1 гол сэдэв
Түүхэн амжилт:
Монголын спортын түүхэнд шинэ хуудас бичигдэж, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Энэ бол Монголчуудын хувьд түүхэндээ анх удаа багийн спортын төрөлд дэлхийн аваргаас медаль хүртсэн тохиолдол билээ.
Бахдам ялалтууд:
Улааанбаатар хотноо явагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д манай охид эхнээсээ өнгөтэй байж, хэсэгтээ Бразил, Герман, Украйны багуудыг хожин хасагдах шатанд шалгарсан. Ялангуяа Парисын олимпын аварга, Германы шигшээг хожсон нь тэмцээний хамгийн эхний дуулиан болов. Гэхдээ тэдний амжилт үүгээр зогссонгүй. Манай баг дэлхийн чансааны №2, Азийн тэргүүн баг БНХАУ-ын багийг нэмэлт цагт буулгаж авсан нь үзэгчдийн цөсийг хөөргөж орхив. Шөвгийн наймд өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалахаар ирсэн АНУ-ын хүчирхэг багийг хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор буулгаж авснаар хагас шигшээд үлдсэн билээ. Энэ ялалт зөвхөн Монголын төдийгүй дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэн үлдэх нь гарцаагүй. Дэлхийн тайлбарлагчид “Монголчуудын үнсгэлжингийн үлгэр үргэлжилсээр” хэмээн толгой сэгсрэн дуу алдаж байлаа. Улмаар манай баг хагас шигшээд дэлхийн чансааны №6 Польшийн шигшээтэй тоглон, мөн л нэмэлт цагт 18:17-ын харьцаатайгаар хожсон юм. Финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын багтай тоглон 15:9-ын харьцаатайгаар хожигдсоноор дэд аварга боллоо. “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхээ авч, багийн төрлөөр олимпод оролцсон анхны монгол баг болсон түүхээ тэд улам цааш үргэлжлүүлсэн нь энэ.
Сэтгэл хөдөлгөм мөч:
Багийн спортоор монголчууд амжилт үзүүлж чадахгүй гэдэг үлгэр энд хүрээд дууссан. О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг дэлхийн дэвжээнд Монголын нэрийг мөнхөлж үлдээлээ. Үе үеийн сагсан бөмбөгчид, багш дасгалжуулагчид, зүтгэлтнүүд-ивээн тэтгэгчид, хөгжөөн дэмжигчид бүгд та бүхний ялалтаар бахдаж байна.
2 чухал тоо
12: “12 өдрийн дайн” өндөрлөлөө. Энэ бол Иран, Израйлын хооронд өрнөсөн зэвсэгт мөргөлдөөнд Д.Трампын өгсөн нэр. Тэрээр талуудыг гал зогсоох хэлцэлд хүрснийг зарлахдаа “дэлхийд энх тайван цаг ирлээ” хэмээн тунхаглажээ. АНУ Ираны цөмийн зэвсгийн байгууламжуудыг бөмбөгдөж, бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдах эрсдэл үүсээд байсан билээ. Уг мэдэгдлийн дараагаар аль аль тал нь тохиролцоогоо зөрчсөн нь Трампыг медиад ёс бус үг хэлэхэд хүргэж бухимдуулсан ч цааш даамжирсангүй. Харин Иран, Израйлын удирдагчид “дайнд түүхэн ялалт байгууллаа” гэдгээ тус тусын сувгаар мэдэгджээ.
5: НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлнэ. Нидерландын Гааг хотноо явагдсан НАТО-гийн дээд хэмжээний чуулганаас уг шийдвэрийг гаргажээ. Төлөвлөгөө ёсоор гишүүд 2035 он гэхэд ДНБ-ий 5%-ийг батлан хамгаалахад зориулах учиртай. Уг шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ихэд сайшааж, “Өрнөдийн орнуудын хувьд том ялалт боллоо” хэмээн тодотгожээ. Тэрээр Европыг АНУ-аас хамааралтай байгааг шүүмжилж, тэнцүү хөрөнгө оруулалт гаргах ёстой хэмээн шахаж байсан юм.
3 онцлох өгүүлбэр
I. К.Роналду түүхэн дэх хамгийн том гэрээг үзэглэлээ
- Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн нүүр царай Криштиану Роналду Саудын Арабын “Аль Насср” клубтэй байгуулсан гэрээгээ 2 жилээр сунгалаа. 40 настай Роналдугийн шинэ гэрээ мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн аварга гэрээ болсныг эх сурвалжууд мэдээлж байна.
- Жилд 245 сая долларын цалин авна. Энэ нь долоо хоногт 4.6 сая доллар гэсэн үг. | Гэрээний урамшуулал нь 52 сая доллар байна. | “Аль Насср” клубын 15%-ийг эзэмшинэ. Энэ нь 45 сая доллартай тэнцэнэ. | Гоол оруулах бүрдээ 107 мянган долларын урамшуулал хүртэнэ | Оновчтой дамжуулалтын бонус нь 50 мянган доллар байна. | Лигтээ түрүүлбэл 11 сая долларын бонус авна | Мэргэн бууч болбол 5.5 сая доллар нэмж авна | 16 хүний бүрэлдэхүүнтэй хувийн багтай байна. Үүнд 3 жолооч, 4 үйлчлэгч, 2 тогооч, 4 бие хамгаалагч багтана. | 5.5 сая долларын өртөг бүхий хувийн онгоцны үйлчилгээ авна | Бусад компаниудтай 82 сая долларын үнэлгээ бүхий ивээн тэтгэлгийн гэрээ байгуулна.
- Харьцуулахад, түүний гол өрсөлдөгч Л.Месси Интер Майами клубээс жилд 200 сая долларын цалин авдаг гэнэ.
II. Ж.Бэйзосын хуримын өртөг 60 сая доллар байжээ
- Дэлхийн хамгийн чинээлэг эрхэмүүдийн нэг, Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Бэйзос болон Лорен Санчез нарын хурим Италийн Венец хотноо гурван өдрийн турш сүр дуулиантай үргэлжиллээ. Хуримд Б.Гэйтс, И.Трамп, О.Винфри, Л.Ди Каприо, К.Кардашиан зэрэг 250-300 гаруй хүн уригдан оролцсон гэнэ.
- Уг хуримын хотын эдийн засагт үзүүлэх нөлөө нь тэрбум доллараар хэмжигдэнэ гэдгийг шинжээчид онцолж байна. Эдийн засагчид уг үйл явдлын эдийн засгийн үр өгөөжийг Т.Свифтийн аялан тоглолт, Super Bowl-ийн финалтай харьцуулж байгаа юм. Венецийн иргэд өнгөрсөн долоо хоногийн туршид уг хуримын үеэр зарим зам, байршил хаах гэж байгааг эсэргүүцэж, улмаар зарим төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэсэн удаатай.
- Ташрамд дурдахад, 227 тэрбумын хөрөнгөтэй Ж.Бэйзос шинэ эхнэртээ 2.5 сая долларын үнэтэй бөгж бэлэглэжээ.
III. Uber-ийн экс босс эргэн ирнэ
- 2017 онд өөрийн үүсгэн байгуулсан компаниасаа “хөөгдсөн” Трэвис Каланик өдгөө үүлэн галт тогооны бизнес CloudKitchen-ийг удирдаж байгаа. Гэхдээ тэрээр тун удахгүй өөрийн төрөлх салбартаа эргэн ирэхээр зэхэж байгаа гэнэ.
- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр Хятадад төвтэй, жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Pony.AI-ийн Америкийн бизнесийг худалдан авах гэж байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь үүндээ Uber зэрэг хөрөнгө оруулагчдын нэгтгэжээ. Хятадын томоохон хотуудад жолоочгүй машинаа нэвтрүүлсэн анхны компани болсон Pony.AI өнгөрсөн жил Америкт IPO хийхдээ 4.5 тэрбум доллараар үнэлэгдэж байв.
- Uber-ийн хувьд Т.Каланикийг халснаасаа хойш жолоочгүй машины хөгжүүлэлтээ зогсоон, Waymo, Aurora зэрэг компаниудтай түншлэлийн гэрээг байгуулаад байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Анхны пуужин: Японы хамгийн алдартай үйлдвэрлэгчдийн нэг Honda 2029 он гэхэд анхны пуужингаа хөөргөх зорилго тавьжээ. Тэд 6.3 метрийн өндөртэй, дашин ашиглагдах зориулалттай эхний пуужингийн хувилбараа олон нийтэд танилцуулсан нь гэнэтийн үйл явдал байв. Сонирхуулахад, Японы засгийн газар үндэсний брэндүүддээ сансрын технологи хөгжүүлж, пуужин, хиймэл дагуул бүтээхэд зориулж 2030 он хүртэл 55 тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээ зарлаад байгаа юм.
Алсын хараа: Дэлхийн хамгийн том ажиглалтын төв анхны зургаа хуваалцлаа. Нэрт одон оронч Вера Рубины нэрээр нэрлэгдсэн уг ажиглалтын төв Чилийн Сантьяго хотын ойролцоо оршдог. 680 сая долларын өртгөөр боссон уг төв сансар огторгуйг тольдсон анхны зургуудаа ил болголоо. Ил болгосон эхний 1,100 зураг нь ердөө 10 цагийн ажиглалтын үр дүн хэдий ч 10 сая галактик, 2,104 астеройдын зургийг авч чаджээ. 24 цагт 20 тэрабайт өгөгдөл үүсгэх, 190 төрлийн мэдрэгч, 3,200 мегапикселий нарийвчлалтай дуран нь ирэх 10 жилд хүн төрөлхтний өмнө харж байгаагүй 20 тэрбум галактик, 17 тэрбум одыг нээнэ гэсэн тооцоотой байгаа юм.
Шинэ шалгуур: Крипто хөрөнгийг ипотекийн зээлийн шалгуурт ашиглана. Энэ бол криптовалютын зах зээлд итгэх итгэлийг сэргээх асар том шийдвэр болох учиртай. АНУ-ын зохицуулах байгууллагаас байрны ипотекийн зээл хүсэгчдийн хөрөнгийн баталгааны шалгуурт эзэмшиж буй криптовалютыг тооцох боломжтой эсэхийг судалж эхэлжээ. Энэ мэдээллийн дараагаар биткойны ханш өсөж, бүх цаг үеийн дээд ханшиндаа ойртож эхлэв.
Шүүхийн шийдвэр: Америкт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохгүй. АНУ-ын дээд шүүхээс гаргасан уг шийдвэр Д.Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг байсан юм. 1866 оноос хойш Америкт төрсөн хүн бүрд олгогддог байсан иргэншлийн журмыг хэд хэдэн муж эсэргүүцсэн ч талаар болов. Үүнээс гадна АНУ-ын дээд шүүхээс Д.Трампын засаг захиргааны цагаачдыг албадан гаргах шийдвэрийг дэмжлээ. Бостон, Сан Франциско зэрэг хотын шүүхээс Трампын зарлигт хориг тавиад байсныг хүчингүй болгосон нь нээ юм. Тэрээр ард түмнийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор хууль бусаар оршин сууж, гэмт хэрэгт холбогдсон 1 сая цагаачийг албадан гаргах зорилготой байгаа юм.
5 сонин хачин
1. “F1” бокс оффисыг тэргүүллээ. Алдарт Б.Питтийн гол дүрийг нь бүтээсэн “F1” нээлтийн долоо хоногтоо 144 сая долларын орлого олжээ. Энэ бол тус кинонд 200 сая доллар зарцуулсан Apple-ийн хувьд түүхэн дээд амжилт нь болж байна. Контентын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй Apple олон улсын зах зээл дэх “Formula 1”-ийн нэр хүндэд ихээхэн найдлага тавьж байгаа нь энэ юм.
2. А.Винтур Vogue-ийг орхино. Vogue сэтгүүлийн домогт эрхлэгч Анна Винтур 1988 оноос хойш хашсан албаа хүлээлгэн өгчээ. Гэхдээ тэрээр редакцын өдөр тутмын ажлаа орхисон нь энэ бөгөөд толгой компани Conde Nast-ийн контент хариуцсан захирлаар үргэлжлүүлэн ажиллах гэнэ. А.Винтур өдгөө 75 настай бөгөөд загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэгт тооцогддог билээ.
3. К.Ковентри ОУОХ-ны ерөнхийлөгчийн албаа хүлээн авлаа. Сүүлийн 12 жилийн туршид Олимпын хөдөлгөөнийг тэргүүлсэн Т.Бах төв байрны бэлгэдлийн түлхүүрийг шинээр сонгогдсон ерөнхийлөгч К.Ковентрид гардуулан өглөө. Ажиллах хугацаандаа Олимпын хорооны нэр хүндийг эрс нэмэгдүүлж, хэд хэдэн томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж чадсан 71 настай Т.Бахыг нийт гишүүдийн саналаар хүндэт ерөнхийлөгчөөр сонгожээ. Өдгөө 41 настай К.Ковентри тус байгууллагыг удирдах анхны эмэгтэй, анхны африк эрхэм болж байна. К.Ковентри усанд сэлэлтийн төрлөөр олимпын наадмаас хошой алтан медаль хүртэж байсан бөгөөд Зимбабве улсын спорт, соёлын сайдаар ажиллаж байсан юм.
4. Д.Вильнев Жэймс Бондыг найруулна. Dune, Blade Runner 2049 зэрэг хит бүтээлүүдийг найруулсан Деннис Вильнев “домогт тагнуулч 007”-ийн шинэ түүхийг бүтээх болсон нь Холливүүдийг шуугиулав. Энэ нь Amazon-ийн хувьд 2021 онд MGM-ийг 8 тэрбум доллараар худалдан авснаас хойшхи анхны Бондын кино болно гэдгээрээ онцлогтой. Одоогоор жүжигчин болон хугацааны талаарх мэдээлэл гараагүй байна.
5. “Оклахома Сити” NBA-ийн аварга боллоо. Тэд Индиана Пэйсэрсийг цувралын 7 дахь тоглолтод 103:91-ээр илүүрхснээр анх удаа лигт түрүүллээ. Багийн залуу лидер Шэй Гилжес-Александер финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн юм. Улирлын MVP-ээр мөн тодорсон тэрээр давхар шагнал хүртсэн түүхэн дэх 9 дэх тоглогч болжээ. Сонирхуулахад, тус баг сүүлийн 48 жилийн хугацаанд лигийн аварга болсон хамгийн залуу баг (дундаж нас 25.56) байжээ.