1 гол сэдэв
Юу болов?
Nvidia 5 их наядын үнэлгээтэй боллоо. Энэ бол тус компанийн зах зээлийн үнэлгээ Герман, Японы эдийн засгаас өндөр үнэлгээтэй боллоо гэсэн үг. Тэдний өмнө зөвхөн АНУ, БНХАУ л бичигдэж байгаа юм. Nvidia-аас өмнө ямар ч компани 5 их наядын үнэлгээтэй болж байсангүй.
Юу нөлөөлөв?
Тэд Вашингтон хотноо Nvidia GTC нэртэй арга хэмжээг зохион байгуулж, шинэ хамтрал, түншлэлүүдээ зарлалаа. Эдгээрээс хамгийн онцлох нь тэд ирэх жилүүдэд 6G технологийг эзэмших зорилгоор Nokia-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болсон нь байлаа. Нэгэн үе гар утасны зах зээлд ноёлж байсан Nokia өдгөө харилцаа холбооны хамгийн чухал патентуудыг эзэмшигч, дэд бүтцийн компани болоод байгаа билээ. Энэ мэдээний дараагаар Финляндад төвтэй тус компанийн хувьцааны ханш 22%-аар нэмэгдэв.
Өөр яав?
- Uber-тэй хамтран 100 мянган робот такси үйлдвэрлэнэ
- АНУ-ын эрчим хүчний яамтай хамтран 7 шинэ супер компьютер бүтээнэ
- 500 тэрбум доллартай тэнцэх чип нийлүүлэх шинэ гэрээг байгуулсан
- Eli Lily-тэй хамтран шинэ эм бүтээх зорилготой AI үйлдвэр байгуулна
- Palantir-тай хамтран ахисан түвшний, салбар хоорондын дата аналитикийн платформ хөгжүүлнэ
2 чухал тоо
4.000.000.000.000 - Apple-ийн үнэлгээ 4 их наядыг давлаа. Өмнө нь тус компани ийм амжилт үзүүлж байгаагүй. Үүний гол шалтгаан нь өнгөрсөн сард танилцуулсан iPhone 17 утасны борлуулалт таамагласнаас өндөр байгаа нь юм. Ялангуяа зах зээлд шинээр гаргасан хамгийн нимгэн гэх тодотголтой iPhone Air-ийн үнэлгээ их өндөр буй. Тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 3 сард л гэхэд 20%-аар нэмэгдээд байна.
3 - Топ технологийн компаниудын 3-р улирлын тайлангууд зарлагдлаа. Meta-ийн хэрэглэгчдийн тоо 3.54 тэрбумд хүрсэн бол Microsoft-ийн клоуд бизнесийн орлого 40%-аар нэмэгдэв. Харин Roblox-ийн дэд бүтцийн зардал нэмэгдэж, хувьцааны ханш 16%-аар унав . Аmazon-ийн борлуулалт 13%-аар нэмэгдэж, 180 тэрбумд хүрч, Alphabet анх удаа 100 тэрбумын борлуулалттай ажиллажээ
3 онцлох өгүүлбэр
I. OpenAI ашгийн төлөөх компани боллоо
- Хамгийн анх хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашгийн бус зорилгоор хиймэл оюун бүтээх зорилготой байгуулагдаж байсан OpenAI бүтцийн шинэчлэлээ хийж дуусчээ. Шинэ компанийн албан ёсны нэр нь “OpenAI Group PBC” болсон байна. Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “OpenAI Foundation” нэртэй ашгийн бус нэгж нь байх гэнэ. Мөн 47%-ийг нь ажилчид болон одоогийн хөрөнгө оруулагчид эзэмшинэ.
- Энэ хэлцлээс хамгийн том ялагч нь Microsoft болж байна. Тэд шинэ компанийн 27%-ийг эзэмшинэ гэнэ. Уг дүн нь одоогийн үнэлгээгээр 135 тэрбум доллартай тэнцүү байгаа. Мөн ирэх 5 жилд OpenAI 250 тэрбум долларын клоуд гэрээг Microsoft Azure-тэй үзэглэжээ.
- Хамгийн сонирхолтой нь, OpenAI супер хиймэл оюун буюу AGI-ийг хөгжүүллээ хэмээн зарласан тохиолдолд хараат бус, хөндлөнгийн шинжээчид баталгаажуулах заалт дүрмэнд багтсан байна. Microsoft-ийн хувьд OpenAI-аас гадна бусад компаниудтай AI хөгжүүлэхэд хамтарч ажиллахад нээлттэй бол OpenAI-ийн хувьд гуравдагч компаниудтай AI-д суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэхэд нээлттэй хэмээн заажээ.
II. Neo нэртэй робот туслахыг танилцууллаа
- Норвеги инженерүүдийн байгуулсан 1X нэртэй роботын технологийн компани анхны бүтээгдэхүүнээрээ шуугиулж байна. Тэд 2014 оноос хойш 120 сая доллар зарцуулан хөгжүүлсэн Neo нэртэй хүн дүрст роботоо танилцууллаа. Neo бол гэр ахуйн ажилд туслах зориулалттай робот. 1.6 метр өндөртэй уг робот 25 кг ачааг зөөх чадалтай бөгөөд аяга, таваг угаах, цэцэг услах гэх мэт энгийн үйлдлийг хийх чадвартай. Мөн хүний асуусан асуултад хариулж, харилцан ярилцах боломжтой гэнэ.
- Харин тоос соруулах, ариун цэврийн өрөө цэвэрлэх зэрэг нарийн үйлдлүүдтэй ажил хийнэ гэвэл 1X-ийн оффисоос VR төхөөрөмжтэй ажилчид роботыг удирдан сургаж ажиллуулах гэнэ. Энэ нь тухайн айлын хувийн аюулгүй байдалтай шууд холбогдож, зарим хүмүүсийн эргэлзээг төрүүлж байгаа нь санамсаргүй хэрэг биш.
- Уг робот 20 мянган долларын үнэтэй. Эсвэл сарын 499 доллараар түрээслэн авах боломжтой гэнэ. Neo нэг цэнэглэлтээрээ 4 цаг үүрэг гүйцэтгэх чадвартай аж. Ташрамд дурдахад, энэ мэдээний дараагаар 1X компани масс үйлдвэрлэл эхлүүлэх зорилгоор 1 тэрбум доллар босгож байгаагаа зарлажээ.
III. AOL шинэ эзэнтэй боллоо
- Интернетийн эхэн үеийн хамгийн алдартай веб платформуудын нэг AOL 1.5 тэрбум долларын үнэд хүрчээ. 30 сая хэрэглэгчтэй гэгдэх AOL-ийг Италид төвтэй Bending Spoons худалдан авсан байна.
- AOL-ийн хувьд 2001 онд Time Warner-тай нэгдэж, 350 тэрбум долларын үнэлгээтэй түүхэн дэх хамгийн аварга нэгдлийг үүсгэж байсан удаатай. Гэвч үүний дараагаас AOL хайлт, веб хөтөч, мессенжерийн зах зээл дэх байр сууриа ээлж дараалан алдах болсон. Улмаар 2015 онд Verizon AOL-ийг 4.4 тэрбумаар худалдан авч, Yahoo-тэй нэгтгэн аль аль брэндийг сэргээх гэж оролдсон нь төдийлэн амжилттай болоогүй. Үүний дараагаар 2021 онд Apollo Global Management Yahoo-г AOL-ийн хамтаар 5 тэрбум доллараар худалдаж аваад байсан юм.
- Bending Spoons-ийн хувьд Vimeo, WeTransfer, Evernote зэрэг топ апп-уудыг үнэ цохин эгнээндээ нэгтгэж байсан, холдинг компанийн бүтцээр ажилладаг технологийн компани билээ.
4 мэдүүштэй зүйл
Тамхигүй улс: Мальдив улс 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш мэндэлсэн бүх иргэддээ тамхийг бүрэн хориглож эхэллээ. Ингэснээр Мальдив ард иргэдээ нэг үеэс нь эхлэн тамхинаас салгах зорилго дэвшүүлж буй анхны улс болж байна. Хоригт бүх төрлийн тамхи, түүн дотор электрон тамхи багтана гэв. Тэд электрон тамхийг улс орон даяар хориглож, биедээ авч явбал 300 долларын торгууль оногдуулах шийдвэрийг мөн гаргаад удаагүй байгаа юм. Мөн аялал зугаалгын алдартай бүс нутагт тооцогдох тус улсад зочилж буй жуулчдад ч хориг үйлчлэх аж.
Цолгүй ханхүү: Их Британийн хаан Чарльз өөрийн төрсөн дүү Эндрьюгийн бүх цол, хэргэмийг хурааж, оршин сууж байсан Виндсорын ордноос нүүх болжээ. Тэрээр бэлгийн хүчирхийлэгч Ж.Эпштэйнтэй ойрын харилцаатай байсан нь удаа дараа батлагдаж, улмаар хааны гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон нь уг шийдвэрийн үндэс болов. Өдгөө 65 настай Эндрью цаашид Эндрью Маунтбаттен-Виндсор нэрээр оршин суух ажээ.
Аварга түншлэл: БНСУ-ын засгийн газар Nvidia, Samsung, Hyundai зэрэг томоохон компаниудтай шинэ түншлэл үүсгэж, Өмнөд Солонгосыг бүс нутгийн болон дэлхийн AI-ийн топ төв, дэд бүтцийн платформ болгох амбицаа ил болголоо. Энэ хүрээнд Nvidia нийт 260 мянган GPU-г тус улсад нийлүүлж, төрөл бүрийн төслүүд хэрэгжүүлэх болжээ.
Шуурхай аялал: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп зургаан хоногийн турш Азиар айлчилж, бүс нутгийн гол лидерүүдтэй уулзан, олон шинэ хэлэлцээр, түншлэлийг зарлалаа. Тэрээр БНХАУ-ын удирдагч Ши Жинпинтэй уулзаж, хоёр талын бие биедээ тавьсан худалдааны хоригийг эцэслэх тохиролцоонд хүрлээ. Үүнд, Хятадын талаас тавьсан газрын ховор элементийн экспортын хориг АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгчид тавьсан хязгаарлалтууд багтжээ. Японд түүнийг эзэн хаан Нарухито өөрийн биеэр угтан авч, шинэ ерөнхий сайд Такаичи Санаэтэй хэлэлцээр хийв. Энэ хүрээнд Японы тал АНУ-д 550 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүч, батлан хамгаалах, дэвшилтэт технологийн салбарт шинэ түншлэлүүдийг зарлалаа. Мөн тэрээр БНСУ-д айлчилж, АСЕАН, АПЕК-ын хурлуудад оролцжээ.
5 сонин хачин
1. Албанийн AI сайд бие давхар болсон гэв. Албанийн засгийн газар хиймэл оюуны хэрэглээг түвшин ахиулж, худалдан авалт, тендерийн асуудлыг хариуцах AI сайдтай болоод удаагүй буй. Тэгвэл тус улсын ерөнхий сайд Эди Рама Диелла нэртэй AI сайд удахгүй амаржиж, 83 “хүүхэд”-тэй болно гэдгийг зарлалаа. Ингэснээр тус улсын парламентын бүх гишүүд хувийн AI туслахтай болох бөгөөд чуулганы хуралдааны тэмдэглэл хөтөлж, хуулийн төсөл дээр ажиллан, асуулт хариултад бэлтгэхэд туслах үүрэг гүйцэтгэнэ гэнэ.
2. Египтэд 1.2 тэрбум долларын музей нээгджээ. Тус улс энэхүү төслийг хамгийн анх 1992 онд зарлаж, 2005 оноос хойш барьж эхэлсэн. Домогт Гизагийн пирамидтай залгаа байрлах уг музейд эртний Египтийн соёл иргэншлийн түүхийг илтгэх хамгийн ховор, нандин гэгдэх 100 мянга гаруй үзвэр байрлах ажээ. Хэмжээний хувьд 80 ширхэг хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэнэ гэнэ. Египт 2032 он гэхэд хүлээж авч буй жуулчдын тоогоо 2 дахин нэмэгдүүлж, 30 саяд хүргэх амбицтай байгаа билээ.
3. Америкийн телевизийн салбарын хамгийн амжилттай кино бүтээгчдийн нэг Тэйлор Шеридан NBCUniversal-тай 1 тэрбум долларын гэрээ байгууллаа. Тэрээр 2026 оноос эхлэн нийт 20 кино, тв цуврал бүтээх ажээ. Т.Шериданийн хувьд зөвхөн “Yellowstone” цувралаараа 2.9 тэрбум долларын орлогыг Paramount-д авчирсан гэдэг. Мөн Landman, Tulsa King, Mayor of Kingstown зэрэг хит цувралуудыг ээлж дараалан бүтээсэн нэгэн юм. Skydance-тай нэгдэж, Stranger Things, South Park-ийн бүтээгчдийг эгнээндээ нэгтгэн ихэд амбицтай буй Paramount гол одоо алдсан нь энтертэйнмент салбарын онцлох мэдээ байлаа.
4. И.Маскийн AI-ийн тусламжтайгаар Wikipedia-ийн алтернатив платформыг эхлүүлжээ. Хүн төрөлхтний онлайн нэвтэрхий толь болсон Wikipedia одоогоор 7 сая гаруй сэдэвтэй бөгөөд сая сая сайн дурын модератор, бичээчид оролцон хөгжүүлдэг билээ. Чухам энэ нь Wikipedia-г хэт либералчлагдаж, зарим сэдвүүд дээр нэг талыг барьсан өнцгүүд орох шалтгаан болж байгааг И.Маск удаа дараа шүүмжилсээр ирсэн. Тэгвэл Grokpedia-ийн хувьд xAI-ийн Grok чатботыг суурь болгон ашиглаж хэрэглэгчдийн хайсан агуулгыг автоматаар сэдэв болгон үүсгэх зорилгоор ажиллана. Одоогоор тус үйлчилгээ хэдийнээ 1 сая гаруй нийтлэлтэй болоод амжжээ.

5. Хятад хамгийн залуу нисгэгчийг сансарт илгээлээ. БНХАУ-ын “Шэнжоу 21” сансрын хөлөг баасан гарагт эх дэлхийгээс хөөрч, тус улсын шинээр байгуулж буй “Тяньгүн” сансрын станцыг зорилоо. Нийт 3 сансрын нисгэгчтэй тус баг станцад 6 сарын турш ажиллах юм. Уг багийн бүрэлдэхүүнд 32 настай У Фэй хэмээх эр багтсан нь түүхэн дэх сансарт ниссэн хамгийн залуу сансрын нисгэгч болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

