1 гол сэдэв
Юу болов?
Энэтхэг улс сарны гүрэн боллоо. Тэд АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа саран дээр газардсан дөрөв дэх улс, өмнөд туйлд буусан анхны улс болж байгаа нь энэ юм. Газардах мөчийг нийт 7.5 сая хүн шууд үзэж, дэлхий даяараа амьсгаа даран хүлээж байв. Тус улсын ерөнхий сайд Н.Моди шинжлэх ухааныг дээдэлсэн улс орон хөгжлийн замд хөтлөгддөг гэдгийг онцлон, дараагийн зорилгоо сансрын нисгэгчийг илгээх гэдгээ тунхаглажээ.
Яаж хүрэв?
Chandrayaan-3 хөлөг эх дэлхийгээ орхисноос хойш 22 хоногийн дараа сарны тойрог замд нэвтэрч, улмаар 2 долоо хоногийн дараа амжилттай газардсан нь энэ. Үүнээс өмнөхөн ОХУ-ын Luna-25 хөлөг ижил байрлалд газардах оролдлого нь бүтэлгүйтэж осолдоод байсан билээ. Энэтхэгийн хувьд 2019 онд Chandrayaan-2 хөлөг нь мөн газардаж чадалгүй осолдон, том хохирол амсаж байсан юм.
Одоо яах вэ?
Тэрбум жилийн турш нарны илчийг хүртээгүй өмнөд хэсэгт тэд хөрсний судалгааг голчлон хийх зорилготой байгаа. Эрдэмтэд -203 градусын хүйтэн уур амьсгалтай энэ хэсэгт хөлдүү мөс байх боломжтой гэж үздэг. Тэд цаашлаад саран дээр байнгын бааз үүсгэх, судлаачид урт хугацаагаар амьдрах нөхцлийг судлах зорилготой байгаа юм. Сонирхуулахад уг төслийн төсөв ердөө 75 сая доллар байсан гэнэ.
2 чухал тоо
4.500.000.000 – Google, Amazon, Nvidia, Salesforce зэрэг салбарын акулууд нэгдэн Hugging Face хэмээх стартапад 235 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Github-тай ижил зарчмаар ажилладаг тус платформ AI моделийн нээлттэй сан гэдгээрээ онцлогтой. Шинэ хөрөнгө оруулалтын дараагаар уг компанийн үнэлгээ 4.5 тэрбум доллар болжээ.
350.000.000 –Axiom Space Саудын Араб болон Солонгосын хөрөнгө оруулагчдаас 350 сая долларыг татан төвлөрүүлжээ. Сансрын технологийн “тулаанд” тэргүүлэх байр суурь эзэлж буй Axiom Space-ийн хувьд зөвхөн цойлуураас гадна хувийн сансрын станц, сарнаа өмсөх өмсгөл зэрэг төслүүд дээр ажиллаж байгаа юм.

3 онцлох өгүүлбэр
I. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп баривчлагдлаа
- Шалтгаан нь 2020 оны сонгуулийн үр дүнг будлиантуулах гэж оролдсон хэмээн буруутгагдсанд байв. Тэрээр Жоржиад өөрийн биеэр хүрэлцэн ирж, бүртгүүлсэн ч удалгүй барьцаа төлбөрөө төлсөн учраас батлан даалтаар цагдаагийн газрыг орхижээ.
- Д.Трамп энэ мөчийг сонгуулийн кампанит ажилдаа ашиглахаар шийдсэн нь бараг 2 жилийн дараа X/Twitter-т эргэн ирснээс нь харагдана. Тэрээр өөрийн баривчилгааны гэрэл зургаа “Хэзээ ч бүү бууж өг” гэсэн тайлбартайгаар тавьсан нь интернет орчинд хурдацтайгаар тархаж байна. Шинжээчид түүний гэрэл зураг бүхий хувцас, хэрэглэлүүд дэмжигчдийн дунд эрэлттэй байна хэмээн үзэж буй.
- Энэ бол түүний хувьд сүүлийн таван сард дөрөв дэх удаагаа шүүхэд дуудагдаж байгаа тохиолдол. Мөнгө угаах, нууцын зэрэглэлтэй бичиг баримттай буруу харьцсан, сонгуулийн дүнд нөлөөлөх гэж оролдсон зэрэг шалтгаануудаар шалгагдаж байгаа билээ.
II. Е.Пригожин амиа алдав
- Оросын хувийн армийн удирдагч, тэрбумтан Евгени Пригожин онгоцны ослоор амиа алдлаа. Тэрээр Москвагийн эсрэг цэргээ босгох оролдлого хийснээс хойш яг 2 сарын хугацаа өнгөрөөд байгаа юм.
- Энэ хугацаанд тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцож, ямар нэгэн шийтгэлээс зайлсхийсэн төдийгүй Беларусь орчимд гол нөөцөө байршуулсан гэх мэдээ гараад байсан юм. Кремль уг мэдээг дөнгөж өчигдөр албан ёсоор баталжээ.
- Онгоцонд түүнээс гадна Вагнерын армийн нөлөө бүхий удирдагчид бүхий 6 хүн суусан байв. В.Путиныг онгоцыг устгах тушаал өгсөн хэмээн цуурхал тарсан ч бие даасан шинжээчдийн таамгаар онгоц дотор дэлбэрэлт болсноос осол гарсан бололтой.
III. Sony Playstation-ийн шинэ нэмэлтүүдээ зарлалаа.
- Эдгээрээс хамгийн онцлох нь зөөврийн тоглоомын төхөөрөмж Playstation Portal нь байв. 8 инчийн LCD дэлгэцтэй, PS5-ийн тоглоомыг Wi-Fi-аар шууд стрим хийж тоглох боломжтой уг төхөөрөмжийн үнэ 200 доллар. Загварын хувьд PS5 Dualsense тоглоомын гартай төстэй гэж хэлж болох Portal энэ оны сүүлээр худалдаанд гарна гэнэ.
- Үүнээс гадна Pulse Explore нэртэй анхны утасгүй чихэвчээ албан ёсоор зарлалаа. Фенүүдийн дунд PS5-тай нийцэж ажилладаг ийм чихэвч гарах гэж байгаа цуу яриад чамгүй хугацаа өнгөрсөн. Шинэ чихэвч 199.99 долларын үнэтэй байх гэнэ. Тэрчлэн тэд Pulse Elite нэрийн дор 149.99 долларын үнэтэй утастай чихэвчийн шинэ загвараа танилцуулжээ.
- Sony Playstation тоглогчдын мэдрэмжийг хамгийн өндөр түвшинд хадгалах зорилгоор Audeze нэртэй стартапыг худалдаж авч байгаагаа мэдэгдлээ. Уг компани нь өндөр зэрэглэлийн чихэвчийн технологи хөгжүүлдэг юм. Одоогоор Audeze-ийн чихэвчүүд PS-тэй хэрхэн интеграц хийх нь тодорхойгүй байна.

4 мэдүүштэй зүйл
Блок бүлэг: The New York Times, CNN, Reuters, ABC тэргүүтэй топ мэдээллийн агентлагууд хиймэл оюуныг сургахад датагаа нийлүүлэхээс татгалзаж байгаагаа зарлалаа. Тэд OpenAI-ийн бүтээсэн хамгийн алдартай модель ChatGPT-ийн ашигладаг веб уншигч-хуулагчийг блоклож байгаа нь энэ юм.
Код бичигч: Meta хөгжүүлэгчдэд зориулсан код бичих, засварлах болон алдаа илрүүлэх үйлдлийг гүйцэтгэх чадвартай шинэ AI моделио зарлалаа. Code Llama нэртэй уг модель нь хэрэглээнээс хамааран гурван төрлөөр ашиглагдах боломжтой аж.
Салхин карго: Тавцан дээрээ салхины эрчим хүч хуримтлуулах зорилготой хоёр аварга яндангаар тоноглогдсон карго усан онгоц анхны аяллаа эхлүүллээ. WindWings нэртэй уг усан онгоц нь Хятадаас Бразил хүрэх аяллынхаа үеэр илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй технологийн шийдлээ бүрэн турших зорилготой байгаа юм.
Шинэ туслах: БНСУ-ын Гүүгл гэгдэх, Naver өөрсдийн гэсэн шинэ AI туслахаа зарлалаа. HyperClova нэртэй уг моделио тэд сүүлийн гурван жилийн хугацаанд 1 их наяд вон зарцуулан хөгжүүлсэн гэнэ. Clova X нэртэй чатбот нь хэрэглэгчдийн бүтээмжийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, солонгос хэлээрх хамгийн төгс туслах болсон хэмээн тэд мэдэгджээ. Үүнээс гадна Naver Samsung-тай хамтран AI чип бүтээх төсөлд хөрөнгө оруулах гэнэ.
5 сонин хачин
1. Дэлхийн хамгийн алдартай уралдааны машины видео тоглоомтой холбоотой бодит түхээс сэдэвлэсэн “Gran Turismo” нээлтээ хийлээ. 60 сая долларын өртөгтэй тус кино дэлхий даяар 31 сая долларын орлого олж, чартыг тэргүүлжээ. Дараагийн байруудад энэ жилийн хамгийн өндөр амжилттай кино болсон “Barbie” болон өмнөх долоо хоногийн лидер “Blue Beetle” бичигдсэн байна.
2. Instagram-ийн шинэ сошиал медиа платформ Threads веб хувилбараа нээлттэй болголоо. X/Twitter-ийн өрсөлдөгч болох зорилготой тус платформын веб нь одоогоор хөгжүүлэлтийн эхэн үедээ явж байгаа учир зөвхөн профайл харах, текст уншихаас өөр үйлдлийг дэмжихгүй байгаа аж.

3. X/Twitter супер апп болох зорилгын хүрээнд ажлын байрын зар байршуулах функцээ танилцууллаа. Xhiring нэртэй үйлчилгээг одоогоор зөвхөн цэнхэр тэмдэгтэй баталгаажсан байгууллагууд турших боломжтой. Энэ нэмэлтийн хүрээнд тухайн байгууллагын профайл дотор ажлын зарын тусгай хэсэг үүсэх юм.

4. AI тэсрэлтийн бэлэг тэмдэг болж буй Nvidia өнгөрсөн улиралд 6 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласнаа зарлалаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 843%-ийн өсөлт юм. Тэдний борлуулалтын дүн 13 тэрбум доллар байсан бөгөөд ирэх улиралд 16 тэрбумд хүрэх таамгыг дэвшүүлжээ. Ташрамд дурдахад, Nvidia-ийн AI чип 2024 оны дунд худалдаанд гарах төлөвтэй байгаа юм.

5. Microsoft дата аналистуудын дунд хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэл Python-ийг Excel-д интеграц хийх боломжтой болсныг зарлалаа. Энэ нь хэрэглэгчдэд илүү өргөн хүрээнд датагаа засах, анализ хийх, дүрсжүүлэх боломжийг нээх учиртай. Python-ийг ашиглахын тулд ямар нэгэн нэмэлт суулгах шаардлагагүй бөгөөд PY хэмээх шинэ функцийг ашиглахад хангалттай аж.


Сэтгэгдэл бичих

