1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн тулааны спортын хамгийн алдартай хоёр брэнд нэгдэж байгаагаа зарлалаа. Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо UFC-ийг эзэмшигч Endeavor зохиомжит буюу "нохой" зодооны холбоо WWE-г худалдаж авсан нь энэ. 21 тэрбум долларын үнэлгээтэй болж буй шинэ нэгдлийн 51%-ийг Endeavor эзэмших ажээ. Үлдсэн 49% нь WWE-ийг хувьцаа эзэмшигчдэд ноогдоно.

Юу болох вэ?

Дуэйн Жонсон, Халк Хоган зэрэг супер оддыг төрүүлсэн WWE-ийн хувьд саяхан хамгийн том эвент WrestleMania-аа зохион байгуулсан. 2 өдрийн турш 16 мянга гаруй үзэгчийг цуглуулсан энэ эвент болон медиа нэгж нь тэдэнд 1 тэрбум долларын орлогыг дангаараа авчирдаг. Телевиз, дижитал дамжуулалтын эрх болон үнэнч үзэгчдийн суурь нь тэднийг UFC сонирхох болсон гол шалтгаан. UFC-ийн хувьд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зөвхөн өнгөрсөн жилийн орлого нь 1.3 тэрбум долларт хүрсэн юм. Тэд WWE, UFC-ийн нэгдэл нь дэлхийн хамгийн хүчирхэг энтертэйнмент брэндийг үүсгэж байгаа хэмээн онцолжээ.

Юу мэдэх ёстой вэ?

Шинэ компанийг Endeavor-ийн CEO Ари Эмануэл удирдана. Харин WWE-ийн эзэн Винс Макмохан төлөөлөн удирдах зөвлөлд сууж, хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх удирдлагад ажиллах гэрээ байгуулжээ. А.Эмануэл хоёр брэндийн уялдааг хангаж, үзэгчдэд шинэ сонголт олгосон олон хослолуудыг үүсгэнэ хэмээн амалснаас гадна "UFC 2.0 эрин эхэллээ" хэмээн зарлав. Шинэ компани TKO нэртэйгээр Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдэх юм.

2 чухал тоо

34 - Д.Трамп эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан түүхэн дэх анхны ерөнхийлөгч боллоо. Түүнийг санхүүгийн тайлан, бичиг баримтаа хуурамчаар үйлдсэн тэргүүтэй нийт 34 хэрэгт буруутгаж байгаа юм. Өдгөө 76 настай тэрээр өнгөрсөн мягмар гарагт Манхаттан хотын шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн очиж, өөрт нь тулгаад буй ялтай танилцаж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэв. Д.Трамп үүнийг улс төрийн зорилготой явуулга хэмээн мэдэгдсээр байгаа юм.

2.500.000.000 - L'Oreal Австралийн тансаг зэрэглэлийн гоо сайхны брэнд Aesop-ийг 2.5 тэрбум доллараар худалдаж авлаа. Энэ нь тэдний хувьд 2008 онд YSL-ийг 1.8 тэрбумаар авч байснаас хойшхи хамгийн өндөр үнэтэй наймаа болжээ. 1987 онд байгуулагдсан Aesop-ийн хувьд сүүлийн арван жилийн турш борлуулалт нь хоёр оронтой хувиар өссөөр байгаа бөгөөд 2022 онд 537 сая долларт хүрсэн гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Супер Мариогийн кино нээлтээ хийлээ.

- "The Super Mario Bros. Movie" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 368 сая долларын орлого цуглууллаа. Энэ бол урд өмнө ямар ч анимэйшн киноны үзүүлж байгаагүй амжилт. 2019 онд "Frozen II" 358 сая долларын орлогоор дээд рекордыгг тогтоогоод байсан юм.

- Үе үеийн тоглоомчдын хамгийн хайртай баатруудын нэг Супер Мариогийн анимэйшнийг "Universal", "Illumination" хамтран бүтээсэн. Шүүмжлэгчид уг кинонд төдийлэн өндөр үнэлгээ өгөөгүй ч Крисс Пратт, Аня Тэйлор-Жой нарын гол дүрийг нь бүтээсэн уг бүтээл түүхэн амжилт үзүүлж байгаа нь энэ.

- Бокс оффист энэ долоо хоногт өөр нэг онцгой бүтээл нээлтээ хийсэн нь Nike болон Майкл Жорданы түншлэлийн эхлэлийг өгүүлэх "Air" байв. Б.Аффлек, М.Дэмон нарын ээлжит хослол жагсаалтын 2-р байрт бичигджээ.


II. NASA сарыг зорих сансрын нисгэгчдээ зарлалаа.

- Хагас зууны дараа эх дэлхийгээс саран дээр очих анхны хүмүүс тодорлоо. 2025 оны сүүлээр товлогдсон уг хөлгийн бүрэлдэхүүнд нийт 4 эрхэм багтсан байна. Эдгээрийн гурав нь Америк, нэг нь Канад улсын иргэн юм.

- Хөлгийн ахлагчаар 47 настай Рэйз Уайзмэн ажиллана. Тойрог замд 165 хоног ажиллаж байсан туршлагатай тэрээр сөнөөгч онгоцны нисгэгчээр ажиллаж байснаас гадна системийн инженерчлэлийн зэрэгтэй гэнэ. Хөлгийн нисгэгчээр ажиллах Виктор Гловер тойрог замд ажилласан анхны Африк гаралтай нисгэгч болж байсан нэгэн. Харин 44 настай Кристина Кохын хувьд саран дээр очих анхны эмэгтэй болох гэж байна. Тэрээр 2019 онд задгай сансарт гарсан анхны дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багт ажиллаж байв. Харин хөлгийн мэргэжилтнээр ажиллах Жереми Хансен сарыг зорих анхны Канад хүн болох учиртай.

- 2024 онд Artemis II-ийн хувьд 10 хоногийн хугацаанд сарны тойрог замд ажиллаж, Orion хөлөгт ажиллаж амьдрах нөхцлийг турших зорилготой. Улмаар дараагийн жил нь саран дээр газардаж, байнгын ажиллагаатай станц байгуулах ажлыг эхлүүлэх зорилготой билээ.


III. Харри Поттерын кино дахиж хийгдэж магадгүй.

- Warner Bros. домогт Харри Поттерын түүхийг бүр эхнээс нь бүрэн шинэчилж, телевизийн цуврал бүтээл болгохоор ажиллаж байгаа гэнэ. Шинэ цувралын бүлэг бүрийг үндсэн номын нэг ботиос сэдэвлсэн байхаар төлөвлөж байгаа бололтой.

- 2011 онд хамгийн сүүлийн 8 дахь анги нь гарч дууссан Харри Поттерын ертөнцийн түүх тус компанийн стриминг платформоо идэвхжүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх боломжтой юм. Тэд HBO Max, Discovery Plus-ийг нэгтгэн Max нэртэйгээр зах зээлд хоногшуулахаар зэхэж байгаа билээ.

- Харри Поттерын ертөнц өдийг хүртэл энтертэйнмент ертөнцийн хамгийн үнэ цэнтэй брэнд байсаар байгаа. Өнгөрсөн жил гарсан Fantastic Beast-ийн шинэ анги өндөр орлого олсноос гадна Hogwarts Legacy нэртэй видео тоглоом нь таталтаараа дээд амжилт тогтоосон юм.

4 мэдүүштэй зүйл

Нууц баримт: Нэгэн хэрэглэгч биткойны алдарт "white paper" буюу технологийн танилцуулга 2018 оноос хойшхи бүх Mac дотор нууцлагдан хадгалагдаж байгааг илрүүлсэн байна. Энэ нь С.Жобсыг өдийг болтол ил гарч ирээгүй биткойныг үндэслэгч Сатоши Накамото байж болзошгүй хэмээх цуурхал дэгдэхэд хүргэжээ.

Агаар хэмжигч: NASA дэлхийн хамгийн хүчирхэг агаарын чанар хэмжигчийг сансарт хөөргөлөө. Хойд Америкийг бүхэлд нь хэмжих чадвартай TEMPO нэртэй уг төхөөрөмж нь алслагдсан болон орхигдсон бүс нутгийн агаарын чанарын датаг цуглуулахад онцгой нөлөөтэй юм. Сонирхуулахад, 2020 онд Ази тивийн датаг цуглуулах төхөөрөмжийг БНСУ агаарт хөөргөж байжээ.

Соронзон орон: Колорадогийн их сургуулийн эрдэмтэд 12.1 гэрлийн жилийн алсад орших гарагаас соронзон орноос үүссэн радио долгионыг илрүүлсэн байна. Энэ нь дэлхийтэй төстэй чулуурхаг бүтэцтэй гарагууд соронзон оронтой байх боломжтойг харуулсан чухал үр дүн боллоо хэмээн судлаачид үзжээ.

Төгс таслагч: Meta-ийн судалгааны баг "Segment Anything" нэртэй AI-д суурилсан шинэ хэрэгслээ танилцууллаа. Энэ хэрэгслийн тусламжтайгаар дурын зурагт агуулагдаж буй биет, элементүүдийг хормын дотор сегментчлэн таслах, засварлах боломжтой болжээ.

5 сонин хачин

1. Warner Bros. 2025 оны дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг Minecraft-ийн киног гаргах болсноо зарлалаа. Уг киноны гол дүрийг Aquaman-ийн од Ж.Момоа бүтээх гэнэ.

2. IBM хиймэл оюунд суурилсан мэргэжлийн спортын тайлбарлагчийг танилцууллаа. Тэд гольфийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Masters-ийн үеэр уг туршилтаа хийж байгаа юм. AI тайлбарлагч нь зөвхөн тоглогч, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөс гадна нүх, цохилтоос хамааран таамаг дэвшүүлэх чадвартай гэдгээрээ онцлогтой гэнэ.

3. EA Sports хөлбөмбөгийн видео тоглоомынхоо шинэ брэндийг танилцууллаа. Өнгөрсөн жил FIFA-тай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож байгаагаа зарласан тэд үүнээс хойш EA Sports FC нэртэйгээр шинэ тоглоомуудаа танилцуулна гэнэ. 30 жилийн турш FIFA-тай хамтран ажилласан тэд лиг, тоглогчид, холбоодтой хийсэн гэрээ нь амжилтын үндэс болно хэмээн итгэж байна.

4. Lucasfilm жил бүр зохион байгуулдаг Star Wars Celebration-ийн үеэрээ шинээр гурван кино бүтээх болсноо зарлалаа. Одоогоор киноны нэр, хугацаа тодорхой болоогүй ч найруулагчдын нэрсийг зарласан байна. Шинэ төслүүдэд Ж.Манголд (Logan, Indiana Jones), Д.Филони (The Mandalorian), Ш.Обаид-Чиной (Ms.Marvel) нар ажиллах ажээ.

5. Coca Cola компани хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг Fanta-ийн брэндийг бүрэн шинэчиллээ. Тэд энгийн бичиглэл дээр суурилсан дизайны шинэчлэлээ бүх насныханд зориулан илүү хөгжилтэй, илүү зугаатай уур амьсгал төрүүлэхүйц хэмээн тайлбарлажээ.

10 унших мэдээ

Хүлээх: iPhone 15-ийн таамаг, дизайн /9toMac/

Мэдэх: Apple-ийн Хятадаас гарах нууц төлөвлөгөө /Bloomberg/

Сонгох: Та Барбигийн ямар дүр вэ? /Rotten Tomatoes/

Шилэх: Webbly-ийн нэр дэвшигчид /Webbly/

Анзаарах: Covid-ийн эхлэл юу вэ? /BBC/

Гайхах: Дюссельдорфийг хоолны нийслэл болгосон апп /Rest of The World/

Анхаарах: JPMorgan-ийг луйвардсан энтрепренер бүсгүй /CNBC/

Сонирхох: Хүн бүрийн донтож буй бяцхан хүүхэлдэй /NYTimes/

Унших: Google AI-ийг хэрхэн хайлтад хэрэглэх вэ? /WSJ/

Тоглох: Яагаад М.Карлсен аваргаа хамгаалахгүй вэ? /CNN/