1 гол сэдэв
Юу болов?
Монгол Улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн улс төрийн тогтворгүй нөхцөл байдлын эцэст, Монгол Улсын түүхэнд хамгийн удаан ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Тэрээр 2021 оны 1-р сарын 27-нд ерөнхий сайдаар томилогдож, улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг удирдан ялалт байгуулснаар улиран томилогдож, нийт 1516 өдрийн турш Засгийн газрыг тэргүүлжээ.
Урьдач нөхцөл юу байв?
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн хэтийдсэн хэрэглээтэй холбоотой асуудал сошиал орчинд шуугиан тарьж, улмаар орлогоо нотолж, хариуцлагаа хүлээхийг нэхсэн тайван жагсаал төв талбайд өрнөх болсон. Уг жагсаал “Огцрох амархан” нэртэйгээр зохион байгуулалтад орж, өдөр ирэх тусам цар хүрээгээ тулсаар сүүлийн өдрөө гэхэд 10 мянга гаруй хүнийг цуглуулах хүртлээ өргөжжээ. Ерөнхий сайдын хувьд мега төслүүдийг хэрэгжүүлж, баялгийн санг хөдөлгөж эхэлсэнтэй холбоотой улс төр, бизнесийн бүлэглэлүүд нөхцөл байдлыг эргүүлж, олон нийтийг талцуулж байна гэх байр суурийг удаа дараа илэрхийлэх болсон. Тиймдээ ч МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулж, улмаар УИХ-д итгэл хүлээлгэх эсэх тухай санал хураалт явуулах шийдвэрийг гаргасан билээ.
Үйл явдал хэрхэн өрнөв?
Даваа гарагийн хамгийн эхний том шийдвэр АН-ын бүлгээс гарсан. Тус бүлэг итгэл үзүүлэх эсэх санал хураалтад оролцохгүй байх шийдвэрийг гаргасан нь ерөнхий сайдад том цохилт болов. АН-ын 39 гишүүний 23 нь ирцээ бүртгүүлж, санал хураалтад оролцохгүй байх буюу дэмжихгүй байх шийдвэрийг гаргасан нь энэ юм. Үндсэн хуульд зааснаар УИХ-аас Ерөнхий сайдад итгэл үзүүлэхдээ санал хураалтад хэдэн гишүүн оролцсоноос үл хамааран нийт гишүүдийн 50%-аас дээш буюу 64 гишүүн дэмжсэн байх шаардлагатай байдаг. АН-ын шийдвэрийн дараагаар ерөнхий сайдад МАН-ын 68 гишүүний санал нэг бүр хэрэгтэй болсон гэсэн үг.
Дараагийн том цохилтыг Монгол Улсын ерөнхийлөгч хийв. Чуулганы өмнө Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэр бүхий гишүүдийг ерөнхийлөгч дарамталж байгааг ил болгож, улс төрийн хямралд ерөнхийлөгчийн нөлөө их байгааг нуулгүй сэтгүүлчдэд хуваалцаад байсан юм. Чуулганы танхимд асуулт асууж, үг хэлсэн 60 гаруй гишүүдийн дийлэнхийн асуултад хариулахдаа ерөнхий сайд өөрөө ч үүнийг нуугаагүй. Гэхдээ У.Хүрэлсүх ерөнхийлөгч шөнө дунд чуулганы хуралдаанд өөрийн биеэр орж ирэн, өөрийгөө дахин нэр дэвшихгүй, ерөнхийлөгчийн засаглал руу шилжихгүй гэдгийг баталгаажуулж, ерөнхий сайдыг УИХ-ын даргатай нь зандран зэмлэж, улмаар гишүүдийг ард иргэдээ сонсож шийдвэрээ гаргахыг сануулсан юм. Түүний нэрийн хуудас болсон хурц, ширүүн, шууд үгс заалны болон олон нийтийн уур амьсгалыг эргүүлсэн нь илт байв.
Үүний дараагаар санал хураалт нууцаар буюу цаасаар явагдах горимын санал дэмжигдсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалт мөн хаалттай явагдахад голцуу ерөнхий сайдын талын гишүүд эрс эсэргүүцэж байсан ч олонх болж чадаагүй. Улмаар санал хураалтад оролцсон 82 гишүүдийн 44 нь итгэл үзүүлэхийг дэмжсэн санал өгсөн нь хангалттай байсангүй.
Одоо яах вэ?
Л.Оюун-Эрдэнэ болон түүний засгийн газар дараагийн кабинет байгуулагдах хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэнэ. Эрх баригч МАН-ын хувьд дараагийн ерөнхий сайдын нэрийг тодруулахаас гадна засгийн газрыг дангаар байгуулах эсэхээ шийдвэрлэх учиртай. 30 хоногийн дотор УИХ ерөнхий сайдыг батлахгүй бол өөрөө тарах ч эрсдэл хүлээж буй. Шинэ ерөнхий сайдын сунгаа хэдийнээ эхэлжээ.
2 чухал тоо
650.000.000: Neuralink 650 сая доллар босгожээ. Хүний тархинд чип суулгах зорилготой Neuralink ингэснээр 9 тэрбум долларын үнэлгээтэй болж байна. Тэд хамгийн сүүлд төрөлхийн хараагүй өвчтөнд эргэн тойрноо мэдрэх боломж олгох “Blindsight” төхөөрөмжөө туршаад байгаа юм. Гэхдээ энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүссээр байна. Хамгийн сүүлд 2015 онд байгуулагдсан Paradromics хэмээх компани Мичиганы их сургуультай хамтран анхны чипээ тархинд суулгасан байна. Тэд хүний тархин дахь мэдрэлийн сүлжээг хянаж, бүртгэх зорилготой байгаа юм. Уг компанийн хонин дээр хийсэн туршилт маш амжилттай болсон бөгөөд зохицуулах байгууллагаас зөвшөөрөл хүлээж байгаа гэнэ. Үүнээс гадна Ж.Бэйзос, Б.Гэйтс нар Synchron хэмээх стартапад хөрөнгө оруулаад удаагүй байгаа юм.
25: “Улаанбаатар биенналь” нээгдлээ. Энэ жилийн наадам “Сарны дор, тэнгэрийн хаяанд” уриан дор явагдах бөгөөд 25 орны 130 гаруй уран бүтээлчид оролцох юм. 6-р сарын 20 хүртэл үргэлжлэх уг наадам нь медиа, дүрслэх урлагийг түгээн дэлгэрүүлэх, бүтээлч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Улаанбаатарын өнцөг булан бүрд нээгдэх наадамд ерөнхий үзэсгэлэнгээс гадна хамтрагч үзэсгэлэн, хамрах хүрээний үзэсгэлэн, хүүхдийн гадаа талбайн хөтөлбөр зэрэг олон хөтөлбөр багтаж байгаа юм.
3 онцлох өгүүлбэр
I. Д.Трамп vs И.Маск: Бал сар дуусав
- Дэлхийн хамгийн хүчирхэг эрхэм болон дэлхийн хамгийн баян хүний нөхөрлөл эцэс болсон бололтой. И.Маск Д.Трампыг дахин ерөнхийлөгч болоход хамгийн их хандив өргөж, өөрийн биеэр кампанит ажилд оролцож, консерватив сонгогчдыг татахад асар их нөлөө үзүүлсэн нь маргаангүй. Үүний хариуд Д.Трамп И.Маскийг зөвлөхөөрөө томилж, засгийн газрын үр ашиггүй төсөв, үрэлгэн захиран зарцуулалтыг хянаж хасах үүрэг бүхий DOGE нэгжийг байгуулж өгсөн. Өнгөрсөн долоо хоногийг хүртэл тэдний хамтрал “гайхалтай” байж, таатай үгс шидэлцэн, талархлын бэлгэнд умбуулж байв.
- Гэвч өнгөрсөн сарын сүүлээр Цагаан ордон дахь албан ёсны ажлаа хүлээлгэн өгч, улмаар Трампаас “аварга түлхүүр” гардан авсан И.Маск оффистоо очингуутаа засгийн газрыг шүүмжилж эхлэв. Тэрээр Бүгд найрамдах намын өргөн барьсан төсвийг шүүмжилж, засгийн газар өр нэмэгдэж, төсвийн алдагдал хэт их байгаа нь ард түмэнд хортой зэргээр X хуудсандаа бичих болсон. Харин Трамп хариуд нь Tesla-д давуу байдал олгож байсан цахилгаан машин худалдан авах татаасыг үгүй болгосонд хорсож байна хэмээн бичсэн нь байдлыг бүр ч дордуулж орхив.
- Эх сурвалжууд талуудыг “санал зөрж, муудалцах” нь цаг хугацааны асуудал хэмээн тодотгож байсан нь ийн биеллээ олов. И.Маскийн санал болгосон NASA-ийн шинэ лидер Ж.Айзааксоныг “Ардчилсан намынханд хандив өгдөг байсан” хэмээн эргүүлэн татсан нь маргааны эхлэл болсон бололтой. Д.Трамп NASA-ийн SpaceX-д өгсөн төсөл, санхүүжилтийг зогсоовол таарна гэсэн бол И.Маск түүний нэрийг Ж.Эпштэйнийн “секс арлын нууц жагсаалт”-д байгаа гэж хүртэл бичиж үзжээ. Сүүлдээ бүр нам байгуулна хэмээн санал асуулга явуулжээ. Нөхцөл байдал үүнээс дордох боломжгүй мэт ч санагдах болов. Дэд ерөнхийлөгч Ж.Ванс тэргүүтэй улс төр, бизнесийн олон хүмүүс тэднийг эвлэрүүлэх оролдож байгаа мэдээлэл гарсан. Эцсийн эцэст И.Маскийн Tesla-д татаас, SpaceX-д захиалга, Neuralink-д зөвшөөрөл хэрэгтэй. Д.Трампд харин завсрын сонгуулийн өмнө олон нийтийн дэмжлэгийг хадгалахаас гадна сарыг эзлэхэд, интернет татахад, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд И.Маскийн нөлөө зайлшгүй шаардлагатай нь үнэн.
II. Дэлхий даяар сонгуулиар амьсгалав.
- БНСУ шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Тус улсын шинэ ерөнхийлөгчөөр өдгөө 62 настай Ли Жэ Мён сонгогдлоо. Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрээр нийт сонгогчдын 49.42%-ийн санал авсан бол Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15%-ийн санал цуглуулжээ. Ли Жэ Мён бол хүний эрх, хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч. Өмнө нь Кёнги мужийн захирагчаар ажиллаж байсан тэрээр 2022 оноос хойш парламентад сонгогдож, намаа тэргүүлж байсан юм. Өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёл цэргийн онц байдал тогтоосны улмаас албан тушаалаасаа огцорсон тул шинэ төрийн тэргүүн үүрэгт ажилдаа шууд оржээ.
- Польш үндсэрхэг үзэлт ерөнхийлөгчтэй боллоо. Хоёр дахь шатны сонгуульд сонгогчдын 50.89%-ийн санал авсан К.Навроцкигийн ялалт Европын холбоог тэр чигт нь гайхшралд оруулав. Түүхч мэргэжилтэй тэрээр үндсэрхэг үзэлтэй, Трампыг дэмжигч, анти-либералист гэдгээрээ алдартай. Варшав хотын захирагч Р.Тшасковски эхний шатанд ялалт байгуулсан ч 360 мянган саналаар ялагдал хүлээлээ. Хэдийгээр Польшийн үндсэн хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал хэдий ч хуульд хориг тавих эрхээ эдэлж, ерөнхий сайд Д.Таскийн Европын холбоог налсан бодлого, реформд саад учруулах боломжтой юм.
- НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдлээ. Тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнууд 2 жилийн хугацаатайгаар сонгогддог. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт 2026 оноос эхлэн ажиллах таван орныг тодруулах нууц санал хураалт явагджээ. Энэ удаад Бахрейн, Колумб, Латви, Либери болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсууд Аюулгүйн зөвлөлд багтах болжээ. Тэд бүрэн эрх нь дуусаж буй Алжир, Гайана, БНСУ, Словени, Сьерра-Леоне улсын халааг авна. Аюулгүйн зөвлөлд АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Их Британи гэсэн байнгын таван орноос гадна арван байнгын бус гишүүд харьяалагддаг юм.
III. Татвар, нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилнэ.
Засгийн газар магадгүй хамгийн “сүүлийн” хуралдаанаараа “Татварын багц хууль”, "Нийгмийн даатгалын багц хууль"-ийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих болжээ. Хуульд дараах онцлох өөрчлөлтүүд тусгагдсан байна.
- Иргэдийн сар бүрийн 500 мянга хүртэлх худалдан авалт 100%-аар, 500-800 мянган төгрөг хүртэлх худалдан авалт 50%-аар НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Нийт иргэдийн 70% нь НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой болно.
- Иргэдийн сар бүрийн цалингаас 800 мянган төгрөг хүртэлхийг 100% татвараас чөлөөлнө. Өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийн цалинд 1.2 сая төгрөгт л орлогын албан татвар төлнө. Нийт иргэдийн 45% нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө
- ААН-ын 25%-аар татвар төлөх босгыг 6 тэрбумаас 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлнэ. 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15% болгож бууруулна
- Татварын өрөөс шалтгаалан данс бүрэн хаадаг тогтолцоог хална
- ААН-үүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломж нээнэ
- Оюутан, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтэд нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө
- 1979 оноос хойш төрсөн хүмүүс шимтгэлийн 4%-ийг өөрийн нэр дээрх хувийн тэтгэвэрт шилжүүлэх эрхтэй болно
- Ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлд дээд хязгаар тогтооно
- Нийгмийн даатгалын санг мэргэжлийн байгууллагаар удирдуулна
- Гэрээгээр ажиллаж буй хүмүүсийн давхардаж төлдөг шимтгэлийг зохицуулна
4 мэдүүштэй зүйл
Давтан осол: Токиод төвтэй “ispace” хэмээх стартап 2023 онд саран дээр газардсан анхны хувийн компани болох зорилгоор сансрын аппаратаа хөөргөсөн ч амжилтгүй болж байсан түүхтэй. Тэгвэл тэдний хоёр дахь оролдлого дахин бүтэлгүйтжээ. Баасан гарагийн өглөө явагдсан газардах оролдлогын үеэр тэд аппараттай холбоо тасарчээ. Ташрамд дурдахад, 2024 оноос хойш хувийн хэвшлээс АНУ-ын “Intuitive Machines”, “Firefly Aerospace” нэртэй компаниуд саран дээр судалгааны аппаратаа амжилттай буулгаад байгаа билээ.
Крипто тэсрэлт: 2014 онд байгуулагдсан крипто бирж Gemini нээлттэй компани болох хүсэлтээ гаргасан байна. Facebook-ийн анхны санааг гаргасан хэмээн М.Цукербергтэй зарга үүсгэснээрээ алдаршсан Винклевоссын ихрүүдийн үүсгэн байгуулсан уг компани одоогоор 7 тэрбум доллараар үнэлэгдээд байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт стэйблкойн хөгжүүлэгч Circle мөн IPO хийж, 1.1 тэрбум долларыг амжилттай босгосон. Д.Трампын захиргаа крипто зах зээлд ээлтэй бодлого баримталж байгаатай зэрэгцэн ижил төрлийн олон компаниудын үнэлгээ нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын сонирхол өссөөр байна.
Хиймэл цус: Нара АУИС-ийн эрдэмтэд хугацаа нь дууссан донорын цуснаас ялгасан гемоглобиноос хиймэл цус гарган авчээ. Бүх төрлийн цусанд нийцнэ гэдгээрээ онцлогтой хиймэл цусыг хоёр жилийн хугацаанд хадгалах боломжтой. Цусны хомсдлыг бүр мөсөн шийдвэрлэж, яаралтай тусламжийн үйлчилгээг үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүлэх уг нээлтийг 2030 он гэхэд массын хэрэглээнд нэвтрүүлэх зорилго дэвшүүлжээ.
Робот арми: Amazon хүргэлтийн үйлчилгээнд зориулсан хүн төрхтэй, AI-д суурилсан робот хөгжүүлэлтэд онцгой анхаарч байгаа гэнэ. Улмаар Сан Францискогийн оффистоо сургалтын зориулалттай парк байгуулж, роботуудаа бодит амьдралд гаргахын өмнө бэлтгэх ажээ. Amazon Unitree, Agility зэрэг робот хөгжүүлэлтийн лидер компаниудтай хамтран ажиллаж, төрөл бүрийн туршилтыг хийсээр байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн тэд 2020 онд худалдан авсан Zoox-ийн жолоочгүй машиныг хүргэлтэд нэвтрүүлэхэд бэлэн болоод буй. Ингэснээр Amazon агуулахаас үүд хүртэлх бүх үйл явцыг бүрэн автоматжуулах боломжтой гэж үзэж байгаа юм.
5 сонин хачин
1. “Ballerina” бокс оффисыг тэргүүлж чадсангүй “John Wick”-ийн ертөнцөд өрнөх шинэ түүх “Ballerina” нээлтийн долоо хоногтоо дотоодын зах зээлээс 28 сая долларын орлого олж, бокс оффисын 2-р байрт бичигдлээ. Холливүүдийн өсөж яваа од Ана де Армасын гол дүрийг нь бүтээсэн уг кино Жон Викийн цувралд шинэ дүр авчрах оролдлого гэдгээрээ онцлогтой. Гэхдээ энэ нь “Lilo & Stitch”-ийн давамгайллыг зогсооход хангалттай байсангүй. Disney-ийн “Lilo & Stitch”-ийн дэлхий даяарх орлого 640 саяд хүрч, гурав дахь долоо хоногтоо жагсаалтыг тэргүүлэв. Харин “Mission Impossible: Final Reckoning”-ийн орлого 400 саяд хүрч, бүтээсэн зардлаа давлаа. 350-400 сая долларын өртгөөр бүтсэн уг кино түүхэн дэх хамгийн үнэтэй киноны нэгт тооцогдож байсан билээ.
2. Лэйди Гага Гиннесийн рекорд тогтоожээ. Түүний өнгөрсөн сард Бразилын Рио Де Жанейро хотын далайн эрэг дээр тоглосон үнэгүй тоглолт “түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй эмэгтэй уран бүтээлчийн тоглолт” хэмээн бүртгэгдсэн байна. Уг тоглолтыг 2.5 сая хүн үзэж сонирхжээ. Өмнөх рекордыг мөн тус хотод хийсэн алдарт Мадоннагийн 1.6 сая үзэгчтэй тоглолт эзэмшиж байв.
3. Meta цөмийн эрчим хүч ашиглана. Тэд хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор АНУ-ын хамгийн том цөмийн эрчим хүч нийлүүлэгч Constellation Energy компанитай 20 жилийн гэрээ байгуулжээ. Meta 2027 оноос эхлэн жил бүр 1,121 мегаваттын эрчим хүчийг худалдан авах бөгөөд 1,100 ажлын байрыг бий болгоно гэв. Ташрамд дурдахад, Microsoft, Amazon, Google компаниуд мөн ижил зорилгоор цөмийн эрчим хүч худалдан авах гэрээг байгуулаад байгаа билээ.
4. 72 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн Энэтхэгийн Хайдарабад хотноо явагдлаа. Уг тэмцээнд 108 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж, Тайландын мисс О.Чуангсри түрүүлжээ. Тус улс түүхэндээ анх удаа уг тэмцээнд түрүүлж байгаа нь энэ юм. Этиопын мисс Х.Адмассу дэд байрт шалгарсан байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсыг төлөөлөн 22 настай Б.Эрдэнэсувд оролцсон. Тэрээр спорт миссийн төрөлд шилдэг 32-т шалгарчээ.
5. Английн хамгийн алдартай нэр Мухаммад болжээ. Их Британийн статистикийн хорооны мэдээлснээр 2023, 2024 онд төрсөн эрэгтэй хүүхдүүдийн дунд хамгийн алдартай нэр нь “Мухаммад” байсан гэнэ. Гэвч энэ бол Европ даяар өрнөж буй чиг хандлагын зөвхөн нэг нь гэдгийг судлаачид онцлов. Бельгийн Брюссель, Норвегийн Осло, Германы Берлин, Нидерландын Амстердам хотод муслим оршин суугчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой “Мухаммад” нэр шинэ төрөгсдийн дунд №1 болоод байгаа ажээ. Сонирхуулахад, Англид эцэг эхчүүд охиндоо Оливиа, Амелиа нэрийг хамгийн ихээр өгч байгаа гэнэ.