1 гол сэдэв
Юу болов?
Балбад залуусын тэмцэл төрийг эргүүлэв. Тус улсын парламент өнгөрсөн пүрэв гарагт зохицуулах байгууллагад бүртгүүлж, тодорхой шаардлага хангаагүй нэр бүхий 26 сошиал медиа платформыг хаах шийдвэр гаргасан нь жагсаалын эхлэл болов. Үүнд Facebook, Instagram, Whatsapp зэрэг хамгийн өргөн хэрэглээтэй апп-ууд багтсан нь ялангуяа залуусын эгдүүцлийг ихэд хүргэжээ. Үүн дээр нэмээд төрийн өндөр албан тушаалтнуудын авилгал, тансаглалын асуудал ч хөндөгдөж, жагсаал тэр дороо улс орныг бүхэлд нь хамарчээ.
Яаж өрнөв?
Даваа гарагаас эхлэн “Generation Z” нэртэй хөдөлгөөний санаачлан эхлүүлсэн жагсаалд эрх баригчид цэргийн хүч ашиглаж, улмаар хоёр талын зөрчилдөөн ширүүссэнээр 19 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтэж бэртсэн нь тэмцлийг улам өдөөсөн гэж хэлж болно. Хэдий ерөнхий сайд Шарма Оли үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн ч жагсагчдын тэмцэл хяналтаас гарч, парламентын ордон, нам ын байр, яамдын барилгуудыг эвдэж, шатаан сүйтгэж эхэлжээ. Катмандугийн хамгийн том шоронд жагсагчид халдаж, улмаар 1000 орчим хоригдол оргосныг эх сурвалжууд мэдээлж байна. Тэмцэгчид зарим улс төрчид, сайд нарыг барьж, яргалж байгаа бичлэг сошиал орчинд тархаж эхлэв. Тус улсад сошиал орчныг эргэн нээсэн ч онгоцны буудлыг галдан шатаасны улмаас бүх нислэг цуцлагджээ.
Одоо ямар байна?
Нийгэмд эмх замбараагүй нөхцөл байдал үүсэж, дээрэм тонуул, эвдэн сүйтгэх ажиллагаа хяналтаас гарсан учраас Балбын арми лхагва гарагаас эхлэн гол хотуудад цэргээ байрлуулж эхэлсэн байна. Үүний дараагаар “Generation Z” хөдөлгөөнийнхөн цэргийнхэнтэй нэгдэн шилжилтийн засгийн газрыг байгуулсанаа зарлалаа. Балбын дээд шүүхийн дарга асан С.Карки тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ. Тэрээр хамгийн эхэнд парламентыг тараах шийдвэр гаргав. Мөн залуусын шаардлагыг харгалзан хэд хэдэн томоохон реформ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
2 чухал тоо
1.500.000: Ирэх жилийн зун явагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексикийн 16 хотод дамнан явагдана. Тасалбарын сайт нээгдсэнээс хойш ердөө 24 цагийн дотор 210 орноос 1.5 сая захиалга хүсэлт хүлээн авснаа ФИФА мэдэгджээ. Уг тэмцээн нь анх удаа өргөтгөсөн буюу 48 багтайгаар явагдах билээ.
27: Бразилын дээд шүүхээс 2019-2023 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жаир Болсонаруг төрийн эргэлт хийхээр оролдсон хэмээн буруутгаж, 27 жилийн ял оноожээ. Түүнийг дэмжигчид 2023 оны 1-р сард болсон сонгуулийн дараах ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүйгээр эмх замбараагүй байдал үүсгэж, улмаар Конгресс, дээд шүүхийн байр луу дайрсан удаатай. Дээд шүүхээс түүнийг одоогийн ерөнхийлөгч Лулаг хордуулж, төрийн эргэлт хийх төлөвлөгөөнд оролцсон хэмээн үзжээ. Ж.Болсонару уг хэргийг улс төрийн шинж чанартай хэмээн зарлаж, гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
3 онцлох өгүүлбэр
I. Л.Эллисон дэлхийн хамгийн баян хүн боллоо
- Түүний үүсгэн байгуулсан Oracle OpenAI-д 300 тэрбум долларын өртөг бүхий клоуд технологи нийлүүлэх гэрээ байгуулсан нь зах зээлийг шоконд оруулав. Oracle-ийн хувьцааны ханш 43%-аар нэмэгдсэн нь 30 жилийн хамгийн өндөр өсөлт болжээ. Тэд 2030 он хүртэл клоуд бизнесээсээ 455 тэрбум долларын орлого олох тооцоолол хийсэн нь одоогийн борлуулалтаа 4 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг.
- Энэ өсөлтөөс хамгийн их хожсон хүн нь мэдээж Л.Эллисон. Oracle-ийн 41%-ийг эзэмшдэг түүний хөрөнгө ганцхан өдөрт 100 тэрбумаар нэмэгдэж 393 тэрбум болсноор И.Маскийг гүйцсэн нь энэ юм. Bloomberg-ийн тооцооллоор энэ бол нэг өдөрт нэг хүний хөрөнгө хамгийн ихээр нэмэгдсэн тохиолдол болсон аж.
- Гэхдээ шинжээчид уг наймаанд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байгаа. OpenAI-ийн хувьд орлогоосоо тав дахин их үнэтэй гэрээг байгуулсан нь асар их эрсдэл дагуулж байгаа нь гарцаагүй. Нөгөө талаас Oracle-ийн одоогийн нөөц чадавх ч энэ гэрээг гүйцэтгэхэд үлэмж дутах гэнэ.
II. Улс төрийн активист Ч.Кирк алагдлаа
- 31 настай Чарли Кирк Ютад их сургуулийн кампуст өөрийн нэрийн хуудас болсон нээлттэй мэтгэлцээнээ хийж байхдаа буудуулж нас баржээ. 18 настайдаа Turning Point USA нэртэй медиаг байгуулж, залуучуудын улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн тэрээр Д.Трампын хамгийн ойрын, хамгийн хүчтэй дэмжигчдийнх нь нэг байв.
- Ч.Киркийн кампусын уулзалтууд, асуулт хариулт бүхий мэтгэлцээнүүд нь консерватив улс төрийн үзэл санааг түгээх гол платформ болж, залуусын дунд Трампын нэр хүндийг нэмэгдүүлсэн нь Трампын ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэнд тооцогддог юм. Бүгд найрамдахчуудын дунд тэрээр ирээдүйн спикер, ирээдүйн ерөнхийлөгч болох боломжтой хэмээн үнэлэгддэг нэгэн байв.
- Уг гэмт хэргийг 22 настай Тайлер Робинсон хэмээх эр үйлджээ. Түүнийг цагдаагийн газраас тараасан бичлэгээс танисан аав нь хүчний байгууллагад хүлээлгэн өгчээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Т.Робинсон нь трансжендер хамтран амьдрагчтай байсан гэнэ. Улмаар гэрийнхэнтэйгээ Ч.Киркийн LGBT-г эсэргүүцдэг байр суурийг сөрөн маргалдаж, муудалцаж байсан удаатай гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп амралтын өдрүүдээр улсын тугийг бөхийлгөж, хүндэтгэл үзүүлэх шийдвэр гаргажээ.
III. Paramount WBD-г худалдаж авахыг хүсэж байна
- Skydance-д зарагдсанаасаа хойш маш идэвхтэй байгаа Paramount медиа салбарыг донсолгох худалдан авалт хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэд өөрсдөөс нь хоёр дахин өндөр үнэлгээтэй салбарын могул Warner Bros. Discovery-г худалдаж авах санал тавихаар хөрөнгө оруулалтын банкуудтай ажиллаж эхэлжээ.
- Энэ мэдээ гарсны дараагаар WBD-ийн хувьцааны ханш 28%-өөр өссөн нь түүхэн үзүүлэлт байв. Paramount-ийнх харин 15%-аар нэмэгджээ.
- Тэд саяхан кабелийн телевизийн бизнесээ бие даасан компани болгон салгаж байгаагаа зарласан билээ. Одоогоор наймааны үнэ, хэлцлийн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
4 мэдүүштэй зүйл
Шинэ хэл: 40 сая идэвхтэй хэрэглэгчтэй дүрэм, алдаа шалгагч програм Grammarly таван шинэ хэлийг нэмж байгаагаа зарлалаа. Өмнө нь зөвхөн Англи хэлийг дэмждэг байсан тус апп одоо Итали, Герман, Испани, Франц, Португал хэл дээрх текстийг ойлгодог болжээ. Мөн англи хэл дээрх текстийг 19 хэл рүү хөрвүүлэх шинэ нэмэлт хөгжүүлж байгаа гэв.
Онгоц захиалга: Uber 2026 оноос эхлэн Нью Йорк болон Европын томоохон хотуудад нисдэг тэрэгний үйлчилгээг санал болгож эхлэнэ гэв. Уг үйлчилгээндээ тэд Joby Aviation-той хамтрана. Joby-ийн хувьд 2020 онд Uber-ийн агаарын таксины технологи хөгжүүлэгч багийг худалдан авч, стратегийн түншлэлээ эхлүүлсэн билээ.
Мега төсөл: Африкийн хамгийн том усан цахилгаан станц нээгдлээ. Этиоп улс түүхэн дэх хамгийн том мега төслөө 14 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгаж байгаа нь энэ юм. 5 тэрбум долларын төсөв бүхий уг цахилгаан станцыг тэд “Их Этиопын сэргэн мандалт” хэмээн нэрийджээ. 120 сая хүнтэй тус улс энэ усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар нийт эрчим хүчээ бүрэн хангаад зогсохгүй экспортлогч болох зорилго тавьсан юм. Гэвч Нил мөрний адагт орших Египт, Судан зэрэг улсууд “усны хомсдол үүсгэх эрсдэлтэй” хэмээн, олон улсын хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.
Ээлжит огцролт: Японыг өнгөрсөн оны аравдугаар сараас хойш удирдаж буй ерөнхий сайд Шигэрү Ишиба үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдлээ. Түүний удирдаж буй Либерал ардчилсан намын эвсэл парламентын дээд болон доод танхимын сонгуульд дараалан ялагдал хүлээж, олонх болж чадаагүй билээ. Тиймдээ ч намын даргын сунгаа явуулж итгэл үзүүлэх эсэхийг шийдэх, эсвэл огцрох гэсэн сонголттой нүүр тулаад байсан юм. Ташрамд дурдахад, Японы экс ерөнхий сайд Ж.Койзүмигийн хүү 44 настай Шинжиро намын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа зарлаад байна.
5 сонин хачин
1. The Conjuring-ийн ертөнцийн 9 дэх түүх эхний долоо хоногтоо дэлхий даяар 194 сая долларын орлого цуглуулж, аймшгийн жанрын бүх цаг үеийн рекордыг тогтоолоо. Тэднээс өмнөх амжилтыг 2017 онд 190 сая доллар олсон “It” эзэмшиж байсан юм. Warner Bros.-ийн уг франчайз нийт 2.3 тэрбум долларын орлого олсон нь мөн аймшгийн киноны төрөлдөө тэргүүн байрт бичигдэх амжилт билээ.
2. Тайландад явагдсан эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-д Италийн баг түрүүллээ. Тэд шигшээд энэ тэмцээний хамгийн том тэсрэлт болсон Туркийн багийг 3:2-ын харьцаатайгаар илүүрхжээ. Италийн баг өмнө нь 2002 онд дэлхийн аварга болж байв. Харин хүрэл медалийг Бразилын баг хүртсэн байна. Тэд Японы багийг мөн 3:2-ын харьцаатайгаар ялж, сүүлийн 6 тэмцээнээс 5 дахь медалиа хүртсэн нь энэ юм.
3. Хүн дүрст робот хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй Unitree 7 тэрбум долларын үнэлгээтэйгээр нээлттэй компани болно гэв. Жэйжанд төвтэй тус компани 2020 оноос хойш ашигтай ажиллаж байгаа бөгөөд Geely, Alibaba, Tencent зэрэг Хятадын топ компаниудаас хөрөнгө оруулалт татжээ. Тэд хамгийн сүүлд Бээжинд явагдсан роботуудын дундах спортын тэмцээнд хамгийн амжилттай оролцож олны анхаарлыг татсан билээ.
4. Албани AI сайдтай болжээ. Тус улсын ерөнхий сайд Э.Рама шинээр эмхлэн байгуулсан засгийн газрын бүрэлдэхүүнд хиймэл оюунаар бүтээгдсэн сайдыг багтааснаа зарлалаа. Дэлхийд анхдагч гэж хэлж болох “Диелла” нэртэй уг сайд нь төрийн тендер, худалдан авалтыг хариуцах юм. Э.Рама AI сайд аливаа шийдвэр гаргахдаа авилгал, хээл хахуулиас ангид, ил тод шийдвэр гаргана гэдгийг тодотгов. Дөрөв дараалан сонгуульд ялсан Э.Рама анх нэгдүгээр сард уг AI-ийг зарлаж, төрийн 1000 гаруй үйлчилгээг цахимд шилжүүлэх гол туслах болно хэмээн онцолж байсан билээ.
5. Apple намрын уламжлалт эвентээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний гол од нь мэдээж iPhone 17 байв. Тэд хамгийн нимгэхэн гэх тодотголтой iPhone 17 Air-ийг зарласан нь анхаарал татлаа. Мөн шинэ үеийн AirPods чихэвч нь AI-ийн тусламжтайгаар шууд орчуулга гүйцэтгэх чадвартай болжээ.
Дэлгэрэнгүй унших: Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйлс
Unread