1 гол сэдэв

Түүхэн амжилт

Дэлхийн кино ертөнцийн топ наадмуудын нэг болох Венецийн кино наадмаас Монгол жүжигчин шилдгээр тодорлоо. Тус наадмын "Оризонти" хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр "Сэр сэр салхи" уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарчээ. Энэ бол Монголын кино уран бүтээлчдийн хувьд түүхэн амжилт болов.

Хос арслан

Ингэснээр найруулагч П.Лхагвадулам хоёр жил дараалан Венецийн наадмаас шагнал хүртэв. Түүний "Есдүгээр сарын цас" бүтээл өнгөрсөн жил шилдэг богино хэмжээний киногоор шалгарч байсан юм.

Алтан арслан

80 дахь удаагийн Венецийн кино наадмын шилдэг бүтээлээр алдарт найруулагч И.Лантимосын "Poor Things" тодорч алтан арслангийн эзэн болжээ.

2 чухал тоо

11.196 - Туркийн шүүхээс 29 настай крипто энтрепренер Ф.Озерт 11,196 жилийн хорих ялыг оноолоо. Thodex нэртэй крипто биржийг үүсгэн байгуулагч тэрээр 2000 гаруй хэрэглэгчийн 2 тэрбум долларыг залилан, Албани руу зугтсан хэмээн буруутгагдсан юм.

2,122 - Морокко улсын жуулчлалын томоохон бүс Марракеш орчимд, 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Сүүлийн 60 жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлтөд одоогоор 2122 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн хүнд бэртэл авчээ. Амьд үлдэгсдийг эрэн сурвалжлах, хохирлыг тооцоолох ажил ид явагдаж байна.

3 онцлох өгүүлбэр

I. Германы шигшээ сагсан бөмбөгийн дэлхийн аваргаар тодорлоо.

- Филиппин, Япон, Индонез улсуудад явагдсан 19 дэх удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-д Германы шигшээ түрүүллээ. Тэд энэ тэмцээний туршид нэг ч хожигдолгүй явсаар Сербийн шигшээг финалд ялж, түүхэндээ анх удаа түрүүлсэн нь энэ юм.

- Сагсан бөмбөгийн тэргүүлэх гүрэн АНУ энэ удаагийн тэмцээнд гурван удаа хожигдож, бүр медальгүй хоцров. Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Канадын багт ялагджээ. Энэ нь Канадын багийн хувьд түүхэн дэх анхны дэлхийн аваргын медаль нь болов.

- Германы лидер Д.Шродер тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдлээ. Герман, Серби, Канад, АНУ-аас гадна Өмнөд Судан, Япон, Австралийн багууд Парис 2024 олимпын наадмын эрхээ авчээ.


II. Arm-ийн IPO хүлээлт өндөр байна.

- Softbank-ийн эзэмшдэг чип үйлдвэрлэгч Arm 2023 оны хамгийн том IPO-г эхлүүллээ. Тэд 52 тэрбум долларын үнэлгээтэйгээр 5 тэрбум доллар босгох зорилготой байгаа юм.

- 1990 онд байгуулагдсан Arm 2016 оныг хүртэлх NASDAQ-д бүртгэлтэй байсан ч Softbank 32 тэрбум доллараар худалдан авч, эргүүлэн хувьд шилжүүлээд байсан. Хэдий ухаалаг утасны зах зээлийн өсөлт удааширсантай холбоотой борлуулалтын үзүүлэлт нь тааруу байгаа ч AI-ийн хэрэглээ, шаардлагатай холбоотойгоор тус компанийн потенциал өндөрт тооцогдож байгаа.

- Энэ үеэр тэд Apple-тай чипний технологио хуваалцах 2040 он хүртэлх урт хугацааны гэрээ байгуулснаа зарласан юм. Apple-аас гадна Nvidia, Google, Samsung, Intel зэрэг технологийн гигантууд тус компанийн хувьцааг худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.


III. Roblox-ийн хөгжүүлэгчдийн эвент явагдлаа.

- Энэ үеэр тэд бусад технологийн компаниудын адилаар өөрсдийн гэсэн AI-ийг нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Roblox Assistant нэртэй уг AI-ийн тусламжтай тоглогчид өөрсдийн хайлтын утгаар виртуал ертөнцөө бүтээж, шинэ элемент-нэмэлтүүдийг үүсгэх боломжтой болох гэнэ. Түүнчлэн тэд AI-аар үүсгэсэн эд зүйлсээ зарж борлуулах гарцыг нээжээ.

- Үүнээс гадна Roblox Connect нэртэй видео чатын функц нь ихээхэн анхаарал татав. Хэрэглэгчид апп дотроо өөрсдийн аватараар хоорондоо шууд харилцах боломжтой болж байгаа нь энэ. Түүнээс гадна нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг шууд танихаас гадна дурын виртуал орчиндоо дуудлага хийх нөхцөл бүрджээ.

- Тэрчлэн Roblox удтал хүлээлгэсний эцэст Playstation-д зориулсан хувилбараа гаргаж байгаагаа мэдэгдэв. 10-р сараас эхлэн PS4, PS5-ын хэрэглэгчид Roblox-ийг ашиглах боломжтой болно.

4 мэдүүштэй зүйл

Төлбөрийн хэрэгсэл: Hyundai машин дотроосоо худалдан авалт хийж төлбөр тооцоо хийх боломж олгох Hyundai Pay-ийг танилцууллаа. Эхний ээлжинд тэд 2024 оны Hyundai Kona-ийн хэрэглэгчдэд зориулан машин дотроосоо 6000 гаруй зогсоолын төлбөрийг төлөх нөхцлийг нээж байгаа гэнэ.

Хавдар илрүүлэгч: Microsoft дэлхийн хамгийн том хавдар илрүүлэгч AI моделийг хөгжүүлж байгаагаа зарлалаа. Тэд энэ салбарын тэргүүлэгч Paige-тэй хамтран 4 сая гаруй зурган дээр суурилан түгээмэл болон ховор хэлбэрийн хавдрыг таних технологийг бүтээж байгаа юм.

Дижитал пасспорт: Финлянд улс анх удаа цаасан пасспортыг орлуулах зорилготой дижитал пасспортыг нэвтрүүллээ. Туршилтын хүрээнд Их Британийг зорьж буй зорчигчид гар утасны апп-аасаа дижитал хэлбэрээр пасспортоо уншуулах боломжтой болж байгаа юм. Европын холбоо 2030 он гэхэд нийт аялагчдын 80% нь дижитал пасспорт ашигладаг болно гэсэн тооцоололтой байгаа юм.

Сарны аялал: Япон улс сар луу судалгааны хөлөг илгээлээ. Тэд саран дээр 2 хөлөг буулгахын нэг нь ердөө 250 грамм жинтэй бичил төхөөрөмж байх болно. Энэ төхөөрөмжөөр дамжуулан тэд бичил төхөөрөмжүүд хэрхэн сарны төсөлд ашиглагдаж болохыг турших зорилготой юм. Хэрвээ хөлөг амжилттай газардвал саран дээр буусан Энэтхэгийн дараах тав дахь улс нь Япон болох билээ.

5 сонин хачин

1. The Conjuring ертөнцийн ээлжит бүтээл "The Nun II" дэлхий даяар 85.3 сая долларын орлого олж, бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Гэхдээ тус киноны эхний анги нь зөвхөн Хойд Америкийн зах зээлээс л гэхэд 58 сая долларыг цуглуулж байсан удаатай.

2. Google 3 тэрбум хэрэглэгчтэй үйлдлийн систем Android-д брэнд шинэчлэл хийлээ. Тэд нэрний эхний үсгийг томруулж, бэлэг тэмдгээ 3D аватар болгосон байна.

3. Цар тахлын үед тодрон гарсан апп Clubhouse чатаар дамжуулан дахин сэргэхийг зорьж байна. Энэ чатад хэрэглэгч аудио мессежээ илгээхэд тэр нь Инстаграм стори форматаар группд харагдахаас гадна автоматаар текст хувилбар нь харагдах учиртай. Сүүлийн үед санхүүгийн хүнд нөхцөлд орон, тал ажилтнаа цомхотгоод байгаа тэд шинэ нэмэлт нь хандалтыг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна.

4. Soundcloud шинэ дуу, хөгжмыг эрж хайхад зориулсан шинэ цэсээ танилцууллаа. Tik Tok-той ижил босоо видеог дэмжих уг цэсэнд артистууд 30 секунд хүртэлх урттай видеогоо оруулах боломжтой. Үүнээс гадна тэд 2022 онд худалдан авсан Musiio AI-ийн технологи дээр тулгуурлан тухайлсан дууны хамгийн онцлох 30 секундыг сонгон хэрэглэгчдэд санал болгох гэнэ.

5. Gmail эможигоор хариу бичих функцийг нэвтрүүлэхээр зэхэж байна. Гар утасны апп дээр ажиллах уг нэмэлтийн тусламжтай хэрэглэгч нүүр хуудаснаасаа шууд эможи бичин хариу илгээх боломжтой болно гэсэн үг. Гэхдээ энэ функц нь BCC хийгдсэн үед, олон хүнтэй имэйлд ажиллахгүй тохиргоотой байх гэнэ.

10 уншууртай мэдээ

Дурсах: Powerpoint-ийг бүтээгч таалал төгслөө /Washington Post/

Үзэх: Х.Мияазаки тэтгэвэрт гарах болоогүй /Gizmodo/

Дүгнэх: НҮБ-ын уур амьсгалын тайлангийн тухай /Global Stocktake/

Гайхах: Прада ба блокчэйн /Bloomberg/

Анзаарах: Диснейн эзэн суудлын төлөөх өрсөлдөөн /CNBC/

Мэдэх: Хойд Солонгос цөмийн шумбагчтай болжээ /BBC/

Сонирхох: Африкийн Холбоо G20-д элсэв /AP/

Анхаарах: Apple Хятадын хоригоос 200 тэрбумыг алдав /CNN/

Хүлээх: Apple-ийн эвентээс хүлээх бүх зүйлс /The Verge/

Турших: Ухаалаг утастай машин гарна /Techcrunch/