1 гол сэдэв

Юу болов?

24 дэх удаагийн өвлийн олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд 91 орны 2871 тамирчин 7 спортын төрөлд 103 багц медалийн төлөө өрсөлдсөн. Монгол улсаас гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцсон. ОУХМ Б.Ачбадрах 15 км-ийн зайд 99 тамирчнаас 65-д орсон амжилтыг үзүүлсэн бол анх удаа олимпод хүч сорьсон ОУХМ А.Энхтуул монгол тамирчдаас анх удаа спринт зайд эрх авч оролцлоо. 2026 оны өвлийн олимпын наадам Италийн Милан, Кортина хотуудад явагдана.

Хэн гялалзав?

Олонхийн таамаглаж байсанчлан багийн дүнгээр Норвегийн баг тэргүүлэв. Цана, биатлоны төрөлд ноёлсон тэдний хүртсэн нийт 37 медалийн 16 нь алт байсан нь түүхэн дээд амжилт болов. Өмнөх олимпын адилаар хүснэгтийн 2-р байрт Германы шигшээ баг бичигдлээ. Герман нийт 12 алтан медаль хүртсэн бөгөөд чарганы төрлийн боломжит 8 түрүүгээс 7-г нь өөрийн болгожээ. Зохион байгуулагч БНХАУ-ын баг мөн л түүхэн амжилтаа үзүүлж 9 алтан медаль, 15 медальтайгаар гуравдугаар байрт бичигджээ. Тэрчлэн АНУ, Швед, Нидерландын багууд 8 алтан медальтайгаар дараагийн байруудад жагслаа.

Онцлох үйл явдал юу байв?

Оросын уран гулгагч К.Валиевагийн допингийн асуудал энэ наадмын гол үйл явдал байлаа. 15 настай уран гулгагчийн оны өмнө өгсөн шинжилгээний хариутай асуудал хөндөгдөж, бүр Спортын арбитрын шүүх хүртэл оролцсон. Биатлоны төрөлд 4 алт, 1 хүрэл медалийг хүртсэн Норвегийн тамирчин И.Тиннес Бё энэ жилийн наадмын гол од нь байлаа. Харин гүйлтийн цанын төрөлд Оросын олимпын хорооны багийн тамирчин А.Болшунов 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл, нийт 5 медаль хүртсэн нь хамгийн олонд тооцогдоно. Мөн Т.Йохауг /Норвеги, гүйлтийн цана/, И.Шоутен /Нидерланд, тэшүүр/ нар тус бүр гурван алтан медаль хүртжээ. Тэрчлэн Бээжин 2022 шууд дамжуулалтын үзэлт, дижитал медиа дахь хэрэглэгчдийн идэвхээрээ бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тоймын түнш: Unitel - Дата үржигддэг боллоо

Та нэмэлт датагаа үржүүлж авч амжсан уу? Энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх уг урамшууллын хүрээнд та хамгийн багадаа 2GB дата авсан ч 4GB-16GB хүртэл үржүүлэн авах боломжтой шүү. 8 дахин үржүүлсэн датагаараа интернетийн хязгааргүй ертөнц дэх гайхамшигт аяллаа үргэлжлүүлээрэй.

Нэмэлт дата идэвхжүүлэх суваг:
- Toki апп
- Unitel апп
- www.unitel.mn веб хуудас
- Банкны апп
- U-Point апп
- 1423 руу багцын код илгээх

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзээрэй

2 чухал тоо

300.000 - Meta-ийн хөгжүүлж буй сошиал VR платформ 300 мянган хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Зөвхөн АНУ, Канадад л нээлттэй буй Horizon World оны өмнөхөөс 10 дахин өсөлт үзүүлсэн нь энэ. Энэ хооронд 20 мянган хөгжүүлэгч платформд нэгдэж, 10 мянган "мета-ертөнц" бүтээгдсэн гэдгийг тэд онцолжээ.

1 - Victoria's Secret түүхэндээ анх удаа дауны синдромтой модельтой гэрээ хийлээ. Пуэрто Рикод төрсөн 24 настай С.Жирау уг брэндийн хамгийн сүүлд гаргасан "Love Cloud"-ийн нүүр царай болж байгаа нь энэ юм.

3 онцлох өгүүлбэр

I. Супер Боул явагдлаа.

- 56 дахь удаагийн Супер Боулын аваргаар Лос Анжелес Рамс тодорлоо. Тоглолтыг өөрсдийн цэнгэлдэхдээ хүлээн авсан тэд финалд Цинцинатти Бенгалсыг ширүүн өрсөлдөөний эцэст 23:20-ийн харьцаатай буулган авсан нь энэ. Финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор улирлын тоглолтод лигийг довтолгооны гурван ч үзүүлэлтээр тэргүүлсэн К.Капп нэрлэгджээ.

- Энэ жилийн тоглолтыг нийт 112.3 сая хэрэглэгч шууд хүлээн авч үзсэн нь түүхэнд 2-т бичигдэх үзүүлэлт болов. Тиймдээ ч сурталчилгааны үнэ 7 сая доллар хүрсэнд гайхах зүйл үгүй. Уламжлалт брэндүүд болох Hyundai, Coca-Cola, Budweiser-аас гадна крипто төсөл, платформуудын сурталчилгаа цацагдсан тул зарим шинжээчид энэ жилийн тоглолтыг "Крипто Боул" хэмээн нэрлэх тохиолдол гарчээ.

- Завсарлагааны шоу мөн энэ жилийн онцлох хэсэг байлаа. Dr.Dre, Eminem, Snoop Dogg, 50 Cent зэрэг нэгэн үеийн цуут реппперүүд хамтдаа тайзнаа гарч, хит уран бүтээлүүдээсээ хүргэсэн нь үе үеийн үзэгчдийн талархлыг хүлээв. Үүний дараагаар Spotify, Apple Music зэрэг хөгжмийн стриминг платформууд дээр шоуны үеэр тоглогдсон дуунуудын эрэлт эрс өсөж, бүр топ 10-т бичигдэх болжээ.


II. Paramount эргэн ирлээ.

- 2019 онд медиа салбарын гигантууд болох Viacom, CBS нэгдсэнээр үүссэн ViacomCBS нэрээ сольж, Paramount болж байгаагаа зарлалаа. Уг компанийн бүрэлдэхүүнд CBS, Nickeleoden, MTV зэрэг хит сувгуудаас гадна Showtime, Pluto TV, Paramount+ гэсэн стриминг платформууд багтдаг. Мөн дэлхийн хамгийн топ хэвлэлийн компаниудын нэг Simon & Schuster уг компанийн нэг хэсэг юм.

- Тэдний нэрээ сольсон гол шалтгаануудын нэг нь Paramount+-ийн амжилт. Стриминг дайнд Netflix, Disney+, Prime-тай өрсөлдөж буй тэдний орлого 48%-аар нэмэгдэж, өнгөрсөн улирлын орлого нь $1.3 тэрбумд хүрсэн нь том амжилт байв. Тэдний нийт төлбөрт хэрэглэгчдийн тоо нь 56 саяд хүрснээр тэд 2024 он гэхэд 100 сая хэрэглэгчтэй болохоор зорилгоо ахиулан шинэчилжээ. Тиймээс тэд хэрэглэгчдэд илүү танил нэрээр компаниа нэрлэхийг хүссэн нь санамсаргүй хэрэг биш байлаа.

- Энэ үеэр Paramount ирэх жилүүдэд гаргах шинэ контентуудаа танилцуулав. Гол зорилтот бүлгээ бага насны хүүхэдтэй гэр бүлүүд хэмээн тодорхойлсон тэд Sonic, Spongebob, Teenage Mutant Ninja, iCarly, Paw Patrol-ийн үргэлжлэл, Baby Shark-ийн бүрэн хэмжээний киног зарласан юм. Мөн A Quiet Place, Transformers, Star Trek-ийн шинэ ангиуд хийгдэж байгааг ил болгосон нь анхаарал татлаа.


III. К.Уэст шинэ цомог гаргана

- Гэхдээ тэрээр "Donda 2" нэртэй шинэ цомог нь зөвхөн "Stem Player" дээр цацагдана гэдгийг онцлов. К.Уэст өнгөрсөн жил Kano Computing-тэй хамтран 200 долларын үнэтэй уг төхөөрөмжийг гаргаж байсан юм. Тэрээр Apple Music-ийн тавьсан 100 сая долларын саналаас татгалзаж, уг шийдвэрийг гаргаснаа мөн хуваалцжээ.

- Үүний шалтгааныг тэрээр "уран бүтээлч нь ашгийн 12%-ийг хүртдэг тогтолцоог эсэргүүцэж" хэмээн тайлбарласан юм. Тэрээр хөгжмийн салбарын орлого хуваах зарчмыг илүү шударга, нээлттэй болгох асуудлыг сүүлийн жилүүдэд ихээр хөндөх болсон билээ.

- Үүнтэй зэрэгцэн стриминг салбарын гол тоглогчдын нэг Spotify аудио контент руу илүү анхаарч байгаагийн илрэл болгон хоёр ч компанийг худалдаж авч байгаагаа зарлалаа. Тэд подкаст аналитикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Chartable, Podsights-ийг эгнээндээ нэгтгэсэн нь энэ.

4 мэдүүштэй баримт

Гүүгл нууцлал: Google Андройд үйлдлийн систем дэх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, датаг хамгаалах зорилгоор шинэ нууцлалын бодлого хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Ингэснээр хэрэглэгчид апп хөгжүүлэгчид болон сурталчилгааны компанид ямар датагаа хуваалцахыг хүсэж байгаагаа сонгох боломжтой болж байгаа юм. Сонирхуулахад, үүнээс өмнө Apple-ийн гаргасан ижил төстэй шийдвэр нь Meta-ийн үнэлгээ нэг өдөрт 232 тэрбумаар буурах гол шалтгаан болсон билээ.

Анхны алхам: Өнгөрсөн онд SpaceX-ийн "Inspiration4" төслийг санхүүжүүлж, сансрын анхны хувийн нислэгийг ахалсан Ж.Айзакман ахин сансарт гарахаар зэхэж байна. Тэрээр 2022 оны сүүлээр задгай сансарт ажилласан анхны хувийн багийг бүрдүүлж байгаа ажээ.

Дөрвөлсөн астеройд: Тайланд, Францын эрдэмтэд анх удаа дөрвөлсөн астеройдыг илрүүллээ. Ихэнх астеройд ганцаараа сансрын уудамд аялдаг ч одон орончид хосоороо эсвэл гурваараа тойрох астеройдыг өмнө нь илрүүлж байсан юм. 1873 онд анх нээгдэж байсан Электра нэртэй уг астеройдын бусад дагуулыг 2003, 2014 онуудад илрүүлж байсан билээ.

Дисней хотхон: Disney Калифорниад 10 га газарт үл хөдлөхийн шинэ төсөл хэрэгжүүлж, 1900 өрхөд зориулсан хотхон байгуулах болсноо зарлалаа. Америк даяар жишиг болж хэрэгжүүлэх амбицтай уг төслийн хүрээнд оршин суугчид ногоон байгууламж бүхий орчинд Диснейн сэдэвтэй чөлөөт цагаа өнгөрүүлэх талбар, паркаар үйлчлүүлэн амьдрах учиртай аж.

5 сонин хачин

1. Sony Pictures-ийн бүтээл "Uncharted" 2022 оны хамгийн амжилттай дебют буюу 45 сая долларын орлогоор бокс оффисыг тэргүүллээ. Уг киноны гол дүрд Т.Холланд, М.Уолберг нар тоглосон юм. Тэгвэл Ч.Татум, С.Баллок нарын оддын тоглосон "Dog" жагсаалтын 2-р байрт бичигджээ.

2. Instagram сторинд мессеж бичилгүйгээр лайк дарж, зүрх илгээх боломж олгох шинэ нэмэлтийг нэвтрүүллээ. "Private Story Likes" нэртэй уг нэмэлтийн гол онцлог нь лайкийн тоо нь нээлттэй харагдахгүй, харин хэрэглэгч өөрийн хувийн цэсээр дамжин тоог нь үзэх боломжтой байхад оршино гэнэ.

3. Microsoft Teams дизайны шинэчлэлийн хүрээнд шинэ 3D төрлийн эможиг танилцууллаа. Илүү өнгөлөг, илүү амьдралтай гэгдэх нийт 1800 янзын эможиг хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд энэ онд багтаан Windows 11-д бүрэн нэвтрүүлэх зорилготой байгаа гэнэ.

4. Intel Израйлийн Tower Semiconductor-ийг $5.4 тэрбумаар худалдан авлаа. 29 жилийн өмнө байгуулагдсан уг компани зөвхөн чипээс гадна мэдрэгч төхөөрөмжүүдээрээ зартай. Intel үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үүднээс нийт 40 тэрбум доллар зарцуулж, Охайод шинэ үйлдвэр барих болсноо зарлаад удаагүй байгаа билээ.

5. Facebook хэрэглэгчдийн үндсэн нүүр хэсэг болох "News Feed"-ийн нэрийг өөрчилж, "Feed" болгож байгаагаа зарлалаа. 15 жилийн турш хэрэглэсэн нэрээ өөрчилсний шалтгаан нь хэрэглээний зан төлөвтэй дасан зохицож, илүү олон талт контент хүргэхэд чиглэсэн гэдгийг тэд онцолжээ.

10 унших мэдээ

Тоглох: Wordle-ийн үгийн сан шинэчлэгджээ /BoingBoing/

Анхаарах: Дараагийн тахал хэзээ ирэх вэ? /CNBC/

Анзаарах: Трампын шүүхэд өнгөрүүлсэн адармаатай өдрүүд /CNN/

Айх: ОХУ Украйныг эзлэхээр төлөвлөж байна уу? /BBC/

Сурах: Бид Ковидын үеэр юуг зөв хийсэн бэ? /Vox/

Тооцох: И.Маск 5.7 тэрбум долларыг хандивлав /Market Watch/

Үнэлэх: Бээжингийн медальтнууд хэдийг хүртэх бол? /CNBC/

Турших: Windows 11-ийн шинэ нэмэлтүүд /The Verge/

Мэдэх: App Annie рибрэнд хийжээ /Data AI/

Унших: Азийн хамгийн эрэлттэй нийтлэлүүд /Insider/