1 гол сэдэв

Юу болов?

Лос Анжелес Лэйкэрс 10 тэрбум доллараар зарагдлаа. NBA-ийн хамгийн арвин түүхтэй, хамгийн амжилттай, хамгийн олон фентэй баг шинэ эзэнтэй болсон нь спортын ертөнцийг тэр чигт нь донсолгов. Ингэснээр тус баг мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй клуб болж байна. 1979 оноос хойш тус багийг эзэмшиж байсан Бассын гэр бүл энэ хугацаанд 11 удаа NBA-ийн аваргын цомыг хүртсэн түүхтэй. Тухайн үед Жерри Басс Лэйкэрсийг ердөө 67 сая доллараар худалдан авч байсан юм. Аавыгаа таалал төгссөнөөс хойш тус багийг удирдаж байсан Жини Басс менежментийн үйл ажиллагаанд оролцсон хэвээр байх гэнэ.

Хэн авав?

Лэйкэрсийн шинэ эзэн бол Марк Валтер. Түүний үүсгэн байгуулсан Guggenheim Partners өдгөө 325 тэрбум долларын хөрөнгийг удирддаг. Тэрээр 2012 онд Мэргэжлийн бэйсболын лигийн Лос Анжелес Дожерс клубыг 2.1 тэрбум доллараар худалдан авч спортын зах зээлд нэвтэрсэн юм. Түүний удирдлаган дор Дожерсийн амжилт эрс сайжирч, 2 ч удаа лигийн аваргаар тодрон, хамгийн шилдэг соёлтой багт тооцогдох болсон гэдэг.

Шинэ спорт магнат?

М.Валтерын портфолиод Английн хөлбөмбөгийн Челси клуб ч багтдаг. Тэрээр өөрийн эртний хамтрагч Т.Боелитой хамтран тус клубт хөрөнгө оруулж, 12%-ийг нь эзэмших болсон юм. Мөн тэрээр WNBA-ийн Лос Анжелес Спаркс, Францын хөлбөмбөгийн Страсбург, ирэх жилээс F1-т өрсөлдөж эхлэх Cadillac, Эмэгтэйчүүдийн хоккейн лигийг эзэмшдэг.

2 чухал тоо

170.000 - The Mongolz-ийн түүхэн амжилт үргэлжилсээр. Тэд Austin Major-т 2-р байрт орж, 170 мянган долларын эзэд боллоо. Тэд үүнээс өмнө CS-ийн дэлхийн аварга гэгдэх Major-ийн финалд шалгарсан анхны Ази баг, хамгийн залуу баг болсон юм. Тэдний Team Vitality-тай хийсэн тоглолтыг Улаанбаатарын төв талбайд мянган мянган залуус цуглаж хамтдаа дэмжин үзсэн нь онцлох агшин байлаа.

16.000.000 - Roblox-ийн “Grow a Garden” нэртэй тоглоомыг нэгэн зэрэг 16 сая тоглогч тоглосон нь түүхэн дээд амжилт боллоо. Өмнөх рекордыг эзэмшигч Fortnite-ийг нэгэн зэрэг хамгийн ихдээ 14.3 сая тоглогч тоглож байв. 16 настай хөгжүүлэгчийн ердөө 3 өдрийн дотор бичсэн гэх уг тоглоомыг тоглогчдын 35% нь 13-аас доош насныхан байдаг гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. АНУ Иранд цохилт өглөө

- Энэ бол улам бүр хурцадсаар буй Израйл, Ираны мөргөлдөөнд АНУ шууд оролцож эхэлсний илрэл болов. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийн гол байгууламжууд байрладаг Фордо, Натанз орчимд довтожээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ газар дор гүн байрлалтай байг устгахад зориулсан “GBU – 57” бөмбөгийг ашигласан гэнэ.

- Ираны тал уг довтолгооноос өмнө нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан байсан учир “ноцтой хохирол амсаагүй” хэмээн мэдэгджээ. Ираны зүгээс дайныг өдөөсөн Америкийн талд хариу арга хэмжээг авах бүрэн эрхтэй гэдгээ мэдэгдээд байна. Тэдний гол бай нь Ойрх дорнодод үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын бизнесүүд, дайрч өнгөрч буй худалдааны хөлгүүд байх боломжтой юм.

- Шинжээчдийн зүгээс Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20%-ийг хангадаг Хормузын хоолойг хаах эрсдэлтэйг анхааруулсаар байгаа. Энэ нь газрын тосны үнийг өсгөж, дэлхийн худалдааны зах зээлд сөрөг нөлөө дагуулах нь тодорхой юм.


II. Шинэ засгийн газрын сайд нар тодорлоо

- Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн мягмар гарагт засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж, кабинетийн гишүүд тангаргаа өргөлөө. Шинэ засгийн газрыг олонхийг бүрдүүлэгч МАН-ын хувьд 8 суудалтай ХҮН нам, 4 суудалтай ИЗНН-тай эвсэн байгууллаа. Шинжээчид Үндэсний эвслийг засгийн газарт орох өндөр магадлалтай гэж байсан ч эцсийн мөчид татгалзсан бололтой.

- Засгийн газар өмнөх бүтцийг хадгалсан ч үндэсний хороодыг татан буулгаж, холбогдох яамдад чиг үүргийг нь шилжүүлсэн. Ингэснээр нийт 19 сайд томилогдсоноос 10 нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэн улирах болжээ.

- ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал тэргүүн шадар сайд болон дэвшиж, ажлыг нь экс Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үргэлжлүүлэх болов. ИЗНН-ын дарга Б.Батбаатар байгаль орчны салбарыг тэргүүлэн ажиллах болсон бол ХҮН нам хоёр сайдын суудлаа хэвээр хадгалжээ.


III. Копенгаген амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгджээ

- Economic Intelligence Unit-ээс жил бүр гаргадаг уг жагсаалтыг сүүлийн гурван жилийн турш Австрийн нийслэл Вена тэргүүлж байсан юм. Өнгөрсөн саруудад тус хотод болсон зарим эмх замбараагүй үйл явдлууд, ялангуяа Т.Свифтийн тоглолтын үеэр халдлага үйлдэхээр зэхэж байсан этгээдүүдийг баривчилсан нь “тогтвортой байдлын үзүүлэлт” буурах шалтгаан болжээ.

- Харин Данийн нийслэл Копенгаген “боловсрол”, “дэд бүтэц”-ийн үзүүлэлтээр төгс 100 оноо авч, анх удаа жагсаалтын 1-т бичигджээ. Уг жагсаалтыг EIU-ийн хувьд 30 үзүүлэлтээр 173 улсын дунд гаргадаг. Азийн хотуудаас Японы Осака хамгийн өндөр буюу 7-рт бичигдсэн бол Хойд Америкаас Канадын Ванкувер 10-т бичигдэв.

- Амьдрахад хамгийн таатай 10 хот: 1. Копенгаген, Дани, 2. Вена, Австри, 3. Цюрих, Швейцарь, 4. Мельбурн, Австрали, 5. Женев, Швейцарь, 6. Сидней, Австрали, 7. Осака, Япон, 8. Окленд, Шинэ Зеланд, 9. Аделайд, Австрали, 10. Ванкувер, Канад

4 мэдүүштэй зүйл

Шинэ нэгдэл: Apple Perplexity-г худалдан авч магадгүй. Google-ийн хайлтын ноёрхлыг зогсоох амбицтай Perplexity-г худалдан авах нь Apple-д стратегийн давуу тал үүсгэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэд зөвхөн AI-д суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ эрчимжүүлэхээс гадна топ талентуудыг багтаа элсүүлэх боломжтой болох юм. АНУ-ын шүүхээс Google-ийг монополийн шинжтэй байна хэмээн үзэж, Apple-ийн үндсэн хайлтын систем байхын төлөө төлдөг 20 тэрбум долларыг нь зогсоох шийдвэр гаргаад буй. Тиймээс Apple-д шинэ хамтрагч хэрэгтэй болоод байгаа нь энэ наймааг улам түргэсгэх боломжтой юм.

Робот такси: Tesla-ийн анхны роботакси Техасын Остин хотноо туршилтаа эхлүүллээ. Эхний ээлжинд автомат удирдлагатай Model Y-ийн жолооны хүрдний ард хянах зориулалттай туслах ажилтан суусан байх гэнэ. И.Маск 2019 оноос хойш жолоочгүй таксины төслөө хөгжүүлсээр байгаа юм. Уг зах зээлд Google-ийн эзэмшдэг Waymo тэргүүлж байгаа бөгөөд хэдийнээ дөрвөн хотод үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

Нугардаг утас: Нугардаг iPhone 2026 онд гарна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Apple хэдийнээ дэлгэц, нугасны технологийн хамтрагчаа тодорхойлсон гэнэ. Samsung, Huawei зэрэг өрсөлдөгчид нь 2019 оноос хойш нугардаг утас гаргаж, ухаалаг утасны цоо шинэ категорыг үүсгэн хэрэглэгчдээ бэлтгэчихсэн гэж хэлж болно. Apple-ийн нийт борлуулалтын бараг талыг бүрдүүлдэг iPhone-ийн хувьд 2024 онд 201 тэрбум долларыг компанидаа авчирсан юм. Зах зээлийн тэргүүлэгч статусаа хадгалахын тулд шинэ инновац, шинэлэг шийдлүүд хэрэгтэй байгаа нь тэднийг нугардаг утас руу хөтлөх бололтой.

Элсэн батарей: 5000 гаруй оршин суугчтай Финляндын Порнайнен хэмээх хот элсэн батарейг хэрэглээнд нэвтрүүлсэн нь анхны тохиолдол боллоо. Polar Night Energy хэмээх компанийн хөгжүүлсэн уг технологи нь ердийн батарейнаас хамгийн багадаа 5 дахин хямд бөгөөд байгаль орчинд ээлтэй шийдэл гэдгээрээ онцлогтой юм. Тэд эсэргүүцлийн халаалтын зарчмыг ашиглан элсийг 400 хэм хүртэл халааж, улмаар үүссэн халуун агаарыг хотын дулааны хэрэглээнд ашиглахаар зэхэж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. Зомбитой киноны зах зээлд хувьсгал хийсэн гэгдэх Д.Бойлын “28 өдрийн дараа”, “28 сарын дараа” цувралын гуравдугаар анги “28 жилийн дараа” нэртэйгээр 17 жилийн дараа нээлтээ хийлээ. Шинэ анги үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч, 30 сая долларын орлого олжээ. Уг киноны дараагийн ангийн бичлэг хэдийнээ хийгдсэн бөгөөд 2026 оны эхээр нээлтээ хийх хуваарьтай. Гэхдээ бокс оффисыг “How To Train Your Dragon” дахин тэргүүлэв. Dreamworks-ийн шинэ кино дэлхий даяар 274 сая долларын орлого олоод байна. Харин Pixar-ийн оригинал бүтээл “Elio” энэ долоо хоногт нээлтээ хийсэн ч Хойд Америкийн зах зээлээс ердөө 9 сая долларын орлого цуглуулжээ. 150 сая долларын өртгөөр бүтсэн уг анимэйшнийн нээлтийн үзүүлэлт гаргасан кино бүр нь хит болдог Pixar-ийн хувьд хамгийн мууд тооцогдохуйц байв.

2. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүүхдүүдийн удирддаг The Trump Organization гар утасны зах зээлд нэвтэрч, шинэ брэндээ эхлүүллээ. Тэд сарын 47.45 долларын төлбөр төлөөд хязгааргүй дата, дуудлага, мессеж бичих үйлчилгээг санал болгож байна. Үнэ нь Трампын 45, 47 дахь ерөнхийлөгч гэсэн санааг давхар агуулжээ. Мөн тэд алтлаг өнгөтэй, андройд үйлдлийн системтэй T1 Phone-ийг 499 доллараар зарж эхэлсэн юм. Уг утсыг тэд АНУ-д үйлдвэрлэсэн хэмээн тодотгожээ. Сонирхуулахад Д.Трамд зөвхөн өнгөрсөн жил гэхэд өөрийн нэрийн лицензтэй бүтээгдэхүүнээрээ 600 сая долларын орлого олжээ.

3. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн энэ улирлын аваргаар Флорида Пантерс тодров. Тэд финалд өнөө цагийн хамгийн шилдэг хокейчин К.Мкдэвидийн тэргүүлсэн Эдмонтоныг 4:2-оор илүүрхэж, 2 дахиа дараалан түрүүлсэн нь энэ юм. Сүүлийн 6 дахь тоглолтод Флоридагийн С.Рэйнхарт покер хийж, шигшээ цувралд ийм амжилт үзүүлсэн түүхэн дэх ердөө 4 дэх тоглогч болжээ.

4. X-ийн эх кодыг шинжилсэн хэд хэдэн хөгжүүлэгчдийн дурдсанаар тэд өөрсдийн экосистемд зориулан биет карт гаргахаар зэхэж байгаа бололтой. Тус платформыг эзэмшигч И.Маскийн хувьд саяхан X Money нэртэй үйлчилгээгээ нээж, хэрэглэгчид хооронд шимтгэлгүй мөнгө шилжүүлэх боломжийг туршиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тэд төлбөрийн хэрэгслийг гаргахаар бэлтгэж байгаа нь энэ юм.

5. Meta x Oakley-ийн ухаалаг шил удахгүй гарна. Meta-ийн 2023 онд Ray-Ban-тай хамтран гаргасан ухаалаг шилний борлуулалт 2 саяыг давсан нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болсон. Тэгвэл тэд Ray-Ban-ийн толгой компани EssilorLuxottica-ийн өөр нэг брэнд Oakley-тай хамтран шинэ бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болжээ. 399 долларын үнэтэй Oakley-ийн шил 3K чанартайгаар бичлэг хийх, хөгжим тоглуулах, шууд орчуулга хийх боломжтойгоос гадна 8 цаг тасралтгүй цэнэгээ хадгалах боломжтой болсон байна. AI туслахыг идэвхжүүлбэл та шилнээсээ асуулт ч асууж болох гэнэ. Meta ирэх жилийн эцэс гэхэд 10 сая шил борлуулах амбицтай байгаа билээ.