1 гол сэдэв

Юу болов?

Намрын технологийн арга хэмжээ Meta Connect-оор үргэлжиллээ. М.Цукерберг энэ удаад хамгийн хүчирхэг VR/MR төхөөрөмж гэсэн тодотголтой Meta Quest 3-ийг онцлон танилцуулав. 499 долларын үнэтэй уг төхөөрөмж нь Xbox Cloud Streaming-тэй нийцэж ажиллахаас гадна биет орчин дахь эд зүйлстэй харьцаж, AR үүсгэх зориулалттай тусдаа камер, мэдрэгчээр тоноглогджээ. Арга хэмжээний үеэр тэд Quest 3-тай нийцэж ажиллах The Walking Dead, Assasin's Creed, Ghostbusters, Lego Bricktales, Stranger Things зэрэг тоглоомууд, мөн Roblox, Headspace зэрэг апп-уудыг ил болгов.

Meta AI-ийн сонин

Тэд үүнээс гадна Facebook, Instagram, Whatsapp-ийн экосистемд бүрэн нийцэж ажиллах Meta AI чатботыг зарлалаа. Олны танил оддын характер, хандлага дээр тулгуурлан төрөл бүрийн сэдэв, чиглэлээр дагнасан чатботууд хэрэглэгчдийн апп-д өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлнэ хэмээн Meta найдаж байна. Мөн Emu нэртэй үйлчилгээний хүрээнд хэрэглэгчид AI ашиглан зураг, стикер бүтээх, түүнийгээ найзууд руу илгээх сонголттой болох ажээ.

Шинэ ухаалаг шил

Meta алдарт Ray-Ban-тай хамтран ухаалаг шил бүтээх мэдээ гараад чамгүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл тэд энэ удаад анхны хоёр загварыг танилцууллаа. Ray-Ban Meta Smart Glasses нэртэй шил нь 299 долларын үнэтэй худалдаанд гарах бөгөөд дуудлага хийх, хөгжим сонсох, лайв бичлэг хийх боломжтой юм. Тэд ухаалаг шилээ чихэвчийг орлох зорилготой хэмээн тодорхойлсон нь ихээхэн анхаарал татав.

2 чухал тоо

27 - Домогт реппер Tupac-ийн аминд хүрсэн байж болзошгүй сэжигтнийг баривчиллаа. 27 жилийн өмнө уулзвар дээр машинтайгаа зогсож байхад репперийг буудаж зугтаасан хэрэгтнийг одоо болтол илрүүлээгүй байсан. Д.Дэвис хэмээх эр 2019 онд гаргасан дурсамж номондоо бичсэн сэтгэгдлүүд нь цагдаагийнханд өгөөш болж, улмаар түүний гэрээс нэгжлэх хийх үедээ нотлох баримтууд олсон нь энэ бололтой.

5.300.000.000 - Арилжааны сансрын тээвэрлэгч хөлөг бүтээж буй Sierra Space 5.3 тэрбум долларын үнэлгээтэйгээр 300 сая долларын шинэ санхүүжилт татлаа. Dream Chaser нэртэй хөлгийн төсөлд нь Японы хамгийн том банк MUFG тэргүүтэй Японы хөрөнгө оруулагчид нэгдсэн нь энэ юм.

3 онцлох өгүүлбэр

I. OpenAI шинэ апдэйтээ танилцууллаа.

- Хиймэл оюуны хувьсгалыг түүчээлэгч ChatGPT одоо сонсдог мөн хардаг боллоо. Энэ нь зөвхөн текстээс гадна зураг эсвэл аудио хуулахад тантай харьцаж хариулт өгөх боломжтой болсон гэсэн үг.

- Тэд өөрсдийн хөгжүүлж буй Whisper моделийг ашиглан дуу хоолойг текст болгох алгоритмаа бүтээсэн. Харин зургаар харьцах нь хуулсан зурган дээрх дүрс, хэлбэрийг таньж, текстээр тайлбарлан дэлгэрүүлэх байдлаар тохируулагджээ.

- OpenAI мөн шинэ хөрөнгө оруулалт татах хэлцлээ эхлүүлсэн мэдээ анхаарал татлаа. Тэдний хувьд үнэлгээ нь 80-90 тэрбум долларын хооронд хэлбэлзэж байгаа гэнэ.


II. Amazon AI-ийн дайнд нэвтэрлээ.

- Amazon хиймэл оюуны технологи хөгжүүлэгч Anthropic-т 4 тэрбум долларын хөрөнгө оруулж байгаагаа зарлалаа. Тус компани нь ChatGPT-ийн өрсөлдөгч Claude2ийг хөгжүүлж байгаа юм.

- Энэ хэлцлийг тэд Microsoft-ийн OpenAI-д хөрөнгө оруулсантай адил хэмжээний нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байна. Microsoft 2019 оноос хойш OpenAI-д 13 тэрбум долларын хөрөнгө оруулж, AI-ийн зах зээлд тэргүүлэгч болоод байгаа билээ.

- Claude-ийг бүтээгчид ах дүү Амодейгийн хувьд өмнө нь OpenAI-д ажиллаж байсан. Тэд Claude чатбот нь урьдчилан бэлтгэсэн ёс зүй, зарчмын код дээр суурилан сургагдсан гэдгээрээ илүү найдвартай, аюулгүй хэмээн мэтгэдэг билээ.


III. Counter Strike 2 зарлагдлаа.

- Valve дэлхийн хамгийн алдартай видео тоглоом Counter Strike-ийн шинэ хувилбарыг танилцууллаа. Өнгөрсөн гуравдугаар сард хамгийн анх бета хувилбар нь цацагдаж байсан шинэ тоглоом CS2 гэсэн нэрийн дор зарлагджээ.

- Тоглоомын шинэчлэгдсэн хувилбар нь Valve-ийн Source 2 хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд UI, аудио, хөдөлгөөний хувьд эрс сайжирсан гэнэ. Мөн тоглох замаас гадна буу зэрэг тоноглолууд нь шинэчлэгджээ.

- CS2 нь сүүлийн 10 жил зах зээлд ноёлсон CS:Go-ийг шууд орлох учиртай. 27GB-ийн хэмжээтэй уг тоглоомыг хэрэглэгчид Steam-ээс үнэгүй татах боломжтой юм.

4 мэдүүштэй зүйл

AI төхөөрөмж: OpenAI-ийн үүсгэн байгуулагч С.Алтман AI модельд суурилсан биет төхөөрөмж бүтээх зорилготой байна. Энэ төслийн хүрээнд тэрээр Apple-ийн домогт дизайнер Жонни Айвтай хамтран ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Бичил станц: Microsoft AI модель хөгжүүлэх дата төвүүдээ цөмийн эрчим хүчинд холбох амбицтай байна. Тэд SMR буюу жижиг модулар реактор бүхий төвийг байгуулах зэмээр эрчим хүчний сүлжээ үүсгэх төлөвлгөөтэй байгаа бололтой.

Автомат хөрвүүлэгч: Spotify подкастын аудиог автоматаар текст рүү хөрвүүлэгч технологио нэвтрүүллээ. Энэ нь хэрэглэгчдэд подкастын тоймыг унших, сонирхолтой хэсэг рүүгээ үсрэх шинэ сонголтыг өгнө гэж үзэж байгаа. Үүнээс гадна тэд зарим алдартай подкаст хөтлөгчдийн хоолойг AI ашиглан хуулбарлаж, өөр хэл рүү орчуулан хүргэх технологийг хөгжүүлж байгаа аж.

Иога бот: Tesla өөрсдийн хөгжүүлж буй робот Optimus-тай холбоотой шинэ видео гаргалаа. Уг видеонд тус роботын хөдөлгөөн илүү уян болж, өнгө дүрсээр ялган ангилах үйлдэл хийж чаддаг болсон байна. Мөн сунгалт илүү сайжирснаар бүр иога хүртэл хийдэг болжээ.

5 сонин хачин

1. Nickeleoden-ийн алдарт хүүхэлдэйн цуврал Paw Patrol-ийн ээлжит анимэйшн "Paw Patrol: The Mighty Movie" бокс оффисыг тэргүүллээ. Тэд дэлхий даяар 46.1 сая долларын орлого олсон байна. 2021 онд гарсан эхний анги нь Paramount+ дээр давхар нээлтээ хийж, 13 сая долларын ашиг олж байсан юм. Сонирхуулахад Paw Patrol брэнд 2014 онд гарснаасаа хойш 14 тэрбум долларын борлуулалт хийгээд байгаа гэнэ.

2. Nothing дундаж хэрэглээнд зориулсан брэнд CMF-ийн эхний төхөөрөмжүүдээ зарлалаа. Тэд дуу тусгаарлагчтай, 11 цаг цэнэгээ барих чадалтай Buds Pro-г 49 доллараар, Харин Watch Pro ухаалаг цагийн хувьд 1.96 инчийн OLED дэлгэцтэй, зүрхний цохилт, алхалт, нойр хэмжигч, 110 янзын дасгалын загвараар тоноглогджээ.

3. Adobe Photoshop веб хувилбараа олон нийтэд нээлттэй болголоо. 2 жилийн турш туршигдсан дэлгэцийн хувилбар нь Adobe-ийн хөгжүүлсэн AI модель Firefly-тай нийцэж ажиллана гэдгээрээ онцлог. Ингэснээр хэрэглэгчид 100 гаруй хэлээр комманд өгч, өөрийн зургаа засаж сайжруулж, эвлүүлэх боломжтой гэсэн үг.

4. 2.3 тэрбум долларын өртөгтэй Vegas Sphere анхны тоглолтоо зохион байгууллаа. Алдарт U2 хамтлаг дэлхийн хамгийн том лед дэлгэц бүхий аварга том бөмбөлгөн цэнгэлдэхэд тоглолтоо хийж, сошиал медиаг хуйлруулсан нь энэ. 18 мянган үзэгчтэй тоглолтын үеэр ашиглагдсан график, дэлгэц нь сошиал медиаг шууруулж, энтертэйнмент ертөнцөд цоо шинэ дүр төрхийг үүсгэсэн нь энэ байлаа.

5. LG нугардаг дэлгэцтэй лаптодоо танилцууллаа. LG Gram Fold нэртэй уг лаптоп нь бүрэн дэлгэгдсэн үедээ 17 инчийн дэлгэцтэй болно. Нийт 30 мянган удаагийн нээлт, хаалтыг тэсвэрлэх чадвартай гэгдэг уг лаптоп нь 3700 долларын үнэтэйгээр худалдаалагдах ажээ. Үүнээс өмнө Lenovo, ASUS, HP ижил загварын лаптопоо танилцуулаад байсан юм.

10 унших мэдээ

Унших: Өнөө цагийн Оппенхэймэр /NYMag/

Дурсах: Netflix DVD түрээсийн үйлчилгээгээ зогсоолоо /Morning Brew/

Мэдэх: Blue Apron зарагдлаа /CNBC/

Анхаарах: NVIDIA-ийн оффисыг нэгжжээ /WSJ/

Үзэх: Titan хөлгийн тухай кино хийгдэнэ /Deadline/

Анзаарах: Evergrande-ийн хямрал юуг дагуулах вэ? /BBC/

Ойлгох: АНУ Украйнд туслах уу? /CNN/

Алмайрах: Эргэлддэг хар нүхийг илрүүлэв /SCMP/

Сурах: Нью Йорк яагаад үерт бэлэн биш байв? /Vox/

Хүлээх: Google Pixel-ийн эвентээс хүлээх бүх зүйлс /The Verge/