1 гол сэдэв

Юу болов?

5 жил гаруй үргэлжилж буй TikTok-ийн скандал эцэслэгдэж, тус апп-ын Америк дахь бизнес шинэ хөрөнгө оруулагчидтайгаар үйл ажиллагаа явуулах боллоо. TikTok-ийн Америк дахь бизнесийн үнэлгээ 14 тэрбумаар тооцогдсон бөгөөд бүх оролцогч талуудыг санхүүгийн хувьд алдагдалгүй байхаар зохицуулалтууд хийгдсэн гэв. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг хэлцэл 2026 оны 1-р сард эцэслэгдэн дуусах бололтой.


Яаж өрнөв?

Хамгийн анх 2020 онд одоогийн ерөнхийлөгч Д.Трамп TikTok-ийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй, хэрэглэгчдийн мэдээллийг Бээжин рүү дамжуулдаг хэмээн буруутгаснаар энэ бүхэн эхэлсэн. Харин 2024 онд АНУ-ын сенатаас толгой компани ByteDance-д апп-ын үйл ажиллагааг зогсоох эсвэл Америкийн бизнесийг салгаж зарах шаардлага хүргүүлсэн билээ. Д.Трампын хувьд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авахдаа TikTok-ийг Хятадтай харилцах хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн. Тиймдээ ч түүний байр суурь эрс зөөлөрч, Хятадад ч, Америкт ч ээлтэй хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ илэрхийлэх болсон. Тэднийгээ ч олж, ийнхүү гэрээ эцэслэгдэж байна.


Хэн нь хэн бэ?

Одоо 130 сая гаруй хэрэглэгчтэй TikTok-ийн Америкийн бизнесийн 45%-ийг Oracle, Silver Lake болон MGX компаниудын консорциум эзэмшинэ гэнэ. Oracle-ийн хувьд хэрэглэгчдийн дата, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байна. Америкийн бизнес контент хяналт, алгоритмын аюулгүй байдлыг бие даан хангах аж. Мөн маркетинг, брэнд, арилжааны үйл ажиллагааг хараат бусаар гүйцэтгэнэ. Харин ByteDance-ийн хувьд 20%-тай үлдэж байгаа гэнэ. ByteDance-ийн өмнөх хөрөнгө оруулагчдын нэгдэл 35%-ийг бие даан эзэмших аж.

2 чухал тоо

1.100.000.000: Бокс оффисоос 2 тэрбум долларын орлого цуглуулах төлөвтэй гэгдэж буй “Avatar”-ий шинэ анги нээгдэхийн өмнө тус киног бүтээгч Ж.Камероны хөрөнгө тэрбум долларыг давжээ. Forbes-ийн тооцоолсноор 71 настай найруулагчийн хөрөнгө 1.1 тэрбумд хүрсэн гэнэ. “Titanic”, “The Terminator”, “Aliens” зэрэг бүтээлүүдээрээ алдартай түүний бүх кинонууд нийт 9 тэрбум долларын орлого олоод байгаа юм. Тэрээр домогт С.Спилберг, Ж.Лукас (Star Wars), П.Жэксон (Lord of The Rings), Т.Перри (Gone Girl) нарын дараах тав дахь тэрбумтан найруулагч болсон байна.

0.75: Япон улсын төв банк бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөж, 0.75-д хүргэх шийдвэр гаргасан нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов. Японы инфляц сүүлийн 4 жилийн туршид зорилтот түвшин буюу 2%-д хадгалагдаж байгаа ч үйлдвэрчний эвлэлүүдтэй хийсэн цалин нэмэх тохиролцоо нь уг шийдвэрийг гаргах гол хөшүүрэг байсныг эх сурвалжууд онцолж байна.

3 онцлох өгүүлбэр

I. iRobot дампуурав

- 2002 онд Roomba нэртэй робот тоос сорогчийг зах зээл дээр гаргаж, гэр ахуйн технологийн салбарт хувьсгал хийж байсан iRobot дампуурлаа зарлалаа. Одоо тус компанийн бүх хөрөнгө, оюуны өмч, брэнд Хятадад төвтэй Shenzhen Picea Robotics компанид шилжжээ. Picea-ийн хувьд сүүлийн жилүүдэд тус компанид зээл олгож, гол үйлдвэрлэлийн түүхий эдийг хангаж байсан түнш нь юм.

- 1990 онд байгуулагдсан iRobot хамгийн анх батлан хамгаалахын технологи хөгжүүлж байсан. Улмаар Roomba-г гаргаснаар зах зээлд танигдсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын хямд үнэтэй ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд дийлдэж, санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод байсан билээ.

- 2024 онд Amazon тус компанийг 1.7 тэрбум доллараар худалдан авах болсноо зарласан ч зохицуулах байгууллагын хоригоос шалтгаалж бүтэлгүйтсэн юм. Энэ мэдээний дараа iRobot-ийн хувьцааны ханш эрс унаж, нийт ажиллах хүчнийхээ 31%-ийг цомхотгож байсан удаатай. Үүсгэн байгуулагч К.Английн хувьд Amazon-д зарагдах нь компанийг аврах хамгийн сүүлийн арга байсныг нуусангүй.


II. Австралийн халдлага дэлхийг цочроов

- Сидней хотын хамгийн их хүн зочилдог цэгүүдийн нэг Бондай эрэг дээр зэвсэгт этгээдүүд гал нээж, 15 хүний аминд хүрчээ. Еврейчүүдийн тэмдэглэдэг Ханнука баяр эхэлж байх үед муслим шашинтай аав, хүү зэвсэгт этгээдүүд гал нээсэн нь энэ юм.

- Цагдаагийн байгууллагаас уг хэргийг террорист халдлага хэмээн тодорхойлов.

- Буудалцааны үеэр зэвсэгт этгээдтэй тэмцэлдэж, шархадсан хэдий ч бууг нь салгаж, халдлагыг зогсоож чадсан А.Ахмед хэмээх эрхэм үндэстний баатраар өргөмжлөгдөж байна. Австралийн ерөнхий сайд А.Альбанезе түүнийг эмнэлэгт эргэж, GoFundMe-ийн аянад 43 мянган хүн нэгдэж, 2.5 сая австрали долларын хандивыг түүнд бэлэглэжээ.


III. Google Play-ийн оны шилдгүүд тодорлоо

- Андройдын шилдэг апп-уудын нэрс ил боллоо. Google-ийн хувьд зөвхөн апп, тоглоомоос гадна ухаалаг цаг, VR төхөөрөмжид зориулсан шилдгүүдийг нэрлэжээ.

- Хөгжилдөхөд: Edits (Instagram-ийн видео эвлүүлгийн апп), Хувийн өсөлтөд: Focus Friend (дэлгэцийн цагаа хянахад зориулсан апп), Өдөр тутамд: Wiser (15 минутын урттай аудио ном санал болгодог апп), Гэр бүлд: ABCMouse 2 (хүүхдэд зориулсан сургалтын апп)

- Ухаалаг цаганд: SleepisolBio (нойр хэмжигч апп), Том дэлгэцэнд: Goodnotes (Уншлагын апп), Автомашинд: Soundcloud (хөгжмийн стриминг апп), VR төхөөрөмжүүдэд: Calm (бясалгал, алжаал тайлах апп), Нууц эрдэнэсээр: Pingo AI (хэл сурахад зориулсан апп)

4 мэдүүштэй зүйл

Хачин нэгдэл: Д.Трампын үүсгэн байгуулсан сошиал медиа платформ болох Truth Social-ийн толгой компани 6 тэрбум долларын үнэлгээ бүхий шинэ нэгдлийг зарлалаа. Trump Media одоо Калифорниад төвтэй TAE Technologies компанитай нэгджээ. Энэ нэгдлийн дараа Trump Media-ийн ханш 42%-аар өсөв. TAE-ийн хувьд 2031 оноос эхлэн цөмийн эрчим хүчийг арилжааны зорилгоор борлуулах амбицтай. Өмнө нь Alphabet, Chevron, Goldman Sachs зэрэг хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаад байсан юм.

Шинэ эзэн: Snoopie, Charlie Brown зэрэг хүүхэд багачуудын хайртай брэндийг эзэмшигч Peanuts Holdings шинэ эзэнтэй боллоо. Японы Sony компани одоо тус компанийн 80%-ийг эзэмших болсон байна. Sony-ийн хувьд Канадын Wildbrain-ээс тус компанийн 49%-ийг худалдан авч, нийт эзэмшлээ нэмэгдүүлсэн нь энэ юм. WildBrain-ийн хувьд Teletubbies, Strawberry Shortcake зэрэг хүүхдийн брэндүүдээрээ алдартай. Харин Peanuts-ийн дүрүүдийг бүтээгч Ч.Шульц уг компанийн үлдсэн 20%-ийг эзэмшдэг. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Sony Чарли Брауны түүхээр шинэ тоглоом, шинэ кино бүтээх амбицтай байгаа бололтой.

Татгалзсан шийдвэр: Warner Bros.Discovery-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс Paramount-ийн тавьсан 108 тэрбум долларын саналаас татгалзаж байгаагаа зарлажээ. WBD-ийн хувьд кино студи, стриминг бизнесээ Netflix-д 80 орчим тэрбумаар зарах тохиролцоонд хүрээд байгаа. Гэсэн ч Paramount-ийн хувьд үүн дээр телевизийн бизнесийг нэмэн бүтнээр нь худалдан авахаар оролдож байгаа нь энэ юм. Үүний дараа Paramount-ийн эзэн Л.Эллисон бууж өгөх болоогүй гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татав.

Шүүгчийн хориг: АНУ-ын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн нэр бүхий хоёр шүүгчид хориг тавьжээ. Тэдгээрийн нэг нь 2023 оны 12-р сараас тус шүүхэд ажиллаж буй Монгол Улсын иргэн Д.Эрдэнэбалсүрэн байв. Ингэснээр уг шүүгчдийг АНУ руу зорчихыг хориглох, АНУ дахь хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээ авах гэнэ. Тус шүүхээс Газын зурваст явуулж буй Израйлын талын цэргийн ажиллагааг улс төрийн гэмт хэрэг гэж үзэж, улмаар ерөнхий сайд Б.Нетаньяху зэрэг албан тушаалтнуудыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг АНУ-ын зүгээс улстөржсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн хүлээн авахаас эрс татгалзаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байгаа юм.

5 сонин хачин

1. М.Кэри олимпын нээлтэд дуулна Алдарт дуучин Мэрайя Кэри ирэх оны 2-р сарын 6-нд Италийн Милан хотноо эхлэх өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд дуулах болжээ. Өдгөө 56 настай М.Кэри шинэ жилийн үерэх бүх хит жагсаалтыг тэргүүлдэг уран бүтээлч. 5 удаа Грэммиг хүртэж байсан тэрээр хүн төрөлхтний хамгийн том спортын тэмцээнд дуулах болсноо нэр төрийн хэрэг хэмээжээ. Сонирхуулахад, “Парис 2024” зуны олимпын наадмын нээлтэд Лэйди Гага, С.Дион нар дуулж байсан билээ.

2. Youtube Оскарын наадмыг дамжуулна. Кино ертөнцийн хамгийн том наадам Оскарын шагнал гардуулах ёслол 2029 оноос эхлэн бүрэн онлайнд шилжих боллоо. Тэд 101 дэх удаагийн наадмаас эхлэн Youtube-тэй түншлэх 4 жилийн гэрээг байгуулжээ. Үүнээс өмнө гол эрхийг Disney-ийн ABC эзэмшдэг байсан билээ.

3. Онлайн сургалтын хамгийн том платформууд болох Coursera, Udemy нэгдэж байгаагаа зарлалаа. Coursera-ийн хувьд гол өрсөлдөгчөө 930 сая доллараар үнэлэн худалдан авч, нийт 2.5 тэрбумын үнэлгээтэй болж байгаа нь энэ юм. Тэд AI-ийн эрин үед өрсөлдөх давуу талаа хадгалж, гол нөөцүүдээ хуваалцах зорилгоор стратегийн үйлдэл хийж байна.

4. Facebook линк хуваалцах үйлдлийг хязгаарлана. Тэд хэрэглэгчдийн өдөрт хуваалцах боломжтой линкийн хэмжээг хязгаарлах замаар хуурамч мэдээлэл, төлбөртэй агуулгад хяналт тавихыг эрмэлзэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид өдөрт хамгийн ихдээ линк агуулсан 2 пост л хийх боломжтой болох аж. Гэхдээ тухайн хэрэглэгч сарын 14,99 долларын төлбөр төлж, өөрийн аккоунтаа баталгаажуулбал уг хязгаарлалт арилах болзолтой. Facebook-ийн тооцоолсноор нийт хэрэглэгчдийн 98% нь өдөрт 1 ба түүнээс доош линктэй пост хуваалцдаг гэнэ. Тиймд уг өөрчлөлт нь албан ёсны байгууллага, компанийн пэйжүүдэд хамгийн ихээр нөлөөлөх бололтой.

5. Францын шигшээ баг болон ПСЖ-ийн хагас хамгаалагч Осмэйн Дембеле ФИФА-ийн шилдгээр анх удаа нэрлэгдлээ. Өнгөрсөн улиралд ПСЖ-ийн хамтаар Аваргуудын лиг, Францын лиг зэрэг 6 тэмцээнд түрүүлсэн тэрээр 53 тоглолтод 35 гоол оруулжээ. Тэрээр 9-р сард өөр нэг топ шагнал болох “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодроод байсан билээ. Харин энэ улирлын эмэгтэйчүүдийн шилдэг тоглогчоор Барселонагийн А.Бонмати нэрлэгдэв.