1 гол сэдэв
Юу болов?
Саранд хүрэх мөрөөдөл түр хойшиллоо. Хүн төрөлхтөнийг анх удаа Саран дээр алхуулсан Apollo-гоос хойш бид сарыг холоос л харсаар өнөөдөртэй золгов. Харин 2017 онд НАСА-гаас Саран дээр ахин газардах, тэнд бааз байгуулж, улмаар Ангарах гаргийн аялалд бэлтгэлийг хангах зорилготой Artemis хөтөлбөрийг эхлүүлсэн юм.
Яагаад?
АНУ-ын Флорида мужийн Кэннэди Сансарын төвөөс хөөрөхөд бэлэн болоод байсан Artemis 2 хөлгийн пуужингаас устөрөгчийн алдагдал илрүүлсэн тул хойшилжээ. Дэлхийн болон Сарны байрлалаас шалтгаалж, дараагийн боломжит цонх 3-р сарын эхээр тохиохоор байна.
Хөтөлбөрийн талаар?
Уг хөтөлбөр нь хүн төрөлхтнийг Сарны гадаргуу дээр дахин хагас зууны дараа алхуулах зорилготой бөгөөд энэ удаагийн туршилтынг нислэг нь 10 хоногийн турш үргэлжилж, Сарыг тойрох юм. Нислэгийн багт дөрвөн сансрын нисгэгч багтаж буй. 2022 оноос эхлэн туршилтын нислэгүүдээ сансрын нисгэгчгүй хийсээр ирсэн тус хөтөлбөр энэ жилээс 2-р шатандаа шилжиж, сансрын нисгэгтэй хөөрөхөд бэлэн болсон билээ
2 чухал тоо
60,000: 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрчээ авч 100,000 доллар улмаар өнгөрсөн жил 125,000 долларын таазаа сэтэлж байсан Биткойны үнэ он гарсаар унасаар 60,000 долларт хүрэв. Энэ бол Трампын нөлөөгөөр эрчээ авснаас хойшхи хамгийн бага дүн юм. Биткойныг дагаад криптовалютын салбар тэр чигтээ савалж, олон их наяд доллар зах зээлээс арчигдлаа. 60,000 гэх чухал цэгээс бага ч гэсэн дэмжлэг авсан Биткойн одоогоор 70,000 доллароор арилжаалагдаж байна.
25: 25 дахь удаагийн Өвлийн олимпын наадам Италийн Милан, Кортинад эхэллээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 92 улсын 2800 тамирчин өрсөлдөж, 8 спортын төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Манай улсаас гүйлтийн цана, уулын цанын төрөлд 3 тамирчин өрсөлдөнө. Итали улс өмнө нь 1956, 2006 онуудад Өвлийн олимпыг зохион байгууж байжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Washington Post 300 сэтгүүлчээ халж, даргаа явуулав
- Дэлхийн хамгийн үнэ цэнтэй, олонд танигдсан медиа брэндүүдийн нэг болох Washington Post өнгөрсөн Лхагва гарагт нийт ажилчдынхаа гуравны нэг буюу 300 орчим сэтгүүлчээ халах шийдвэр гаргасан юм. Халагдсан сэтгүүлчдийн ихэнх нь спорт болон олон улсын мэдээний сэтгүүлчид байжээ.
- Энэхүү том хэмжээний халалт нь хэвлэл мэдээллийн салбарынхны дургүйцлийг хүргэж, жагсаал цуглаан хийхэд ч хүргэсэн билээ. Гэсэн ч шийдвэр нэгэнт гарсан тул өөрчлөгдсөнгүй. Улмаар хэдхэн цагийн өмнө 2023 оноос Washington Post-ийг удирдаж байсан Уильям Льюис мөн ажлаа өгч буйгаа зарлав.
- Washington Post-ийг тэрбумтан Жефф Безос 2013 онд 250 сая доллароор худалдан авч байлаа. Түүнээс хойш уг брэндийн нэр хүнд, төлбөртэй уншигч, сонины тоо ч буурсаар байна.
II. Disney шинэ захирлаа нэрлэлээ
- Дэлхийн хамгийн том энтертэйнмент, медиа компаниудын нэг Disney шинэ гүйцэтгэх захирлынхаа нэрийг ил болголоо. Тус компанийн паркийн бизнесийг удирдаж байсан Жош Д’Амаро ирэх оны гуравдугаар сараас тус компанийг тэргүүлэх болно.
- Сүүлийн хэдэн жилийн турш Disney-ийн удирдах зөвлөл шинэ CEO-ийн эрэлд гараад байсан. Тус компанийн хамгийн том худалдан авалтуудыг хийж, Marvel, Pixar, Lucasfilm-ийг нэгтгэх ажлыг манлайлсан Боб Айгерын хувьд 2 дахь удаагаа компанидаа эргэн ирж, ирэх жилээс дуусах гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ. Тэрээр 15 жилийн турш CEO хийхдээ Disney-ийн байр суурийг улам баталгаажуулж чадлаа.
- Д’Амарогийн хувьд хувьд ESPN-ийн Ж.Питаро болон экс Goldman Sachs-ийн босс Ж.Горман нартай өрсөлдсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 49 настай тэрээр 2020 оноос хойш Диснейгийн хамгийн төвөгтэй, гэхдээ орлого өндөртэй бизнес болох Disney Experience-ийг тэргүүлж буй. Тэрээр 1998 оноос хойш Disney-д хүчин зүтгэж байгаа юм.
III. Кендрик Ламар Грэммигийн түүхэнд бичигдэв
- 68 дахь удаагийн Грэмми наадмын од нь Кендрик Ламар байв. Тэрээр энэ үдэш нийт 5 цом хүртсэн байна. Ингэснээр тэрээр хоёр дахь жилдээ дараалан таван цомтой буцаж бйагаа юм. Улмаар Jay Z-ийн эзэмшиж байсан хамгийн их грэммитэй эрэгтэй дуучны амжилтыг 2-оор ахиулж, 27 цомтой болжээ.
- Өнөө цагийн поп ертөнцийн өнгийг тодорхойлогч Билли Айлишийн хувьд “Wildflower” дуугаараа оны шилдэг дууны шагналыг хүртсэн байна. Тэрээр гурав дахь удаагаа энэ шагналыг хүртсэн нь мөн л дээд амжилттай зэрэгцсэн хэрэг болов. Netflix-ийн хит “KPop Demon Hunters”-ийн Golden дуу “Визуал медиад зориулан бичигдсэн шилдэг дуу”-аар шалгарч, Грэмми хүртсэн анхны Kpop бүтээл болов.
- Домогт Стивен Спилбергийн хувьд продюсерээр нь ажилласан “Music by John Willams” цомгоороо Грэмми гардаж, алдарт EGOT-ийг бүрдүүлж чадлаа. Emmy, Grammy, Oscars, Tony гэсэн энтертэйнмент салбарын дөрвөн том цомыг хүртсэн уран бүтээлч түүхэнд ердөө 17 байдаг гэнэ. Сонирхуулахад, Буддын шашины тэргүүн Далай лам шилдэг аудио номын төрөлд Грэммигийн эзэн болжээ.
4 мэдүүштэй зүйл
Дэвшилтэт шийдвэр: Ираны засаг захиргаа олон жилийн турш эмэгтэйчүүдэд мотоцикл унахыг “албан бусаар” хориглосоор ирсэн юм. Хэдийгээр бичигдсэн хууль байхгүй ч энэ нь зохимжгүй үйлдэл тул нийгмээрээ цээрлэсээр иржээ. Тэгвэл Ираны засаг захиргаа албан ёсоор уг үйлдлийг зөвшөөрсөн журмыг баталсан байна. 3000 гаруй хүн амиа алдсан аварга жагсаалын дараагаар Ираны засгийн газар удаа дараалсан арга хэмжээ авч, нийгмийн уур амьсгалыг зөөллөхийг оролдож буй. Үүний нэг нь энэ болж байна.
Хашраах шийдвэр: Хятадын шүүхээс цахим сайтаар дамжуулан хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж, мөн хууль бусаар хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан Бай овгийн бүлэглэлийн 4 гишүүнийг цаазаар авчээ. Уг бүлэглэл Мьянмарт байрладаг байсан бөгөөд тусгай ажиллагаагаар оны өмнө баривчлаад байсан юм. Тэднийг баривчлах үед 11 тонн метамфетамин мансууруулах бодисыг үйлдвэрлэн борлуулж, олон зуун охид, бүсгүйчүүдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татаж, биеийг нь үнэлүүлж байсан нь ил болжээ. Хятадын засгийн газраас сүүлийн үед онлайн скамын хэрэгт ихээхэн анхаарал хандуулж, Камбож, Тайландад байрлаж байсан бүлэглэлүүдийг баричлаад байгаа билээ.
Баталгаажуулах шийдвэр: Норвеги хаант засаглалтай хэвээр үлдэнэ. Уг шийдвэрийг тус улсын парламент олонхоороо дэмжжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсын хаан ширээг залгамжлагч гүнж Метте-Маритыг тойрсон шуугиан ихээр гарах болсон. Тэрээр Ж.Эпштэйнийн хэрэгтэй холбоотой дэлгэгдсэн сүүлийн материалууд дунд бараг мянга гаруй удаа дурдагдсан байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэх болсон. Гэвч парламентын санал хураалтад оролцогсдын 141 нь одоогийн засаглалыг хэвээр үлдээхийг дэмжиж, ердөө 26 нь татгалзжээ.
Хамгаалах шийдвэр: Франц, Канад Гренландад консулын газар нээжээ. АНУ-ын эзлэн түрэмгийлэх хандлагаас сэргийлэх зорилгоор тус 2 улс анх удаа консулын газраа нээж байгаа нь энэ юм. Тэд Арктикийн энх тайвныг хангаж, Гренландын иргэдийн эрх чөлөөг хамгаалах зорилгоор дээрх дипломат арга хэмжээг авч байгаа хэмээн тайлбарлажээ. АНУ-ын зүгээс тус нутагт хяналтаа тогтоох эрмэлзлээ нуухгүй буй. Харин Европын холбоо болон дийлэнх барууны орнууд уг асуудлыг эрс няцааж, буруутгаж байгаа юм.
5 сонин хачин
1. Улаанбаатар хотноо энэ жил зохиогдох хамгийн том арга хэмжээ бол COP17. Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх НҮБ-ын Талуудын 17-р бага хурал “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор явагдах болжээ. Энэ нь цөлжилт, газрын доройтол, ган гачиг гэхчлэн зөвхөн байгаль орчны хямрал биш, харин бидний ирээдүй, амьжиргаа, тогтвортой хөгжлийн суурь асуудал гэдгийг онцолсон утгатай. Өөрөөр хэлбэл газрын доройтолтой тэмцэж, экосистемийг сэргээх нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжилд итгэл найдвар авчирна гэсэн үг ажээ.

2. Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын эхлүүлсэн Blue Origin сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Гэвч тэд “New Shephard” хөтөлбөрөө 2 жилийн хугацаатай завсарлуулж байгаагаа зарлалаа. Энэ нь тэд ирэх жилүүдэд NASA-ийн саран дээр хүн авчрах Artemis хөтөлбөрт нэгдэж, нөөцөө зарцуулах болсонтой холбоотой гэнэ. 2021 оноос эхтэй “New Shephard”-ийн хувьд 38 аяллаар 92 хүнийг сансарт хөөргөөд байгаа юм.
3. NASA сансрын нисгэгчдэд утас хэрэглэхийг зөвшөөрлөө. Энэ нь хүн төрөлхтөнд сансар огторгуйг илүү өргөн өнцгөөр хүргэх боломжийг олгоно хэмээн NASA үзэж байна. Тэд ирэх сард сар луу хөөрөх Artemis-ий нисгэгчдэд iPhone утсаа ашиглахыг зөвшөөрсөн байна. Сансрын нисгэгчид хамгийн нандин мөчөө хайртай хүмүүстээ болон олон нийтэд хуваалцах нь салбарын нэр хүндийг нэмэгдүүлж, үе үеийн залууст урам зориг өгнө хэмээн тэд үзжээ. Үүнээс өмнө NASA хувийн төхөөрөмж ашиглахыг зөвшөөрч байгаагүй юм.
4. Испани хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлана. Испанийн Ерөнхий сайд сошиал платформуудыг “Зэрлэг Баруун” хэмээн нэрлэж, улсынхаа 16-гаас доош насны хүүхэд залууст сошиалыг тэр чигт нь хориглох төлөвлөгөөтэй байгаа гэв. Түүнчлэн эдгээр платформын захирлуудыг гэмт хэргийн шинжтэй болно хор нөлөөтэй контентуудаас хэрэглэгчдээ хамгаалахгүй байгаа хэмээн буруутгаж, тэдэнд хариуцлага тооцох тухай ч хөнджээ.
5. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинд гардуулж, хүндэтгэл илэрхийллээ. Ерөнхий сайд шагнал гардуулах үедээ “Э.Амартүвшин нь 2025 оны “Rome Opera Star Award”-ын “Best Baritone” шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц юм” гэж Ерөнхий сайд онцолсон байна. Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг 200 сая төгрөг төгрөг дагалддаг.

Сэтгэгдэл бичих

