1 гол сэдэв

Юу болов?

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад гурван өдрийн төрийн айлчлал хийлээ. Энэ бол 15 жилийн дараа тус улсын төрийн тэргүүн манай оронд албан ёсны айлчлал хийж буй тохиолдол. Тэрээр Туркийн Анкарад явагдсан НАТО-ын чуулганд оролцсоны дараа Улаанбаатарт газардсан юм.

Юу хэлэлцэв?

Түүний айлчлал олон талаар хүлээлт өндөртэй байлаа. Юуны түрүүнд хоёр орон 2021 онд байгуулсан "Стратегийн түншлэл"-ийг бэхжүүлсэн хамтарсан тунхаглал гаргасан. Үүнийг Солонгосын хэвлэлүүд "Хоёр орны харилцааны алтан эрин" хэмээн тодорхойлсон юм. Талууд нийт 21 асуудлын хүрээнд санамж бичиг зурсан дотор чухал ашигт малтмал, эдийн засаг, зам тээврийн асуудлууд багтав. Тухайлбал, ирэх таван жилд хоёр орны худалдааны эргэлтийг 1 тэрбумд хүргэж, "Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийг зарчмын хувьд тохиролцсон байна. Мөн Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын сүлжээ байгуулах төслийг эхлүүлж, цэвэр эрчим хүчний шилжилт болон чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийн боломжийг эрэлхийлэхээр болжээ. Мөн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн чиглэлд хэд хэдэн төслүүд хэрэгжүүлэх болов.

Өөр юу болов?

БНСУ-ын ерөнхийлөгч манай оронд зуны дэлгэр цагаар саатаж, баяр наадмын нээлтийн ажиллагааг гэргийн хамтаар үзэж сонирхов. Үүнээс өмнө манай баяр наадамд Японы эзэн хаан, Бутаны хаан, Киргизийн ерөнхийлөгч нар хүндэт зочноор оролцоод байсан билээ. Тэд мөн Сөүлийн гудамжаар зочлон, гудамжны солонгос хоол амталж, Монгол-Бизнесийн форумыг нээж, Монгол дахь солонгос иргэдтэй уулзсан гэнэ.

2 чухал тоо

26.5: БНСУ-ын хамгийн том технологийн компаниудын нэг SK Hynix NASDAQ-д IPO хийж, 26.5 тэрбум доллар босголоо. AI хөгжүүлэлтийн хамгийн чухал бүрдэл хэсгийн нэг мемори чипийг үйлдвэрлэгч хамгийн том компанийн хувьцаа гарсан даруйдаа 13%-аар нэмэгджээ. Саяхан 1 их наядын үнэлгээтэй болсон тэд энэ зах зээлд Samsung-тай өрсөлдөж, Nvidia, Apple-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм.

100 - Хойд Америкт явагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг 4 баг тодорлоо. Нийт 100 тоглолтын дараагаар хагас шигшээд Аргентин-Англи, Испани-Францын багууд учраа таарчээ. Дэлхийн чансааны топ 4 баг финалд үлдсэн нь ойрд үзэгдээгүй онцгой тохиолдол юм. Тэмцээний аваргууд 7-р сарын 20-нд тодорно.

3 онцлох өгүүлбэр

I. Strategy анх удаа биткойноо алдагдалтайгаар худалдлаа

- Дэлхийн хамгийн алдартай бөгөөд хамгийн өндөр дүнгээр биткойн эзэмшигчдийн нэг Strategy (хуучнаар MicroStrategy) хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор 216 сая долларын биткойныг алдагдалтай үнээр худалдаалжээ. Олон жилийн турш "биткойноо хэзээ ч зарахгүй" гэсэн бодлого баримталж ирсэн уг компанийн энэхүү шийдвэр нь криптовалютын зах зээлд томоохон цохилт болов.

- Биткойны ханш өнгөрсөн оны оргил үеэсээ бараг 50 хувиар буурсны улмаас Strategy-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 75%-аар унажээ. Энэ бол тэд 8.3 тэрбум долларын алдагдал хүлээсэн гэсэн үг. Strategy эзэмшиж байсан биткойноо дунджаар 75,476 долларын үнээр худалдан авсан бол өнгөрсөн долоо хоногт 59,256 болон 60,773 долларын ханшаар борлуулжээ.

- Гэсэн ч Strategy одоогоор 843,775 биткойн буюу нийт эргэлтэд байгаа биткойны ойролцоогоор 4 хувийг эзэмшсэн хэвээр байгааг мартаж болохгүй. Уг үйл явдлын дараагаар биткойны ханш богино хугацаанд буурсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийгөө "криптовалютыг дэмжигч" хэмээн мэдэгдэж, улмаар шинэ төрлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдэд криптовалютыг багтаах боломжийг дурдсаны дараа зах зээл дахин сэргэж эхэлжээ.


II. Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулна

- НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Канад, Украин, Турк, Бельги, Грек, Румын, Латви, Люксембург, Албани зэрэг есөн улс уг шийдвэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Энэ бол Канадын ерөнхий сайд Майк Карнигийн санаачлага юм.

- Батлан хамгаалах, аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын банк буюу DSRB гэсэн бүтэн нэртэй тус байгууллага Канадад төв оффисоо нээж, холбоотон орнуудын батлан хамгаалах үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх шинэ олон улсын байгууллага болох юм. DSRB нь эхний ээлжинд 134 тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилт босгон, батлан хамгаалах салбарын урт хугацааны төслүүдийг дэмжихээр төлөвлөжээ.

- Санаачлагчдын үзэж буйгаар Орос-Украины дайн нь холбоотон орнууд батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатайг харуулсан гэнэ. Тэд шинэ банкны үйл ажиллагааг 2027 онд эхлүүлэх зорилт тавьсан байна. Мөн тус банкны гишүүнчлэл бусад улс оронд нээлттэй байна гэдгийг онцолжээ.


III. Б.Орхонбаяр Даян аварга цол хүртлээ

- Улсын арслан Б.Орхонбаяр 1024 бөх барилдсан үндэсний бөхийн барилдаанд 10 давж, анх удаа түрүүллээ. Ингэснээр тэрээр Улсын Даян аварга цолыг хүртэж, Сэлэнгэ нутгаас төрсөн хоёр дахь аварга цолтон боллоо. Харин Ховдын бөхчүүдийг өнгөлж, Улсын заан Б.Бат-Өлзий 9 даван үзүүрлэж, олон жилийн турш хүлээсэн улсын арслан цолоо хүртэж чадлаа.

- Энэ удаагийн наадмаар бүх цолтон төрсөн нь онцлогтой байлаа. Шөвгийн дөрөвт тунаж үлдсэн Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл гарди цолтон болов. Тэрээр Завханаас төрж буй 5 дахь гарди болж байгаа нь энэ юм. Мөн Л.Энхсаруул (Увс), Д.Алтанцоож (Хэнтий), Б.Сундуйжав (Завхан) нар долоо давж, Улсын заан цолтон болжээ.

- Харин 3 бөх харцага цолны давааг давсан бол 14 бөх улсын начин болжээ. Эдгээрээс хамгийн залуу нь өдгөө 23 настай Дундговь аймгийн арслан Н.Амгаланбаатар байжээ.

4 мэдүүштэй зүйл

Эш хөрөг: Тайванийн Тайпэй хот дахь Хааны ордон музейд дэлхийд алдартай Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа анх удаа олон нийтэд нээлттэй дэлгэлээ. Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитой дүрсэлсэнд тооцогддог уг бүтээл нь Монголын түүхэн ой санамж, үндэсний өв соёлын бэлгэдэл төдийгүй дэлхийн түүхийн үнэт дурсгалд тооцогддог байна. Үзэсгэлэнгийн нээлтийн өмнө Тайпэй хот дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар музейтэй хамтран Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэлээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

Гунигт тоо: Өнгөрсөн сарын сүүлээр Венесуэлд болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3,535-д хүрснийг тус улсын Үндэсний Ассамблейн дарга Хорхе Родригес мэдээллээ. Мөн 16 мянган хүн гэмтэж, 20 мянга гаруй хүн орон гэргүй болсон бол 190 барилга бүрэн нурж, 856 барилга ноцтой эвдэрчээ. Аврах ажиллагааны хүрээнд 6 мянга гаруй хүнийг нурангин доороос аварч чаджээ. НҮБ-ын тооцоогоор газар хөдлөлтийн эдийн засгийн шууд хохирол 6.7 тэрбум долларт хүрээд байна.

Эрсдэлтэй хэрэгсэл: БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас Claude Code-ийг эрсдэлтэй ангилалд оруулав. Тэд Anthropic-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг Claude Code-д хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй алдаа байгааг илрүүлсэн гэв. Энэхүү мэдэгдэл нь АНУ, БНХАУ-ын хиймэл оюуны өрсөлдөөн улам ширүүсэж буй үед гарч байгааг анзаарах хэрэгтэй. Өнгөрсөн сард л гэхэд Anthropic Хятадын Alibaba компанийг Claude-ийн суурь технологийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах оролдлого хийсэн хэмээн буруутгасан билээ.

Цуцалсан хориг: ОУОХ-оос ОХУ-д тавьсан хоригийг түр хугацаанд цуцлаж байгаагаа зарлалаа. Ингэснээр 2023 онд Украйны дайнтай холбоотой гаргасан зөвлөмж хүчингүй болж, ОХУ-ын тамирчид Лос Анжелес 2028 олимпод албан ёсоор оролцох боломжтой болж байна. Оросын олимпын хороо Украйнд хяналтаа тогтоосон дөрвөн бүс нутгийн спорт байгууллагуудыг гишүүнчлэлээсээ хасаж, 2014 онд анх цацагдсан төрийн дэмжлэгтэй допингийн асуудалд ахиц гаргасан нь уг шийдвэр гарах үндэслэл болжээ. Гэхдээ ОУОХ-ны зүгээс уг шийдвэрийг түр хэмээн онцолж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг үүсгэн эцэслэн шийдвэрлэнэ хэмээн онцолсон байна.

5 сонин хачин

1. Disney-ийн энэ оны хамгийн их найдвар тавьж буй бүтээлүүдийн нэг "Moana" нээлтээ хийж, бокс оффисыг тэргүүллээ. Гэвч тэд дэлхий даяар дөнгөж 95 сая долларын орлого олсон нь хүлээлтэд хүрсэнгүй. 2016 онд анх гарч байсан анимэйшнийн уран сайхны хувилбарын нийт өртөг 250 сая доллар байсан гэнэ. Disney-ийн хувьд анимэйшний ертөнцөө тэлж, алдартай зохиолуудаа уран сайхны кино болгох стратеги баримталж байгаа. "Alladin", "Lion King", "Beauty and Beast" нь бүгд амжилттай болж, тэрбум долларын босгыг давсан ч сүүлд гарсан "Snow White", "Dumbo" нь хангалттай амжилт үзүүлж чадаагүй билээ.

2. Meta Superintelligence Labs хиймэл оюунд суурилсан анхны зураг үүсгэх загвар болох Muse Image-ийг танилцууллаа. Meta өмнө нь өөрийн Meta AI платформын зураг, видео бүтээх үйлчилгээнд Midjourney болон Black Forest Labs зэрэг гуравдагч талын загваруудыг ашиглаж байсан бол энэ удаад анх удаа дотооддоо хөгжүүлсэн технологид шилжлээ. Meta шинэ загвараараа контент бүтээгчид, сурталчилгаа эрхлэгчид болон төлбөртэй хэрэглэгчдийг татахыг зорьж байгаа юм. Тэд энэ зах зээлд хэдийнээ хэрэгслүүдээ гаргаад буй OpenAI, Google, Anthropic зэрэг компаниудтай шууд өрсөлдөх болж байгаа нь энэ юм.

3. Супер боулыг эзэмшигч Сиатл Сихаукс (Seattle Seahawks) 9,6 тэрбумаар зарагдаж, NFL-ийн хамгийн өндөр үнэлгээтэй баг боллоо. Тус багийг Цахиурын хөндийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг, Sun Microsystems-ийг үүсгэн байгуулагч Винод Хосла худалдаж авч байна. Тэрээр Stripe, OpenAI, DoorDash зэрэг топ стартапуудад анхлан хөрөнгө оруулж байснаараа алдаршсан нэгэн. Сонирхуулахад, уг багийг 1997 онд Microsoft-ийн үүсгэн байгуулагчдын нэг П.Аллен 190 сая доллараар худалдан авч байсан юм. Түүнийг 2018 онд таалал төгссөний дараагаар гэр бүлийн сан нь NBA-ийн Портлэнд багийг нь мөн зараад байсан билээ.

4. Netflix 24 цагийн турш цацагддаг төрөлжсөн сувгууд үүсгэхээр зэхэж байгаа гэнэ. Тэд уламжлалт телевизтэй ижил зарчмаар ажиллах сувгуудыг бий болгосноор зар сурталчилгааны орлогоо нэмэгдүүлж, хэрэглэгчдийн идэвхийг сэргээнэ гэж найдаж байна. Netflix-ийн рекламын орлого 2025 онд 1.5 тэрбум байсан. Гэвч хэрэглэгчдийн апп дээр өнгөрүүлж байгаа минут ялимгүй буурсан байсан юм.

5. Apple 2024 оноос хойш стратегийн түвшинд хамтран ажиллаж буй OpenAI-ийг оюуны өмчийн хулгай хийсэн хэмээн буруутгаж, шүүхэд зарга үүсгэжээ. Apple-ийн хувьд өмнө нь тус компанид ажиллаж байсан, өдгөө OpenAI-ийн биет төхөөрөмжийн бизнесийг удирдаж буй Тан Танг экс ажилчдаа урвуулсан, мэдээлэл дамжуулахыг шаардсан хэмээн үзэж байна. Мөн олж авсан мэдээллээрээ өөрсдийн нэрийн биет төхөөрөмж бүтээхдээ ашиглаж байгааг дурдсан байна.