1 гол сэдэв

Дэлхий даяар цар тахлын хоёр дахь давлагаа үргэлжилж, нийт халдвар авсан иргэдийн тоо 43 саяд хүрээд байна.

Мэдэх ёстой зүйлс юу вэ?

- АНУ-д нэг өдөрт халдвар авсан иргэдийн тоо 85085-д хүрч, долоодугаар сард бүртгэгдсэн дээд үзүүлэлтийг даруй 10 мянгаар давжээ.

- Франц, Итали, Испанид онц байдлын зэргийг нэмэгдүүлж, хөл хориог чангатгав. Европ тэр чигтээ "эзгүйрлээ" хэмээн ажиглагчид бичиж байна.

- Аргентин, Франц нэмэгдсэнээр халдварын тоо 1 саяд хүрсэн орны тоо 7-д хүрэв. Өмнө нь АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Испани энэ босгыг даваад байв.

- ОХУ-д нэг өдөрт 17 мянган хүн халдвар авсан нь дээд үзүүлэлт болов. Хоёр дахь давлагаа эхнийхээс 10 дахин хүнд тусна хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.

- Польшийн ерөнхийлөгч, Колумбийн дэд ерөнхийлөгч нар халдвар авчээ.

Эмчилгээнд ахиц гарав уу?

- "Gilead"-ийн бүтээсэн "Veklury" нэртэй эм АНУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн анхны эм боллоо. Ерөнхийлөгч Д.Трампад хэрэглэсэн уг эм 2400-3100 долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа гэнэ. Гэхдээ ДЭМБ-аас уг эмийн суурь болсон эмийн урьдал ремдесивирийг өвчтөнд бараг нөлөөлөхгүй байна хэмээн мэдэгдэж байсан юм.

- Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр "Bharat Biotech"-ийн хөгжүүлж буй вакциныг олон хүн дээр туршиж эхэлснээ зарлалаа. 2021 оны эхээр хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой гэгдэх тус вакцин ингэснээр туршилтын 3-р шат руу орсон зургаа дахь бүтээгдэхүүн болж байгаа юм.

- АНУ-ын засгийн газрын гол мэргэжилтэн А.Фаучи арванхоёрдугаар сарын эхэн гэхэд коронавирусын вакцин гарах боломжтой хэмээн мэдэгджээ.

Монголд байдал хэр байна?

Энэ долоо хоногт л гэхэд нийт 18 хүнд коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 338 болсон байна. Нийт 312 хүн эмчлэгдсэн бөгөөд эмчлүүлж буй 26 хүнээс 6 нь "хүндэвтэр" ангилалд багтаж буй гэнэ.

2 чухал тоо

5: "Paypal" криптовалютыг албан ёсоор зөвшөөрч, онлайн гүйлгээнд ашиглах болсныг мэдэгдлээ. Ингэснээр тус платформ дээрх 346 сая идэвхтэй хэрэглэгч биткойн зэрэг криптовалют эзэмшиж, хэрэглэх боломжтой болж байгаа юм. Энэ мэдээтэй зэрэгцэн биткойны ханш таван хувиар өсжээ.

532.93: 1.6 сая долларын үнэтэй SSC Tuatara загварын машин 532.93 км/цагийн хурдтай давхиснаар дэлхийн хамгийн хурдан машины рекордыг шинэчиллээ. Тэд өнгөрсөн жил "Bugatti"-ийн тогтоосон рекордыг Невадад бэлтгэсэн 11 км-ийн шулуун зам дээр эвдсэн нь энэ. 1998 онд байгуулагдсан SCC спорт машинаар дагнан үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 1750 морины хүчтэй Tuatara загварын энэ амжилтаа "классик америк ялалт" хэмээн тодотгожээ.

3 онцлох зүйл

Дарга: Улаанбаатар хотын 35 дахь засаг даргаар Д.Сумъяабазар томилогдлоо. Нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ыг сонгуульд удирдан оролцсон тэрээр ийнхүү УИХ-ын гишүүний суудлаасаа чөлөөлөгдөв. 2006 онд үндэсний бөхийн улсын аварга цол хүртсэн тэрээр 1996, 2000 онуудад Олимпын наадамд оролцож, УИХ-ын сонгуульд 2012 оноос хойш гурван удаа ялалт байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан билээ. Харин Нийслэлийн ИТХ-ийн даргаар засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан сонгогджээ. Үүнээс гадна Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ээлжит хурлаас Монгол, Исланд улсуудыг "саарал жагсаалтаас хасах" шийдвэр гаргасан байна. Манай улс 2019 оны аравдугаар сараас хойш энэхүү жагсаалтад багтаж, мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээгээд байсан юм.


Гүүгл: АНУ-ын 11 мужийн ерөнхий прокурорууд нэгдэн "Google"-ийг шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж, монополь шинжтэй үйлдэл гаргасан хэмээн дээд шүүхэд гомдол мэдүүлжээ. Тэд "Google"-ийг сурталчилгаа байршуулж олсон орлогоо ашиглан ухаалаг утас үйлдвэрлэгчидтэй тэрбум илүү долларын үнэлгээтэй гэрээ байгуулж, өөрийн хайлтын системийг хэрэглэгчдэд "үндсэн" хэлбэрээр санал болгож байгаа нь бусад өрсөлдөгчдийн чөлөөтэй өсөлт үзүүлэх боломжийг хязгаарлаж байна хэмээн маргаж буй. Энэ нь хайлтын системийн чанарт нөлөөлж, хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, илүү шинэлэг үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломжийг хаах зэрэг сөрөг үр дагавар дагуулж байгаа гэнэ. Нэг их наяд долларын үнэлгээ давж, хайлтын зах зээлийн 90 хувийг дангаар эзлээд буй "Google" сүүлийн 20 жилд 260 стартап худалдан авч, давамгай байр сууриа хангах оролдлого хийснийг ч баримт бичигт онцолжээ. "Google" энэхүү шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэн, хэрэглэгчдийн эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьдаг бизнесийн жишгээ хамгаална гэдгээ мэдэгдээд буй. Энэ нь 1998 онд "Microsoft"-ийг вэб хөтчийн зах зээлд хэт давамгайлж байна хэмээн буруутгаж, өндөр хэмжээний торгууль ноогдуулж, бизнесийн үйл ажиллагааг нь хязгаарласнаас хойших технологийн салбарын хамгийн том шүүхийн маргаан болж байгаа юм. Ажиглагчдын үзэж байгаагаар шүүх хурал 2022 оны эхээр эхлэх бололтой.


ДНБ: Хятадын эдийн засаг 2020 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөв. Коронавирус анх дэгдсэн тус улсад хөл хорионы хязгаарлалт хөнгөрч, гол эдийн засгийн салбарууд эргэн хэвэндээ орж байгааг илтгэх энэ тоо нь олон оронд итгэл өгч буй нь гарцаагүй. Хятадын электрон бараа, эмийн бүтээгдэхүүн болон өрхийн хэрэглээний барааны зах зээл гадаад улс орнуудын эрэлт огцом нэмэгдсэнтэй уялдан экспортын оргил үедээ хүрээд байгаа нь энэ амжилтын гол суурь. Мөн онлайн худалдааны борлуулалт ч тахлын өмнөх үеийнхээ үзүүлэлтэд эргэн хүрчээ. G20-ийн өөр ямар ч улс 2020 онд эдийн засгийн эерэг өсөлт хүлээхгүй байгаагаа мэдэгдээд буй. ОУВС-аас Хятадын эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь байна хэмээн тооцсон нь тахлын ид дэгдэлт өрнөж байсан I улиралтай холбоотой. Нөгөө талд ОУВС-аас АНУ-ын эдийн засаг 4.3 хувиар, Евро бүсийн эдийн засаг 8.3 хувиар буурах таамаг дэвшүүлээд байгаа юм.

4 мэдүүштэй баримт

Бичил эмч: Пурдьюгийн их сургуулийн эрдэмтэд амьтны биед бүдүүн гэдсээр нь дамжуулан бичил робот байршуулах туршилтыг амжилттай хийсэн байна. Хүний үстэй дүйцэх хэмжээтэй уг роботууд нь ирээдүйд биед хэрэгцээтэй эмийг зөөвөрлөх, хяналт хийх зэрэг зориулалтаар ашиглагдах боломжтой гэдгээрээ ач холбогдолтой гэнэ.

Сарны 4G: NASA 2028 он гэхэд саран дээр байнгын ажиллагаатай станц байгуулах төслийн хүрээнд 370 сая долларын тэтгэлгийг хэд хэдэн компанид олголоо. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь саран дээрх анхдагчид тооцогдох 4G сүлжээ байгуулах "Nokia"-тай хийсэн гэрээ байв. "Nokia" сансрын нисгэгчдийг эх дэлхийтэй чөлөөтэй холбогдож, видео дуудлага хийх боломжоор хангах дэд бүтцийн ажлыг амжилттай шийднэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа энэ үеэр онцолсон байна.

Астеройд эзлэгч: NASA-ийн робот төхөөрөмж дэлхийгээс 321 сая км-ийн зайд орших Бенну нэртэй астеройдын гадаргуугаас дээж авах ажиллагааг амжилттай гүйцэтгэжээ. Тэрбум илүү жилийн настай энэ биет нарны аймгийн үүслийн талаар үнэтэй мэдээллийг өгнө хэмээн эрдэмтэд итгэж буй. OSIRIS-REx-ийн цуглуулсан дээж бүхий карго хөлөг 2023 онд эх дэлхийд ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.

AI туслах: Энэ долоо хоногт явагдсан Adobe Max Event-ийн хамгийн онцлох мэдээ нь Photoshop програмын хиймэл оюун туслах байв. Уг нэмэлтийн тусламжтайгаар нүүрний хувирал, насжилт зэргийг тохируулах боломжтой болсон байна. Тэд машин сургалтын техникийн тусламжтайгаар хуучин зургийг сэргээх, өнгөт болгох үйл явцыг хялбаршуулсан нь мөн анхаарал татлаа.

5 сонин хачин

1. LG дэлхийн анхны хураагддаг зурагтыг худалдаанд гаргалаа. 2018 онд анх зарлагдаж байсан уг зурагт нь 65 инчийн хэмжээтэй байх бөгөөд 87 мянган долларын үнэтэйгээр борлуулагдах аж. Тэд уг төхөөрөмжөө "төхөөрөмжийн зах зээлд сүүлийн арванд гарсан хамгийн инновацилаг шийдэл" хэмээн онцолжээ.

2. Facebook ойролцоо амьдарч буй хүмүүстэй холбоо тогтоох боломж олгох "Neighbourhood" нэртэй нэмэлтээ Канадын Калгарид туршиж эхэлжээ. Тус хотод оршин суугчид зөвхөн өөртэй нь ойр амьдарч, ажиллаж буй хүмүүстэй холбогдох, холбоотой мэдээлэл хүлээн авах мини сошиал сүлжээнд нэгдэн, "хөршүүддээ" зориулсан шинэ профайл ч үүсгэх сонголттой байгаа гэнэ. Сонирхуулахад, үүнтэй төстэй буюу зөвхөн нэг хот, хотхон, хорооллын иргэдэд зориулсан сошиал платформ "Nextdoor" таван тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр зэхэж байгаа билээ.

3. Хөрөнгө оруулагчдаас 1.75 тэрбум доллар босгосон, зөвхөн гар утсанд зориулсан видео контент бүхий стриминг платформ "Quibi" арванхоёрдугаар сарын 1-ээс үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа. Тус стартапыг "Dreamworks"-ийг үндэслэгч Ж.Каценберг үүсгэн байгуулж, HP-ийн гүйцэтгэх захирал асан М.Витман удирдаж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ сүр дуулиантай хийсэн ч хангалттай хэрэглэгч татаж чадаагүй тэд сүүлийн өдрүүдэд худалдан авагч хайсан ч бүтэлгүйтсэн нь энэ ажээ.

4. "Apple"-д ажиллах хугацаандаа iPod, iPhone, iPad, Macbook-ийн дизайныг гаргаснаараа алдаршсан нэрт дизайнер Ж.Айв "Airbnb"-тэй хамтран ажиллах болсон байна. Тэрээр "Airbnb"-ийн дараагийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн шийдлүүдийг тодорхойлоход гар бие оролцох ажээ.

5. "Huawei" өндөр хүлээлт дагуулсан Mate 40 Pro, Mate 40 Pro Plus загварын шинэ утсаа танилцууллаа. Хамгийн анхны 5nm Kirin 9000 чипээр тоноглогдсон эдгээр утас P40 загварын гол давуу тал болсон камерын технологиороо ялгарч байна. 50 мегапикселийн үндсэн камертай уг утас 17х хүртэл татах хүчин чадалтай. Мөн зах зээл дэх хамгийн өндөр үзүүлэлт болох 50W-ийн утасгүй цэнэглэгчтэй болсноороо онцлог гэнэ.

10 унших мэдээ

Ухах: "Foxconn"-ийн хоосон амлалт /The Verge/

Үзэх: Бондын кино стримингээр цацагдах уу? /Variety/

Аврах: "Aston Martin" ба тэмцэл /CNBC/

Гашуудах: "Samsung"-ийн лидер таалал төгслөө /WSJ/

Гайхах: Жилд 2 удаа сугалаанд хожсон хүн /CNN/

Сонирхох: "Borat 2"-ы дуулианы эргэн тойронд /Vulture/

Мэдэх: Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл хунтайжаа шүүхэд өглөө /WP/

Хүлээх: "Bloomberg" нээлттэй компани болж магад /NYPost/

Харьцуулах: Мэтгэлцээнд хэн ялсан бэ? /Vox/

Анзаарах: "Microsoft" "SpaceX"-тэй түншлэнэ /Space/