1 гол сэдэв

App Store-ийн оны шилдэг апп-ууд

Apple нийт 16 апп-ыг 2022 оны шилдэг хэмээн тодорхойлсон юм. 2022 оны iPhone-ийн шилдэг апп-аар GenZ-ийнхэн дунд ихэд алдаршсан сошиал сүлжээ BeReal тодров. Харин iPad-ийн шилдэг апп-аар GoodNotes 5, Mac-ийн шилдэг апп-аар MacFamilyTree тус тус нэрлэгджээ. Харин iPhone-ийн шилдэг тоглоомоор EA-ийн Apex Legends, iPad-ийн шилдэг тоглоомоор Moncage тус тус тодорсон байна.

Дэлгэрэнгүй


Google Play-ийн оны шилдэг апп-ууд

Google-ийн шилдэг апп-аар AI суурьтай арт апп Dream by WOMBO нэрлэгдэв. Андройд хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгыг харин BeReal тэргүүлжээ. Шилдэг тоглоомын шагналыг Apex Legends хүртэж, давхар цохилт хийв. Мөн хувь хүний хөгжлийн шилдэг апп-аар Breathwrk-ийг, өдөр тутмын шилдэг апп-аар Plant Parent-ийг, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд туслах шилдэг апп-аар PetStar тус тус тодорчээ.

Дэлгэрэнгүй


Apple Design Award-ийн шилдгүүд

Apple жил бүр технологи, инновац болон дизайны шийдлээрээ ялгарсан шилдэг апп-уудыг алдаршуулдаг уламжлалтай. Инновацын ангилалд Marvel Future Revolution, Odio нар шилдгээр нэрлэгдсэн бол график, визуалын ангилалд Halide Mark, Lego Star Wars апп-ууд онцлогдов. Тэд нийгэмд үзүүлсэн нөлөө, оролцоог хангасан байдал зэрэг нийт 5 ангилалд шилдэг апп-уудыг тодорхойлжээ.

Дэлгэрэнгүй

2 чухал тоо

30 - The Lonely Planet сэтгүүл 1972 оноос хойш танилцуулж буй оны онцлох аяллын жагсаалтаа ил болголоо. 2023 оны жагсаалтад Бутан, Замбиа, Колумб зэрэг улсууд аялахад тохиромжтой хэмээн багтсан бол Италийн Умбриа, Японы Фукоука, Перугийн Лима хотуудын хоолыг амтлахуйц хэмээн тодотгожээ. Нийт 30 маршрутыг тэд санал болгосон байна.

100 - АНУ хүйтэн дайны үеэс хойш анхны бөмбөгдөгч онгоцоо танилцууллаа. АНУ-Хятадын харилцаа хөндийрч, ОХУ-Украины дайн үргэлжилсээр байгаа энэ үед шинэ загвараа танилцуулсан нь стратегийн алхам боллоо хэмээн шинжээчид үзэж байна. Northrop Grumman-ийн сүүлийн арван жилд хөгжүүлсэн B-21 Raider нь зөвхөн цөмийн зэвсгээс гадна бусад төрлийн бөмбөгийг нисгэгчгүйгээр тээвэрлэх чадалтай. Эхний ээлжинд тэд 100 онгоц захиалахад 750 сая доллар зарцуулна гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Neuralink 6 сарын дараа хүн дээр туршилт хийнэ

- И.Маскийн үүсгэн байгуулсан тархи-компьютерийг холбох зорилготой Neuralink-ийн эвент явагдлаа. Энэ үеэрээ тэд анхны бичил төхөөрөмжөө хүнд суулгах туршилтыг ирэх 6 сарын дотор хийнэ хэмээн мэдэгдэв.

- Тэд хамгийн анх хүн дээр туршилт хийх хүсэлтээ 2020 онд гаргаж байсан ч өдийг хүртэл технологийн хувьд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байсаар ирсэн. И.Маскийн хувьд харин одоогийн хөгжүүлэлтдээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж, өөрөө ч клиник туршилтад оролцох бодолтой байгаагаа нуусангүй.

- Эвентийн үеэр Neuralink туршилтад хамрагдсан сармагчин дэлгэц дээр үг бичиж үзүүлсэн нь анхаарал татав. Өнгөрсөн жил тэд сармагчин понг тоглож байгаа бичлэгийг хуваалцаж байсан билээ. Тэд робот системийн тусламжтайгаар 15 минутын дотор 64 бичил төхөөрөмж суулгах төлөвлөгөөтэй байгаа юм.


II. Amazon DC Comics-ийн анимэйшн төсөл дээр хамтарна

- Энэ тухай Warner Bros. Television Studios-ийн захирал Ч.Данги мэдэгдсэн юм. Тэрээр DC Comics-ийн дүрүүд дээр суурилсан шинэ цувралууд нь зөвхөн HBO Max-аас гадна Amazon Prime дээр мөн байрлах төлөвлөгөөтэй байгааг ил болгожээ.

- Мөн тэрээр Харри Поттерын ертөнц дээр үндэслэсэн шинэ цувралууд гарах магадлал өндөр байгааг дурдсан байна. Тэрээр одоо ч нэр хүнд нь өндөр хэвээр байгаа ид шидтэнүүдийн ертөнцийг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа хэмээн мэдэгджээ.

- Энэ бол Warner Bros.Discovery-ийн шинэ гүйцэтгэх захирал Д.Заславын цаашдын алсын харааг илэрхийлж байгаа чухал мэдэгдэл юм. Тэрээр өөрсдийн эзэмшиж буй брэнд, оюуны өмч, дүрүүдээ бусад тоглогчидтой хамтран илүү өргөжүүлэхүйц шинэ түншлэлүүдийг үүсгэх зорилготой байгаа билээ.


III. Earthshot Prize-ийн ялагчид тодорлоо

- Их Британийн ханхүү Уильямын санаачилсан уг шагнал нь эх дэлхийгээ аврах үйлсэд онцгой хувь нэмэр оруулах боломжтой инновацын төслүүдэд олгогддог. Энэ жилийн хувьд Кени, Энэтхэг, Австрали, Англи болон Оманд хэрэгжиж буй нийт 5 төсөлд тус бүр 1.2 сая долларын тэтгэлгийг хүртээжээ.

- Өнгөрсөн жил хамгийн анх олгогдсон уг шагнал нь 2030 он хүртэл олгогдох төлөвлөгөөтэй. 60-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Кеннедигийн саран дээр хүн буулгах “Moonshot” төсөл бүтэн үеийг урам зоригоор тэтгэсэнтэй ижил энэ шагнал өөрөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд нөлөөлөх амбицыг агуулж буй.

- Нээлттэй явагдсан шалгаруулалтын шүүгчээр Сир Д.Аттенборо, жүжигчин К.Бланчет, хөлбөмбөгч Д.Альвес, дуучин Шакира зэрэг алдартнууд оролцсон байна.

4 мэдүүштэй зүйл

Ухаалаг трактор: Monarch Tractor анхны цахилгаан хөдөлгүүрт, ухаалаг тракторыг худалдаанд гаргалаа. Калифорниад төвтэй уг стартап NVIDIA-ийн AI чип болон 6 төрлийн мэдрэгчтэй камерийг ашиглаж хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарт зарим үйлдлийг хүний туслалцаагүйгээр гүйцэтгэх чадвартай гэнэ.

Харилцдаг бот: OpenAI харилцан яриа өрнүүлэх чадвартай ChatGPT нэртэй хиймэл оюуныг танилцууллаа. Уг AI нь одоогоор ТВ-ийн цуврал киноны зохиол бичиж, нарийн шинжлэх ухааны ойлголтыг энгийнээр тайлбарлах чадалтай. Төслийн эхэн үед AI-ийн үүсгэж буй зарим хариулт, харилцан ярианы хувилбаруудыг хүмүүс үнэлэх замаар машин сургалтыг гүйцэтгэсэн гэнэ.

Эрт илрүүлэгч: Google хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх хиймэл оюуны технологио 2024 он гэхэд нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд тэд эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч iCAD-тай хамтран ажиллах болжээ. 2020 онд анх зарлаж байсан уг AI-ийг тэд хөхний хорт хавдрын эрсдлийг тодорхойлох, эрт илрүүлэх үйл явцад онцгой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өтний нүх: CalTec-ийн эрдэмтэд квант компьютер ашиглан маш өчүүхэн хэмжээтэй өтний нүх үүсгэх симуляц туршилтыг гүйцэтгэжээ. Nature сэтгүүл дээр хэвлэгдсэн тайлан цаашид шинжлэх ухааны хөгжилд онцгой нөлөө үзүүлэх боломжтойг шинжээчид тэмдэглэж байна.

5 сонин хачин

1. "Black Panther: Wakanda Forever" 4 дэх долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлж, нийт орлого нь 733 саяд хүрлээ. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн кинонуудаас "Violent Night" хамгийн өндөр амжилтыг үзүүлж, 72 улсад нээлтээ хийн нийт 20 сая долларын орлого цуглуулжээ.

2. Pantone Color Institute 1968 оноос хойш зарлаж буй оны онцлох өнгөө зарлалаа. 2023 оныг тодорхойлох өнгө болох Viva Magenta нь технологийн эрин үед байгалийн илэрхийлж чадах хамгийн хурц бөгөөд тод өнгийг төлөөлнө хэмээн тэд онцолжээ.

3. Huawei ухаалаг цаг болон утасгүй чихэвчийг хослуулсан шинэ төхөөрөмжөө танилцууллаа. Huawei Watch Buds нэртэй уг төхөөрөмж нь гаднаасаа Watch 3-тай төстэй загвартай ч дэлгэц нь нээгдэж, дотроос нь чихэвчээ авч ашиглах концепцтойгоор бүтээгджээ.

4. Tesla 2017 онд анх зарлаж байсан цахилгаан хөдөлгүүрт ачааны машинаа зах зээлд нэвтрүүллээ. Цар тахал, технологи болон бусад асуудлын улмаас үйлдвэрлэлээс 3 жилээр хоцорч гарсан эхний 100 машиныг PepsiCo захиалаад байсан юм. 100 км/цаг хурдад 20 секундэд хүрэх чадалтай уг тэрэг нэг цэнэглэлтээр 800 км зайг туулах чадалтай гэнэ.

5. Mozilla веб суурьтай метаверс хөгжүүлэгч Active Replica-г худалдаж авлаа. 2020 онд байгуулагдсан тус компанийн технологийн тусламжтайгаар тэд өөрсдийн экосистемд виртуал эвент, уулзалт зохиох үйлдлийг нэмэх зорилготой байгаа гэнэ.