1 гол сэдэв
Юу болов?
Netflix-ийг хэрэглэгчдийн тоо сүүлийн 11 жилд анх удаа буурлаа. Тэд энэ оны эхний улиралд 200 мянга хэрэглэгчээ алдсан нь 2.5 сая шинэ хэрэглэгч хүлээж байсан Уолл Стрийтэд хүнд цохилт болов. Энэ мэдээтэй зэрэгцэн тэдний нэгж хувьцааны үнэлгээ 26%-аар буурсан нь зах зээлийн үнэлгээ нь 40 тэрбум доллараар багассан гэсэн үг. Бусад өрсөлдөгч стриминг платформуудад ч энэ мэдээ хүндээр тусаж, Roku (-6%), Walt Disney (-5%), Warner Bros. Discovery (-3.5%)-ийн хувьцаа ч унажээ.
Яагаад хэрэглэгчдийн тоо буурав?
ОХУ, Украины дайн хамгийн гол шалтгааны нэгт тооцогдоно. Netflix Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосноор 700 мянган төлбөр төлдөг хэрэглэгчээ алдсан. Мөн тэд хэрэглэгчид нууц үгээ хуваалцаж, дундаа үйлчилгээ авдаг явдалтай тэмцэхээ зарлаж, эхний арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхэлсэн нь ч өсөлтөд нөлөөлсөн нь гарцаагүй. Зарим тооцоогоор дэлхий даяар 100 сая аккоунт "дундын өмч" байдлаар ашиглагддаг гэнэ. Энэ бол тэдний нийт 222 сая хэрэглэгчдийн бараг тал нь гэсэн үг. Үүнээс гадна Disney+, Apple TV+ зэрэг өрсөлдөгчдийн бүтээж буй контент ч хэрэглэгчдийг "урвах" шалтгаан болж буй. Үүний эсрэг Netflix зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 50 тэрбум долларыг шинэ контент хөгжүүлэлтэд зарцуулж тэмцэж байгаа билээ.
Одоо яах вэ?
Цар тахлын үеэр эрс хэрэглээ нь нэмэгдэж, түүнтэй зэрэгцэн үнийн хөөсрөлт үүссэн нь намдаж байгаа хэрэг хэмээн зарим шинжээчид үзэж байгааг онцолъё. Үүнээс гадна тэдний борлуулалтын орлого өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10%-аар өсөж, 7.87 тэрбум долларт хүрснийг тэд тайлагнажээ. Тэрчлэн Netflix орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор тоглоомын бизнест хөл тавьж, хит цувралууд дээрээ түшиглэн мерч дэлгүүр, дагалдах бүтээгдэхүүний сүлжээг үүсгэхээр зэхэж байгаа билээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Р.Хастингс тайлангийн дараа илүү хямд үнэтэй ч зар сурталчилгаатай ангиллыг үүсгэхэд бэлэн байгаагаа мөн мэдэгдсэн билээ.
2 чухал тоо
37.000.000.000 - Европын Холбоо дайн эхэлснээс хойш 37 тэрбум еврог ОХУ-аас эрчим хүч худалдан авахад зарцуулсан гэнэ. Үүний дийлэнх хэсгийг Герман улс худалдан авч байгаад Украин улс дургүйцлээ илэрхийлсээр буй. Гэсэн ч шууд харилцаагаа таслах нь 400 мянган ажлын байрыг үгүй болгох, 190 тэрбум долларын өртөгтэй хямралд хөтөлнө хэмээн Германы тал үзэж буй. Үүнээс өмнө Литва, Эстони тэргүүтэй улсууд Оросоос худалдан авалтаа зогсоогоод байгаа ч Европын Холбооны 27 орон эрчим хүчний хоригийг шууд хүлээн авах боломжгүй байгаагаа мэдэгдээд байгаа юм.
1 - Нээлтээ хийгээд дөнгөж нэг сарын хугацаа өнгөрч байсан мэдээний стриминг платформ "CNN+" энэ сарын сүүлээр хаагдах болсон байна. 6 долларын сарын төлбөртэй уг үйлчилгээг одоогийн байдлаар 150 мянга орчим хэрэглэгч ашиглаж байсан нь CNN-ийн толгой компани болох Warner Bros. Discovery-д хангалттай байсангүй. Тэд уг платформд аль хэдийн 300 сая доллар зарцуулаад байсан гэнэ.

3 онцлох өгүүлбэр
I. Snap-ийн өсөлт шинжээчдийг гайхашруулав.
- Snapchat-ийг өдөрт дор хаяж нэг удаа ашиглаж буй хэрэглэгчдийн тоо 18%-аар өсөж, 332 саяд хүрлээ. Энэ бол Facebook, Twitter-ээс хурдтай өсөж байна гэсэн үг.
- Тэд 13-24 насны хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай сошиал апп-д тооцогдсоор байгаа. АНУ, Их Британи, Нидерландад л гэхэд уг насны сегментийн хэрэглэгчдийн 90% нь Snapchat-ийг үндсэн харилцааны апп-аа болгон ашигладаг гэнэ. Энэ нь топ брэндүүдийн хувьд зар сурталчилгаа байршуулах гол хөшүүрэг нь болно хэмээн тэд найдаж байна.
- Гэхдээ Украинд үүсээд буй нөхцөл байдал, Apple-ийн хэрэглэгчийн нууцлалын бодлогын шинэчлэлтэй холбоотой тэдний орлого таамагласан хэмжээнд хүрээгүй. Өнгөрсөн улиралд тэдний борлуулалтын орлого 38%-аар нэмэгдэж, 1.06 тэрбум доллар болжээ. Саяхан AR технологид суурилсан онлайн дэлгүүрийн шинэ боломжийг нээсэн Snap ирэх долоо хоногт шинэ нэмэлтүүдээ танилцуулдаг Snap Partners Summit-аа зохион байгуулах юм.
II. Голден Стэйт Уарриорс энтертэйнмент нэгжтэй боллоо.
- NBA-ийн хамгийн үнэ цэнтэй клубүүдийн нэгт тооцогддог тэд "Golden State Entertainment"-ийг үүсгэн байгуулж, хөгжим, видео, эвентийн зах зээлд өрсөлдөнө гэнэ. Тэд клубтэй холбоотой контентийг стриминг платформуудтай хамтран бүтээж, брэндээ дэлхийн хэмжээнд таниулах, фенүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллах аж.
- Тэд хамгийн эхэнд K-Pop-ийн од BamBam-ийг эгнээндээ нэгтгэж, шинэ уран бүтээл дээр нь хамтран ажиллажээ. Тус багийн эзэн Ж.Лакоб өнгөрсөн жилийн Майкл Жорданы түүхийг өгүүлсэн "The Last Dance"-ийн амжилт тэдэнд урам өгч, шинэ бизнес эхлүүлэх сэдэл болсныг нуусангүй.
- Хамгийн сүүлд 2018 онд лигийн аваргаар тодорсон Голден Стэйтийн зах зээлийн үнэлгээ 5.6 тэрбум доллараар хэмжигдэж байгаа. Энэ нь NBA-д зөвхөн Нью Йорк Никсийн ард л бичигдэх үзүүлэлт билээ.
III. Одон орончид Тэнгэрийн ван гарагийг судлахыг хүсэж байна.
- Америкийн хамгийн нөлөө бүхий эрдэмтэд дараагийн арван жилд Тэнгэрийн ван гарагт анхаарлаа хандуулж, шинэ судалгааны төсөл эхлүүлэхийг зөвлөлөө. Өмнө нь хүн төрөлхтөн 1986 онд ганц удаа л Voyager-2 хөлгийг хажуугаар нь өнгөрөхөд л тус гарагтай танилцаж байв.
- Тэд нарны аймгийн гаднаас олдож буй ижил төстэй бүтэц, хэмжээ, агаар мандлын онцлог бүхий гарагуудыг ойлгоход уг төсөл онцгой нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Одон орончдын тооцоогоор NASA 2032 он гэхэд уг гараг дээр газардах бүрэн боломжтой аж.
- Америкийн шинжлэх ухааны академи сансар судлалын хамгийн чухал асуудалд хувь нэмрээ оруулж чадах төслийн талаар судалгааг арван жил тутам хийдэг. "Арваны асуулга" нэрээрээ алдартай уг судалгааны өмнөх тайлан 2011 онд гарч байсан удаатай. Тухайн үед хамгийн гол зөвлөмж нь Ангараг гараг луу судалгааны хөлөг илгээх тухай байсан нь "Perseverance" төсөл болон биеллээ олоод буй. Харин нөгөөх нь Бархасбадь гараг болон түүний дагуул Европаг судлах тухай зөвлөмж байсан бөгөөд NASA 2024 онд "Europa Clipper" хөлгийг илгээхээр зэхэж байгаа билээ.
The @warriors have launched Golden State Entertainment, and has the following in the works: ???? Produce original doc… https://t.co/rkYR95TiLU
Mon Apr 18 20:56:57 +0000 2022
4 мэдүүштэй зүйл
Рекорд тогтоогч: GM-ийн үүсгэн байгуулсан, цахилгаан хөдөлгүүрт тээврийн машин хөгжүүлэгч BrightDrop Гиннесийн рекорд тогтоосноо зарлалаа. Тэд FedEX-тэй хамтран нэг цэнэглэлтээр 468 км замыг туулсан нь бага оврын автобусны ангилалд дээд амжилт болсон байна. Уг аяллын үеэр BrightDrop 1000 кг орчим ачааг тээвэрлэж байсан нь мөн онцлохуйц байлаа.
Анхны лиценз: Жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Pony.ai компани Хятад улсад анх удаа таксины үйлчилгээ үзүүлэх лиценз авснаа зарлалаа. Гуанжоу мужид олгогдсон уг лицензийн төлөө тэд 24 сарын турш төрөл бүрийн туршилтын ард гарсан гэнэ. Toyota-ийн хөрөнгө оруулсан уг стартап хамгийн сүүлд 8.6 тэрбум доллараар үнэлэгдээд байгаа билээ.
Шинэ өрсөлдөгч: Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг Coinbase NFT зах зээл рүү нэвтэрч байгаагаа зарлалаа. Тэдний NFT платформ зөвхөн арилжааны платформын үүрэг гүйцэтгэхээс гадна хэрэглэгчид хоорондоо харилцаж, мэдээлэл солилцох сошиал сүлжээний шинжийг агуулсан гэдгээрээ ялгарах аж.
Ачаа тээвэрлэгч: Сансрын технологи хөгжүүлэгч Astrobotic сар луу ачаа тээвэрлэх газардагч төхөөрөмжөө танилцууллаа. 1.8 метр өндөртэй, жижиг хөргөгчний хэмжээтэй уг төхөөрөмж эхний нислэгээрээ судалгааны зориулалттай нийт 24 төрлийн ачааг тээвэрлэхээр зэхэж байгаа юм. Тэд 3 жилийн өмнө NASA-аас 77 сая долларын санхүүжилт авсан билээ.

5 сонин хачин
1. Universal-ийн энэ жил гол найдлагаа тавьж буй анимэйшн "The Bad Guys" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 62 сая долларын орлого цуглууллаа. Гэр бүлд зориулсан шинэ франчайзын эхлэл болж буй тус бүтээл "Fantastic Beasts 3", "Sonic The Hedgehog 2"-ийг ардаа хийн, бокс оффисыг тэргүүлсэн нь энэ юм.
2. Twitter хэрэглэгчдэд статусаа бичиж, хуваалцах үйлдлийг нэмэхээр туршиж байна. "Vibe" гэсэн нэрийн дор хөгжүүлэгдэж байгаа уг нэмэлт нь хэрэглэгчдэд өдөр тутмын амьдрал, төвлөрч буй зүйлсээ тусдаа жиргээ бичихгүйгээр мэдэгдэх боломжийг олгож, амьд харилцааг өдөөнө хэмээн тэд найдаж байна.
Twitter is working on “Set a status” in Tweet Composer, codenamed “Vibe” You can think of it as something similar… https://t.co/sQMSB0leyM
Fri Apr 22 02:50:16 +0000 2022
3. Илон Маскийн үүсгэн байгуулсан "The Boring Company" 675 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаа зарлалаа. Туннель ухаж, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилготой уг компани ингэснээр 5.6 тэрбум долларын үнэлгээтэй болж буй юм.
The Boring Company just raised $675M at a $5.675B valuation from A-list investors. Purpose is to recruit amazing pe… https://t.co/snOMCcLADv
Thu Apr 21 01:16:32 +0000 2022
4. Telegram хэрэглэгчид мэдэгдэл хүлээж авахдаа өөрийн хүссэн аяыг ашиглах боломжтой болсныг зарлалаа. Одоогоор тэд хамгийн ихдээ 300 кб-ын хэмжээтэй, 5 секундээс богино файлыг зөвшөөрч байгаа гэнэ.

5. Тайванд төвтэй Asus үндсэн логогоо шинэчлэхтэй зэрэгцэн хамгийн алдартай Zenbook лаптопын шинэ загвараа танилцууллаа. 13 инчийн OLED дэлгэцтэй, AMD-ийн чипээр тоноглогдсон уг лаптоп нийт дөрвөн өнгийн сонголттойгоор борлуулагдах ажээ.

10 уншууртай мэдээ
Хэрэглэх: Танилц, Pixel Watch /9to5/
Үзэх: Ангараг гарагаас сар хиртэхийг ажиглах нь /NASA/
Тоглох: Meta Quest-ийн танилцуулсан VR тоглоомууд /The Verge/
Тооцох: "House of Dragon"-ийн нэг анги 20 саяын өртөгтэй /Variety/
Хүлээх: Челсиг хэн эзэмших вэ? /SkySports/
Баярлах: Риогийн карнавал эхэллээ /BBC/
Турших: Дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүр эргэн ажиллаж эхлэв /CNN/
Сонсох: Обама Spotify-г орхилоо /Bloomberg/

Сэтгэгдэл бичих

