компани нь зөвхөн текстээс гадна дуу, видеотой хоршин ажиллах шинэ төрлийн AI моделийг хөгжүүлэх бөгөөд робот, үйлдвэрлэл, сансрын технологид нэвтрүүлэх амбицтай байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ж.Бэйзос тус компанийг 6 тэрбум доллараар санхүүжүүлж, 100 гаруй ажилтантай баг бүрдүүлээд амжсан аж.

5. Мексикийн нэрт зураач Фрида Калогийн “Зүүд” хэмээх хөрөг зураг дуудлага худалдаагаар 54.7 сая долларын үнэ хүрчээ. Энэ нь эмэгтэй зураачдын хувьд хамгийн өндөрт тооцогдох амжилт юм. Тэрээр уг зургийг 1940 онд зуржээ. Түүнээс өмнөх амжилтыг Америкийн зураач Ж.О’Киффийн “Цэцэг” нэртэй бүтээл 44.4 сая долларын үнэ хүрснээрээ тогтоож байжээ.