1 гол сэдэв
АНУ Венесуэлд хяналтаа тогтоож, Мадурог баривчлав! АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн нийслэл Каракаст цэргийн тусгай ажиллагаа явуулж, тус улсын ерөнхийлөгч Николос Мадурог эхнэрийн хамтаар баривчилжээ. Улмаар түүнийг Нью Йоркт авчирч, холбооны шүүхээр оруулна хэмээн Д.Трамп мэдэгдэв. Үүнээс гадна шилжилтийн үйл явц дуустал тус улсыг АНУ удирдана хэмээн зарлажээ. Энэ бол 2026 он гарснаас хойшхи хамгийн эхний геополитикийн хямрал, олон улсын дэг журмыг сорьсон томоохон үйл явдал боллоо.
Юу болов?
Орон нутгийн цагаар 1-р сарын 3-нд шилжих шөнө Каракас хотод ажиллагаа эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Америкийн агаарын хүчин цэргийн голцуу долоон байршлыг онилж бөмбөгджээ. Венесуэлийн засгийн газраас уг халдлагад 40 орчим хүн амиа алдсан хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр Америкийн тусгай хүчнийхэн Мадурогийн гэрт нэвтэрч баривчилсан гэв. Бэлтгэл ажил олон сарын турш үргэлжилсэн бөгөөд Америкийн тагнуулын алба түүний байршил, хуваарь, хоолны сонголт, бүр тэжээмэл амьтдынх нь талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан байсан аж.
Яагаад?
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ үйл явдлыг тус улсын цэргийн түүхэнд хамгийн төгс гүйцэтгэлтэй ажиллагаа байлаа хэмээн онцлов. Сүүлийн саруудад хоёр улсын харилцаа эрс хүйтэрч, оны өмнөхөн Америкийн тэнгисийн цэргийн хүчин Венесуэлийн газрын тос тээвэрлэгч хөлгийг хяналтдаа аваад байсан юм. Трампын хувьд Мадурогийн засгийн газрыг хууль бус гэж үздэг. Өнгөрсөн оны эхээр болсон сонгуульд дийлэнх шинжээчид илт давуу байдлаар Мадурог ялагдсан гэж үздэг ч сонгуулийн хорооноос түүнийг 51%-ийн саналаар гурав дахиа ялалт байгууллаа хэмээн зарласан удаатай. Үүнийг олон нийт эрс эсэргүүцэж, гудамжинд гарч жагссан ч цэргийн хүчээр дарсан гэдэг. Үүнээс гадна Мадурог хар тамхины наймааг хөхиүлэн дэмжигч буюу нарко-террорист, байгалийн баялгийг хулгайлагч хэмээн АНУ-ын засгийн газраас тодорхойлсон. Мөн түүнийг авчирсан, баривчилсан этгээдэд 50 сая долларын мөнгөн шагнал олгоно хэмээн зарлаж байсан билээ. Сонирхуулахад, Америкийн захиргаа 9/11-ийн халдлагын гол буруутан Осама Бин Ладенд 25 сая долларын шагнал амалж байсан түүхтэй.
Одоо яах вэ?
Д.Трампын хувьд Мадурог Америкийн нутаг дэвсгэрт, Америкийн шүүхээр шүүнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрээр Венесуэлийн засаг захиргааг хяналтдаа оруулж, шилжилтийн үед шууд удирдана гэв. Гэхдээ хэрхэн, яаж гэдгээ тодорхой мэдэгдсэнгүй. Одоогийн байдлаар тус улсыг дэд ерөнхийлөгч, Мадурогийн томилсон Д.Родригез удирдаж байгаа юм. Тэрээр Америкийг тусгаар тогтносон улс руу халдсан бусармаг үйлдлээ даруй зогсоож, Н.Мадурогийн гэр бүлийг буцааж авчрахыг шаардаж буй. Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн М.Мачадогийн хувьд ардчилсан сонгуульд ялалт байгуулах хамгийн магадлалтай эрхэмд тооцогдож байна. Тэрээр 2024 онд нэр дэвших эрхээ хасуулсан ч сөрөг хүчний нэр дэвшигч Э.Гонзалезийг дэмжсэн. Өдгөө 77 настай Э.Гонзалез эрүүл мэндийн шалтгаанаар ойрын үед олон нийтийн нүдний өмнө ил гараагүй. Энэ үйл явдлыг БНХАУ, ОХУ-ын тал эрс буруушааж байгааг мөн онцлох хэрэгтэй. Тэднээс гадна Иран, Куба, БНАСАУ, Гондурас зэрэг улсууд Мадурогийн талд байгаа нь тодорхой. Ажиллагаа явагдахаас хэдхэн цагийн өмнө Мадуро Хятадын тусгай төлөөлөгчтэй албан уулзалт хийсэн нь ил болсон. Хятадын хувьд 2007 оноос хойш 60 тэрбум орчим долларыг тус улсад зээлж, оронд нь түүхий газрын тос авдаг гэрээтэй. Дэлхийн газрын тосны хамгийн том тоглогчдын нэгт АНУ хяналтаа тогтоох нь зах зээлд нөлөөлөхүйц том үйл явдал мөн.
Венесуэлийн тухай таны мэдэх ёстой чухал баримтууд:
- Газрын тосны нөөцөөрөө дэлхийд №1 улс бол Венесуэл. АНУ, ОХУ-ын нөөц нийлээд талд нь ч хүрэхгүй.
- Байгалийн хийн нөөцөөрөө топ 10-т бичигддэг.
- Алтны нөөцөөрөө бүх Африкийг нийлүүлснээс ч их. Латин Америкийн хамгийн том нөөцтэй орон.
- Төмрийн нөөцөөрөө мөн дэлхийд топ 10-т бичигддэг.
- Нүүрсний нөөцөөрөө Латин Америктаа толгой цохино.
- Дэлхийн цэвэр усны нөөцийн 2% нь тус улсад харьялагддаг.
- Газрын ховор элементийн орд газрууд нээгдсэн, хараахан эргэлтэд орж амжаагүй байгаа.
- Тус улс 20-р зууны сүүл хэсэгт Латин Америкийн үлгэр жишээ орон байв. Дэлхийн бүх топ компаниуд үйл ажиллагаа явуулж, дундаж давхаргын эзлэх хувиараа дэлхийд тэргүүлж байсан.
- Гэвч 2000-аад оны эхээр популистууд засгийн эрхэнд гарч, улмаар газрын тосны ордуудыг төрийн өмчид шилжүүлж эхэлсэн.
- Тус улсын эдийн засаг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 75%-аар агшсан. 2025 оны инфляцийн өсөлт 180 орчим хувьтай байв.
- Тус улсын төв банк 2018 онд инфляцын түвшин 130,080% болсныг зарласан. Өөрөөр хэлбэл гиперинфляцийн улмаас тухайн жилд өргөн хэрэглээний барааний үнэ 1300 дахин нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ ОУВС энэ тоог хэд дахин багасгасан үзүүлэлт гэдэг.
- Сүүлийн 15 жилд нийт 7 сая хүн буюу нийт хүн амын 20 гаруй хувь нь тус улсаас дүрвэсэн. Үүн дотор эмч, багш, инженерүүд голцуу байсан гэдэг.
- 2000 онтой харьцуулахад газрын тос олборлолт нь 4 дахин буурч, авилгал хээл хахуулийн түвшин эрс нэмэгджээ.
- Н.Мадуро 2013 оноос хойш тус улсыг удирдаж буй. Үүнээс өмнө тэрээр өмнөх удирдагч У.Чавезийн дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. Тэрээр карьераа хамгийн анх автобусны жолоочоос эхэлж байжээ.
2 чухал тоо
40 - Швейцарийн Кран-Монтанагийн цанын баазад шинэ он солигдох мөчид гал гарч, 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтжээ. Le Constellation гэх нэртэй шөнийн клубын газарт цугласан олон салют буудуулж, улмаар гал хормын дотор дүрэлзжээ. Швейцарь улс 5 хоногийн гашуудал зарлажээ.
9 - Stranger Things-ийн сүүлийн анги цацагдаж, 9 жилийн дараа албан ёсоор дууслаа.
3 онцлох өгүүлбэр
I. М.Карлсен давхар цохилт хийлээ
- Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарт явагдаж байна. Өнөө цагийн шатрын спортын нүүр царай болсон Магнус Карлсен рапид болон блиц шатрын төрөлд дараалан түрүүлсэн нь онцлох мэдээ байлаа.
- М.Карлсен рапид төрөлд 6 дахь удаагаа, блиц төрөлд 9 дэх удаагаа түрүүлсэн нь энэ юм. Тэрээр карьерынхаа туршид 5 дахь удаагаа давхар цохилт хийж байгаа нь энэ юм. Харин эмэгтэйчүүдийн блиц төрөлд Казахстаны их мастер А.Бибисара түрүүлсэн бол рапид төрөлд Оросын их мастер А.Горячкина тэргүүлжээ.
- Манай тамирчдаас Б.Мөнгөнзул рапид төрөлд эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, 15-р байрт орсон бол блиц төрөлд Б.Мөнхзул 16-р байрт бичигджээ. Б.Мөнгөнзулын хувьд дэлхийн аварга, Хятадын №1 Жү Венжүнийг хожиж шуугиан тарьсан билээ.
II. Meta Manus-ийг худалдаж авлаа
- Meta 2025 оны сүүлчийн өдөр AI-д чиглэсэн ээлжит худалдан авалтаа хийж, Manus AI-ийг эгнээндээ нэгтгэлээ. Manus бол Сингапурт төвтэй, AI агент санал болгодог томоохон платформ.
- 80 сая виртуал компьютерт ашиглагддаг гэгдэх Manus-ийн тусламжтайгаар Meta хөгжүүлэгчдэд илүү ойртож, AI-ийн зах зээл дэх байр сууриа баталгаажуулах амбицтай байгаа. Тэд уг наймаанд 3 тэрбум долларыг төлжээ.
- Meta-ийн хувьд энэ жил AI-д ихээхэн анхаарал хандуулж таван ч стартапыг худалдаж авлаа. Үүний хамгийн том нь яах аргагүй Scale AI-ийг 14 тэрбумаар худалдаж авсан нь байсан юм. Улмаар тус компанийг үүсгэн байгуулагч А.Вангийг AI-ийн бизнесийн захирлаар томилж, дэлхийн хамгийн шилдэг хөгжүүлэгчид, инженерүүдийг багтаа элсүүлж, супер нэгжийг үүсгэсэн гэгдэж байгаа юм.
III. Монгол улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийд үнэлэгдлээ
- UN Tourism буюу НҮБ-ын Аялал жуучлалын байгууллагаас гаргадаг “World Tourism Barometer”-т манай улс багтаж, аялал жуучлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтжээ.
- Монгол улсад ирсэн жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 16%-аар өссөн нь бүс нутгийн дундажтай харьцуулахад хоёр дахин өндөр байгааг тайланд онцолжээ. Уг үзүүлэлтийг Вануату, Бразил, Бутан улсууд тэргүүлжээ. Азиас Вьетнам, БНСУ, Япон, Шри Ланка зэрэг улсууд топ 20-д бичигдэв. Мөн цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад аялагчдын тоо 44%-аар өссөн нь Ази тивд зөвхөн Бутан, Катар, Узбекистаны дараа л бичигдэх үзүүлэлт байв. Сонирхуулахад, 2025 онд манай улсад хүрэлцэн ирсэн нийт жуулчдын тоо түүхэнд анх удаа 851 мянгад хүрсэн билээ. Жуулчдын дийлэнх нь БНХАУ, ОХУ, БНСУ-аас ирсэн юм.
- Уг амжилт нь Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, “Go Mongolia” кампанит ажлыг дэлхий даяар хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Үүнтэй холбоотой визийн шаардлагыг хөнгөлөх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх зэрэг олон шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч байна.

4 мэдүүштэй зүйл
AI компани: Хятадын технологийн гигант Baidu AI чип үйлдвэрлэгч компаниа тусад нь гаргаж, Хонгконгийн бирж дээр IPO хийнэ гэв. 2012 онд байгуулагдсан Kunlunxin өдгөө 3 тэрбум доллараар үнэлэгдэж буй. Baidu тус компанийн 59%-ийг эзэмшдэг бөгөөд Бээжингээс хэрэгжүүлж буй Nvidia-ийн хамаарлаас гарах бодлогын гол хэрэгжүүлэгчдийн нэгт тооцогддог.
Робот эмч: Хавдар судлалын үндэсний төвд анх удаа робот мэс заслын эмчилгээг хийлээ. Манай улс уг эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болжээ. Манай улсын хувьд энэ удаад БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажилласан байна. Цаашдаа манай улс уг технологийг ашиглан өндөр хурдны интернетийн сүлжээгээр дамжуулан алслагдсан бүс нутагт зайнаас мэс засал хийх зорилготой байгаа юм.
AI хянагч: Энэ сарын 1-ээс эхлэн хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 камерын тусламжтайгаар замын хөдөлгөөнийг 24 цагийн турш хянана. Зөрчил гаргасан иргэнд торгуультай холбоотой дүрс, бичлэг бүхий торгуулийн бичгийг илгээнэ гэнэ.
Инженерийн сургууль: ШУТИС болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулах болжээ. Уг сургуулийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө, эхний эээлжийн зураг төслийн ажлыг 2026 онд эхлүүлнэ гэв.

5 сонин хачин
1. “Zootopia 2” Disney-ийн хамгийн амжилттай анимэйшн боллоо. Тус анимэйшнийн нийт орлого 1.46 тэрбум доллар болсон нь “Frozen 2”-ийг гүйцсэн гэсэн үг. Тэд нээлтээ хийгээд бараг хоёр сар гаруй болж байгаа ч бокс оффисын топ 3-т бичигдсэн хэвээр л байна. Бокс оффисыг тэргүүлсээр байгаа Avatar 3-ийн хувьд энэ долоо хоногт 1 тэрбум долларын орлогод хүрэх бололтой. Одоогоор тус кино зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 360 сая долларыг олоод байгаа юм.
2. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй видео тоглоомын платформ Steam-ийн оны шилдэг тоглоом зарлагдлаа. 2025 оны шилдэг тоглоомоор 7 сая хувь борлуулагдсан Hollow Knight: Silksong нэрлэгдсэн байна. Тус тоглоом энэ жилийн The Game Awards-аас шилдэг адал явдалт тоглоомоор тодорсон билээ.
3. Орчин цагийн поп ертөнцийн нүүр царай Бейонсе албан ёсоор тэрбумтан болжээ. Forbes-ийн мэдээлснээр 44 настай тэрээр ийм амжилтад хүрсэн тав дахь уран бүтээлч болсон байна. Түүнээс өмнө Т.Свифт, Б.Спрингстийн, Рианна болон түүний нөхөр Jay-Z тэрбумтны клубын гишүүн болж байв.
4. BYD цахилгаан машины борлуулалтаар тэргүүлэв. Хятадын BYD түүхэндээ анх удаа Tesla-г гүйцэж байгаа нь энэ юм. BYD-ийн хувьд 2025 онд 2.26 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх жилтэй харьцуулахад 28%-аар нэмэгдсэн үзүүлэлт байв. Харин Tesla-ийн борлуулалт бараг 20%-аар буурч, 1.6 сая ширхэг автомашин борлуулжээ. Тэдний үйлдвэрлэл 2 дахь жилдээ дараалан буурч байгаа нь энэ юм.
5. 2025 оны эцсийн дэлхийн чансаанд 6-р байрт бичигдсэн “MongolZ” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, У.Анарбилэг буюу “Cobrazera”-г эгнээндээ нэгтгэжээ. The Huns багийн хамтаар өнгөрсөн жилийн топ тэмцээнүүдэд тоглосон тэрээр энэ сараар гэрээ нь дууссан Б.Өнөдэлгэр буюу “controlez”-ийг орлоно. Тус багийн гол тоглогчдын нэг “Senzu” хувийн шалтгаанаар сэлгээнд сууснаар Mongolz шинэ тоглогчдын эрэлд гараад байсан билээ.

Сэтгэгдэл бичих

