1 чухал тоо
Юу болов?
Британийн рок урсгалын хамгийн тод төлөөллийн нэг Oasis 15 жилийн дараа эргэн ирж байгаагааа зарлалаа. 1991 онд Манчестерт байгуулагдсан тус хамтлаг 90-ээд онд оргил амжилтаа үзүүлж, "Wonderwall", "Don't Look Back in Anger", "Champagne Supernova" зэрэг хитээрээ бүтэн үеийг тодорхойлсон хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг юм. Oasis-ийн нүүр царай болсон ах дүү Галлахерийн хоорондын сөрөг харилцаа, үл ойлголцол 2009 онд даамжирсаар эцсийн цэгтээ хүрэн хамтлаг тарж, бүр бие биенээ шүүхэд өгч, сошиал орчинд элдэв үгс хаялцсаар өдийг хүрээд байсан юм. Сонирхуулахад, тэдний нийт 8 цомог нь Их Британийн чартыг тэргүүлэн, өдийг хүртэл 75 сая ширхэг цомог борлуулснаараа бүх цаг үеийн хамгийн амжилттай хамтлагуудын нэгт тооцоггддог билээ.
Одоо яах вэ?
Тэд эхний ээлжинд 2025 оны долдугаар сараас эхлэн Их Британи, Ирланд даяар 14 тоглолт хийх хуваариа зарлажээ. Энэ аялан тоглолт ашиг орлогоороо түүхэн дээд үзүүлэлт эвдэх боломжтой гэдгийг шинжээчид онцолж байна. Бирмингемийн их сургуулийн судлаачдын тооцоолсноор хамтлаг нийт 400 гаруй сая фунтийн борлуулалт хийх гэнэ. Хэрвээ хамтлаг тоглох улсын тоогоо нэмж, аяллаа үргэлжлүүлбэл энэ тоо бүр ч нэмэгдэнэ гэдгийг онцолжээ. Судлаачид Oasis-ийн нэр хүнд 2019 оны Spice Girls-ийн 60 сая фунт, 2011 оны Take That-ийн 140 сая фунтийн орлогын амжилтыг хөнгөхөн давна гэдэгт итгэлтэй байгаа нь энэ.
Фенүүд хэрхэн хүлээж авч байна вэ?
Oasis-ийн эргэн ирэлт билет тасалбарын хамгийн том платформ Ticketmaster-ийг гацахад хүргэсэн нь санамсаргүй хэрэг биш. Хамгийн хямд буюу 155 фунтийн үнэтэй зогсож үзэх тасалбарын шагийн үнэ 6000 фунт хүртэл нэмэгджээ. Мөн Spotify дээрх Oasis-ийн сонсолт 160%-аар өссөн нь байна. Хамтлаг шинэ үеийн залуусын дунд ч алдартай хэвээр байгаа нь хит дуунуудаас нь бүрдсэн "The Greatest Hits Album"-ийн борлуулалт нь 332%аар нэмэгдэж, UK Chart-ийн топ 5 цомгийн гурвыг нь эзэлснээс тод харагдана.
2 чухал тоо
84,000 - Крипто зах зээл сэргэхтэй зэрэгцэн зөвхөн энэ онд л гэхэд 84 мянган хүн крипто саятан болсныг Henley & Partners-ийн тайланд онцолжээ. Энэ бол өмнөх онтой харьцуулахад 95%-аар нэмэгдсэн үзүүлэлт. Одоогоор дор хаяж 1 сая долларын криптовалют эзэмшиж байгаа хэрэглэгчийн тоо 172,300 болсон бол зөвхөн биткойноор сая доллараа бүрдүүлсэн 85,400 хүн байгаа гэнэ.
1 - Монгол улс анх удаа паралимпын эмэгтэй аваргатай боллоо. Парис 2024 паралимпын наадмын пара таэквондогийн 52 кг-ийн жинд К44 ангилалд өрсөлдсөн манай тамирчин У.Сүрэнжав Египт, Мексик, Ираны тамирчдыг ялж алтан медаль хүртлээ. Таэквондочдын медалийн буухиа цааш үргэлжилж,
МУГТ, дэлхийн 5 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалийг эх орондоо авчирсан бахдам амжилтыг үзүүллээ. Манай улс одоогоор медалийн хүснэгтэд 27-р байрт бичигдэж байна.
3 унших өгүүлбэр
I. Berkshire Hathaway-ийн үнэлгээ 1 их наядад хүрлээ.
- Энэ бол өнгөрсөн баасан гарагт 94 нас хүрсэн домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффеттийн хамгийн том бэлэг байлаа. Тэд 1 их наядын клубт элссэн Америкийн анхны технологийн бус компани болж байгаа нь энэ юм. Одоогоор ийм амжилтыг Microsoft, Apple, NVidia, Alphabet, Amazon болон Саудын Арабын төрийн өмчит газрын тосны компани Aramco л үзүүлээд байгаа юм.
- У.Баффетт 1965 онд даруухан түүхтэй нэхмэлийн үйлдвэрийг худалдан авч, өдгөө Apple, Geico, Kraft Heinz, Coca Cola зэрэг дэлхийн томоохон фирмүүдийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагч болгосон амжилт нь үе үеийн судлаачдын үлгэрлэн жишээлдэг түүх болсон билээ. Berkshire Hathaway-ийн зах зээлийн үнэлгээ зөвхөн энэ он гарснаас хойш 28%-аар өсөөд байна.
- Өнгөрсөн улирлын тайланд дурдсанаар Berkshire Hathaway нийт 277 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөцтэй байсан. Тэд өнгөрөгч долоо хоногт 11%-ийг нь эзэмшдэг байсан Bank of America-ийн 982 сая доллартай тэнцэхүйц хувьцааг зарсан нь онцлох мэдээ байв. Үүнээс өмнө У.Баффетт 70 гаруй тэрбумын үнэлгээтэй Apple-ийн хувьцааг зарж, олныг гайхшруулаад байсан билээ.
II. Бразилд "X"-ийг ашиглавал торгуулна.
- Тус улсын дээд шүүхээс X-д нэвтрэх эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгаагаа зарлалаа. Энэ хооронд хэрэглэгчид VPN ашиглаж байгаа нь нотлогдвол өдрийн 50 мянган реал буюу 8984 доллараар торгуулах гэнэ. Бразил улс үүнээс өмнө зохицуулах байгууллагатай хамтран ажиллаагүй гэсэн шалтгаанаар Telegram, Whatsapp-ийн нэвтрэх эрхийг түр хугацаанд хязгаарлаж байсан удаатай.
- Энэ бол олон сарын турш цуут тэрбумтан И.Маск болон Бразилын засаг захиргааны хооронд өрнөж буй сошиал маргааны үр дүн. Бразил улс хуурамч мэдээлэл түгээж буй аккоунтуудыг хааж, эмх замбараагүй байдалд уриалж буй явдалд илүү анхаарал хандуулахыг Маскаас шаардсаар ирсэн. Маск харин иргэдийн дуу хоолойгоо хүргэх эрх чөлөөг боомилж байна хэмээн үзэж уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсаар байсан билээ.
- Ингэснээр Бразилын 40 сая хэрэглэгч X-ийг ашиглах боломжгүй болж байгаа гэсэн үг. Мөн И.Маскийн өөр нэг бизнес Starlink-ийн төлбөр тооцооны дансыг X-ийн төлөгдөөгүй байгаа торгуультай холбоотойгоор битүүмжилжээ. Бразилын орон нутгийн сонгууль 10-р сард явагдах бөгөөд сонгуулийн гол сэдэв энэ үйл явдлын эргэн тойронд өрнөх бололтой.
III. С.Көрри түүхэн гэрээ байгууллаа.
- NBA-ийн нүүр царай болсон супер оддын нэг Стефен Көрри өөрийн төрөлх Голден Стэйт Уарриорс клубтэй байгуулсан гэрээгээ сунгаж, жилд 62.6 сая долларын цалинтай тоглох боллоо. Ингэснээр тэрээр Голден Стэйтийн төлөө 2027 оны улирлыг дуустал хүчин зүтгэх нь тодорхой болж байна. Өнгөрсөн сард АНУ-ын шигшээ багийн хамтаар олимпын аварга болсон С.Көрри лигт 4 удаа түрүүлсэн юм.
- Тэрээр лигийн түүхэнд нэг улиралд 60-аас дээш сая долларын цалин авах анхны тоглогч болж байна. 2018 оноос хойш лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч байсаар ирсэн тэрээр өмнө нь 40 сая, 50 сая долларын босгыг давсан анхдагчаар тодорч байлаа.
- Гэхдээ түүний амжилтыг NBA-ийн залуу одод ирэх улирлаас нь эвдэх төлөвтэй байна. NBA дэлхийн хамгийн их үзэгчтэй лигүүдийн нэг болж, Disney, Amazon, NBCUniversal-тай шууд дамжуулалтын гэрээний хүрээнд 11 жилийн хугацаанд 77 тэрбум доллар авах болсон нь багуудын цалингийн цэсийг үлэмж нэмэгдүүлэх болсон. Өнгөрсөн улирлын аварга Бостон Селтиксийн лидер Ж.Татум л гэхэд лигийн хамгийн том буюу 5 жилийн 300 сая долларын гэрээг байгуулаад удаагүй байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Анхны алхагчид: Shift4 Payments-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Ж.Айзаакман сансарт алхсан анхны "энгийн иргэн" болох мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Түүнийг эх дэлхийгээс 700 км орчимд тээвэрлэх байсан SpaceX-ийн нислэг техникийн шалтгааны улмаас хойшлогдсон байна. Ж.Айзаакман өмнө нь дэлхийн анхны арилжааны сансрын нислэгт багийн ахлагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.
Цуут хуваагдал: Цахиурын хөндийн хамгийн түүхт компаниудын нэг Intel хуваагдах төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар тэд чипний үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бизнесээ салгах бололтой. Зөвхөн энэ он гарснаас хойш компанийн үнэлгээ нь 60%-аар буурч, өнгөрөгч улиралд л гэхэд 1.61 тэрбум долларын алдагдалтай тайлан зарласан тэд AI-ийн шинэ эринд дасан зохицох зорилго өвөртөлж байгаа нь энэ юм.
Зуун тэрбум: Хиймэл оюуны зах зээлийн тэсрэлтийг түүчээлэгч OpenAI 100 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинэ санхүүжилт татаж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хамгийн том хувьцааг эзэмшигч Microsoft-оос гадна Apple, NVidia гэсэн технологийн салбарын гигантууд OpenAI-д хөрөнгө оруулахаар бэлтгэж байгаа гэнэ. Ташрамд дурдахад, тус компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн ChatGPT-г Fortune 500-ийн компаниудын 92% нь төлбөр төлөн ашиглаж, тогтмол хэрэглэгчдийн тоо нь 200 саяд хүрээд байгаа ажээ.
Видео уншигч: Alibaba Cloud визуал контент ойлгох чадвартай цоо шинэ AI модель болох Qwen2-VL-ийг танилцууллаа. Тус модель нь 20 минутаас урт видеоны текстийг ойлгон тоймлох, Англи, Хятад, Япон, Араб зэрэг түгээмэл хэлний хооронд шууд орчуулга гүйцэтгэх чадвартай гэнэ. Уг моделийг контент бүтээгчид шууд дамжуулалтын үед хадмал орчуулгын үүргээр, мөн технологийн компаниуд хэрэглэгчдийн тусламж үйлчилгээний бизнестээ ашиглахад тохиромжтой хэмээн онцолжээ.
5 сонин хачин
1. "Inside Out 2" олон улсын зах зээлээс 1 тэрбум долларын орлого олсон анхны анимэйшн боллоо. Түүхэнд ийм амжилтыг ердөө 12 бүтээл үзүүлж байсныг онцлох хэрэгтэй. Хойд Америкийг оролцуулан нийт 1.6 тэрбумын орлого цуглуулж, 2024 оны хамгийн амжилттай бүтээл болоод буй "Inside Out 2" Мексик (102.2 сая), Бразил (80 сая), Их Британи (72.7 сая), Франц (62.6 сая), БНСУ (60.8 сая)-ын зах зээлд хамгийн эрэлттэй байжээ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн бокс оффисыг "Deadpool & Wolverine" 6 дахь долоо хоногтоо дараалан тэргүүлэв. Marvel-ийн ээлжит хит бүтээл одоогийн байдлаар 1.21 тэрбум долларын орлого олоод байгаа юм.
2. Шведийн хамгийн алдартай брэнд IKEA хэрэглэгчдийг хуучин тавилгаа зарж, солилцох боломж олгох шинэ үйлчилгээг нээж байгаагаа зарлалаа. IKEA Preowned нэртэй уг платформоо тэд Испанийн Мадрид, Норвегийн Осло хотуудад хамгийн эхэнд турших гэнэ. 2030 он гэхэд тойргийн эдийн засгийг бүрэн дэмжсэн бизнес болох зорилготой тус компани ингэснээр уг зах зээлд тэргүүлэгч Ebay, Facebook Marketplace-тэй шууд өрсөлдөгч болж байна.
3. Google Meet видео дуудлагын үеэр автоматаар тэмдэглэл хөтлөх чадвартай AI нэмэлтийг нэвтрүүллээ. Уг нэмэлт нь видео дуудлагын тэмдэглэлийг бүтэн хөтлөн Google Doc руу хуулж, улмаар дурдагдсан тов, огноог Google Calendar-т оруулах чадвартай гэнэ. Хамгийн анх Google Cloud Next 2023-ийн үеэр танилцуулагдаж байсан уг нэмэлт нь одоогоор зөвхөн англи хэлийг дэмжиж байгаа юм.
4. Өнгөрөгч сард явагдсан сонгуулийн үр дүнд олон нийт болон олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн улмаас засаглалын хямралд ороод буй Венесуэлд AI суурьтай шинэ медиа хүчээ авч байна. Нийт 23 медиа байгууллагын 100 орчим сэтгүүлчид нэгдэж, "Le Chama", "El Pana" нэртэй дижитал аватарыг үүсгэн дотоодын мэдээг хүргэх болжээ. Тэд засгийн газрын дарамт шахалт, баривчилгаанаас зугтаах зорилгоор нэр нүүрээ нууцалж, ямар нэг шүүлтүүргүйгээр мэдээллээ хүргэж байгаа нь энэ юм.
5. Nokia брэндийн гар утсыг үйлдвэрлэгч HMD барбигийн дизайнтай шинэ цуврал гаргаж байгаагаа зарлалаа. Тэд 1959 оноос хойш барби тоглоомыг бүтээж буй Mattel-тай хамтран классик дэлгэгддэг загвартай, зөвхөн утсаар ярьж, текст бичих үйлдэл гүйцэтгэдэг утсыг гаргасан нь энэ юм. Уг утас нь ямар ч сошиал медиа апп суух боломжгүй, интернетэд холбогддоггүй гэдгээрээ онцлогтой бөгөөд шинэ үеийн хэрэглэгчдэд "дижитал детокс" хийх боломж олгох зорилготой хэмээн тодотгожээ.
10 унших мэдээ
Танилц: Энэтхэгийн OpenAI /Bloomberg/
Гайхах: Супермаркетийн сүлжээ клоуд гигант болсон нь /FT/
Тоглох: Coin Master-ийн 6 тэрбумын нууц /Sensor Tower/
Тооцох: NVidia-ийн хувьцааны үнэ яагаад унав? /CNBC/
Хүлээх: Apple-ийн эвентээс хүлээгдэж буй төхөөрөмжүүд /CNET/
Ашиглах: Энэтхэгийн төв банкны криптовалютыг 5 сая хүн хэрэглэжээ /Coindesk/
Анхаарах: Хятадын робот бүтээгчид Tesla-г онилно /Reuters/
Сонирхох: Норвегийн гүнж бөөтэй гэрлэжээ /Morning Brew/
Харамсах: NHL-ийн од амиа алджээ /CNN/
Анзаарах: Black Myth: Wukong-ийн амжилт үргэлжилсээр /Inverse/