1 гол сэдэв

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнц хамгийн агуу тоглогчдын нэгтэйгээ салах ёс гүйцэтгэлээ. Аргентиний домог Диего Марадона 60 насандаа таалал төгсжээ.

1. Буэнос Айресийн хамгийн ядуу хорооллоос төрөн гарсан тэрбээр 1986 онд Аргентиний шигшээг тэргүүлэн дэлхийн аварга болсон нь түүний карьерын оргил үе байв. Даруухан амжилттай Наполиг ахлан тухайн үеийн дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг Сери А-д 2 удаа түрүүлж, УЕФА-ийн цомыг өргөсөн нь ч түүнийг "бурхан" мэт өргөмжлөхөд хүргэсэн билээ.

2. Марадонаг ФИФА-аас 20-р зууны хамгийн шилдэг хөлбөмбөгчнөөр Пелегийн хамт тодруулсан нь санамсаргүй хэрэг биш. Бөмбөгтэй бүжиглэх мэт уран тоглолтоороо гайхагдсан Марадона 80,90-ээд оны хөлбөмбөгийн ертөнцийн гол дүр, сая сая фенүүдийг сэтгэлийг татсан нэгэн байлаа.

3. 86 онд Английг хожсон тоглолт түүнийг түүхийн хуудаснаа тодоос тод бичин үлдээсэн. Талбайн голоос бөмбөг туун 60 метр гүйхдээ 5 тоглогчийг хөнгөхөн хууран оруулсан гоолыг нь зууны шилдгээр нэрлэж байсанд гайхах зүйл үгүй. Гэхдээ үүнээс илүүтэй алдарт хаалгач П.Шилтоны хаалганд гараараа цохиж оруулсан гоол нь түүнд "бурхны гар" хэмээх алдрыг хайрласан удаатай.

4. Хожмоо Аргентиний шигшээ багийг удирдан 2010 оны ДАШТ-д оролцож байсан ч дасгалжуулагчийн хувиар тийм ч өндөр амжилтад хүрч чадаагүй.

5. Хар тамхинд донтсон түүний хувийн амьдрал сүүлийн жилүүдэд тийм ч таатай байгаагүй. Гэвч этгээд хэрнээ гэнэн томоогүй мэт, үргэлж инээмсэглэл цацруулж явах эерэг дүр төрхөөрөө тэр олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсээр л байсан юм. Аргентин улс 3 өдрийн гашуудал зарлаж, дэлхий нийт суут хөлбөмбөгчинтэй салах ёс гүйцэтгэж байна.

2 чухал тоо

10: Korean Air гол өрсөлдөгчдийн нэг Asiana Airlines-ийг 1.62 тэрбум доллараар өөртөө нэгтгэж байна. Ингэснээр Монгол руу нислэг үйлддэг уг 2 компани дэлхийд 10-т бичигдэх агаарын тээврийн нэгдлийг үүсгэж буй. Цар тахалтай холбоотой хүнд байдалд ороод буй салбарыг дэмжих үүднээс засгийн газраас уг хэлцэлд 700 сая долларын дэмжлэг үзүүлэх гэнэ.

6: Монгол банкнаас мөнгөний бодлогын хүүг 2%-аар бууруулж, түүхэн доод буюу 6%-д хүргэлээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой гаргаж буй энэ шийдвэр нь Засгий газарт бага зардлаар нэмэлт санхүүжилт татах боломжийг олгох ач холбогдолтой юм.

3 онцлох зүйл

Хар баасан: Америкийн онлайн худалдааны хамгийн эрэлттэй үед тооцогдох талархлын баярын долоо хоног энэ өдрүүдэд явагдлаа. Талархлын баярын худалдаа 5 тэрбум долларын босгыг давсны дараа хар баасан гарагийн үеэрх борлуулалтын дүн 9 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 21.6 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Түүхэнд зөвхөн өнгөрсөн жилийн Cyber Monday-ийн борлуулалтын ард бичигдэх уг дүн нь цар тахлын дараа хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж, зах зээл эргэн сэргэж байгааг илтгэх явдал боллоо хэмээн экспертүүд үзэж байна. Энэ жилийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад Apple Watch, Apple Airpod, Samsung TV-ээс гадна Lego сет, Hot Wheels багтжээ. Гэрийн тэжээмэл амьтдын бүтээгдэхүүний борлуулалт 254%-аар, арьс арчилгааны бүтээгдэхүүнийх 550%-аар тус тус өссөнийг Adobe онцолжээ.


Коронавирус: Монгол улсын Засгийн Газар цар тахалтай холбоотой бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгалаа. Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд үйлчлэх энэ шийдвэрийн хүрээнд банк, онлайн худалдаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг сэргээсэн байна. Одоогоор Монгол улсад дотоодын халдвар 341 болоод байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал маш хүнд нөхцөлд байгааг ЭМЯ-аас онцолжээ. Дэлхий даяар халдварт тохиолдлын тоо 63 саяд хүрч, 1.4 сая хүн амиа алдаад буй. Талархлын баяртай холбоотойгоор АНУ-д хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, улмаар 27 дахь өдрөө дараалан өдөрт 100 мянгаас дээш өвчлөл бүртгэгдээд байгаа билээ.


Грэмми: 2021 оны Грэмми шагналын төлөө өрсөлдөх бүтээлийн нэрс тодорхой боллоо. Хэдий энэ жил цомог гаргаагүй ч Beyonce нийт 9 төрөлд өрсөлдөх болсноор бүх уран бүтээлчдийг тэргүүлэв. Карьертаа 24 удаа Грэмми хүртэж байсан тэрээр нийт 79 нэр дэвшснээрээ бүх цаг үеийн жагсаалтад П.Маккартнитай зэрэгцэж эхэллээ. Түүнээс гадна гол шагналуудыг хүртэх магадлалтайд тооцогдож буй Т.Свифт, Б.Айлиш, Д.Липа нар тус бүр 6 төрөлд өрсөлдөх болжээ. Мөн сүүлийн жилүүдэд нэр хүнд нь эрс өсөж буй BTS шилдэг үзүүлбэрийн төрөлд өрсөлдөх болсноор Грэммид өрсөлдөх анхны Солонгос хамтлаг боллоо. Хамгийн сонирхолтой нь энэ жилийн чартыг тасралтгүй тэргүүлсэн "After Hours"-ийг гаргасан The Weeknd нэг ч төрөлд өрсөлдөх эрхээ авч чадсангүй. 63 дахь удаагийн Грэмми гардуулах ёслолын ажиллагаа 1-р сарын 31-нд явагдана.

4 мэдүүштэй баримт

Сарыг эзлэгч: Хятадын илгээсэн "Chang'e-5" хөлөг сарны тойрог замд амжилттай нэвтэрлээ. Тус хөлөг 12-р сард багтан сарны гадаргуугаас 2 кг орчим шороо, чулууны дээж авчрах зорилготой юм. Өмнө нь зөвхөн АНУ, ЗХУ л сарнаас дээж зөөвөрлөж байсан бөгөөд 1976 оны ЗХУ-ын "Luna 24"-өөс хойшхи анхны оролдлого болж байна.

RIP Тони: Хэрэглэгч төвтэй бизнес, байгууллагын соёлын тухай ойлголтод онцгой нөлөө үзүүлсэн энтрепренерүүдийн нэг Тони Шиэ 46 насандаа таалал төгслөө. Гутлын онлайн худалдааны Zappos-ийг үүсгэн байгуулж, Amazon-д 1.2 тэрбум доллараар зарсан тэрээр "Delivering Happiness" номоороо олон нийтэд танигдсан билээ.

Бодол уншигч: Америкийн зэвсэгт хүчин тархины долгионыг тайлах зорилготой төсөлд 6 сая долларын тэтгэлэг олгосноо зарлалаа. Тэд урт хугацаанд энэ технологийг ашиглан цэргүүдийн хооронд бодлоороо харилцах төхөөрөмжийг бүтээх зорилготой байгаа гэнэ.

Шинэ тээвэр: Германы төмөр замын компани Deutsche Bahn 2024 оноос эхлэн устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэргийг туршиж эхлэхээ мэдэгдлээ. Siemens-тэй хамтран хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд 160 км/цагийн хурд үзүүлэх шинэ үеийн галт тэргийг 600 км орчим замд жилийн хугацаатай турших ажээ. Энэ төсөл нь байгальд ээлтэй тээврийн ирээдүйг авчирна хэмээн тэд онцолжээ.

5 сонин хачин

1. Дэлхийн ном хэвлэлийн зах зээлийн хамгийн том тоглогчид нэгдэж байгаагаа зарлалаа. Германд төвтэй Penguin Random House, ViacomCBS-ээс Simon & Schuster-ийг 2.18 тэрбум доллараар худалдан авснаар Америкийн номын зах зээлийн 34 хувийг хангах аварга нэгдлийг үүсгэж байна. Ингэснээр С.Кинг, Ж.Гришам, Б.Вүүдвард зэрэг бестселлер зохиолчид нэгэн дээвэр дор харьяалагдах болж байгаа юм.

2. "The Croods 2: A New Age" бокс оффисыг дэлхий даяар 35 сая долларын борлуулалтаар тэргүүллээ. Зөвхөн Хойд Америкт л гэхэд 14.2 сая долларын ашиг олсон нь цар тахал эхэлсэн 3-р сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Гэхдээ энэ нь дата бүртгэж эхэлсэн 1984 оноос хойшхи талархлын баярын долоо хоногийн хамгийн муу амжилтад тооцогдоно гэнэ.

3. Дэлхийн утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Booker Prize-ийн энэ жилийн ялагчаар "Shuggle Bain" нэртэй бүтээл тодорлоо. Энэ нь 44 настай Шотланд зохиолч Д.Стюартын анхны зохиол байснаараа онцлог. Ташрамд дурдахад, Нидерландын зохиолч М.Риневелдийн "The Discomfort of Evening" олон улсын шилдэг бүтээлийн шагналыг хүртээд байсан билээ.

4. Snapchat богино хэмжээний видео бүтээх боломж олгох Spotlight нэртэй шинэ нэмэлтээ танилцууллаа. TikTok-ийн шууд өрсөлдөгч болох учиртай уг нэмэлтээ тэд АНУ, Канад, Австрали зэрэг 11 оронд эхэлж нэвтрүүлээд байна. Контент бүтээгчдийг татах үүднээс тэд энэ оныг дуустал хамгийн их үзэлттэй шилдэг бүтээлд өдөр бүр 1 сая долларыг хуваан олгох гэнэ.

5. Netflix-ийн хамгийн их үзэлттэй богино цувралын жагсаалтыг шатарчин бүсгүйн тухай өгүүлэх "The Queen's Gambit" тэргүүлж эхэллээ. Нээлтээ хийснээс хойш 63 орны чартыг тэргүүлсэн уг цувралыг 28 хоногийн дотор 62 сая хэрэглэгч үзжээ. Одоогоор Netflix-ийн хамгийн их үзэгчтэй оригинал цувралд 72 сая үзэгч татсан "The Witcher" тооцогдож байгаа юм. Сонирхуулахад уг киноны бүтээгч А.Скотт цувралын үргэлжлэл хийгдэж магадгүй талаар саяхан дурджээ.

10 уншууртай мэдээ

Зочлох: 2021 оны аяллын гол цэгүүд /National Geographic/

Мэдэх: Youtube-ийн стримингийг эзлэх төлөвлөгөө /Protocol/

Харьцуулах: Э.Маск дэлхийн 2 дахь баян эрхэм боллоо /Bloomberg/

Гайхах: Нууцлаг хөшөө алга болжээ /The Verge/

Унших: Трампын ялагдлын дараах анхны хэвлэлийн бага хурал /Vox/

Үзэх: Шинэ жилээр нээлтээ хийх 82 кино /Vulture/

Талархах: Тахлын үеийн энтертэйнмент /CNN/

Сонирхох: Майк Тайсоны эргэн ирэлт тэнцээгээр өндөрлөлөө /CBS/

Турших: Онлайн сургалтын үнэ цэн /BBC/

Төлөвлөх: Токиогийн Олимпийн тест эвент зарлагдлаа /VOA/