1 гол сэдэв

Юу болов?

10 дахь удаагийн Монголын Эдийн Засгийн Чуулган Улаанбаатар хотноо эхэллээ. Төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт энэ жил "Welcome to Mongolia" гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож буй. Анх удаа зуны улиралд явагдаж буй чуулганд нийт 2000 гаруй зочид оролцож байгаагаас 800 гаруй нь гадаад улсаас хүрэлцэн ирж байна гэдгээрээ онцлогтой юм.

Гол сэдэв юу байв?

Энэ жилийн арга хэмжээ Монгол улсын хамгийн том түнш Рио Тинтогийн 150 жилийн ойн баярын ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлогтой. Тус компанийн ТУЗ-ын дарга Д.Бартон тэргүүтэй хүндэт зочдоос гадна J.P.Morgan, Goldman Sachs зэрэг 50 гаруй банк, санхүүгийн салбарын тэргүүлэгч компаниуд Монголд ирэв. Тиймээс стратегийн зорилтот сэдвүүдэд хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж, шинэ санхүүжилтийн гарц энэ жилийн гол сэдэв болов.

Өөр юуг онцлох вэ?

Энэ жилийн арга хэмжээ зөвхөн үндсэн хэлэлцүүлгээс гадна дагалдах арга хэмжээтэй явагдаж байгаа нь онцлохуйц байв. Залуучуудад зориулсан "MEF Youth", академик судалгааны тайлангууд хэлэлцэх "Index Stage" болон 10 гаруй соёлын арга хэмжээ чуулганы хүрээнд зохион байгуулагджээ. Энэ жилийн арга хэмжээг CNN, Bloomberg, FT зэрэг 10 гаруй олон улсын хэвлэл сурвалжлав.

2 чухал тоо

5 - Samsung 7-р сарын 26-нд ээлжит Unpacked эвентээ зарлалаа. Уг арга хэмжээний үеэр тэд тавдугаар үеийн нугардаг утасны шинэ хувилбаруудаа танилцуулах хүлээлттэй байгаа юм.

153 - Iveco компани өөрсдийн хөгжүүлсэн цахилгаан автомашинаар 153 тонн ачааг чирж Гиннесийн рекорд тогтоолоо. Тэд нэг цэнэглэлтээр 400 км зай туулах чадалтай, 120 км/цаг хүртэл хурдлах үзүүлэлттэй ачааны машин хөгжүүлж байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Instagram, Twitter-ийн дайн эхэллээ.

- Instagram өндөр хүлээлттэй байсан текст суурьтай сошиал апп-аа танилцууллаа. Threads нь шууд утгаараа Twitter-тэй өрсөлдөж, бичил блогийн зах зээлийг эзлэх зорилготой юм.

- IG-ийн аккоунтаараа нэвтэрч, дагадаг хэрэглэгчдээ "дагуулаад" орох боломжтой гэдгээрээ давуу талтай Threads нь эхний өдрөө 30 сая таталттай болсон нь түүхэн үзүүлэлт байв. Эхний долоо хоногтоо л 100 сая хэрэглэгчтэй болсон нь мөн л түүхэнд байгаагүй амжилт болжээ.

- Twitter-ийн эзэн И.Маскийн хувьд үүнийг тийм ч таатай хүлээж авсангүй. Тэрээр зарим төстэй функц, нэмэлтүүдийг хуулбарласан асуудлаар шүүхэд ч өгч магадгүй хэмээн мэдэгдсэн. Ямартай ч Twitter, Instagram-ийн дайн хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлын төвд байна.


II. Дэлхийн хамгийн халуун өдөр бүртгэгдлээ.

- Долдугаар сарын 3-нд дэлхийн дундаж температур 17.01 градуст хүрсэн байна. Энэ нь түүхэн дэх хамгийн халуун өдөр болсон гэсэн үг юм. 7-р сарын 3-7-ны долоо хоногийн дундаж ч өмнөх рекордыг давжээ.

- Өмнөх рекорд нь 2016 оны наймдугаар сард бүртгэгдэж байв. Тухайн үед дэлхийн дундаж температур 16.92 градус байв.

- Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллээс үзэхэд 7-р сарын дундаж температурын үзүүлэлт өмнөх жилүүдээс давах төлөвтэй байгаа гэнэ.


III. OpenAI ээлжит хит бүтээгдэхүүнээ зарлалаа.

- Энэ бол Code Interpreter. Тус хэрэгсэл нь өгөгдсөн тоон өгөгдөл дээр шинжилгээ хийж, аналитик судалгаа гүйцэтгэх чадвартай юм.

- Одоогоор зөвхөн ChatGPT-ийн төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой байгаа уг хэрэгсэл нь дата шинжилгээг илүү хялбар бөгөөд хямд болгох потенциалтай юм.

- ChatGPT-ийн хувьд дөрөвдүгээр сард бусад плагин хэрэгслүүдтэй нийцэж ажиллах боломжтой болсноо зарласан. Одоогоор төрөл бүрийн чиглэлийн 200 гаруй хэрэгслийг хөгжүүлэгчид шууд ашиглах боломжтой байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Хачин чулуу: Ангараг гараг дээр ажиллаж байгаа NASA-ийн судалгааны хөлөг "Perseverance" эх дэлхий рүү тасралтгүй зураг, мэдээлэл илгээсээр байгаа. Эдгээрийн нэг нь болох "донатын" хэлбэртэй жижиг чулуу интернетэд шуугиан тарилаа. Уг зургийг тус хөлөг 400 метрийн зайнаас авчээ.

Эмч бот: Google-ийн хөгжүүлж буй Med-Palm2 нэртэй хиймэл оюун эмнэлгийн талбарт ашиглагдаж эхэллээ. Тэд эмчийн нөөц багатай, алслагдсан бүс нутагт энэхүү чатботыг нэвтрүүлэх зорилготой байгаа юм.

Жолоочгүй машин: VW Техасын Остин хотноо жолоочгүй машинаа туршиж эхэллээ. Тэд саяхан дампуурлаа зарласан Argo AI-д Ford-той хамтран хөрөнгө оруулаад байсан. Энэ удаад тэд саяхан шинээр хамтрах болсон Mobileye-ийн технологийг хэрэглэх гэнэ.

Шинэ түншлэл: Moderna Хятадын зах зээлд mRNA технологид суурилсан вакцин, эм бүтээх зөвшөөрөл авлаа. Тэд төрийн зарим судалгааны компаниудтай хамтран ажиллах болсон нь илүү өргөн дата баазад нэвтрэх боломж олгоно гэж үзэж байна.


5 сонин хачин

1. Sony-ийн аймшгийн кино "Insidious: The Red Door" бокс оффисыг 32.6 сая долларын орлогоор тэргүүлж шуугиан тарилаа. Шинжээчид "Indiana Jones 5"-ийг дахин тэргүүн байраа хадгална хэмээн тооцож байсан юм. Х.Фордын тоглосон уг хит кино одоогоор дэлхий даяар 247 сая долларын орлого олоод байна.

2. Дэлхийн хамгийн том бөмбөлөгөн байгууламж Лас Вегаст ашиглалтад орлоо. Бүрэн LED гадаргуутай, 111 метр өндөртэй, дотроо 18 мянган суудалтай уг байгууламжийн өртөг 2 тэрбум доллараар хэмжигдэнэ. Нэг дор 256 сая өөр өнгө цацаж чадах уг байгууламж дахь анхны тоглолтыг алдарт U2 хамтлаг хийх ажээ.

3. Google Calendar зайнаас ажиллаж буй ажилчдад зориулсан цагийн хуваарийн шинэ функцээ зарлалаа. Одоо хэрэглэгчид өөрийн календартаа ажиллах цагаас гадна ажлын байршлаа оруулж, бусад хамтрагчдадаа мэдэгдэх боломжтой болжээ.

4. EA компани Xbox, PS-ийн хэрэглэгчид хоорондоо шууд холбогдон тоглож болох анхны тоглоомоо зарлалаа. "Crossplay" нэртэй уг функцийг ашиглах анхны тоглоом нь NBA 2K24 тоглоом байх ажээ.

5. TikTok хэвлэлийн компани байгуулж байгаагаа зарлалаа. TikTok-ийн хамгийн алдартай хаштаг болох "BookTok" нь зөвхөн өнгөрсөн жил 91 тэрбум үзэлттэй байсан нь тэдний шийдвэрийн суурь болсон гэнэ. Тэд бие даасан контент бүтээгчид, платформд олон сая дагагчтай зохиолчдыг дэмжиж, бүтээлийг нь өөрсдийн нэр дээр хэвлэх зорилготой байгаа юм.