1 гол сэдэв
Юу болов?
Испанийн Барселона хотноо Мобайл технологийн дэлхийн хамгийн том цугларалт MWC 2023 явагдлаа. Цар тахлаас хойшхи хамгийн өргөн цар хүрээтэй зохиогдсон уг арга хэмжээнд Монгол улс тэргүүтэй 200 гаруй улсын 10 мянга орчим компани оролцож, шинэ технологи, инновац, концепцоо танилцуулсан юм.
Гол дүр нь юу байв?
Энэ жилийн хамгийн онцлох танилцуулгууд Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчдийн жигүүрээс гарч байв. Xiaomi-ийн хувьд өнгөрсөн оны сүүлээр анх зарласан, домогт Leica камераар тоноглогдсон Xiaomi 13, 13 Pro утсуудаа дэлхийн зах зээлд анхлан танилцуулав. Харин Honor-ийн хувьд премиум утасны зах зээлд тэдэнтэй шууд өрсөлдөх учиртай Magic 5 Pro загвараа мөн танилцуулсан билээ. Хятадын өөр нэг гигант Huawei-ийн хувьд олон янзын технологи, төхөөрөмж танилцуулснаас Watch GT Cyber нэртэй ухаалаг цаг нь шинжээчдийн анхаарлыг татав. OnePlus-ийн видео тоглох үед утсыг 20 градус хүртэл хөргөх чадвартай төхөөрөмжийн концепц танилцуулснаас гадна 11.6 инчийн OnePlus Pad нь шоуны хамгийн шилдэг таблетад тооцогдох үнэлгээ авсан юм.
Өөр онцлох зүйл юу байв?
Motorola-ийн хувьд Rizr нэртэй гүйдэг дэлгэцтэй шинэ загвараа танилцуулсан нь ихэд эрэлттэй байв. Тэд алдарт Razr-ийн нугардаг загварыг ч энэ жилд багтаан гаргах зорилготой байгаагаа нуусангүй. Motorola-ийн толгой компани Lenovo-ийн хувьд ThinkBook Plus Twist, IdeaPad Duet 3i болон гүйдэг дэлгэцтэй концепц бүтээгдэхүүнээрээ лаптопын зах зээлд гялалзлаа. Тэрчлэн Mobile World Congress-ийн тайзнаа 5G, хиймэл дагуулын интернет, сүлжээний дэд бүтцийн дэвшилтэт технологийн чиг хандлага танилцуулагдаж, олон төрлийн хамтын ажиллагаа, шинэ түншлэлүүд зарлагдсаныг төгсгөлд нь онцолъё.

ОНЦЛОХ УРИАЛГА: LHAMOUR - #ЯГ_ТЭНЦҮҮ
Хэн нэгнийг ялгалгүйгээр хүндлэх нь юунаас эхлэх вэ?
Энэ асуултыг Lhamour-ийн хамт олон танд тавьж байна. 9 жилийн туршид өөрөөсөө бүхнийг эхлүүлж, бусдад түүнийгээ сайнаар түгээснээр Эх дэлхийн зөв зохистой хөгжилд хувь нэмрээ оруулж болохыг ойлгосноор, ирээдүйдээ түүнийгээ үргэлжлүүлэн түгээхийг хичээсээр ирсэн тус хамт олон ирээдүйн та өнөөдрийн Би-ээс эхлэнэ хэмээн уриалж, #ЯгТэнцүү санаачлагыг өрнүүлж байна.
Эхний асуултад таны хариулт юу ч байж болно. Гэхдээ таны бусдыг харах өнцөг, таны бусдад хандах хандлага, таны бусдын оронд өөрийгөө тавьж үзэхээс бүх зүйлс эхлэнэ.
Зөв хандлагатай, бусдад хүндлэлтэй, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг, хариуцлагатай хойч үеийг бий болгохын тулд бид өнөөдрөөс эхлэн өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, бусдыг хүндэлж чаддаг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе!
Та би, чи тэр #Ягтэнцүү.



2 чухал тоо
60 - TikTok 18 ба түүнээс доош насны хэрэглэгчдийн өдрийн апп хэрэглээний хязгаарыг 60 минутаар тогтоолоо. Хэрвээ хэрэглэгч тогтоосон хязгаараас давбал нууц кодоо оруулж байж үргэлжлүүлэх боломж нь нээгдэх гэнэ. Мөн долоо хоног бүр хэрэглээний статистикийг илгээх, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх зэрэг хэрэглэгчдийнхээ сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн шинэ нэмэлтүүдийг танилцуулсан байна.
2995 - Жефф Рэйц хэмээх 50 настай эр 2012-2020 оны туршид 2995 өдөр дараалан Disneyland-ээр зочилж, Гиннесийн рекордыг тогтоосон байна. Тухайн үед ажлаасаа гарч, цаг нөхцөөх хэрэгтэй болсон тэр гэрийнхээ ойролцоох паркийн жилийн эрхийг авч, өдөр бүр зочилж байгаагаа сошиал хуудсандаа түүх болгон үлдээх болсон нь энэхүү өвөрмөц амжилтын эзэн болоход хүргэжээ.
Jeff Reitz loves Disneyland - a lot. He went to the California theme park every single day for 8 years, 3 months an… https://t.co/dZRuzM5DeW
Wed Mar 01 19:15:00 +0000 2023
3 онцлох өгүүлбэр
I. Таргалалтын тайлан айсуй аюулыг сануулав.
- Дэлхийн Таргалалтын Судалгааны Байгууллага 2035 он гэхэд дэлхийн нийт хүн амын тал нь буюу 4 тэрбум хүн илүүдэл жинтэй болно хэмээн анхаарууллаа. Бага насны хүүхдүүдийн дунд таргалалт хамгийн ихээр нэмэгдэж байгааг тэд мөн сануулжээ.
- Ази, Африкийн ядуу, буурай орнуудад ялангуяа энэ үзэгдэл ихээр ажиглагдаж байгаа гэнэ. Энэ нь хагас эсвэл хэт боловсруулсан хүнс ихээр хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо сул байх, эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаатай шууд холбоотой гэнэ.
- Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2035 он гэхэд таргалалттай холбоотой өвчнийг өвчлөх өртөг 4 их наяд доллараар хэмжигдэх ажээ.
II. Tesla-ийн мастер төлөвлөгөө шинэчлэгджээ.
- И.Маск жил бүр зохион байгуулдаг "Investor Day"-ийн үеэр гуравдугаар үеийн мастер төлөвлөгөөгөө зарлалаа. Энэ төлөвлөгөөний гол зорилгоо "хүн төрөлхтнийг тогтвортой эрчим хүч эзэмшигч" болгох хэмээн тодорхойлжээ.
- Нийт 10 их наяд долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх энэ төлөвлөгөөний хүрээнд тэр зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэхээс гадна аж үйлдвэрлэлд ус төрөгчийн технологийг нэвтрүүлэх, орон сууц, барилга байгууламжид эрчим хүчинд хэмнэлттэй халаалтын систем байршуулах, хүрээлэн буй орчинд ээлтэй онгоц, завь зэрэг тээврийн хэрэгслүүдийг бүтээх зэрэг ажлууд хийгдэх гэнэ.
- 2006 онд анх танилцуулж байсан мастер төлөвлөгөөний эхний шатанд дурдагдаж байсан батарей, цахилгаан хөдөлгүүр, цэнэглэгчийн дэд бүтцийн ихэнх ажлууд биелсэн. Харин 2016 оны хоёрдугаар үе шатанд хөндөгдсөн роботаксины сүлжээ, нарны эрчим хүчний панел, бүрэн автомат удирдлага зэрэг зарим ажлууд нь хараахан хийгдэж дуусаагүй байгаа билээ.
III. ChatGPT хөгжүүлэгчдэд нээлттэй боллоо.
- OpenAI технологийн ертөнцийг байлдан дагуулж буй ChatGPT-ийн API-г танилцууллаа. Ингэснээр хөгжүүлэгчид өөрсдийн апп, програмдаа уг хиймэл оюуныг бүрэн нэвтрүүлж, ашиглах боломжтой болж байгаа юм. Өмнөх хувилбаруудаас "илүү хурдан, илүү нарийвчлалтай, илүү чадамжтай" хэмээн тодорхойлогдсон уг загварын 1000 токен нь 0.002 долларын үнэтэй байх гэнэ. Энэ нь зах зээлд нээлттэй байгаа бусад хэлний моделиудаас хямдад тооцогдох юм.
- Энэ үеэр тэд API-ийг ашиглан бүтээсэн хамгийн анхны хэрэглээнүүдийг зарлалаа. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь Snapchat-ийн чатбот My AI байв. 3.99 долларын төлбөртэй Snapchat Plus дээр идэвхжих уг чатбот хормын дотор хайку зохиох чадвартай гэнэ. Тэрчлэн Quizlet, Instacart, Shopify зэрэг топ стартапууд өөрсдийн платформууддаа ChatGPT-ийн тусламжтайгаар хиймэл оюун нэвтрүүлж байгаагаа зарлажээ.
- Үүнээс гадна тэд дуунаас текст рүү хөрвүүлэгч Whisper AI-ийн API-ийг мөн танилцуулсан. Хөгжүүлэгчид 1 минутын урттай аудиог хөрвүүлэхийн тулд 0.006 долларыг төлөх шаардлагатай ажээ.
4 мэдүүштэй зүйл
Шинэ нэгж: Мeta хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл, персона бүтээх зорилготой баг бүрдүүлж байгаагаа зарлалаа. Тус баг нь Whatsapp, Messenger-ийн текст болон Instagram-ийн филтерийг AI-тай холбох ажил дээр эхлэн төвлөрч ажиллах ажээ.
Сарны цаг: Европын Сансрын Агентлаг сарны цагийн бүсийг тооцоолж, нэгдсэн стандартыг тогтоох төслийг эхлүүллээ. Одоог хүртэл явагдсан сансрын төслүүд бүгд эх дэлхийн цагийг ашиглан ажилласаар ирсэн. 29.5 хоногт дэлхийг тойрон эргэдэг сарны цагийн бүсийг тогтоох нь цаашид урт хугацаагаар суурьшин амьдрах төслүүд, байршуулах технологийг удирдахад чухал ач холбогдолтой юм.
Супер цэнэглэгч: Redmi ухаалаг утсыг ердөө 5 минутын дотор бүрэн цэнэглэх шинэ технологио танилцууллаа. Тэд 4300mAh-ийн батарей бүхий Note 12 утсан дээрээ энэхүү супер цэнэглэгчээ туршсан байна. Энэ нь өөр нэг Хятад үйлдвэрлэгч RealMe-ийн 10 минутанд премиум загвараа бүрэн цэнэглэсэн өмнөх амжилтыг давсан үзүүлэлт болжээ.
Тахлын эхлэл: АНУ-ын Эрчим хүчний агентлаг 7 сая хүний аминд хүрсэн коронавируст цар тахлын эхлэл нь лабораторийн гаралтай байх магадлалтай таамаг дэвшүүллээ. Тэд Вухан хотын вирус судлалын институтыг эхлэл цэг хэмээн үзэж байгаа гэнэ. Гэхдээ одоог хүртэл судлаачид анхны вирус хаанаас тархаж эхэлснийг олж тогтоож, нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй л байгаа юм.
5 сонин хачин
1. Домогт "Rocky" франчайзын ээлжит бүтээл "Creed III" бокс оффисоос 50 сая долларын орлого олж, "Ant Man"-ийг тэргүүн байраас нь буулгалаа. Майкл Б.Жорданы найруулагчийн хувиарх анхны бүтээлд оригинал од С.Сталлоне "уран бүтээлийн шалтгаанаар" жүжигчнээр тоглоогүй ч энэ кино өмнөх 2 ангийн нээлтээс давсан амжилтыг үзүүлсэн нь энэ юм.
2. Инстант камерын зах зээлийн тэргүүлэгч Instax Mini-ийн шинэ загвар худалдаанд гарлаа. Fujifilm-ийн ихээхэн найдлага тавьж буй уг камер 79.95 долларын үнэтэй байх юм. Instax Mini 12-ийн хувьд дизайны хувьд томоохон өөрчлөлт ороогүй ч линзийн үзүүлэлт, товчлуур-үйлдлийн хурд илүү сайжирсан гэдгээрээ онцлог. Мөн хэрэглэгчид зургаа хуулж, хадгалж хэвлэх боломжийг олгох шинэ апп-тай гарч байгаа нь хамгийн том дэвшил болжээ.
Fill your world with joy ???????? The new INSTAX mini 12 is here and it's giving ✨inflatable✨ energy… https://t.co/xwnG2gY9uz
Thu Mar 02 08:00:29 +0000 2023
3. Netflix-ийн хит цуврал Stranger Things театрын тайзнаа тоглогдох гэж байна. 2023 оны эцсээр Лондонд тавигдах Stranger Things: First Shadow нэртэй уг жүжиг нь үндсэн түүхийн эхлэл болох 1959 онд өрнөнө гэдгээрээ онцлогтой. Ташрамд дурдахад, уг цувралын дараагийн тавдугаар бүлэг нь хамгийн эцсийнх байна гэдгийг шоуг бүтээгчид мэдэгдсэн билээ.
Welcome to Hawkins, 1959. Before the world turned upside down… Stranger Things: The First Shadow. A new story live… https://t.co/4IGKh5wSoO
Wed Mar 01 11:00:01 +0000 2023
4. Ухаалаг утасны эрин эхлэхээс өмнө гар утасны зах зээлд тэргүүлэгч асан Nokia сүүлийн 60 жилд анх удаа брэндингээ шинэчилж, цоо шинэ логогоо танилцууллаа. 1865 онд анх байгуулагдаж байсан уг компанийн шинэ лого нь тэдний өдгөө төвлөрч буй 5G тэргүүтэй сүлжээний технологи болон бусад дэвшилтэт технологийн патентын үйлчилгээний цар хүрээг илэрхийлэх учиртай ажээ. Сонирхуулахад, тэд аль 2014 онд гар утасны нэгжээ Microsoft-д зарсан бөгөөд одоо тус брэндийн нэрийг HMD Global нэртэй экс-Нокиагийн инженерүүдийн байгуулсан компани ашиглан утас бүтээсээр байгаа юм.

5. ОУОХ-оос цахим спортын шинэ тэмцээнийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ сараас эхлэх Olympic Esports Week-ийн хөтөлбөрт шатар, байт харваа, теннис, таэквондо болон Ubisoft-ийн хит бүжгийн франчайз тоглоом Just Dance нэмэгдсэн байна. 2021 онд анх зарлагдсан виртуал цувралд дугуй, бэйсбол, дарвуулт завь, мотоспорт багтаад байсан билээ.
Find out everything about the Olympic Esports Series here: https://t.co/WEeHZOi5uu
Wed Mar 01 08:02:04 +0000 2023
10 уншууртай мэдээ
Анхаарах: Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалт явагдлаа /TenGer TV/
Тоглох: Pokemon Sleep тун удахгүй гарна /Engadget/
Цээжлэх: Тэшүүрийн хамгийн залуу дэлхийн аварга тодорлоо /Eurosport/
Танилцах: Органоид судлалын талбар үүсчээ /CNN/
Ажиглах: Бахмутад Украины арми хүнд байдалтай байна /BBC/
Анзаарах: 677 сая долларын үнэтэй хар тамхийг илрүүлжээ /VOA/
Мэдэх: Neuralink-ийн чип хэзээ хүн дээр туршигдах вэ? /Reuters/
Үзэх: Крис Рок Netflix-ийн анхны шууд эвентийг тэргүүлнэ /Morning Brew/
Сонирхох: Урт ковидын талаар юу мэдвэл зохих вэ? /Vox/
Мэдэх: Африкийн хамгийн том эдийн засагтай улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо /AP/


