1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн алдартай кофе сүлжээ Starbucks түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийхээр зэхэж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд сүүлийн жилүүдэд асар хурдацтайгаар тэлж буй түргэн хоолны сүлжээ Chipotle-г худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлжээ. Хэрвээ уг наймаа явагдвал хоёр компанийн жилийн борлуулалт 50 тэрбум долларыг давна.

Нийлбэл яах вэ?

Starbucks дэлхий даяар 41 мянга гаруй салбартай байгаагийн 40 гаруй хувь нь Америкт байршдаг. Харин мексик буррито, такогоороо алдартай Chipotle-ийн хувьд 4200 салбартай ч олон улсад төдийлэн танигдаагүй. Гэхдээ тус компанийн зах зээлийн үнэлгээ 41 тэрбумд хүрээд байгаа юм.

Яагаад?

Уг наймаа яригдах болсон эхний шалтгаан бол Starbucks-ийн CEO Б.Николс юм. Тэрээр Chipotle-г 2018-2024 оны хооронд удирдах хугацаандаа үнэлгээг нь 10 дахин нэмэгдүүлсэн гавьяатай. Түүний хувьд өмнө нь Pizza Hut, KFC-г эзэмшигч YUM! брэнд компанид ажиллаж байсан туршлагатай. Тэрээр рестораны бизнесийн мэдлэгээ Starbucks-ийн брэндийн үнэ цэнтэй хослуулах амбицтай байгаа нь энэ бололтой.

2 чухал тоо

1,000,000: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп олон улсын зах зээл дэх нөхцөл байдал, үнийн өсөлтийг харгалзан үзсэний эцэст ОХУ-ын дизель түлшийг зах зээлд нийлүүлэх тохиролцоог хийсэн гэдгээ зарлалаа. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих үеэрээ эхний ээлжинд 300 мянган тонн түлшийг нэн яаралтай хүлээн авах болсон бол ирэх сард 500 мянган тонн, нийт 3 сая тонн дизель түлш авах болсон гэнэ. Энэ мэдээг сэтгүүлчдэд хүргэх үеэрээ Д.Трамп Украйны ерөнхийлөгч В.Зеленскиг Оросын газрын тосны агуулах руу халдсаар байгааг дахин шүүмжилсэн байна. Мөн тэрээр Украйны ард түмэн хэлэлцээр хийх эрмэлзэлтэй шинэ ерөнхийлөгч сонгох цаг нь болсон хэмээн мэдэгджээ.

7: ОУОХ-оос 2036 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй улс орнуудын нэрсийг зарлалаа. ОУОХ-ны эцсийн шийдвэр 2029 онд гарах төлөвтэй байна.

- Мюнхен (Герман) – 1972 оны олимпыг зохион байгуулж байсан.

- Будапешт (Унгар) – Өмнө нь дөрвөн удаа өрсөлдөж байсан.

- Ахмедабад (Энэтхэг) – Дэлхийн хамгийн том буюу 132 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх байгуулсан.

- Доха (Катар) – 2030 оны Азийн наадмыг зохион байгуулна.

- Сөүл (БНСУ) – 1988 онд Олимпын наадам хүлээн авч байсан.

- Кэйп Таун (ӨАБНУ) – Олимп хүлээн авах анхны Африкийн хот болох амбицтай.

- Истанбул (Турк) – Өмнө нь гурван удаа өрсөлдөөд ялагдсан.

3 онцлох өгүүлбэр

I. Нээлттэй AI моделийн өрсөлдөөн ширүүсэж байна

- OpenAI, Antrophic-той өрсөлдөх Европын ганц найдвар хэмээн үнэлэгддэг Mistral 1 их наяд параметр бүхий ML-4 моделио танилцууллаа. Уг модель нээлттэй эхэд суурилсан гэдэг утгаараа олны анхаарлыг ихэд татаж байна. ML-4-ийн суурь үзүүлэлтүүд нь кибер аюулгүй байдлын чадавхаараа гол өрсөлдөгч гэж хэлж болох Хятадын загваруудыг давж гарчээ. Mistral-ийн хувьд Microsoft зэрэг хөрөнгө оруулагчдаас 3 тэрбум еврог босгоод байгаа билээ.

- Үүнтэй зэрэгцэн Nvidia-ийн дэмжлэгтэй Reflection AI мөн нээлттэй эхэд суурилсан Beam нэртэй моделио зарлалаа. Beam-ийн хувьд агент хөгжүүлэх, код бичихэд Хятадын ижил төстэй загваруудыг давахуйц үзүүлэлтэй болжээ.

- Харин хямд үнэ, хүчирхэг үзүүлэлтээрээ Цахиурын хөндийг айдаст автуулж буй DeepSeek 100 тэрбум юань буюу 15 тэрбум доллар босгож байгаа гэнэ. Шинэ санхүүжилтэд Tencent, CATL зэрэг Хятадын тэргүүлэх компаниуд оролцож байгаа аж.


II. Amazon шинэ төхөөрөмжүүдээ зарлалаа

- Amazon биет төхөөрөмжийн стратегидаа өөрчлөлт оруулж, брэнд шинэчлэл хийж байгаагаа мэдэгдлээ. Тэд хямд үнэтэй Fire брэндийн хөгжүүлэлтээ зогсоож, Alexa нэрийн дор эхний гурван таблетаа танилцуулжээ.

- Amazon-ийн хувьд бараг үйлдвэрийн үнэтэйгээ дүйцэхүйц төхөөрөмжүүд гаргаж, хэрэглэгчдэд нэмэлт үйлчилгээ санал болгож, ашиг олдог модельтой байсан. Тэгвэл энэ удаад тэд өмнөхөөс бараг гурав дахин үнэтэй шинэ төхөөрөмжүүд гаргажээ. Үүнд тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа чипийн үнэ ч нөлөөлсөн нь дамжиггүй.

- Мөн ухаалаг туслах Alexa-ийн нэрийг анх удаа төхөөрөмждөө ашиглав. Шинэ таблетууд 8, 10, 12 инчийн сонголттой. Мөн анх удаа Google-ийн Андройд үйлдлийн систем дээр суурилснаараа онцлогтой. Өмнө нь тэд өөрсдийн нэрийн FireOS-ийг хөгжүүлж байв. Шинэ төхөөрөмжүүд AI-тай бүрэн интеграц хийж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангах туслахын үүрэг гүйцэтгэнэ гэв.


III. 2026 оны Нобелийн шагналтнууд тодорч эхэллээ

- Хамгийн өндөр хүлээлттэй байсан Нобелийн энх тайвны шагналыг хүний эрхийг хамгаалагч, НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар асан Нави Пиллей хүртлээ. ӨАБНУ-д төрсөн тэрээр Олон улсын эрүүгийн шүүхэд шүүгчээр ажиллах хугацаандаа Руанда, Мьянмарын дайны гэмт хэрэг, геноцидын асуудлыг шийдвэрлэснийг Нобелийн хорооноос онцолсон байна.

- Ташрамд, энэ жил уг шагналд 271 хүн нэр дэвшсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп уг шагналыг олгоогүйд урам хугарч байгаагаа нуусангүй. Тэрээр “найман дайныг зогсоосон” хэмээн өөрийгөө тодотгожээ. Гэхдээ өнгөрсөн жилийн ялагч, Венесуэлийн сөрөг хүчний улс төрч М.Мачадо өөрийн шагналаа Д.Трампад бэлэглэсэн удаатай.

- Харин Нобелийн утга зохиолын шагналыг Канадын яруу найрагч, зохиолч Э.Карсон хүртлээ. Өдгөө 76 настай түүнийг ямар нэгэн жанрт баригдалгүй, зоримог, шинэлэг байдлаар уран бүтээлээ туурвидаг хэмээн танилцуулгад онцолсон байна. Түүний бүтээлүүдээс 1998 онд гаргасан “Autobiography of Red” яруу найргийн түүвэр нь орчин цагийн утга зохиолын салбарт “сонгодог” хэмээн үнэлэгдэх сод бүтээл болсон хэмээн үнэлэгддэг.

Санал болгох: Нобель 2026-ын эзэд - Хэн? Яагаад?

Unread

4 мэдүүштэй зүйл

Түүхэн сонгууль: Паленстины ерөнхийлөгч М.Аббас улс төрийн намуудтай зөвшилцсөний эцэст тус улсын ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг 2027 оны 9 дүгээр сарын 11-нд зохион байгуулах болжээ. Израйлын явуулж байгаа цэргийн ажиллагаа эцэслэн дуусаагүй байгаа учир аюулгүй байдлыг хангах үүднээс хангалттай цаг гаргах шаардлагатай хэмээн тэрээр онцолсон байна. Палестинд сүүлийн 20 жил ямар ч сонгууль явагдаагүй юм.

Сурагчдын жагсаал: Францын сурагчдын жагсаал өргөжсөөр байна. Ахлах ангийн сурагчдын тэргүүлж буй жагсаал 40 гаруй хотод зэрэг явагдаж буй. Баасан гарагт болсон жагсаалд 250 мянга гаруй сурагчид оролцжээ. Жагсагчид багшийн тоог нэмж, ангийн орчныг сайжруулах гол шаардлага тавьж буй. Засгийн газраас боловсролын салбарт хуваарилах төсвөө 1.5%-аар нэмэгдүүлэх амлалт өгсөн ч үүнийг хангалтгүй гэж олон нийт үзэж байгаа юм. Зарим хотуудад жагсаал эмх замбараагүй байдалд хүргэж байгаатай холбоотой 5000 гаруй хүүхдийг баривчлаад байгаа гэнэ.

Шинэ голомт: Конгод тархаж, 4000 гаруй хүний аминд хүрээд байгаа эбола вирусын халдвар Кенид анх удаа илэрчээ. 7 жилийн турш Конгод амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэн нийслэл хот Найробид ирснээсээ хойш хоёрхон хоногийн дотор амиа алдсан байна. Одоо Кенийн засаг захиргаа эмнэлгийн болон нисэх онгоцонд тухайн иргэнтэй хавьталд орсон байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Нэмэлт сонгууль: Бразилд ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн ч эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50%-аас дээш санал авч чадаагүй тул нэмэлт санал хураалт явагдах болжээ. Эхний шатыг Либерал намын нэр дэвшигч Флавиу Болсонару 47.42%-ийн саналаар тэргүүлэв. Тэрээр 2019-2023 онд тус улсыг удирдаж байсан экс ерөнхийлөгч Жаирын том хүү юм. Жаир 3 жилийн өмнө сонгуульд ялагдсаныхаа дараа олон нийтийг турхирч, төрийн эргэлт хийх гэж оролдсон хэмээн улс төрийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ хасуулж, гэрийн хорионд байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Луйс Лула да Силва 44.7%-ийн саналаар хоёрдугаар шатанд шалгарсан. Түүний хувьд 2023 онд аав Болсонаруг ялж, хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон удаатай. Нэмэлт санал хураалт 10 дугаар сарын 25-нд явагдана.

5 сонин хачин

1. 2032 онд Австралийн Брисбэйнд явагдах зуны олимпын наадмын бэлгэдэл дүрсийг танилцууллаа. Зохион байгуулагчид какаду нэртэй тоть шувууны дүрслэлийг логонд шингээсэн байна. Хөгжилтэй, сониуч зангаараа алдартай уг тоть шувуу Брисбэйн хавиар нутагладаг юм.

2. Microsoft хамгийн хүчирхэг лаптопоо танилцууллаа. Surface Laptop Ultra нэртэй уг лаптоп нь Nvidia-ийн Windows-т зориулан бүтээсэн RTX Spark чипээр тоноглогдсон гэдгээрээ онцлог. Тэд өмнө нь зөвхөн дата төвүүдэд л боломжтой байсан асар их хүчийг хэрэглэгчдийн гарт авчирч, 1 петафлоп хүртэлх AI тооцооллыг интернетгүй буюу локал орчинд хийх чадварыг амалж байна. Үүнийг Microsoft-ийн CEO “хувийн супер компьютер” хэмээн тодотгосон нь санамсаргүй хэрэг биш. Өөрөөр хэлбэл, энэ нь хөгжүүлэгчдийн дунд түгээмэл ашиглагддаг Macbook M5-аас 2 дахин хурдтай гэсэн үг гэнэ. Эхлэх үнэ нь 2500 доллар байх аж. Microsoft-ийн хувьд AI-ийн эрин үед өөрсдийн байр сууриа баталгаажуулах олон оролдлого хийж буй. OpenAI-ийн анхны дэмжигч гэдэг утгаараа тэд ChatGPT-ийн тэсрэлтээс хамгийн их хожил авсан тал мөн. Одоо тэд төхөөрөмжийн зах зээлд ч байрших амбицтай байгаа нь ил боллоо. Windows дэлхийд тэргүүлэгч үйлдлийн систем мөн байгаа ч Microsoft-ийн Surface лаптоп борлуулалтаараа топ 5 брэндийн нэг болж чадаагүй л байна.

3. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд шинжлэх ухаан, технологийн салбарын хамгийн том шагнал болох “Үндэсний шинжлэх ухааны медаль”-ийг нэр бүхий хүмүүст олгожээ. Үүнд, Tesla-ийн И.Маск, Google-ийн С.Брин, Nvidia-ийн Ж.Хуанг, AMD-ийн Л.Су нар багтжээ. Мөн Microsoft-ийн С.Наделла, Dell-ийн М.Делл нарт технологи, инновацын салбарын “Үндэсний медаль”-ийг гардуулжээ. Энэ үеэр тэрээр Америкийн шинжлэх ухааны шинэ эрин эхэллээ хэмээн зарлан тунхагласан байна. Хиймэл оюуны салбарт зориулан засгийн газраас 2.4 тэрбум долларын судалгааны тэтгэлэг мөн олгоно гэдгээ мэдэгджээ.

4. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу амжилттай тамирчдын нэг Лионель Месси Аргентины шигшээ багийн өмсгөлтэй хамгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Уг тоглолт Буэнос Айросын алдарт “Монументаль” цэнгэлдэхэд Бенин улсын багийн эсрэг болсон юм. Л.Месси торгуулийн цохилтоос гоол оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгчээ. Тэрээр шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтыг 2005 онд Унгарын эсрэг хийж байсан юм. Энэ цагаас хойш тэрээр 208 тоглолтод оролцохдоо 126 гоол оруулжээ. Л.Месси шигшээ багийнхаа хамтаар 2022 онд дэлхийн аварга болж, хоёр удаа Копа Америкад түрүүлж байв.

5. Австралид төвтэй дата төвийн үйлчилгээ эрхлэгч Firmus энэ оны сүүлээр хийхээр төлөвлөж байсан IPO-оо цуцалж байгаагаа зарлалаа. Тэд 30.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр 5 тэрбум доллар босгохоор төлөвлөж байсан юм. Энэ бол 1997 оны Telstra-аас хойшхи тус улсын хамгийн том IPO болох учиртай байв. Тэд зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байгаа учраас ийм шийдвэр гаргалаа хэмээн тайлбарлажээ. Firmus-ийн хувьд зүүн өмнөд Азийн зах зээлд дата төв байгуулах төслүүдээрээ Meta, Nvidia-тай аварга гэрээ байгуулаад байгаа. Мөн өнгөрсөн зун Nvidia-аас 2 тэрбумын хөрөнгө оруулалт татсан билээ.