1 гол мэдээ
Юу болов?
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа шуугиан дуулианаар дүүрэн өнгөрлөө. Энэ үдшийн гол дүр нь нэр дэвшсэн 11 төрлөөсөө 7-д нь ялалт байгуулсан "Everything Everywhere All At Once" байв. Тус кино наадмын оргил шагнал болох "Шилдэг бүтээл"-ээс гадна "Шилдэг найруулагч, "Шилдэг оригинал зохиол" гэсэн шагналуудыг өөрийн болгосныг онцолъё. Малайз гаралтай М.Йео 60 насандаа Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж, энэ амжилтад хүрсэн анхны ази эмэгтэй болов. Мөн Б.Лийтэй хүүхэд насандаа дүр бүтээж олонд танигдсан Вьетнамд төрсөн Ке Кван "Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин"-ээр, 1978 оны "Halloween"-ийн од Ж.Лий Куртис "Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин"-ээр тус тус тодров. A24-ийн түүхэнд 100 сая долларын орлого олсон анхны кино болсон тус кино "Алтан Бөмбөрцөг", "BAFTA", "SAG" зэрэг топ 7 наадамд бүгдэд нь манлайлсан онцгой амжилтын эзэн болжээ.
Онцлох бүтээлүүд юу байв?
Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд өрсөлдсөн таван эрхэм бүгд анх удаагаа нэр дэвшсэн нь 1935 оноос хойшхи анхны тохиолдол байлаа. "The Whale" кинонд бүтээсэн дүрээрээ Б.Фрэйзэр энэ шагналд тэргүүлжээ. Netflix-ийн "All Quiet on the Western Front" энэ үдэш "Шилдэг эвлүүлэг", "Шилдэг зураг авалт" тэргүүтэй дөрвөн төрөлд мөн Оскар хүртлээ. Netflix-ийн өөр нэг бүтээл, нэрт найруулагч Г.Дел Торогийн "Pinoccio"-ийн хувьд шилдэг анимэйшнээр нэрлэгджээ. Бокс оффисын топ бүтээл "Avatar 2" харин шилдэг визуал эффектийн шагналыг хүртжээ.
Өөр онцлох зүйл юу байв?
Жүжигчинд олгодог 4 төрөлд бүгдэд нь ази гаралтай жүжигчид өрсөлдсөн нь мөн анхны тохиолдол байв. Үүнээс гадна шилдэг оригинал хөгжмийн төрөлд RRR киноны "Naatu Naatu" ялалт байгуулсан нь Энэтхэгээс хүртсэн анхны цом нь болов. Удаан хугацааны туршид гарал угсаа, хүйсийн тэгш байдлын талаар шүүмжлэлд өртөөд байсан Академийн хувьд энэ баримт эерэг оноо авах үйл явдал боллоо. ОХУ-ын сөрөг хүчний лидер А.Навальныйгийн тухай өгүүлэх "Navalny" шилдэг баримтат киноны шагналын эзнээр тодорсон нь Холливүүдийн зүгээс дайны эсрэг байр сууриа илэрхийлсэн мессеж боллоо. Ж.Киммелийн хөтөлсөн Оскарын наадмын үзэлт өмнөх жилийнхээс 13 хувиар өсөж, 18.8 саяд хүрсэн ч энэ түүхэнд муугаасаа 2-т бичигдэх үзүүлэлт байлаа.

ТОЙМ ОНЦОЛЖ БАЙНА: TOYOTA-ийн шилдэг залуу механикчид тодорлоо
1950 онд анх Японд зохиогдож, тэр цагаас хойш залуу механикчдын мэргэжлийн ур чадвараа сорих хамгийн том талбар болсоор ирсэн "Мэргэшсэн механикчдын ур чадварын нэгдсэн тэмцээн" манай улсад анх удаа боллоо.
Тоёота Мотор Корпорацын Монгол дахь албан ёсны 3 дилер болох “Таван Богд” ХХК, “Мөнххада” ХХК, “Топ Моторс” ХХК -ийн шилдэг 6 баг мэргэшсэн механикчдын ур чадвар болох оношилгоо, засвар, үйлчилгээг явуулах ур чадвар, мэргэшил, мэдлэг, хурд, мэдрэмжийг сорихоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, шалгуурыг хэрхэн хэрэгжүүлж буйд онцгойлон дүгнэж шилдэгийн шилдэгээ шалгаруулсан байна.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-аас зохион байгуулсан "Мэргэшсэн механикчдын ур чадварын тэмцээн-2023-т “Таван богд” ХХК-ийн 1-р баг механикч А.Батхуяг, Г. Мөнхтөгөлдөр нар түрүүлж, шилжин явах цом, Япон улс дахь Тоёота Мотор корпорацын үйлдвэртэй танилцах эрхийн бичгээр шагнуулжээ. Сонирхуулахад энэ тэмцээнийг Тоёота Мотор Корпорац, Тоёота Солонгосын зочид хүрэлцэн ирж сонирхжээ.



2 чухал тоо
10,000 - Meta нийт 10 мянган ажилтнаа цомхотгож, нээлттэй зарлаад байсан 5 мянган орон тооны шалгаруулалтаа зогсоож байгаагаа зарлалаа. Нийт ажиллах хүчний 13%-тай нь тэнцэх энэхүү үйлдлээ тэд эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд дасан зохицох шийдвэр хэмээн тайлбарлаж байна. 4 сарын өмнө тэд 11 мянган ажилтнаа халаад байсан билээ.
27,293 - Биткойны ханш 2021 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болох 27,293 долларт хүрлээ. Энэ нь банкны салбарт үүсэж буй хүндрэлтэй нөхцөл байдал, тэр дундаа SVB болон Signature банкны уналттай шууд холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
Meta plans to lay off some 10,000 employees — its second round of layoffs in less than six months.… https://t.co/gjP4TC58lV
Wed Mar 15 17:15:00 +0000 2023
3 онцлох өгүүлбэр
I. Илүү хүчирхэг ChatGPT 4 танилцуулагдлаа.
- OpenAI технологийн ертөнцөд хит болж буй ChatGPT-ийн хамгийн хүчирхэг шинэ моделийг нийтэд танилцууллаа. Уг модель нь 25 мянган үг бүхий текст дээр ажиллах чадвартайгаас гадна програмчлалын бараг бүх том хэлүүдийг суралцсан гэдгээрээ онцлогтой. Уг модель Microsoft-ийн веб хөтөч Bing-тэй хэдийнээ хослон ажиллах болжээ.
- Үүнээс гадна энэ удаагийн шинэчлэл текстээс гадна зураг, визуал дээр ажиллах боломжтой болсон нь томоохон дэвшил байлаа. Хэрэглэгчид ноорог цаасан дээр гараараа зурсан дизайныг бодит веб болгож, Pong-ийн кодыг 60 секундын дотор бичүүлж, тоглоом хүртэл бүтээгээд амжжээ.
- Бизнесийн байгууллагууд ч энэ моделийг хэдийнээ ашиглаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчлээд эхэлсэн. Duolingo-ийн хувьд гадаад хэл сурахад, Khan Academy шалгалтанд бэлдэхэд хиймэл оюуныг санал болгож байгаа бол Stripe дотоодын хөгжүүлэгчдэдээ зөвлөх зорилгоор ChatGPT 4-ийг нэвтрүүлжээ.
II. Р.Рэйнолдсын компани 1.35 тэрбумаар зарагдлаа.
- Америкийн харилцаа холбооны салбарын лидерүүдийн нэг T-Mobile Deadpool-ийн од, жүжигчин Райн Рэйнолдсын хувь эзэмшдэг Mint Mobile-ийг худалдаж авч байгаагаа зарлалаа. Mint нь хямд үнийн дүнтэй багц борлуулдаг бөгөөд Р.Рэйнолдсын хувьд нүүр царай нь болж, маркетингийн ажлыг нь удирддаг юм. Тэрээр энэ хэлцлээс 350 сая орчим долларын ашиг хүртэх бололтой.
- Энэ бол түүний хувьд анхных нь бизнесийн амжилт биш. Тэрээр 2020 онд өөрийн эзэмшдэг виски брэнд Aviation Gin-ийг Diageo-д 610 сая доллараар зарж байсан юм. Мөн Английн тавдугаар лигт тоглодог Wrexham AFC клубыг худалдаж авч, FuboTV, Wealthsimple зэрэг стартапуудад хөрөнгө оруулаад амжсан юм.
- Тэрээр өөрийн хөрөнгө оруулсан компаниудын бүтээлч ажлыг удирдах бие даасан компанийг удирддаг бөгөөд түүнийхээ хүрээнд өөр брэндүүдтэй мөн хамтран ажилладаг юм. Энэ жил л гэхэд тэрээр Peloton, Match Group зэрэг топ компаниудын сурталчилгааг бүтээж, өөрөө гол дүрд нь тоглосон байна. Түүнийг NHL буюу хоккейн лигийн Оттава Сенаторс клубыг худалдаж авахаар зэхэж байгаа тухай яриа гараад байгаа юм.
III. Путиныг баривчлах шийдвэр гарав.
- Гаагт байрлах Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах шийдвэр гаргалаа. Тус шүүх Украин хүүхдүүдийг эх нутгаас нь албадан гаргасан хэрэгт буруутгажээ. Зарим тайланд дурдсанаар 16 мянга орчим хүүхдийг дайны үеэр Орос руу шилжүүлсэн нь батлагдсан аж.
- Энэ шийдвэрийн дараа В.Путин дайны гол анхаарал төвлөрөөд буй Мариуполд өөрийн биеэр хүрэлцэн ирлээ. Энэ бол дайн эхэлснээс хойш түүний Украинд хийж буй анхны айлчлал. Тэрээр хот дундуур машинтай явж, бодит нөхцөл байдалтай танилцжээ. Үүнээс өмнө тэрээр Кримеад мөн очоод байсан юм.
- БНХАУ-ын дарга Ши Жинпин Москвад айлчилж, В.Путинтэй уулзах болсон нь мөн анхаарал татаж байна. Үүний дараа тэрээр Украины ерөнхийлөгч В.Зеленскитэй утсаар ярих бололтой. Хятад улс хоёр талын хооронд зуучлагч болох эсэх, мөн ямар шийдвэр тохиролцоо гарахыг олон улс анхааралтай ажиглаж байна.
4 мэдүүштэй зүйл
Сансрын өмсгөл: Axiom Space сар луу хөөрөх Artemis хөтөлбөрт зориулан бүтээсэн сансрын нисгэгчийн хувцсаа зарлалаа. 228 сая долларын төсвөөр бүтээгдсэн уг өмсгөл нь дэлхий дээр өмсөх хар бараан өнгөтэй, саран дээр өмсөх цагаан гэсэн хоёр төрлөөр бүтээгдсэн байна.
Шинэ өрсөлдөгч: Google өөрсдийн ажлын бүтээмжид чиглэсэн програмуудтай нийцэж ажиллах хиймэл оюуныг танилцууллаа. ChatGPT-ийн тэсрэлтийн дараагаар өөрсдийн хариулт болгон гаргаж буй уг туслах нь Google Docs, Gmail, Sheets, Slides дээр төвлөрөн ажиллах бөгөөд хэрэглэгчдэд имэйл бичих, танилцуулга товчлох, AI-аар зураг, видео гаргах зэрэг нэмэлт боломжуудыг олгох ажээ.
Амбицтай төлөвлөгөө: Volkswagen 2027 он хүртэл цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэл болон дижитал шилжилтэд зориулж 180 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. Өнгөрсөн жил Хятадын зах зээлд маш амжилттай ажиллаж 22 тэрбум еврогийн ашигтай тайланг танилцуулсан тэд Tesla-тай шууд өрсөлдөх 26 мянган долларын үнэтэй ID. 2all нэртэй шинэ загвараа мөн танилцуулжээ.
Брэнд өөрчлөлт: Дэлхийн хамгийн том хүнс үйлдвэрлэгчдийн нэг Kellogg хөнгөн зуушний бизнесээ тусдаа гаргах төлөвлөгөөгөө өнгөрсөн жил танилцуулсан. Алдарт Pringles, Cheez-Its зэрэг брэндийг эгнээндээ багтаасан тус нэгжийн шинэ нэр нь Kellanova байх болсныг тэд зарлалаа. Тэд компанийн ажилчид дундаа нэрний санааны уралдаан явуулж, 4000 гаруй хувилбараас сонголт хийжээ.
The next generation spacesuit. @NASA selected @Axiom_Space to develop the suits for the Artemis III mission to th… https://t.co/WC8N9089VM
Wed Mar 15 15:21:17 +0000 2023
5 сонин хачин
1. DC Comics-ийн ээлжит супер баатрын түүх "Shazam! Fury of The Gods" бокс оффисыг 30 сая долларын орлогоор тэргүүллээ. Гэхдээ энэ нь киноны эхний ангийн дебют амжилтаас хоёр дахин бага үзүүлэлт юм. Shazam-ийн 2-р ангийн нийт төсөв 125 сая доллар байжээ. Жагсаалтын дараагийн байруудад "Scream VI", "Creed III" бичигдэж байна.
2. Дэлхийн хамгийн том нээлттэй мэдээллийн сан Wikipedia сүүлийн арван жил дэх хамгийн том дизайны шинэчлэлээ албан ёсоор зарлалаа. Хэрэглэгчид уг сайт дээр илүү их хайлт хийж нэвтэрсэн ч доош гүйлгэж урсгаж унших нь багасаж байгаатай холбоотой зүүн талд нийтлэлийн хуваалтуудыг оруулж, зарим цэсний байрыг сольжээ. Одоогоор 318 хэлний 300-д нь энэ шинэчлэл нэвтрээд байгааг тэд дурдав.

3. Youtube TV дэлгэцээ дөрөв хувааж нэгэн зэрэг контент үзэх боломжийг олгох шинэ функцээ нэвтрүүллээ. Уг нэмэлт нь одоогоор зөвхөн спортын контентод төвлөрч хөгжүүлэгдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Саяхан NFL-ийн дамжуулалтын эрхийг авсан тэд NCAA-ийн March Madness-ийн үеэр хэрэглэгчдийг сургах, татах зорилготой байгаа гэнэ.

4. Microsoft хамгийн их хэрэглэгчтэй оффисын програмд тооцогдох Office 365-тай хослон ажиллах шинэ AI туслахаа танилцууллаа. Copilot нэртэй уг туслах нь Word, Excel, Powerpoint зэрэг гол програмууд дээр хэрэглэгчдэд танилцуулга бэлтгэх, текстийн санаа шидэх, дизайны санал өгөх, алдаа засах зэрэг олон үйлдлийг хийх чадалтай байх гэнэ.
5. Дэлхийн хамгийн том насанд хүрэгчдийн видео бичлэгийн сан Pornhub-ийг эзэмшигч MindGeek шинэ эзэнтэй боллоо. Канадын хөрөнгө оруулалтын фирм Ethical Capital Partners тус компанийг бүрэн худалдаж авсан байна. Тус компани хууль бус видео бичлэгийг хязгаарлах, модератор хийхтэй холбоотой олон шүүхийн заргад өртөж, санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байсан юм.
Pornhub owner sold to Canadian private equity firm https://t.co/ppwwdGPBSZ
Thu Mar 16 19:21:52 +0000 2023
10 унших мэдээ
Анхаарах: Франц улс тэтгэврийн насаа нэмлээ /WSJ/
Унших: Siri, Alexa, Google AI тулаанд яагаад ялагдав? /NYTimes/
Гайхах: Анхны наймаалжны фермийг тойрсон маргаан /Morning Brew/
Тооцох: БНСУ 69 цагтай долоо хоногийг төсөөлж байна /CNN/
Анзаарах: UBS Credit Suisse-г худалдаж авна /BBC/
Мэдэх: АНУ TikTok-ийг хэрхэн хориглох вэ? /CNBC/
Хүлээх: Хятад улс банкны салбараа ингэж аварна /CNN/
Гайхах: Трамп баривчлагдаж магадгүй /WSJ/

Сэтгэгдэл бичих

