1 гол сэдэв

Юу болов?

Шинэ пап тодорлоо. Дэлхий даяар тэрбум гаруй сүсэгтнийг нэгтгэсэн католик шашины тэргүүнээр Америкийн кардинал Роберт Превост сонгогдож, Пап XIV Лео хэмээх нэрийг хүлээн авлаа. Өдгөө 69 настай Роберт Превост АНУ-д төрсөн анхны пап лам болж байгаа нь энэ юм.

Хэрхэн тодров?

Түүхэн дэх 267 дахь пап ламыг сонгох сонгууль 2 өдрийн турш үргэлжилсэн. Саналын эрхтэй 135 кардиналын хамгийн багадаа гуравны хоёрын саналаар шинэ пап тодордог уламжлалтай юм. Р.Превост Виллановагийн их сургуулийг математикчаар төгссөн даруйдаа шашины карьераа эхлүүлсэн түүхтэй.

Юу мэдэх ёстой вэ?

- Тэрээр Перуд 20 гаруй жилийг өнгөрүүлж, тус улсын хамбаар өргөмжлөгдөн ажиллаж байжээ. 2023 онд Пап Францис түүнийг дэргэдээ авчирч, Латин Америкийг хариуцсан тэргүүн хамбаар нэрлэж, Ватиканы гол томилогоог хийх албаны ахлахаар томилж байжээ. Пап Лео Гэгээн Петрийн талбайд цугласан мянга мянган сүсэгтэн олонд хандан хэлсэн анхны үгэндээ Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэж, олон нийтийг энх тайвны үйл хэрэгт уриалжээ.

2 чухал тоо

30 - Кашмир орчимд болсон террорист халдлагын дараагаар Энэтхэг, Пакистаны хоорондын харилцаа хурцадмал байдалд хэвээр байна. Энэтхэг улс даваа гарагт цэргийн ажиллагаа эхлүүлж, хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийн байрлаж байсан гэх сүмийг бөмбөгдөж, улмаар 30 гаруй хүний аминд хүрчээ. Пакистаны тал олон улсын шинжээчдийг урьж, өөрсдийн гэм буруугүйг нотлоход бэлэн байна гэдгээ мэдэгдсээр байгаа. Улмаар хамгаалах зорилгоор Энэтхэгийн 5 сөнөөгч онгоцыг устгажээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цөмийн зэвсэг эзэмшдэг хөрш өрнүүдийн дунд зуучлагчаар оролцож, гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэдгийг мэдэгдээд удаагүй байна. Гэвч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хил орчимд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бололтой.

10 - АНУ, Их Британи худалдааны гэрээ байгууллаа. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн бүх улсад тарифын дайн зарласнаас хойшхи хамгийн эхний том хэлэлцээр болж байна. АНУ-ын хувьд Их Британийн ган, хөнгөн цагаан болон онгоцны тоног төхөөрөмж, хөдөлгүүрт ямарваа татвар оногдуулахгүй. Мөн 100 мянга хүртэлх машинд нэмэлт тариф оноохгүй болсон нь Rolls-Royce, Aston Martin, Range Rover зэрэг үйлдвэрлэгчдэд эерэг мэдээ болов. Гэхдээ бусад бүтээгдэхүүнд суурь тариф болох 10% үйлчилсэн хэвээр байх гэнэ. Энэ долоо хоногт АНУ болон Хятадын төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо гадаад худалдааны асуудлаарх анхны хэлэлцээрээ мөн эхлүүлээд байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Ялалтын 80 жилийн ой тохиолоо

- 6 жилийн туршид үргэлжилж, 80 гаруй сая хүний аминд хүрсэн дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнууд ялсны түүхт наян жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. Москва хотын Улаан талбайд Орос улс ялалтын парадыг зохион байгуулж, 13 улсын 11 мянга гаруй цэргийн албан хаагч оролцов. Уг ажиллагаанд БНХАУ-ын удирдагч Ш.Жинпин, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй 29 улсын төрийн тэргүүд оролцжээ.

- Энэ үеэр Киев хотноо Их Британи, Герман, Франц, Польшийн төрийн тэргүүд цуглаж, Украйны ерөнхийлөгч В.Зеленскитэй албан ёсны хэлэлцээр хийлээ. Энэ үеэрээ тэд ОХУ-ын талд даваа гарагаас эхлэн гал зогсоох, үгүй бол эдийн засгийн хоригийг улам чангаруулна гэх шахалтыг үзүүлжээ. Энэ саналыг АНУ-ын тал ч дэмжиж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

- Үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украйны талтай Истанбул хотноо шууд хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь эерэг мэдээ байв. Тэд 5-р сарын 15-ны өдрийг онилж байгаа юм.


II. OpenAI ашгийн компани болох төлөвлөгөөнөөсөө буцлаа

- Хиймэл оюуны зах зээлд тэргүүлэгч OpenAI өнгөрсөн оны сүүлээр ашгийн төлөөх бүтэцтэй болж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгоно гэдгээ мэдэгдээд байсан. Энэ нь нийгмийн шүүмжлэлтэй тулж, анхны үүсгэн байгуулагчдын нэг И.Маск шүүхэд зарга үүсгээд байсан билээ.

- Тэгвэл тус компани даваа гарагт уг төлөвлөгөөг цуцалж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашгийн бус байдлаар үргэлжлүүлэн ажиллах болсноо зарлалаа. Гэхдээ тэд шаардлагатай санхүүжилтийг татах үүднээс ашгийн төлөөх нэгжийг байгуулж, орлого-зарлагын тэнцвэрийг хангах тал дээр нээлттэй, ил тод байдлаар ажиллана гэдгээ мэдэгджээ.

- Сонирхуулахад тус компани аппликэйшн хариуцсан гүйцэтгэх захирал хэмээх орон тоог үүсгэж, Instacart-ийн CEO-оор ажиллаж байсан Ф.Симог томилжээ. Уг нэгж нь OpenAI-ийн бүтээгдэхүүн, програм хөгжүүлэлтийг хариуцах гэнэ.


III. Европын тэмцээнүүдийн финалистууд тодорлоо

- Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийн шигшээд тоглох багуудын нэрс тодорхой боллоо. Аваргуудын лигийн хагас шигшээгийн Интер, Барселона клубүүдийн тоглолт маш өрсөлдөөнтэй болж, нэмэлт цагт Италийн аваргууд илүүрхснээр сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа шигшээд шалгарлаа. Нөгөө талд ПСЖ Арсеналыг хоёр тоглолт дараалан хожиж шигшээд үлдэв. Тэд Францын лиг, Францын цомын тэмцээнд түрүүлээд байгаа юм.

- Харин Европа лигт Английн хоёр баг төвөггүй финалд үлдэв. Хамгийн сонирхолтой нь Манчестер Юнайтед, Тоттенхэм клубүүд Премьер лигт 15, 16-р байрт бичигдэж байгаа билээ. 2 багийн ялагч нь ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болно.

- Аваргуудын лиг: Интер (Итали) – ПСЖ (Франц),

- Европа лиг: Манчестер Юнайтед (Англи) – Тоттенхэм (Англи)

- Конференц лиг: Реал Бетис (Испани) – Челси (Англи)

4 мэдүүштэй зүйл

Үрэх төлөвлөгөө: Дэлхийн хамгийн чинээлэг эрхэмүүдийн нэг Билл Гэйтсийн эхлүүлсэн “Gates Foundation” 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ үеэрээ тэрээр ирэх 20 жилийн хугацаанд өөрийн бүх хөрөнгөө сандаа зориулж, улмаар 2045 он гэхэд сангийн үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа. Б.Гэйтс ирэх жилүүдэд хөгжингүй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, ДОХ, сүрьеэ зэрэг халдварт өвчинтэй тэмцэх зэрэг төслүүдэд 200 тэрбум долларыг зарцуулна гэнэ.

Шилдэг сэтгүүлчид: Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддон Pulitzer Prize-ийн 2025 оны ялагчид нэрлэгдлээ. Энэ жилийн наадамд The New York Times-ийн сэтгүүлчид өнгөлж, “Олон улсын мэдээ”, “Шуурхай сурвалжлага” зэрэг нийт 4 төрөлд ялалт байгуулсан байна. Харин New Yorker сэтгүүл гэрэл зураг, аудио сурвалжлага зэрэг 3 төрөлд тэргүүлжээ. Мөн WSJ, Reuters, Washington Post, ProPublica зэрэг топ редакцууд шагнал хүртжээ.

Шинэ канцлер: Германы парламент сонгуульд ялалт байгуулсан Христийн ардчилсан намын тэргүүн Фридрих Мерцийг канцлераар томиллоо. Баруун төвийн үзэл баримтлалтай түүний нам зүүн төвийн үзэлт Социал демократ намтай эвссэнээр засгийн газраа байгуулах боломжтой болсон. Гэсэн ч эхний санал хураалтад тэрээр шаардлагатай 316 саналаас 310-ыг нь аваад байсан юм. Энэ бол хоёрдугаар дайнаас хойш Германы түүхэнд гарч байгаагүй үзэгдэл болсон билээ. Харин хоёр дахь санал хураалтад тэрээр нийт 325 гишүүний дэмжлэгийг хүлээжээ.

Цөмийн станц: Google ирэх арван жилийн хугацаанд энэ чиглэлд 3 бие даасан төсөл хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тухайн төсөл бүр нь хамгийн багадаа 600 мватт-ын хүчин чадалтай байх бөгөөд Google-ийн дата төв, хиймэл оюун хөгжүүлэлтийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой байх юм. Тэднээс өмнө Microsoft, Amazon мөн цөмийн цахилгаан станцын төслөө зарлаад байв.

5 сонин хачин

I. GTA VI-ийн трэйлэр рекорд тогтоожээ. Өнгөрсөн долоо хоногт Rockstar фенүүдийн удтал хүлээж буй Grand Theft Auto тоглоомын шинэ бүлэг нь хойшилж, 2026 оны тавдугаар сард гарах болсныг зарласан. Энэ үеэрээ тэд тоглоомын шинэ трэйлэрийг цацаж, фенүүддээ бага ч болов бэлэг барьсан юм. Тэгвэл тус тоглоомын трэйлэр эхний өдрөө 475 сая үзэлт цуглуулж, бүх цаг үеийн дээд амжилтыг эвджээ. Үүнээс өмнө Marvel-ийн Deadpool & Wolverine-ийн трэйлэр 365 сая үзэлтийг цуглуулсан нь хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм. 2023 онд гарсан уг тоглоомын эхний трэйлэр л гэхэд 98 сая үзэлттэй байжээ.

2. Абу Даби Disneyland-тай болно. Энэ бол Disney-ийн хувьд олон улсад байгуулах 7 дахь парк цогцолбор нь болж байна. Тэд Miral хэмээх компанитай хамтран шинэ төслөө хэрэгжүүлэх бөгөөд 2030 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Disney-ийн хувьд борлуулалтын орлого нь тогтмол нэмэгдэж буй паркийн нэгждээ ирэх жилүүдэд 60 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Шинэ парк Абу Дабигийн аялал жуулчлалын гол төв болсон Яас арал дээр байгуулагдана. Яас орчимд Warner Bros.-ийн парк, Ferrari Park, Yas Waterworld зэрэг энтертэйнмент төвүүд үйл ажиллагаа явуулдаг юм.

3. “Алтан бөмбөрцөг” шилдэг подкаст тодруулна. “Шилдэг подкаст”-ын төрөл 2026 оноос эхлэн тус наадмын хөтөлбөрт албан ёсоор багтах болжээ. Одоогоор “Алтан бөмбөрцөг”-ийн зүгээс подкасын төрөл, урт болон бусад холбогдох шалгуурыг тодорхой зарлаагүй байгаа ч “Топ 25” подкастаас зургааг нь нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй наадмын нэг подкастыг ийн тодотгох болсон нь аудио контент бүтээгчдийг хүлээн зөвшөөрсөн маш том үйл явдал боллоо хэмээн шинжээчид үзэж байна.

4. BBC дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг Агата Кристигийн “бичихүйн тухай” хичээлийг нээжээ. Тэд өөрсдийн BBC Maestro платформдоо алдарт зохиолчийг AI ашиглан “амилуулж”, түүний гар бичмэл, тэмдэглэл, зохиол дээрээс үндэслэн мастеркласс хөтөлбөрийг боловсруулжээ. BBC уг төсөлдөө А.Кристигийн гэр бүлтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

5. DoorDash гол өрсөлдөгчөө худалдаж авлаа. Америкийн хоол болон хүнс хүргэлтийн тэргүүлэх платформуудын нэг DoorDash Их Британийн зах зээлийн лидер Deliveroo-г 3.9 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэлээ. Ингэснээр DoorDash Европын зах зээл дэх тэлэлтээ эрчимжүүлэх боломжтой болж байна. 2022 онд тэд Финляндад төвтэй Wolt-ийг 7 тэрбум доллараар худалдаж авч байлаа. Хоол хүргэлтийн зах зээл сүүлийн үед идэвхжиж, топ компаниудын нэгдэх үйл явц олноор явагдаж байна. Энэ онд л гэхэд Delivery Hero Deliveroo-ийн Хонгконгийн салбарыг худалдаж авсан бол Европын гол тоглогчдын нэг Just Eats Prosus-д харьяалагдах болсон. Харин энэ долоо хоногт Uber Туркийн зах зээлийг атгасан Trendyol GO-ийг 700 сая доллараар худалдан авах болсноо зарлажээ.