1 гол сэдэв

Денвер Наггетс NBA-д анх удаа аваргаллаа

NBA-ийн энэ улирлын аваргаар Денвер Наггетс тодорлоо. Тэд шигшээд Майами Хитийг 4:1-ээр илүүрхэж, 47 жилийн түүхэндээ анх удаа аваргын цом хүртсэн нь энэ юм. Лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 2 удаа тодорч байсан Н.Йокич плэйоффд нийт оноо, нийт самбар, нийт дамжуулалтаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн анхны тоглогч боллоо. Мөн тэрээр финалын MVP-ээр нэрлэгдсэн тав дахь гадаад тоглогч болжээ.


Вегас Голден Найтс NHL-д анх удаа аваргаллаа

Тэгвэл Хойд Америкийн хоккейн лигийн энэ жилийн аваргын цомыг Лас Вегас өргөлөө. Лигт ердөө 6 жилийн өмнө элссэн шинэхэн баг түүхэн дэх анхны цомоо Флорида Пантерсыг 5 тоглолтод давамгайлснаар хүртсэн нь энэ юм. Финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор плэйоффыг нийт гоолоороо тэргүүлсэн Ж.Маршессо нэрлэгджээ. Флоридагийн хувьд лигийн түүхэн дэх хамгийн өндөр оноог цуглуулж улирлыг дуусгасан Бостон Бруйнзыг эхний шатанд мултлаад байсан билээ.


У.Кларк анх удаа их дуулгад түрүүллээ.

Мэргэжлийн гольфийн хамгийн нэр хүндтэй тэмцээн U.S Open-ийн аваргаар 29 настай У.Кларк тодорлоо. Тэрээр сүүлийн тойрогт өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Р.Мклройтой гол өрсөлдөөнийг үзүүлж, анх удаа ялалт байгуулсан нь энэ юм. Ташрамд дурдахад PGA Tour-ийг Саудын Арабын хөрөнгө оруулалттай LIV Tour-тай нэгдсэн хэлцлийг тусгай хороо шалгах болсон байна.

2 чухал тоо

3.13 - Макс Пак нэртэй залуу рубикийн кубыг хамгийн хурдан хугацаанд эвлүүлсэн түүхэн рекордыг тогтоолоо. Тэрээр 3.13 секундын дотор шоог бүрэн эвлүүлж 2018 онд тогтоогдож байсан дээд амжилтыг 34 долиор ахиулсан байна.

250.000.000 - Дэлхийн топ 17 хөгжмийн компани нийлэн Twitter-ийг шүүхэд өгч, 250 сая долларыг нэхэмжиллээ. И.Маск Twitter-ийг худалдан авсан даруйдаа өндөр зардалтай гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцалсан нь тэдний ундууцлыг хүргэсэн бололтой. Тэд нийт 1700 гаруй дууг хэрэглэгчид зөвшөөрөлгүй ашиглаж, платформ дээр хуваалцсан хэмээн нотлох баримтаа бүрдүүлжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Netflix шинэ төслүүдээ танилцууллаа.

- Netflix-ээс жил бүр онлайнаар зохион байгуулж, шинэ төсөл, контентоо зарладаг Tudum арга хэмжээгээ зохион байгууллаа.

- Өөр нэг онцлох контент нь Squid Game байв. Энэ удаад дэлхийг шуугиулсан цувралаас үндэслэсэн Squid Game: The Challenge нэртэй реалити шоуны тов ил боллоо. Кинонд тоглогддог тоглоомыг ашиглан өрсөлдүүлэх уг шоу 11-р сард нээлтээ хийнэ гэнэ.

- Үүнээс гадна Game of Thrones-ийг бүтээгчдийн шинэ төсөл болох "The Three Body Problem"-ийн анхны трэйлэр цацагдсан нь анхаарал татав. Хятадын зохиолч Ли Цисиний "Гурван биет" нь шилдэг зөгнөлт зохиолд олгодог "Hugo Awards"-ийг хүртсэн анхны гадаад бүтээл болж байсан юм. Энэ үеэр тэд мөн хүлээлт өндөртэй байсан, алдарт манга "One Piece"-ийн киноны хувилбарын трэйлэрийг ил болгожээ.


II. Майкл Жордан клубээ зарна.

- Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан өөрийн эзэмшдэг NBA-ийн Шарлотт Хорнетсыг 3 тэрбум доллар зарах хэлцэлд хүрчээ. Тэрээр 2010 онд уг багийг 275 сая доллараар худалдан авч байсан юм.

- Forbes тус клубыг өнгөрсөн жил 1.7 тэрбум доллараар үнэлсэн нь NBA-ийн 30 багаас 27-д бичигдэх үзүүлэлт байсан юм. Энэ удаагийн хэлцэлд зөвхөн клубээс гадна цахим спортын баг, цэнгэлдэхийн менежментийн компани зэрэг багтсан байна.

- М.Жорданы удирдлаганд Шарлотт ердөө 2 удаа л плэйоффт шалгарсан. Гэхдээ Жордан брэндийн үнэ цэнийн ачаар тэд арилжааны хувьд тогтмол өсөлт үзүүлсээр байв. Мөн М.Жордан клубт багахан хувь эзэмшсэн хэвээр үлдэх гэнэ.


III. Санчир гарагийн дагуулаас фосфор илрүүлжээ.

- Бараг 15 жилийн өмнө Cassini хөлгийн илгээсэн судалгааны материалаас эрдэмтэд фосфорын ул мөрийг илрүүлжээ. Фосфор нь амьдрал үүсэхэд зайлшгүй хэрэгцээтэй гол зургаан элементийн нэгт тооцогддог билээ.

- Энэ ул мөр нь Санчир гарагийн хамгийн жижиг дагуулын нэг Энкеладусаас илэрсэн юм. Энкеладус нь мөсөөр хучигдсан, амьдралын ул мөр байх хамгийн өндөр магадлалтайд тооцогддог юм.

- Ийм мэдэгдэл өмнө нь 2018 онд анх гарч байсныг албан ёсоор баталж байгаа нь энэ гэнэ. Эрдэмтэд энэ гарагт амьд организм үүсэх нөхцөл хангалттай бүрдсэн байх магадлалтай гэдгийг ийн онцолж байна.

4 мэдүүштэй баримт

Анхны аялал: Алдарт энтрепренер Р.Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Galactic анхны арилжааны сансрын аяллаа зарлалаа. Тэд нийт 3 аялагчийг 6-р сарын 27-30-ны хооронд сансарт аялуулах гэнэ. Энэ мэдээний дараа компанийн хувьцааны үнэлгээ 40%-аар нэмэгджээ.

Онцгой хориг: Техас муж 18-аас доош насны хүүхдийг сошиал медиаг ашиглахдаа эцэг эхийн зөвшөөрөл авсан байх шаардлага бүхий хуулийн төслийг баталлаа. Үүнээс өмнө Юта, Луйзана мужууд ижил төстэй хуулийг батлаад байсан билээ.

Төгс хөрвүүлэгч: Meta текстээс дуу хоолой рүү хөрвүүлдэг шинэ хиймэл оюуны загвараа танилцууллаа. Voicebox нэртэй уг модель нь өөр аялга, хоолойны өнгө гаргах чадвартайгаас гадна олон хэлийг зэрэг ойлгох чадвартай гэнэ. Гэхдээ энэ моделио тэд олон нийтэд нээлттэй болгох товоо зарлаагүй байгаа юм.

Шинэ хэрэгсэл: Adobe хиймэл оюунд суурилсан туслах Firefly-ийг хамгийн их хэрэглэгчтэй Photoshop, Illustrator-т нэвтрүүллээ. Энэ нь текстээс үндэслэн хэрэглэгчдэд ажиллаж байгаа бүтээлээ илүү олон талтайгаар хөгжүүлэх боломжийг олгох юм.

5 сонин хачин

1. Бокс оффисын хамгийн ширүүн өрсөлдөөнтэй долоо хоног DC-ийн ялалтаар өндөрлөлөө. The Flash-ийн шинэ анги 55 сая долларыг Хойд Америкийн зах зээлээс цуглуулж, жагсаалтыг тэргүүлсэн бол Pixar-ийн ээлжит анимэйшн Elemental ердөө 29.5 сая долларын орлого олжээ. Гэхдээ шинжээчид аль аль бүтээлийг нь 100 сая долларын нээлт хийх боломжтой хэмээн тооцож байсан юм.

2. Mercedes-Benz зарим загварууддаа ChatGPT-г ашиглах туршилтыг эхлүүллээ. Тэд Microsoft-той хамтарсан уг төсөлдөө нийт 900 мянган машиныг хамруулах бөгөөд ухаалаг туслахын хэрэглээгээр дамжуулж жолоочдод цоо шинэ нэмэлт боломжууд үүсгэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

3. Meta өөрсдийн хөгжүүлж буй VR платформ Horizon Worlds платформдоо текст мессежийн үйлдэл нэмж байгаагаа зарлалаа. Шинээр танилцуулагдсан Quest 3 VR төхөөрөмжтэй бүрэн нийцэж ажиллах энэ функц нь хэрэглэгчдийн харилцааг идэвхжүүлнэ гэж тэд найдаж байна.

4. Fujifilm шинэ загварын Instax камераа зарлалаа. 6-р сарын сүүлээр худалдаанд гарах Instax Square SQ40 нь 149 долларын үнэтэй байх бөгөөд илүү ретро загвартай болсон гэдгээрээ онцлогтой юм.

5. Домогт дуучин Жон Ленноны дуу хоолойг AI ашиглан ахин сэргээсэн гэнэ. The Beatles-ийн хамтран зүтгэгч П.Мккартни түүнд бараг 50 жилийн турш хадгалагдсан "For Paul" нэртэй демог ашигласан нь энэ аж. Уг бүтээл хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байна.