1 гол сэдэв
Юу болов?
Японы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид болох Nissan, Honda компаниуд нэгдэх хэлэлцээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Nikkei-ийн мэдээлснээр талууд шинэ компанийн бүтэц болон хувьцаа эзэмшил, удирдлагын талаарх нарийн хэлцлээ ирэх оны эхээр олон нийтэд танилцуулах бололтой.
Яагаад?
Талууд өдөр ирэх бүр өрсөлдөөн ширүүсэж буй автомашины зах зээл дэх байр сууриа хадгалах үүднээс нэгдэх шийдвэр гаргаж буй нь санамсаргүй хэрэг биш. Хятадын компаниуд илүү хямд өртөг болон засгийн газрын татаасаар үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон. Тэрчлэн Tesla, Rivian зэрэг технологи суурьтай стартап компаниуд том хэмжээний хөрөнгө оруулалт татаж эхэлсэн нь уламжлалт тоглогчдыг сандаргаж эхэлсэн билээ. Тиймээс ноу-хау, нөөцөө нэгтгэн, зардлаа бууруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь энэ.
Одоо яах вэ?
Nissan, Honda нийлээд жилд 8 сая автомашин борлуулдаг нэгдлийг үүсгэх учиртай. Энэ нь дэлхийд гуравт орох үзүүлэлт юм. Тэдний өмнө зөвхөн Toyota (11.2 сая), Volkswagen (9.2 сая) бичигдэж байна. Nissan-ийн 24%-ийг нь эзэмшдэг Mitsubishi Motors шинэ компанид нэгдэх бүрэн боломжтой байгааг эх сурвалжууд мэдээлж буй. Сонирхуулахад, 2021 онд PSA Group болон Fiat Chrysler 52 тэрбумын хэлцлийн дүнд нэгдсэн нь уг зах зээлийг донсолгож байсан. Улмаар шинээр үүссэн Stellantis нэртэй компани нь 300 мянган ажилтантай, дэлхийд дөрөвт бичигдэх автомашиын групп болсон юм.

2 чухал тоо
107.209 - Өнгөрөгч даваа гарагт биткойны (BTC) ханш 107,229 долларт хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлэлтээ эвдлээ. Үүнтэй зэрэгцэн этэриумын (ETHER) ханш ч 3%-аар өсөж, 4000 долларын босгыг давжээ. Монголын крипто зах зээлийн нүүр царай болсон ардкойны (ARDX) ханш болон арилжааны хэмжээ тогтвортой өссөөр 30,9 төгрөгт хүрсэн байна. Сонирхуулахад, криптогийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг Microstrategy дахин 15 мянган ширхэг биткойн худалдан авах болсноо зарлалаа. Одоогоор түүний эзэмшил дэх 439 мянган биткойн нь 46 тэрбумтай тэнцэж байгаа юм.
10.000.000.000 - Databricks 10 тэрбум доллар босгоно. Энэ бол дэлхийн хамгийн үнэ цэнтэй стартапад тооцогдож буй Databricks-ийн үнэлгээ 62 тэрбум долларт хүрсэн гэсэн үг. Тэд хамгийн сүүлд 2023 онд 43 тэрбумын үнэлгээтэй санхүүжилт татаж байв. AI модель хөгжүүлэлт, дата шинжилгээний програм хангамж нийлүүлдэг тус компани энэ улиралд анх удаа ашигтай ажиллах төлөвтэй байгаа юм. Тус компани 2025 онд IPO хийж, нээлттэй компани болох хүлээлттэй байгаа билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Европын холбоо, Хятад Starlink-тэй өрсөлдөнө
- Европын холбоо 2030 он гэхэд 290 хиймэл дагуулыг тойрог замд байршуулж, Starlink-тэй өрсөлдөхүйц сүлжээг үүсгэх төслөө танилцууллаа. IRIS нэртэй уг төслийн нийт өртөг 10.6 тэрбум евро байх бөгөөд Испани, Герман, Францын төрийн болон хувийн хэвшлийн компаниуд хамтран хэрэгжүүлнэ гэнэ.
- Үүнтэй зэрэгцэн Хятадын засгийн газрын GuoFang хөтөлбөр анхны хиймэл дагуулуудаа хөөргөжээ. 2032 он гэхэд 6500 хиймэл дагуулыг нам өндрийн тойрог замд байршуулж, интернет холболтын үйлчилгээ үзүүлэх зорилготой уг төсөл зөвхөн дотоодын төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх амбицтай байгаа билээ.
- Сонирхуулахад, дэлхийн хамгийн баян хүн И.Маскийн эхлүүлсэн Starlink төсөл одоогоор хэдийнээ 7000 гаруй хиймэл дагуулыг амжилттай хөөргөөд байгаа юм.
II. Эхнэрээ мансууруулж, бусдаар хүчиндүүлдэг байсан эрд 20 жилийн ял оноолоо
- Дэлхий нийтийг цочроосон энэхүү аймшигт гэмт хэргийн шүүх хурал 100 гаруй хоногийн дараа өндөрлөж, 50 хүнд хорих ял оноолоо. Францын шүүхээс хэргийн гол буруутан, эхнэрээ арав гаруй жилийн турш мансууруулж, ухаангүй болгосны дараа бусдад хүчиндүүлдэг байсан Д.Пеликот хэмээх эрд 20 жилийн ял оноожээ.
- Тэрээр интернетээр танилцсан хүмүүст хэдийнээ ухаангүй болсон эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орох санал тавьдаг байсан нь илэрсэн юм. Бусад хамсаатнуудад 4-18 жилийн ял төлөвлөжээ. Хэргийн хохирогч, өдгөө 72 настай Жизель Пеликот шүүх хурлын үеэр нэрээ нууцлах эрхээсээ татгалзаж, бусдад анхааруулга болох үүднээс олон нийтэд ил гарсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн билээ.
- Үүний дараа Франц даяар түүнийг дэмжих хөдөлгөөн өрнөж, бэлгийн гэмт хэрэг, нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой хууль тогтоомжийн талаарх өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөх болсон юм.
III. Иранд хижабын тухай хуулиа хойшлууллаа
- Ираны ерөнхийлөгч М.Пезешкян энэ долоо хоногоос эхлэн хүчин төгөлдөр болох байсан “Хижаб ба ариун журмын тухай хууль”-ийг хойшлуулж байгаагаа зарлалаа. Энэ бол эмэгтэйчүүд болон хүний эрхийн активистуудын хувьд том мэдээ.
- Учир нь шинэ хуулиар охид, бүсгүйчүүдийн хувцаслалтыг улам хязгаарлаж, шийтгэлийг чангатгахаар заасан байсан. Хижаб өмсөхөөс татгалзсан, түүнийг эсэргүүцсэн хүнийг их хэмжээний дүнгээр торгож, бүр 15 жилээр хорих хүртэл заалт хуулинд багтсан байсан билээ. 2022 онд хувцаслалттай холбоотойгоор баривчлагдаж, улмаар амиа алдсан М.Амини хэмээх бүсгүйн хэргээс улбаатай эсэргүүцлийн жагсаал улс орон даяар гарсан нь Тегераны эрх баригчдыг ихэд сандаргасан.
- Шинэ хуультай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд маргаан гарах нь ихсэж, 300 гаруй олны танил алдартнууд эсэргүүцлийн нэгдсэн захидлыг нийтлэсэн нь үр дүнд хүрлээ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
4 мэдүүштэй зүйл
Тураах эм: Дэлхийн хамгийн том эмийн үйлдвэрүүдийн нэг Merck Хятадын Hansoh Pharma-тай хамтран таблетаар уудаг тураах эм бүтээх болсон байна. Тэд 2 тэрбум долларыг хөгжүүлэлтэд зарцуулах бөгөөд хүн дээр хийх туршилтыг хариуцах болжээ. Сүүлийн жилүүдэд таргалалттай тэмцэх эмийн хэрэгцээ эрс өсөж, 2030 он гэхэд 100 тэрбум долларын зах зээл үүсэх төлөвтэй байгаа юм.
Үнэгүй үйлчилгээ: 12 хоногийн турш шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа OpenAI энэ удаад веб хайлтаа үнэгүй болгож байгаагаа зарлалаа. 2 сарын өмнө зөвхөн төлбөрт хэрэглэгчдэд нээлттэй байсан уг үйлчилгээг веб хувилбарт шилжүүлж, бүх хэрэглэгчдэд үнэгүй болгосон нь Google-тэй шууд өрсөлдөх гэсэн амбицынх нь илрэл болж байна. Google-ийн хувьд сүүлийн саруудад хиймэл оюуны хөгжүүлэлтэд онцгой анхаарч, эрс сайжирсан Gemini 2.0 хувилбараа танилцуулаад удаагүй байгаа билээ.
Манлай апп: Хятадын онлайн худалдааны апп Temu Америкийн зах зээлд таталтын тоогоороо дахин манлайллаа. Тус апп хямд үнэ, үнэгүй хүргэлтээрээ ялгарч, зар сурталчилгаандаа маш их мөнгө хаясны үр дүн ийн гарч байна. Зохицуулах байгууллагын хараанд ороод буй тус апп-тай ижил үйлчилгээ үзүүлэгч Shein 12-р байрт бичигджээ. Харин он гараад хориглогдох эрсдэлтэй байгаа TikTok гуравдугаар байрт жагсчээ. Харин 2-р байрт Meta-ийн шинээр танилцуулсан сошиал апп Threads бичигдсэн байна. Тэд энэ долоо хоногт идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 100 саяд хүрснийг зарласан юм.
Туршилтын такси: Waymo жолоочгүй машинаа Токиод туршина. Google-ийн эзэмшдэг тус компани олон улсын зах зээлд анхны туршилтаа хийх гэж байгаа нь энэ юм. Тэд тус улсын хамгийн том таксины үйлчилгээ эрхлэгч Nihon Kotsu болон Go апп-тай гэрээ байгуулж, хамтран ажиллах болжээ. Үүнээс өмнө Toyota-ийн эзэмшдэг Monet Technologies Одайба орчимд жолоочгүй машины туршилтыг эхлүүлээд байсан билээ. Waymo-ийн хувьд Америкийн зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, энэ онд л гэхэд Лос Анжелес, Майамид үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа юм.
5 сонин хачин
1. Энэ долоо хоногийн бокс оффисын гол өрсөлдөөн “Sonic The Hedgehog 3” болон “Mufasa”-ийн хооронд өрнөх төлөвтэй байсан. Гэсэн ч Ж.Кэрри, И.Алба, К.Рийвз зэрэг оддын тоглосон Соникийн шинэ анги 27 сая долларын орлого олж итгэл төгс тэргүүллээ. Шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа уг бүтээл өмнөх ангийнхаа амжилтыг давсан нь том амжилт болов. Харин Disney-ийн олон улсын зах зээлд ихээхэн найдлага тавьж буй “Араатны хаан арслан”-ын эхлэл түүх дөнгөж 13 сая долларыг цуглуулсан байна. 2019 онд гарсан өмнөх анги нь 1 тэрбум долларын босгыг давсан нь тэдний хүлээлтийг улам ч нэмэгдүүлэх болсон билээ.
2. Хиймэл дагуулаас ухаалаг утастай холбогдож, сүлжээгүй газар гэдэг ойлголтыг халах амбицтай Starlink-ийн “Direct to Cell” үйлчилгээ анхны хэрэглэгчдэдээ хүрч эхэллээ. Тэд Шинэ Зеландын “One NZ” үүрэн телефоны оператортой хамтран эхний ээлжинд хаанаас ч текст мессеж бичих үйлчилгээг нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн Андройд үйлдлийн систем бүхий дөрвөн төрлийн утсанд таарах уг үйлчилгээгээ 2025 онд дэлхий даяар нэвтрүүлнэ гэдгээ Starlink мэдэгдсэн. Тухайлбал, АНУ-ын зах зээлд T-Mobile-тай хамтран ажиллаж буй тэд Канад, Австрали, Япон, Перу, Швейцарийн зах зээлд хэдийнээ түнштэй болоод байгаа юм.
3. Instagram-ийн видеог AI-аар засдаг болно. Тэд толгой компани Meta-ийн хөгжүүлж буй Movie Gen AI-ийн технологийг ашиглан шинэ хэрэгсэл хөгжүүлж байгаа нь энэ юм. Энгийн үг, өгүүлбэр ашиглан видеоныхоо орчин, өнгийг өөрчлөхөөс гадна тухайн хүний дүр төрх, эд хэрэглэл, хувцсыг ч солих боломжтой уг шинэчлэл нь Instagram-ийн видеог шинэ түвшинд ахиулах боломжтой хэмээн шинжээчид үзэж байна. Шинэ хэрэгслүүд 2025 оны эхнээс нээлттэй ашиглагдах гэнэ.

4. Дэлхийн хамгийн том флаш диск үйлдвэрлэгчдийн нэг Sandisk 1995 оноос хойш анх удаа брэндээ шинэчилж, шинэ логогоо танилцууллаа. Шинэ лого илүү орчин үеийн шинжтэй болсноос гадна бүх үсгээ томоор бичдэг болжээ. Энэхүү шинэчлэл нь тус брэндийг эзэмшигч Western Digital-ийн флаш, хард дискийн бизнесээ салгаж, бие даасан компани болгох төлөвлөгөөний нэг хэсэг гэж хэлж болно. Western Digital 2016 онд Sandisk-ийг 19 тэрбум доллараар худалдан авч байсан билээ.

5. Бразилын шигшээ болон Реал Мадрид клубын довтлогч Винисиус Жуниор ФИФА-ын оны шилдэг тоглогчоор тодорлоо. Энэ жил клубын хамтаар Аваргуудын лиг, Ла Лигад түрүүлсэн тэрээр өнгөрсөн сард өөр нэг том шагнал “Алтан бөмбөг”-ийг хүртээгүй гэдгээ мэдсэн даруйдаа ёслолын ажиллагааг бойкотлож шуугиан дэгдээж байв. Харин эмэгтэй шилдэг тоглогчоор Испанийн шигшээ, Барселона клубын тоглогч А.Бонмати хоёр дахь жилдээ дараалан нэрлэгджээ.

Сэтгэгдэл бичих

