1 гол сэдэв

Юу болов?

300 сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том стриминг платформ Netflix түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийлээ. Тэд уламжлалт медиагийн хамгийн том тоглогчдын нэг Warner Bros.Discovery-г 83 тэрбум доллараар худалдан авах тохиролцоонд хүрчээ. Энэ бол маш олон талаараа медиа салбарын өнөөгийн нөхцөл байдлыг түйвээх хэлэлцээр юм. Netflix-ийн хувьд WBD-ийн кино студи болон HBO Max стриминг платформыг эгнээндээ нэгтгэж байгаа нь энэ.

Одоо яах вэ?

Хэдийнээ топ шагналуудын хүчтэй өрсөлдөгч болж, А зэрэглэлийн ододтой гэрээ байгуулах болсон Netflix-ийн хувьд энтертэйнмент салбарын хамгийн хүчирхэг тоглогч болох боломжтой боллоо. Тэдний хувьд Харри Поттер, Супермэн, Хаан ширээний тоглоом зэрэг хит брэндүүд бүхий оюуны өмчийг өөрсдийн болгож байгаа нь бусад өрсөлдөгчдийнх нь айдсыг төрүүлж буй нь гарцаагүй. Netflix аль хэдийн 100 сая хэрэглэгчтэй болсон, гол өрсөлдөгчдийн нэг HBO Max-ийг хяналтдаа оруулж байгаа нь ч том мэдээ. Тэд одоогоор тус стримингийг бие даасан хэлбэрээр хөгжүүлнэ гэдгээ, мөн киноны нээлтийг эхний ээлжинд кино театрт онцгой эрхтэйгээр гаргадаг уламжлалыг хэвээр хадгална гэдгээ мэдэгдээд байна.

Яагаад зарагдав?

Warner Bros.Discovery-ийн хувьд бизнесээ хоёр салгана гэдгээ мэдэгдээд удаагүй байсан. Тэд CNN, TNT, Discovery Global зэрэг кабелийн телевизийн бизнесээ бие даасан нээлттэй компани болгох төлөвлөгөөгөө хэвээр хадгална гэв. Тиймд уг салгах процесс дуусах хүртэл буюу 2026 оны гуравдугаар улирал хүртэл энэ наймаа албан ёсоор дуусахгүй бололтой. Нөгөө талд Paramount WBD-ийн төлөөх үнэ хаялцаанд идэвхтэй оролцсон. Саяхан дэлхийн хамгийн баян эрхэмүүдийн нэг, Oracle-ийн босс Л.Эллисоны хүү Дэвидийн байгуулсан Skydance-тэй нэгдсэн тэд үнийн хувьд илүү дүнг санал болгосон гэгдэж буй. Гэвч WBD-ийн удирдах зөвлөл Netflix-ийн саналыг хүлээн авчээ. Гэвч энэ наймааг зохицуулах байгууллага зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ зохицуулах байгууллагын зүгээс хориг тавьбал “салалтын нөхөн төлбөрт” 5 тэрбум долларыг Netflix төлнө хэмээн гэрээнд заажээ. Уг мэдээний дараагаар Netflix-ийн хувьцааны үнэ 5%-аар унажээ.

Өөр?

Хамгийн сүүлд 2019 онд ижил төстэй наймаа явагдаж, Disney гол өрсөлдөгчдийн нэг Fox-ийг худалдан авч байлаа. Тухайн үед өрсөлдөөн NBCUniversal-ийн толгой компани Comcast болон Disney-ийн хооронд өрнөж, Disney 71.3 тэрбум доллараар Fox-ийг худалдаж авч байсан. Гэхдээ зохицуулах байгууллагын шаардлагын дагуу мэдээ, телевиз, сонин хэвлэлийн бизнесийг тусад нь салгаж зарж байсан удаатай юм.

2 чухал тоо

140.000.000 - Европын холбооноос X-ийг 140 сая еврогоор торгож байгаагаа зарлалаа. Тэд X-ийг ил тод байдлын журмыг дагаж мөрдөөгүй хэмээн үзжээ. И.Маскийн хувьд уг шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

1.300.000.000 - Prada-ийн Versace-г худалдаж авах хэлцэл эцэслэгдлээ. Тэд 1.3 тэрбум долларыг төлж байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Америкт хүүхдүүдэд хуримтлалын данс нээнэ

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын санаачлагаар тус улсын дунд болон түүнээс доош орлоготой өрхийн хүүхэд бүрд хуримтлалын данс нээх болжээ. “Trump Account” нэртэй уг дансанд эхний ээлжинд засгийн газраас 1000 доллар байршуулна гэнэ.

- 2025 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүд уг санаачилгад хамрагдах бөгөөд гэр бүлийн жилийн орлого нь 150 мянган доллараас бага байх ёстой гэнэ. Мөн гэр бүлийн гишүүд нь хүүхдийн дансанд жилд 5 мянга хүртэлх доллар хийх боломжтой байх бөгөөд 18 нас хүрэхэд сулрах дүрэмтэй.

- Америкийн хүүхдүүдийн ирээдүйг илүү баталгаатай болгох зорилготой уг санаачилгыг зарлагдсан даруйд олон компани, тэрбумтнууд дэмжиж, хувь нэмрээ оруулах саналаа гаргаж байгаа гэнэ. Хамгийн эхэнд, Dell Technologies-ийг үүсгэн байгуулагч Майкл Деллийн гэр бүл 6.25 тэрбум долларыг хандивлаж байгаагаа зарлав. Ингэснээр 2015-2025 онд төрсөн бүх хүүхдийн дансанд 250 долларыг хуваан хийх боломжтой болжээ. Энэ бол Америкийн түүхэнд хүүхдэд чиглэсэн хамгийн том хандив болжээ. Тэдний араас Uber, Goldman Sachs, Robinhood зэрэг компаниуд нэгдэнэ гэв.


II. Samsung гурав нугардаг утас гаргажээ

- Нугардаг утасны категорийг шинээр үүсгэж, улмаар зах зээлийн трендийг тэргүүлэгч болоод буй тэд Galaxy Z TriFold нэртэйгээр шинэ утсаа гаргажээ.

- Бүрэн дэлгэгдсэн үедээ 10 инчийн дэлгэцтэй, 309 грамм жинтэй уг утас ердөө 3.9 мм-ийн нимгэн байх гэнэ. 200 мп-ийн камертай уг утас гурван дэлгэцэн дээр зэрэг ажиллах чадвартай, нугардаг утасны хамгийн хүчирхэг батарейгаар тоноглогдсон аж.

- Гурав нугардаг утсыг хамгийн анх Huawei гаргасан. Тус утас Хятадын зах зээлд хит болж, Huawei-ийн сэргэн мандалтын эхлэл болоод байгаа билээ. Тэгвэл Samsung-ийн хувьд гол өрсөлдөгч Apple-ийг хоёр нугардаг утас гаргахаас амжиж шинэ технологио танилцуулж байгаа нь энэ юм. Шинжээчид Apple-ийг ирэх жилд нугардаг утас гаргана хэмээн таамаглаж байгаа билээ.


III. Bending Spoons Eventbrite-ийг худалдаж авлаа

- Эвент, тасалбарын зах зээлийн гол тоглогчдын нэг Eventbrite шинэ эзэнтэй боллоо. Тэд одоо Миланд төвтэй Bending Spoons-ийн портфолиод нэгдэж байна. 12 жилийн өмнө байгуулагдсан Bending Spoons энэ удаад 500 сая долларыг төлөх тохиролцоонд хүрчээ.

- Bending Spoons хамгийн сүүлд AOL-ийг эгнээндээ нэгтгэсэн. Үүнээс гадна технологийн хорхойтнуудын хамгийн дуртай үйлчилгээнүүд болох WeTransfer, Evernote, Vimeo зэрэг платформуудыг эзэмшдэг билээ.

- 2006 онд байгуулагдсан Eventbrite-ийн хувьд 2018 онд IPO хийх үедээ 1.6 тэрбум доллараар үнэлэгдэж байв.

4 мэдүүштэй зүйл

Залуу тэрбумтан: Таамаглалын платформ Kalshi-ийн үүсгэн байгуулагч Л.Лара 29 насандаа тэрбумтан болжээ. Ингэснээр тэрээр өөрийн хүчээр хамгийн залуудаа тэрбумтан болсон эмэгтэй болсон байна. Түүний 2018 онд үүсгэн байгуулсан Kalshi-ийн үнэлгээ сүүлийн үед тасралтгүй нэмэгдэж, 11 тэрбум долларт хүрээд байгаа юм. Зах зээлийн үйл хөдлөл, спорт, улс төрийн үйл явдлыг таамаглаж, бооцоо тавих боломж олгодог уг платформ өдгөө 140 сая хэрэглэгчтэй болжээ. Л.Ларагийн хувьд бага наснаасаа балетчаар суралцаж, бүр Большой театрт хүртэл бүжиглэж явсан гэнэ. Улмаар мэргэжлээ тэр чигтээ сольж, санхүүгийн технологийн салбарыг сонгон MIT-д суралцаж байхдаа компаниа байгуулж байжээ.

Хятад Nvidia: Moore Threads-ийн Шанхайн биржид гаргасан хувьцааны ханш эхний өдрөө л 400% өсжээ. Тэдний хувьд технологи хөгжүүлэлт, ложистикийн сүлжээгээрээ Nvidia-тай өрсөлдөх хамгийн боломжтой компанид тооцогддог юм. Одоо тус компанийн үнэлгээ 1.1 тэрбум доллар болж байна. 2023 онд байгуулагдсан тус компани AI-д зориулсан GPU чипээ дотоодын тэргүүлэх компаниудад нийлүүлж байгаа юм.

Интернеттэй онгоц: Korean Air Starlink-тэй болно.Тус компани 2027 оны эцэс гэхэд бүх чиглэлийн бүх онгоцондоо өндөр хурдны утасгүй интернетийг суурилуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ хүрээнд тэд Starlink-тэй хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Уг гэрээ нь тус компанитай нэг группт хамаардаг Asiana Airlines, Air Busan, Jin Air зэрэг компаниудад ч мөн хамаарна гэв.

Аварга компани: И.Маскийн үүсгэн байгуулсан сансрын технологи хөгжүүлэгч стартап SpaceX 2026 онд багтаан нээлттэй компани хийнэ гэв. WSJ-ийн мэдээлж байгаагаар тус компани 800 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалт татаж байгаа гэнэ. Үүний дараагаар тэд олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс нээлттэй компани болох амбицтай байгаа ажээ. Хамгийн сүүлд 10-р сард тус компанийн үнэлгээ 500 тэрбумд хүрч, хамгийн өндөр үнэлгээтэй хувийн технологийн компани болж байсан билээ.

5 сонин хачин

1. 2023 онд эхний анги нь гарч байсан “Five Nights at Freddy’s"-ийн шинэ анги талархлын баярын дараах “нам гүм” долоо хоногийг доргиож, бокс оффист 57 сая долларын орлого олжээ. Зуу гаруй сая тоглогчтой алдартай видео тоглоомоос сэдэвлэсэн уг киноны эхний анги 300 сая долларыг дэлхий даяар олж байсан. Шинэ ангийн нээлт нь 12-р сарын хамгийн амжилттай аймшгийн кино, 2025 оны хамгийн амжилттай нээлт хийсэн аймшгийн кино болоход хангалттай үзүүлэлт байв.

2. 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа явагдлаа. Ирэх онд явагдах уг тэмцээн АНУ, Канад, Мексик улсыг дамнан явагдах юм. Анх удаа 48 багтай явагдах дэлхийн аваргын сугалаанд Д.Трамп тэргүүтэй гурван улсын төрийн тэргүүн оролцов. Мөн Р.Фердинанд, Т.Брэди, Ш.О’нил тэргүүтэй одод шууд дамжуулалтад оролцож, сугалааны үйл ажиллагааг чиглүүлэн ажиллажээ.

3. Netflix-ийн хит шоунуудын нэг “Physical: Asia”-ийн Монголд хийгдэх шинэ цуврал албан ёсоор зарлагдлаа. Уг шоунд өмнөх улиралд оролцсон БНСУ-ын багийн ахлагч Ким Дунхёен болон Амотти нар оролцох гэнэ. Тэд Монголд зочилж, манай багийн ахлагч Б.Орхонбаяр болон Э.Лхагва-Очир нартай уулзаж, соёл, уламжлалыг харуулсан адал явдлыг бүтээх ажээ. Шоуны эхний хоёр анги 12-р сарын 24-нд, харин сүүлийн 2 анги нь 12-р сарын 31-нд цацагдах ажээ.

4. Pantone Color Institute-ийн 2026 оныг тодорхойлох сонголт амар амгаланг эрэлхийлж, байгальд улам бүр ойртохыг эрмэлзэж буй нийгмийн хүсэл тэмүүллийг илтгэх “цагаан, цагаавтар” өнгө байлаа. “Cloud Dancer” нэртэй уг цагаан өнгийг байгалийн гэрэлд ойсон байдлаар нь хүн төрөлхтөн өдөр бүр гэрчилдэг гэдгийг экспертүүд онцолжээ. Уг институт 1999 оноос хойш онцлох тренд, нийгмийн нөхцөл байдал, соёлын хүчин зүйлсийг харгалзан үзэж, оны онцлох өнгийг зарласаар ирсэн билээ.

5. Дэлхийн бизнесийн мэдээний хамгийн гол эх сурвалжуудын нэг CNBC ирэх долоо хоногоос эхлэн логогоо солих болжээ. Энэ нь NBCUniversal-ийн кабель, телевизийн бизнесээ бие даалган тусад нь гаргаж, Versant хэмээх шинэ компани болгож байгаагийн хүрээнд хийгдэж буй ажил. Үүний өмнө MSNBC-ийн хувьд нэрээ өөрчилж, MS NOW нэртэй болохоо зарлаад байсан юм. CNBC-ийн шинэ лого 1989 онд анх гарч байсан эхний логоноос сэдэвлэж, илүү энгийн, итгэлтэй байдлыг илтгэн өөрчлөгджээ.