1 гол сэдэв

Юу болов?

Meta AI-ийн бүх оддын баг бүрдүүлэв. Өнгөрсөн долоо хоногт Meta-ийн нэгж хувьцааны үнэ 748 долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 1,87 их наядад хүрэв. Энэ бол тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Зөвхөн нэг өдөрт л 196 тэрбумаар өссөн тус компанийн ханш жилийн өмнөхтэй харьцуулахад 22%-аар нэмэгдээд байна. Яг одоо цахиурын хөндийн хамгийн секси компани Meta болоод байна гээд хэлэхэд хэлсдэхгүй.

Яагаад?

Үүний гол шалтгаан нь М.Цукербергийн AI-д баримталж буй хүний нөөцийн стратеги гээд хэлж болно. Тус компани өнгөрсөн сард Scale AI компанид 14 тэрбум долларын хөрөнгө оруулж, үүсгэн байгуулагч А.Вангийг нь AI хариуцсан захирлаар томилсон. Энэ наймааны дараагаар тэд OpenAI, Antrophics, Google зэрэг өрсөлдөгчдөөс топ талентуудыг урвуулж, 100 сая долларын бонустай санал тавьж эхэлсэн гэдэг нь анхаарал татаж эхэлсэн юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд тэд OpenAI-ийн гол гурван инженерийг багтаа элсүүлсэн. Үүгээр ч зогссонгүй, GitHub-ийн CEO-оор ажиллаж байсан Н.Фридман AI бүтээгдэхүүн хариуцах болсон нь супер баг үүссэний дохио болов. Хөрөнгө оруулагчид энэхүү довтолгоонд ихэд тааламжтай хандаж байгаа нь гарцаагүй.

Одоо яах вэ?

А.Ванг болон Н.Фридман нарын удирдлаган дор Meta AI-ийн стратегиа тэр чигт нь өөрчилж байна. Тэд “Meta Superintelligence Unit” нэртэй шинэ нэгжийг байгуулж, AI-тай холбоотой бүх хөгжүүлэлт, судалгаагаа нэгтгэхээр төлөвлөж байгаа юм.

Тэдний багийн зарим гол гишүүдийг танилцуулъя.

- Шучао Би: GPT – 4o-ийн аудио функц болон o4-миниг хамтран хөгжүүлсэн. OpenAI-ийн мульти-модельт сургалтын багийг ахалж байсан

- Хуйвен Чан: GPT – 4o-ийн зураг үүсгэх функцийг хамтран хөгжүүлсэн. Google Research-ийн текстээс зураг хувиргах сургалтыг хариуцаж байсан

- Жак Рэй: Google Gemini-ийн сургалтын өмнөх хэсгийг хариуцаж байсан

- Трапит Бансал: Салбарын хамгийн алдартай эрдэмтдийн нэг, OpenAI-д o загварын моделийг анхлан хөгжүүлсэн

- Хонгю Рен: GPT – 4o-г хамтран хөгжүүлэгч, OpenAI-ийн сургалтын дараах нэгжийг хариуцаж байсан

- Пэй Сун: Waymo-ийн сүүлийн 2 моделийг хөгжүүлсэн. Deepmind-ийн AI багийн ахлах инженерээр ажиллаж байсан

- Шенжи Жао: ChatGPT-г хамтран хөгжүүлэгч, OpenAI-ийн синтетик дата багийг ахалж байсан

2 чухал тоо

60.000.000.000 - В.Баффет хамгийн том хандиваа өргөлөө. Өдгөө 94 настай тэрээр 2006 оноос эхлэн жил бүр өөрийн хөрөнгөөсөө нийгмийн сайн сайхны төлөөх байгууллагуудад хандивлах болсон. Энэ жилийн тухайд тэрээр Gates Foundation тэргүүтэй өөр 4 байгууллагад нийт 6 тэрбум доллартай тэнцэх хандив өргөсөн нь түүний хувьд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр түүний амьдралынхаа туршид хандивласан хөрөнгийн хэмжээ 60 тэрбумд хүрсэн гэнэ. Саяхан өөрийн 60 гаруй жилийн турш удирдсан Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн В.Баффетын хөрөнгө одоогоор 150 тэрбум доллартай тэнцүү байгаа юм. Тэрээр өөрийн хөрөнгийн 99.5%-ийг буяны үйлсэд зарцуулна хэмээн амлаад байгаа билээ.

249 - АНУ-ын түүхэнд бичигдэх төсөв, татварын багц хуулиа батлуулж чадсан Трамп үнэртэй ус гаргажээ. 249 долларын үнэтэй “Victory 45-47” хэмээх нэртэй уг ус нь 100 мл-ийн хэмжээтэй, Трампыг дүрсэлсэн алтан чимэглэлтэй гарчээ. Мөн саван дээр нь АНУ-ын 45, 47 дахь ерөнхийлөгчийн гарын үсэг бичигджээ. Д.Трамп зөвхөн өөрийн нэрийн бүтээгдэхүүнээрээ жилд 200 сая долларын орлого олдог гэдэг. Тэрээр саяхан өөрийн нэрийн гар утас гаргасан билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Figma IPO хийнэ

- Онлайны дизайны платформ Figma нээлттэй компани болох төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд Нью Йоркийн хөрөнгийн биржээс 15 тэрбум долларын үнэлгээтэйгээр нийт 1.5 тэрбумыг босгохоор зорьж байна.

- Дизайнеруудын хамгийн хайртай хэрэгслүүдийн нэг болж чадсан Figma 2025 оны хамгийн “күүл” IPO-д тооцогдож байгаа нь санамсаргүй хэрэг биш. 2023 оны сүүлээр зах зээлийн лидер Adobe тэднийг 20 тэрбум доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн хэдий ч зохицуулах байгууллагаас “өрсөлдөөнийг хумих оролдлого” хэмээн үзэж зөвшөөрөл өгөөгүй. Үүнтэй холбоотой Figma 1 тэрбум долларын “салалтын төлбөр” хүлээн авч байсан удаатай.

- Figma-ийн хувьд бүртгэлтэй 450 мянган хэрэглэгчтэй. Харин орлого нь өнгөрсөн жил 48%-аар өсөж, 750 сая долларт хүрчээ. Ташрамд дурдахад, Netflix, Stripe, Duolingo зэрэг дэлхийд алдартай компаниудаас гадна манай Unread-ийн бүтээлч баг ч Figma-г тогтмол ашиглаж, сонин болон өдөр тутмын контент дизайндаа ашигладаг билээ.


II. Ливерпүүлийн довтлогч Диого Жота амиа алджээ

- Хөлбөмбөгийн ертөнцийг тэр чигт нь донсолгосон харамсалтай үйл явдал тохиож, Ливерпүүл болон Португалын шигшээ багийн довтлогч Диого Жота автомашины ослын улмаас таалал төгслөө. Түүний хөлөглөж байсан машины дугуй Испанийн Самора мужийн ойролцоох хурдны зам дээр хагарч, улмаар замаас гарсныхаа дараа дэлбэрчээ. Ослын улмаас түүнтэй хамт явж байсан төрсөн дүү нь болох Андре мөн амиа алджээ.

- Тэрээр Испанийн доод лигийн Пеньяфьел клубт тоглодог байв. Диого Жота өнгөрсөн сард Премьер лигийн аварга болж, шигшээгийнхээ хамтаар Үндэстнүүдийн цомын аваргаар тодорч, карьерын хамгийн амжилттай улирлаа үдээд байсан юм. Үүгээр ч зогсохгүй ердөө хэдхэн хоногийн өмнө хуримаа хийгээд байжээ. Хосууд гурван хүүхэдтэй байв.

- Ливерпүүл клуб түүний өмсөж байсан “20” дугаарыг үүрд мөнхөлж, гэрээний хугацаа буюу 2 жилийн турш цалинг нь бүтэн олгох болжээ. АНУ-д явагдаж буй Клубүүдийн ДАШТ-ий тоглолтуудын өмнө хүндэтгэлийн ёслол явагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс гашуудал илэрхийлсээр байна.


III. Huawei Хятадын зах зээлийг тэргүүлсээр байна

- Counterpoint Research улирал бүр гаргадаг Хятадын ухаалаг утасны зах зээлийн тайлангаа танилцууллаа. Оны хоёрдугаар улиралд Хятадын зах зээл өмнөх онтой харьцуулахад 1%-ийн өсөлт үзүүлсэн байна. Өнгөрсөн сард Хятадын онлайн худалдааны томоохон өдөр болох “618” явагдсан нь уг өсөлтийн гол шалтгаан байв. JD.com-ийн 2010 оноос эхлүүлсэн уг хямдрал жил бүрийн 6-р сарын 18-нд явагддаг уламжлалтай.

- Зах зээлийг Huawei тэргүүлсэн хэвээр байна. Тэдний борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12%-аар нэмэгдсэн нь бусад брэндүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт байв.

Apple-ийн борлуулалт ч 2023 оны 2-р улирлаас хойшхи анхны өсөлтөө үзүүлжээ. Хятадын зах зээл дэх iPhone-ийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8%-аар нэмэгджээ. Гэсэн ч тэд дэлхийн хамгийн том зах зээлд эзлэх хувиараа 3-р байрт бичигдсэн хэвээр байна. Тэдний урд Huawei-аас гадна Vivo гэсэн дотоодын брэнд бичигдэж байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Робот арми: Amazon 1 сая роботтой болжээ. Ингэснээр Amazon дэлхийн хамгийн том роботын армитай компани боллоо. Amazon 2012 онд хамгийн анхны роботоо нэвтрүүлснээс хойш өдгөө дэлхий даяарх 300 агуулахдаа ашиглаж байна. Amazon-ийн дийлэнх роботууд агуулахад хүнд ачаа өргөх, хуваарилах, хүргэх зэрэг “хар ажил” гүйцэтгэдэг онцлогтой. Тэд сүүлийн саруудад AI ашиглаж роботын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийг зорьж буй. “Deepfleet” нэртэй хиймэл оюуныг ашиглаж эхэлснээр агуулахын хүргэгч роботын туулах зай 10%-аар багассан үр дүн гарчээ.

Сонирхолтой түншлэл: Дэлхийн хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн лиг Премьер лиг Microsoft-той урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд лигийн вебсайт, апп, фантази тоглоомонд Microsoft-ийн Copilot AI -ийг нэвтрүүлнэ гэнэ. Ингэснээр хэрэглэгчид лиг эхэлсэн 1992 оноос цугларсан 300 мянган нийтлэл, 9,000 видео, бүх төрлийн статистикаар тусгайлан сургасан AI-ийн тусламжтайгаар бүх мэдээллийг өөрийн төрөлх хэлээрээ хүлээн авах боломжтой болох юм.

Шууд дамжуулалт: Netflix энэ зунаас эхлэн NASA-ийн пуужин хөөргөх ажиллагааг шууд дамжуулан үзүүлэх гэрээг байгуулжээ. 700 сая хэрэглэгчтэй Netflix-ийн хувьд сүүлийн жилүүдэд шууд дамжуулалтад анхаарч, спорт, энтертэйнментийн арга хэмжээг хэрэглэгчдэдээ хүргэх болсон. Харин NASA-ий хувьд 2023 оноос эхлэн NASA+ нэртэй стриминг апп гаргаж, төрөл бүрийн танин мэдэхүйн контент болон хөөргөлтийн ажиллагааг хүргэх болсон билээ.

Шинэ мессеж: Meta-ийн хөгжүүлж буй текст суурьтай сошиал апп Threads-ийн хэрэглэгчид хоорондоо хувийн мессежээр харилцах боломжтой боллоо. Өнгөрсөн сард зарим улсад хийгдсэн туршилт маш үр дүнтэй байсан тул төлөвлөснөөс эрт уг функцийг нээлттэй болгож байгаагаа хөгжүүлэгчид нуусангүй. Одоогоор 350 сая хэрэглэгчтэй болоод буй Threads-ийн DM-ийг эхний ээлжинд зөвхөн өөрийг нь дагасан, эсвэл Instagram дээр харилцан дагалцсан хүмүүс дунд ашиглаж болох гэнэ.

5 сонин хачин

1. “Jurassic World Rebirth” бокс оффисыг тэргүүллээ Америкийн тусгаар тогтнолын өдөр давхацсан бокс оффисыг “Jurassic World”-ийн ертөнцийн шинэ анги итгэл төгс тэргүүллээ. Тэд эхний долоо хоногтоо зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 137.5 сая долларын орлого цуглуулах төлөвтэй байна. Гэхдээ энэ бол уг франчайзын хувьд дарууханд тооцогдох үзүүлэлт. 2015 оны “Jurassic World” 208 сая, 2018 оных 148 сая, 2022 оных 145 сая долларын орлого олж байжээ. Ташрамд дурдахад, Universal энэ киног бүтээхэд 180 сая доллар зарцуулсан юм. Тэд 32 жилийн түүхтэй алдарт франчайзыг улам өргөжүүлж, дахин гурван кино хийхээр төлөвлөж байгаа билээ.

2. Азийн анхны Legoland Шанхайд нээгджээ. Нийт 85 сая ширхэг лего ашиглаж бүтээсэн мянга мянган загварууд бүхий уг парк дэлхийн хамгийн том Legoland болж байгаагаараа онцлогтой. Legoland-ийн 11 дэх салбар нийт 75 төрлийн тоглоом, үзвэртэй гэнэ. Уг төслийн нийт өртөг 550 сая доллар болсон бөгөөд дотоодын аялал жуулчлалын гол цэг болно хэмээн хөгжүүлэгчид найдаж байна.

3. Luckin АНУ-д анхны салбараа нээлээ. Luckin бол Хятадад Starbucks-ийг ялсан гэдгээрээ алдартай кофе сүлжээ. 2017 онд анхны салбараа нээж байсан тус компани өдгөө 22 мянган салбартай болж, орлогоороо ч Starbucks-ийг давж гараад байгаа юм. Тэгвэл тэд энэ долоо хоногт Нью Йорк хотноо эхний хоёр салбараа нээжээ. Өвөрмөц амт, хямд үнэ, лояалти саналуудаараа дотоодын зах зээлдээ тэргүүлэгч болсон брэнд Америкийн зах зээлд ямар амжилт үзүүлэх нь олон хүний анхаарлыг татаж байна.

4. Netflix-ийн хамгийн том хит Squid Game-ийн сүүлийн буюу 3-р бүлэг нээлтээ хийлээ. Уг цувралыг үзэгчдийн тоо эхний гурван өдөрт 60.1 саяд хүрсэн нь Netflix-ийн түүхэн үзүүлэлт болжээ. Өмнөх рекордыг мөн л тус цуврал эзэмшиж байсан бөгөөд 2-р бүлгийг эхний дөрвөн өдөрт үзэгчдийн тоо 68 сая байсан гэнэ. Үүнээс гадна Squid Game-ийн 3-р бүлэг бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй гадаад хэл дээрх цувралын жагсаалтын 9-р байрт бичигдэж эхэлсэн байна.

5. Зөв бичих дүрэм, агуулга найруулгын үйлчилгээ үзүүлэгч Grammarly-г 40 сая хэрэглэгч, 50 мянган байгууллага ашигладаг. Тэгвэл тэд түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, хиймэл оюунд суурилсан имэйл платформ Superhuman-ийг эгнээндээ нэгтгэлээ. Superhuman сарын 30 долларын төлбөртэй имэйл апп-даа хэдийнээ 50 мянган хэрэглэгчийг татаад амжсан. Хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө оруулалт татахдаа 825 сая долларын үнэлгээтэй байв. Grammarly-г хэрэглэгчид имэйл бичихдээ хамгийн их ашигладаг гэнэ. Долоо хоног бүр 50 сая имэйлийн найруулга дээр хэрэглэгддэг гэх Grammarly өөрсдийн экосистемийг үүсгэх замаар бүтээмжийн нэгдсэн платформ болгох амбицтай байгаа юм.