1 гол сэдэв

Юуг онцлов?

Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Орос-Украины дайнтай холбоотой хэд хэдэн онцлох үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Тэдгээрийн хамгийн анхаарал татсан нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нүүр тулан уулзах санал тавьсан явдал байв. Гэвч Кремлийн тэргүүн энэхүү саналыг хүлээн авсангүй. Зеленский нээлттэй захидлаараа дамжуулан дайныг зогсоохын тулд төрийн тэргүүд биечлэн уулзаж, шийдвэр гаргах цаг болсон гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар Швейцар, Турк болон Арабын орнууд зэрэг олон улс ийм уулзалтыг зохион байгуулах боломжтой гэнэ. Мөн Украины аюулгүй байдлын баталгаа, Европын ирээдүйтэй холбоотой асуудлыг гуравдагч этгээдээр бус шууд хэлэлцэх нь зүйтэй гэжээ.

Юу болов?

Харин Путин уулзалтын саналд нааштай хандсангүй. Тэрээр Зеленскийтэй уулзах шаардлага олж харахгүй байгаагаа мэдэгдэж, эхлээд энхийн хэлэлцээний нөхцөлүүдийг тохиролцох ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Түүнчлэн гал зогсоох нь Украины армид хүчээ сэлбэх боломж олгоно гэж үзэж байгаагаа нуусангүй. Путины хувьд гал зогсоох хэлэлцээр байгуулж цаг алдах бус шууд урт хугацааны тохиролцоонд хүрэх хувилбарыг илүүд үзэж буй. Зеленский харин Москвагийн хариуг сонсоод "Орос дахин дайныг сонголоо" хэмээн ширүүхэн мэдэгдэв. Түүний үзэж буйгаар Путинд дайныг дуусгах улс төрийн хүсэл байхгүй хэвээр байгаа бөгөөд энхийн хэлэлцээр хийх боломж улам холдсоор байгааг тодотгожээ.

Тэгээд?

Ташрамд дурдахад, энэ бүхэн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF)-ын үеэр өрнөсөн юм. “Оросын Давос” гэгдэх тус улсын хамгийн том эдийн засаг, хөрөнгө оруулалтын арга хэмжээ энэ жил гурван өдөр үргэлжилж, 130 гаруй улсаас 20 мянга орчим төлөөлөгчийг хүлээн авчээ. Владимир Путин уламжлал ёсоор форумын нэгдсэн хуралдаанд оролцож, Оросын эдийн засаг болон Украины дайны талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Гэвч форум үргэлжилж байх хугацаанд Украины тал Санкт-Петербург орчмын цэргийн болон эрчим хүчний байгууламжуудыг онилсон дроны цохилтуудыг удаа дараа хийжээ. Украины мэдээлснээр дронууд 1000 орчим км зам туулж, Кронштадтын тэнгисийн цэргийн бааз болон бусад стратегийн байгууламжуудыг онилсон байна. Форумын сүүлийн өдөр гэхэд л 100 гаруй дрон Санкт-Петербург хүрч, хотын иргэдэд гэрээсээ гарахгүй байх анхааруулга өгөхөд хүрчээ. Харин Оросын тал нийт 376 дроныг устгасан гэж мэдэгдээд байна. Нэг тал нь уулзалт санал болгож, нөгөө тал нь татгалзсан энэ үйл явдал дайны төгсгөл хараахан ойртоогүй байгааг харууллаа.

2 чухал тоо

1,000,000,000,000: Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод буй Nvidia-г үүсгэн байгуулагч Ж.Хуанг энэ өдрүүдэд Ази тивд ажиллаж байна. Тайваньд хийсэн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнийхээ үеэр тэрээр сүлжээний чип үйлдвэрлэгч Marvell-ийг дараагийн нэг их наядын клубын гишүүн болно хэмээн онцолжээ. Энэ мэдээний дараагаар Marvell-ийн ханш 32%-аар нэмэгдэж, үнэлгээ нь 250 тэрбум доллар болжээ. Nvidia дөнгөж өнгөрсөн сард Marvell-д 2 тэрбумын хөрөнгө оруулах болсноо зарлаад байсан билээ.

17,000: COP17 олон улсын бага хурлын өмнө уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилга эхэллээ. Төслийн хүрээнд нэрт зохиолч Б.Наминчимэдээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц Монгол, Хятад, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Казахстан гэсэн зургаан улсын нутгаар нийт 17 мянган км замыг 74 хоногийн хугацаанд туулна гэв.

3 онцлох өгүүлбэр

I. С.Көрри Li Ning-тэй мега гэрээ хийлээ

- Өнөө цагийн сагсан бөмбөгийн ертөнцийн нүүр царай болсон Стефен Көрри Хятадын спорт брэнд Li Ning-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ. Энэ бол зөвхөн Li Ning-ийн хувьд төдийгүй, нийт сагсан бөмбөгийн бизнесийг донсолгосон үйл явдал боллоо.

- Өдгөө 38 настай С.Көрри 13 жилийн өмнө Under Armour-тай 300 сая долларын гэрээ хийж байсан түүхтэй. Улмаар С.Көрри Голден Стэйтийн хамтаар NBA-д ноёрхлоо тогтоож, Under Armour ч хүүхэд, залуусын топ сонголтуудын нэг болж чадсан юм. Харин энэ удаад түүнд Li Ning-ийг дэлхийн зах зээлд таниулах үүрэг оногдож байна.

- Li Ning 10 жилийн хугацаанд 400 сая долларыг С.Көррид төлнө. Гэхдээ борлуулалтын хувь, зар сурталчилгааны нэмэлт боломжуудыг тооцвол энэ үнэлгээ 1 тэрбум долларыг давахад ойрхон гэнэ. Li Ning-ийн хувьд 2025 онд 4.3 тэрбумын борлуулалттай байсны 98% нь Хятадын зах зээлээс байсан юм. Тэд энэ тоо болон харьцааг өөрчлөх амбицтай байгаа нь гарцаагүй.


II. Berkshire Hathaway 17 тэрбумын наймаа хийжээ

- Энэ бол домогт хөрөнгө оруулагч В.Баффетын халааг авсан Грег Абелийн хийж буй анхны хэлцэл юм. Тэрээр хамгийн эхэнд Google-д 10 тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн байна. Google-ийн толгой компани Alphabet энэ сард нийт 85 тэрбум доллар босгож, AI-ийн дэд бүтцээ сайжруулахад зарцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Berkshire-ийн хувьд үүнээс өмнө Alphabet-ийн 16 тэрбум доллартай тэнцэх хувьцааг мөн эзэмшиж байсан билээ.

- Тэрчлэн Г.Абель барилгын салбарт наймаа хийж, Taylor Morrison хэмээх компаийг 6.8 тэрбумаар худалдаж авсан байна. Тус компани нь орон сууц, хаус барилгын чиглэлээр АНУ-ын 12 мужид тэргүүлдэг гэнэ.

- Berkshire-ийн хувьд хамгийн сүүлд 380 тэрбум долларын бэлэн мөнгөтэй байгаагаа тайлагнасан билээ.


III. Биткойны ханш огцом уналаа

- Дэлхийн хамгийн том криптовалютын ханш 61 мянган долларт болтлоо буурлаа. Энэ бол зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд 160 тэрбум долларын үнэ цэнээ алдсан гэсэн үг. Биткойны ханш өнгөрсөн аравдугаар сард оргил үедээ хүрч, 126 мянган доллараар зарагдаж байсан билээ.

- Үүний шалтгааныг шинжээчид 2 өнцгөөс тайлбарлаж байна. Эхнийх нь, 70 гаруй тэрбумын үнэлгээтэй биткойн эзэмшдэг “Strategy Inc” түүхэндээ хоёр дахь удаагаа “зарах” үйлдэл хийсэн нь байв. Дэлхийн хамгийн их биткойн эзэмшдэг компанид тооцогддог тэд 32 биткойныг заржээ.

- Нөгөөх нь, өнөөх л AI-ийн хөөсрөл. Хөрөнгө оруулагчид криптод оруулсан хөрөнгөө гаргаж, AI чиглэлийн компаниудад хийх нь түгээмэл болж байгаа гэнэ.

4 мэдүүштэй зүйл

Түүхэн ялалт: Киргиз НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдов. 2027-2028 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Ази тивээс Филиппин, Киргиз өрсөлдсөн юм. Улмаар дөрвөн шатны санал хураалтын эцэст 142:49-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Тэднээс өмнө Төв Азиас 2016 онд Казахстан уг зөвлөлд сонгогдож байв. 2027 оны байнгын бус гишүүдээр Киргизээс гадна Австри, Португал, Зимбабве, Тринидад ба Тобаго улсууд сонгогджээ.

Онцгой форум: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал явагдлаа. Энэхүү форум нь Монгол Улсын гадаад бодлогын хамгийн амжилттай санаачилгуудын нэг болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг цөөн механизмын нэг болж чадсан билээ. 11 дэх удаагийн хуралд БНАСАУ оролцоогүй ч 30 орчим улс, олон улсын байгууллагын 300 орчим төлөөлөгч оролцжээ.

Чухал айлчлал: Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин хамгийн сүүлд 2019 онд Пёньянд айлчилж байсан юм. Тэрээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай бүс нутгийн аюулгүй байдал болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийнэ гэв. Уг үйл явдал нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын Хятадад хийсэн айлчлалын дараахан болж байгаагаараа олны анхаарлын төвд байгаа юм.

Мега төсөл: Узбекистан атомын цахилгаан станц барьж эхэллээ. 9.5 тэрбум долларын өртөгтэй уг төслийн бүтээн байгуулалтын нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцсон байна. Тэрээр 2024 онд Ташкентад айлчлах үеэрээ уг төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Узбекистан улс анхны атомын цахилгаан станцаа ашиглалтад оруулснаар жил бүр 17 тэрбум киловатт-цаг эрчим хүч үйлдвэрлэж, нийт хэрэглээний 15%-ийг хангана гэв. Мөн нэг дор бага болон их чадлын станцыг хамтад нь барина гэдгээрээ дэлхийд анхдагч болж байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт төв Азийн өөр нэг орон Казахстан анхны атомын цахилгаан станцаа мөн л ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих болсноо зарласан билээ.

5 сонин хачин

1. “ 2000 онд анх гарч байсан “Scary Movie”-ийн зургаадугаар ангийн тасалбарын орлого 56 сая долларт хүрч, бокс оффисыг тэргүүллээ. Энэ бол тус цувралын түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм. 2013 оноос хойш шинэ анги гараагүй нь фенүүдийн хүлээлтийг улам нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Харин дараагийн байрт Amazon MGM-ийн супер баатруудын ертөнцийн эхлэл болсон “Masters of Universe” бичигдсэн байна. Сонирхуулахад, өнгөрсөн тавдугаар сарын Хойд Америкийн бокс оффисын орлого 1 тэрбумыг давсан байна. Энэ нь 2019 оноос хойшхи тавдугаар сарын хамгийн өндөр амжилт болсноос гадна Marvel-ийн кино гараагүй үед ийм үзүүлэлтэд хүрсэн анхны тохиолдол болжээ. Өнгөрсөн сарын хит кинонууд нь “Michael” (210 сая), “The Devil Wears Prada 2” (209 сая), “The Mandalorian and Grogu” (137 сая) байсан юм.

2. Финлянд хоккейн дэлхийн аваргад 5 дахь удаагаа түрүүллээ. Тэд финалын тоглолтод энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагч Швейцарийн багийг 1:0-ээр хожжээ. Финлянд хамгийн сүүлд 2022 онд дэлхийн аварга болж байв. Харин Швейцарийн хувьд гурван жил дараалан мөнгөн медаль хүртэж байна. Тэд ДАШТ-ий финалд нийт 6 удаа шалгарсан ч бүгдэд нь хожигдож байжээ. Харин хүрэл медалийг Норвегийн баг хүртсэн нь хамгийн том сюрприз боллоо. Тэд дэлхийн 28 удаагийн аварга Канадыг 3:2-оор хожиж, түүхэн дэх анхны дэлхийн аваргын медалиа хүртсэн нь энэ юм.

3. Microsoft шинэ квант чипээ танилцууллаа. Өнгөрсөн онд сүр дуулиантай танилцуулж байсан топологийн квант чипийн шинэ загвар “Majorana 2” нэртэйгээр гарчээ. Уг чипийн кубитүүдийн мэдээлэл хадгалах хугацаа 20 секундэд хүрч, найдвартай байдлын үзүүлэлт 1000 дахин нэмэгджээ. Үүнийг гар утасны батарейтай зүйрлэвэл нэг өдөр барьдаг цэнэгийг гурван жил болгон нэмэгдүүлсэнтэй дүйцнэ хэмээжээ. Microsoft-ийн хувьд 2029 он гэхэд анхны квант компьютерээ гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

4. Apple-аас хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг WWDC энэ долоо хоногт явагдана. Тэд уг арга хэмжээний өмнө App Store-ийн тайланг танилцуулдаг уламжлалтай. 2025 онд App Store-ийн нийт апп-ын борлуулалтын тоо 1.4 их наяд доллар хүрчээ. Үүний 90% нь хөгжүүлэгчдэд шууд хүрсэн гэдгийг тэд онцолж байна. Энэ бол 2019 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Apple-ийн хувьд App Store-ын зар сурталчилгаа болон борлуулалтаас 150 тэрбум долларын ашигтай ажиллажээ.

5. 1.7 их наяд долларын үнэлгээтэйгээр түүхэн дэх хамгийн том IPO-г хийх гэж буй SpaceX хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц өөр нэг хэлцлийг амжилттай хийжээ. Тэд Google-д 32 сарын турш дата төвөө түрээсээр ашиглуулах болсон байна. Үүний төлбөрт сар бүр 920 сая доллар хүртэх болжээ. Google-ийн хувьд SpaceX-ийн бүрэлдэхүүнд багтах болсон xAI-ийн эзэмшдэг 110 мянган ширхэг Nvidia GPU-г модель хөгжүүлэлтдээ ашиглах болсон нь энэ юм.