1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн цуут энтрепренерүүдийн нэг Илон Маск шинэ төлөвлөгөөгөө зарлалаа. Тэрээр өөрийн эзэмшиж буй компаниудаа нэгтгэж нэг компани болгохоор зэхэж байгаа гэнэ. Тэрээр хамгийн эхэнд SpaceX, xAI компаниудыг нийлүүлэх бололтой. SpaceX-ийн хувьд энэ онд багтаан нээлттэй компани болох төлөвтэй байгаа. IPO-ийн үнэлгээ нь 1.5 их наядаар хэмжигдэж байгаа нь түүхэнд бичигдэх үзүүлэлт. Тэд зах зээлээс 50 тэрбум долларыг босгож, сансрын амбицаа эрчимжүүлэх зорилготой байгаа юм.

Яагаад?

И.Маскийн хувьд хиймэл оюун сургалтын ирээдүй сансарт байгаа гэдгээ нуудаггүй. SpaceX-ийн суурийг ашиглан сансарт дата төв байгуулж, түүгээрээ xAI-ийн технологийг хөгжүүлэх нь түүний зорилго. Тэрээр хязгааргүй эрчим хүчийг зөвхөн сансраас л бүрдүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Нөгөө талаас тэрээр SpaceX-ийг Tesla-тай шууд нэгдэх боломжтой гэж үзэж буй. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хамгийн алдартай автомашины загварууд болох Model S, Model X-ийн үйлдвэрлэлийг зогсоож байгаагаа зарласан. Үүний гол шалтгаан нь робот үйлдвэрлэл. Тэрээр компанийн нөөцийг Optimus робот руу чиглүүлэх зорилготой байгаа. И.Маскийн хувьд сая сая роботыг үйлдвэрлэж, сар болон Ангарагт байгуулах төв бааздаа ажиллуулах алсын мөрөөдөлтэй. Үүнээс гадна Tesla-ийн хувьд батарейн технологи хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчид тооцогддог.

Тэгээд?

Энэ мэдээтэй зэрэгцэн Tesla xAI компанид 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан байна. xAI-ийн хувьд өнгөрсөн жил X сошиал медиа платформтой нэгдэж үйл ажиллагаа явуулах болоод байгаа билээ.

2 чухал тоо

16: Apple-ийн орлого 16%-аар өсчээ. Тус компанийн борлуулалтын орлого 143 тэрбум долларт хүрэхэд iPhone-ийн эрэлт хамгийн ихээр нөлөөлөв. Есдүгээр сард гаргасан iPhone 17 Хятад, Хонгконгийн зах зээлд онцгой сайн борлуулагдаж, зөвхөн тус бүсээс 25 тэрбум долларыг олжээ. Нийтээрээ iPhone-ийн борлуулалт 85 тэрбум долларт хүрсэн байна. Хөгжим, кино, тоглоом зэргийг багтаасан “Үйлчилгээний бизнес” Apple-д 30 тэрбум долларыг авчирсан байна. Зүүдэг болон гэрийн төхөөрөмжийн бизнесийн орлого 11.4 тэрбум, iPad-ийн орлого 8.6 тэрбум, Mac-ийн бизнесийн орлого 8.3 тэрбум доллар байв.

5600: Нэг унц алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтдээ хүрч, 5,600 долларын босгыг давжээ. Зөвхөн 2026 он гарснаас хойш алтны ханш 27%-аар нэмэгдээд байна. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр, АНУ-ын байр суурь эрсдэл өндөртэй байгаа энэ үед дэлхийн олон орны төв банк алтыг “аюулгүй актив” хэмээн үзэж худалдан авсаар байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн нэг унц мөнгөний хэмжээ мөн анх удаа 100 долларыг давжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Meta AI-д 115 тэрбум доллар зарцуулна

- Facebook, Instagram, Whatsapp-ийг эзэмшигч Meta 2026 онд AI хөгжүүлэлт, дата дэд бүтцэд зориулж 115 тэрбум доллар зарцуулна гэнэ. Тэд сүүлийн жилүүдэд метаверс, VR-д төвлөрч байсан хөрөнгө оруулалтын бүтцээ хиймэл оюун руу шилжүүлж, салбарын шилдгүүдийг нэгтгэсэн супер баг бүрдүүлээд байгаа билээ. Meta 2025 онд AI-д 72 тэрбум доллар зарцуулж байв.

- Өнгөрсөн долоо хоногт зарласан улирлын тайланд AI-ийн нөлөө эергээр туссан нь тус компанийн хувьцааны ханш 10%-аар өсөхөд хүргэсэн. Тэдний улирлын борлуулалтын орлого 24%-аар нэмэгдэж, 59.89 тэрбум доллар болж, цэвэр ашиг нь 22 тэрбумд хүрчээ. Үүний гол шалтгаан нь сошиал платформууд дахь хэрэглэгчдийн оновчлолыг AI ашиглан сайжруулж, зар сурталчилгааны үр ашгийг нэмэгдүүлсэн нь байжээ.

- Meta-ийн нийт хэрэглэгчдийн тоо 3.58 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны төгсгөлтэй харьцуулахад 7%-аар өссөн үзүүлэлт байв.


II. “Лукойл” гадаад бизнесээ зарна

- ОХУ-ын хамгийн том газрын тосны компаниудын нэг “Лукойл” олон улсын бизнесээ зарахаар төлөвлөж байна. Энэ нь АНУ-ын засгийн газраас Украйны дайнтай холбоотой нэмэлт хориг тавьж, үйл ажиллагаанд нь шахалт тавьж байгаатай холбоотой. Тэд дэлхий даяар 500 тэрбум долларын хөрөнгө удирддаг Carlyle Group-тэй тохиролцоонд хүржээ.

- Тус компанийн хувьд Европ, Төв Ази, Ойрх Дорнодын 11 улсад үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотор Болгар, Румынд байрлах боловсруулах үйлдвэр, Ирак, Нидерланд дахь хамтарсан төслүүд багтдаг.

- Одоогоор хэлцлийн үнэ албажаагүй байгаа ч эх сурвалжууд 20 орчим тэрбум доллараар үнэлэгдсэн хэмээн мэдээлж байна.


III. Хятадын армид томоохон баривчилгаа явагдлаа

- Хятадын Ардын чөлөөлөх армийн хамгийн нөлөө бүхий гишүүдийг авилгалын хэргээр баривчилсан нь олны анхаарлыг татав. Үүн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Нэгдсэн штабын дарга Лю Женьли нар байжээ. Өдгөө 75 настай Жан Юшягийн хувьд албан тушаалын зэрэг дэвээрээ Хятадын хамгийн том цэргийн албан тушаалтан байсан. Түүний аав Жан Жошун намын хамгийн нөлөө бүхий генералуудын нэг байсныг онцлох хэрэгтэй.

- Энэ үйл явдлыг шинжээчид хоёр өнцгөөс тайлбарлаж байна. Эхнийх нь Ши Жинпин өөрийн эрх мэдлийг нэмж байгаа хэрэг. 2024 онд томилогдсон Цэргийн төв зөвлөлийн 7 гишүүнээс одоо ердөө 2 л үлдэв. Сүүлийн 2 жилд Хятадын армийн удирдлагууд ээлж дараалан авилгал, сахилгын хэргээр баривчлагдсаар байна. Ши Жинпиний зүгээс засаглалыг сайжруулж, авилгалаас ангижрахын тулд том албан тушаалтнуудыг хамгийн түрүүнд “цэвэрлэж” байгаагаа ийн баталсаар байна.

- Нөгөөх нь, Ши Жинпиний фракц хуваагдсан тухай байв. Зарим эх сурвалжууд генерал Жан цэргийн эргэлт хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн тухай мэдэгдэж байна. Албан ёсны мэдээ гараагүй байгаа ч түүнийг баривчлах үед хоёр тал харилцан гал нээж, хэд хэдэн цэргийн албан хаагч амиа алдаж, холбогдсон албан тушаалтнуудын гэр бүлийг хүртэл баривчилсан гэв.

4 мэдүүштэй зүйл

Шинэ захирал: Медиа бизнесийн салбарын домогт захирлуудын нэг Боб Айгер энэ оны сүүлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх бололтой. Pixar, Lucasfilm, Marvel зэрэг топ брэндүүдийг худалдан авч, өнөөгийн Диснейгийн өсөлтийн замыг тодорхойлсон тэрээр 2021 онд 15 жил ажилласны эцэст “тэтгэвэртээ” гарч байгаагаа зарлаж байсан. Гэсэн ч компанийн үйл ажиллагаа огцом муудсаны улмаас 2022 оны сүүлээр дуулиантай эргэн ирж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрээр компаниа бүр мөсөн орхихгүй, ТУЗ-ийн даргын хувиар үлдэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Шинэ санхүүжилт: AI-ийг эзэмших өрсөлдөөн улам бүр ширүүсэж буй энэ цаг үед зах зээлийн лидер OpenAI технологийн гигант Amazon-оос хөрөнгө оруулалт татах болжээ. Санхүүжилтийн хэмжээ 50 тэрбум доллараар хэмжигдэж байна. Энэ бол Amazon-ийн хувьд маш том шийдвэр. Тэд 2023 оноос хойш OpenAI-ийн гол өрсөлдөгч Antrophics-д 10 гаруй тэрбум доллар зарцуулж, хамгийн том дэмжигч нь болоод байсан билээ.

Дархан аварга: Японы Toyota компани дэлхийд автомашин борлуулалтаараа 6 дахь жилдээ дараалан тэргүүллээ. Тэд 2025 онд 11.3 сая ширхэг машин борлуулж өөрсдийн рекордлоо шинэчилжээ. Тус компанийн гадаадын зах зээлд борлуулдаг машины борлуулалт 4.6%-аар өссөн нь уг амжилтад гол нөлөө үзүүлэв. Үүнээс гадна Хятадын зах зээлд борлуулалт нь 0.2%-аар нэмэгдсэн нь том амжилт болов. Toyota-ийн хувьд Lexus, Daihatsu, Hino Motors брэндийг эзэмшдэг.

Эерэг мэдээ: Формула 1-ийн түүхэн дэх хамгийн шилдэг, хамгийн амжилттай нисгэгчдийн нэг Михайл Шумахер хэвтрээс босож, тэргэнцэр дээр суудаг болжээ. Тэрээр 2013 онд Альпын нуруунд цанаар гулгаж байх үедээ осолдож, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Тэр цагаас хойш тэрээр гэртээ, эмнэлгийн нарийн хяналтан дор эмчлүүлж байсан билээ.

5 сонин хачин

1. Youtube-ийн хамгийн алдартай тоглоомчдын нэг Марк Фишбахын бүтээсэн “Iron Lung” Хойд Америкийн зах зээлээс 17 сая долларын орлого олжээ. Тэрээр 2022 онд гарсан ижил нэртэй тоглоомоос сэдэвлэн өөрийн зардлаар уг киног бүтээж, өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон юм. Өнгөрсөн долоо хоногт түүний киног том кино театрууд “эрэлт хангалттай биш байна” гэдэг шалтгаанаар гаргахгүй байгаа тухай бичсэн сошиал пост нь уг киноны хамгийн том ПР болсон. Улмаар дэлхийн өнцөг булан бүрээс түүний дагагчид ойрын кино театрууд руугаа захидал бичиж, “Iron Lung”-ийг гаргахыг шаардаж эхэлсэн гэнэ. Өнөөдрийн байдлаар уг киног зөвхөн АНУ-д 4000 кино театраар гаргаж байгаа ажээ.

2. Энэ оны мэргэжлийн теннисийн хамгийн эхний их дуулга Австралид явагдлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд Оросод төрсөн Казахстаны теннисчин А.Рыбакино түрүүллээ. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусийн А.Соболенког буулган авчээ. Өдгөө 26 настай тэрээр өмнө нь Уимблдонд мөн аваргалж байв. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Испанийн Карлос Алкараз анх удаа түрүүллээ. Тэрээр Австралийн нээлттэй тэмцээнд 10 удаа түрүүлж байсан домогт Новак Жоковичийг 4 сетэд буулган авсан нь энэ. Өдгөө 23 настай тэрээр их дуулгад 7 дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Ингэснээр тэрээр бүх дөрвөн их дуулгад түрүүлсэн хамгийн залуу тамирчин болов.

3. Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй хөгжмийн стриминг платформ Spotify групп чаттай боллоо. Хэрэглэгчид одоо 10 хүртэлх найзыг урьж шинээр групп үүсгэн өөрийн дуртай дуу, цуглуулга, аудио номоо хуваалцах боломжтой болж байна. Тэд хэрэглэгчдийн апп-д өнгөрүүлэх цагийг нэмэхээс гадна идэвхтэй хэрэглээг өдөөх зорилгоор шинэ нэмэлтээ хөгжүүлсэн гэв.

4. Universal-ийн хамгийн амжилттай франчайз бүтээлүүдийн нэг “Fast and Furious”-ийн шинэ анги 2028 оны 3-р сард цацагдах боллоо. 2001 онд анх гарч байсан уг цуврал нийт 7.3 тэрбум долларын орлого цуглуулаад байгаа юм. Шинжээчид “Fast Forever” нэртэйгээр зарлагдсан уг киног тус цувралын төгсгөлийн анги байх магадлалтай хэмээж байгаа билээ.

5. “Bulletin of the Atomic Scientists”-аас хүн төрөлхтний мөхлийн цагийг энэ жил 4 секундээр урагшлуулсан байна. Ингэснээр цөмийн сүйрэл болохыг бэлгэддэг шөнө дундыг заахад 85 секунд үлдэж байгаа юм. Уг цагийг 2023 онд 90 секундээр, 2025 онд 1 секундээр тус тус урагшлуулж байсан удаатай. Гэсэн ч АНУ, ОХУ, БНХАУ зэрэг цөмийн гүрнүүд эрдэмтдийн анхааруулгыг үл тоомсорлож, дэлхий даяар өдөөн хатгасан, түрэмгий үйлдлүүд гаргасаар байгаа нь цагийг дахин хөдөлгөхөд хүргэжээ. Энэ удаад эрдэмтдийн зүгээс уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, биотехнологийн урвуу хэрэглээнээс гадна хиймэл оюуны эрсдэл өндөр байгааг онцолжээ.