1 гол сэдэв
Юу болов?
ОУОХ-оос 2028 онд Лос Анжелес хотноо явагдах зуны олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдэх төрлүүдийг албан ёсоор зарлалаа. Нийт 9 спорт сүүлийн шалгаруулалтад тунаж үлдээд байсан юм.
Юу нэмэгдэв?
Нийт гишүүдийн саналаар 2028 оны олимпын наадамд нийт 4 багийн спорт нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Үүнд крикет, лакросс, бэйсбол, тугт хөлбөмбөг багтана. Мөн үүнээс гадна ханатай теннис буюу скуаш олимпын спорт болжээ.
Яагаад?
Зохион байгуулагч орны давуу эрхээр тугт хөлбөмбөг, бэйсбол, лакросс зэрэг АНУ-д өргөн дэлгэр хөгжсөн спорт багтсан нь санамсаргүй хэрэг биш. Скуаш, крикетийн хувьд сүүлийн хэд хэдэн наадамд нэр дэвшсээр ийнхүү эцэст нь спортын оргил наадамд өрсөлдөх эрхтэй болжээ. Сонирхуулахад, Парис 2024-д брэйк бүжиг анх удаа хөтөлбөрт багтсан билээ.
2 чухал тоо
341.000.000 - Хятадын технологийн гигантууд болох Alibaba, Tencent хамтран Zhipu хэмээх AI стартапд хөрөнгө орууллаа. OpenAI-тай өрсөлдөх боломжтой гэгдэж буй тус стартапад тэд 341 сая долларын санхүүжилт олгожээ.
1 - Apple Хятадын зах зээл дэх ухаалаг утасны борлуулалтаараа тэргүүлэгчийн статусаа алджээ. Jefferies-ийн тайланд дурдсанаар iPhone 15-ын борлуулалт таамагласнаар удаан байгаа нь үүнд нөлөөлсөн гэнэ. Тэдний байрыг Huawei эзэлж, зах зээлд №1 болжээ.
3 онцлох өгүүлбэр
I. X/Twitter шинэ хэрэглэгчээ төлбөртэй болгоно.
- И.Маск шинэ хэрэглэгч бүрээс 1 долларын төлбөр авахыг хүсэж байна. Энэ туршилтаа тэрээр Филиппин болон Шинэ Зеландад эхлүүлжээ.
- Not a Bot нэртэй шинэ үйлчилгээний хүрээнд X-д шинээр бүртгүүлж байгаа хэрэглэгч бүр пост бичих, бусадтай үйлдэл хийхийн тулд төлбөр төлөх шаардлагатай болох юм. Үүнийгээ тэрээр "ашгийн төлөө бус" хэмээн онцолжээ.
- X-ийн хувьд үүнээс гадна цэнхэр тэмдэгтэй буюу төлбөртэй үйлчилгээгээ хоёр төрлийн ангилалтай болгохоор зэхэж байна. Эдгээр нь сурталчилгаа үздэг, үздэггүйгээрээ ялгаатай байх бололтой.
II. Toyota Tesla-ийн цэнэглэгчийн стандартыг дагана.
- Японы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч Toyota болон Lexus брэнд Tesla-ийн цахилгаан цэнэглэгчийг стандартад нэгдэж байгаагаа зарлалаа. Тэд NACS-д нийцсэн машиныг 2025 оноос эхлэн үйлдвэрлэнэ.
- Энэ бол Tesla-ийн хувьд том ялалт. Үүнээс өмнө Ford, GM, Volvo, Nissan, Mercedes-Benz, Hyundai зэрэг топ брэндүүд тэдний стандартаар цэнэглэгчийн оролтоо байршуулах тохиролцоонд хүрээд байсан билээ.
- Ингэснээр энэ стандартыг хэвшүүлэхээ зарлаагүй топ группын тоо улам цөөрч, Stellantis, Volkswagen л үлдлээ гэхэд буруудахгүй. Stellantis-ийн хувьд эгнээндээ Chrysler, Jeep, Dodge-ийг нэгтгэсэн байдаг юм.
III. OnePlus нугардаг утсаа танилцууллаа.
- OnePlus удтал хүлээлгэсний эцэст OnePlus Open нэртэйгээр нугардаг утсаа албан ёсоор зарлалаа. Тэд уг утсаа толгой компани Oppo-той хамтран хөгжүүлжээ. Oppo-ийн хувьд Хятадын зах зээлд Oppo Find N нэрээр ижил загварын утас борлуулдаг юм.
- Тус загварын хамгийн гол онцлог нь бат бөх байдал нь гэнэ. Тэд нийт 1 сая удаагийн нугалах туршилтыг давсан нь Pixel, Samsung-ийн өрсөлдөгчдөөс бараг 5 дахин илүү үзүүлэлт юм. Мөн ердөө 239 грамм жинтэй, нээгдсэн үедээ 5.8 мм-ийн нимгэн гэдэг нь ялгах үзүүлэлт болж байна.
- Уг утас 1699 долларын эхлэх үнэтэй.
4 мэдүүштэй зүйл
Робот такси: GM-ийн эзэмшдэг Cruise 2026 оноос эхлэн Японы зах зээлд жолоочгүй такси нийлүүлэх гэрээ байгууллаа. АНУ-ын зах зээлд хэдийнээ туршилтаа эхлүүлсэн тэд үүнээс өмнө Дубайд жолоочгүй машинаа турших хэлцлийг хийгээд байсан билээ.
Дрон хүргэлт: Amazon Техас мужийн нутаг дэвсгэрт дрон ашиглан эм хүргэж эхэлжээ. Нийт 500 гаруй төрлийн эмийн бүтээгдэхүүнийг уг дрон хүргэх чадалтай. Үүнээс гадна тэд Европын хэд хэдэн оронд хүнсийг дроноор хүргэх туршилтаа эхлүүлжээ.
Хүүхдийн стриминг: NBC хүүхдийн болон сонирхогчдын спортод зориулан SportsEngine Play нэртэй стриминг апп-аа зарлалаа. Уг апп-д хүүхдийн лиг, эцэг эхчүүд утсаараа л бичлэг хийж, шууд дамжуулах боломжтой байх гэнэ. Мөн М.Шарапова, М.Фелпс, Ш.Вайт зэрэг домогт тамирчдын бэлтгэл сургалтын видео байрших аж.
Түүх хадгалагч: Microsoft 2019 онд эхлүүлж байсан хамгийн бат бөх дата хадгалагч тодотголтой төслийн шинэ мэдээгээ танилцууллаа. Project Silica өдгөө 1 тэрабайт датаг 10 мянган жилийн турш хадгалах чадалтай болжээ. Тэд энэ төслөөрөө дамжуулан байгалийн гамшиг, гэнэтийн үйл явдалд тэсвэртэй түүх хадгалагч дата төвийг үүсгэх зорилготой байгаа юм.
5 сонин хачин
1. Энэ долоо хоногийн хамгийн өндөр хүлээлттэй нээлтээ хийсэн бүтээл "Killers of the Flower Moon" бокс оффисыг тэргүүлж чадсангүй. Найруулагч М.Скорсес болон алдарт Л.Ди Каприогийн ээлжит хослол дэлхий даяар 44 сая долларын орлого олсон байна. Гэсэн ч Т.Свифтийн концертийн кино жанртаа хоёр долоо хоног дараалж №1 байраа хадгалсан анхны бүтээл болов. Одоогоор тус бүтээл 131 сая долларыг цуглуулаад байна.
2. Sprite, Absolute Vodka-г бүтээгчид хамтран шинэ төрлийн коктэйл бүтээх болсноо зарлалаа. Ирэх жилээс эхлэн Нидерланд, Испани, Германы зах зээлд эхлэн зарагдах уг бүтээгдэхүүн нь домогт брэндүүдийн холимог амттай байна гэдгээрээ онцлогтой юм.
3. Instagram зургаас ститкер бүтээх нэмэлтээ зарлалаа. Хэрэглэгчид өөрийн утсан дээр хадгалсан хүссэн зургаасаа стикер гаргах боломжтой байх бөгөөд түүнийгээ шууд Reels, Story-доо хэрэглэхэд нээлттэй байх юм.
4. Apple USB-C оролттой Apple Pencil-ийг худалдаанд гаргалаа. Хамгийн сүүлийн үеийн iPad-тай нийцэн ажиллах уг бал 79 долларын үнэтэй. Apple-ийн хувьд энэ сард M3 чиптэй Mac зарлаж магадгүй хэмээн цуу гараад байгаа билээ.
5. Google Meet видеоны чанар сайжруулах тохиргоотой болжээ. Ингэснээр хэрэглэгчид видео дуудлага хийх үедээ арьсны өнгөө тодруулах, шүдээ цайруулах зэрэг сонголтыг хийх боломжтой болох юм. Шинэчлэл ирэх сараас эхлэн Workspace-ийн хэрэглэгчдэд нээлттэй болно.