1 гол сэдэв
Юу болов?
Meta удтал хүлээлгэсэн шинэ VR төхөөрөмжөө зарлалаа. Компанийн үүсгэн байгуулагч М.Цукербергийн ихээхэн найдвар тавьж буй Quest 3 VR-ийн хувьд 499.99 долларын үнэтэйгээр борлуулагдах юм. Энэ төхөөрөмж өөр нэг технологийн гигант Apple ижил төстэй-өрсөлдөгч бүтээгдэхүүнээ зарлахын яг өмнө ил болж байгаа нь анхаарал татав.
Үзүүлэлт нь ямар вэ?
Snapdragon-ийн чипээр тоноглогдсон шинэ төхөөрөмжийн хувьд 40%-аар нимгэрч, жин болон хийцлэлийн хувьд хэрэглэгчдэд илүү ээлтэй болсон гэдгийг Цукерберг онцлов. Мөн Quest 2-ийн бүх тоглоомтой нийцэн ажиллахаас гадна нэмэлт гурван мэдрэгчийн тусламжтай хэрэглэгчдэд илүү амьд мэдрэмж төрүүлэх зорилготой аж.
Өөр юу байна?
VR, MR-ийн зах зээл сүүлийн үед ихэд эрэлттэй байна. Apple, Sony, Oppo зэрэг тоглогчид энэ зах зээлд нэвтэрч, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байхтай зэрэгцсэн Meta-ийн танилцуулга дан ганц төхөөрөмж байсангүй. Тэд Asgard's Wrath, Assasin's Creed, Stranger Things, Ghostbusters зэрэг алдартай тоглоом, цувралуудын VR хувилбарыг Quest Gamings Showcase арга хэмжээнийхээ үеэр зарласан билээ.
2 чухал тоо
11 - Дусал цусаар бүрэн шинжилгээ хийх чадалтай технологи бүтээсэн хэмээн хөрөнгө оруулагч, олон нийтээ хууран залилсан хэрэгт буруутгагдсан Э.Холмес хорих ялаа эдэлж эхэллээ. Theranos-ийг үүсгэн байгуулж, эмэгтэй С.Жобс хэмээн цоллогдож байсан тэрээр шүүхээс 11 жилийн ял авсан юм.
2025 - Rocket Lab компанийн Сугар гараг луу илгээх судалгааны хөлгийн төсөл 2025 он хүртэл хойшиллоо. Тус гарагийн агаар мандлаас органик материалын ул мөр олох зорилготой уг хөтөлбөр нь тус гарагт хэрэгжүүлэх хувийн компанийн анхны төсөл гэдгээрээ онцлогтой юм.
3 онцлох өгүүлбэр
I. УИХ-ын гишүүдийн тоо 126 болно.
- Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт түүхэн шийдвэр гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гишүүдийн тоог нэмлээ. Ингэснээр 2024 оны сонгуулийн дараагаар УИХ-ын гишүүдийн тоо 126 болон нэмэгдэх боллоо.
- Үүнтэй зэрэгцэн сонгуулийн тогтолцоонд мөн өөрчлөлт орсон. 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдах бөгөөд 78 гишүүн нь мажоритар буюу тойргоос, 48 гишүүн нь пропорционал буюу жагсаалтаар сонгогдоно. Шинэ хоёр тойрог нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдэх бололтой
- Монгол улс хамгийн сүүлд 2012 онд холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байв.
II. Nvidia-ийн үнэлгээ 1 их наядыг давлаа.
- Чип бүтээгч Nvidia 1 их наядын клубт элссэн технологийн 6 дахь компани боллоо. Үүнээс өмнө Google, Microsoft, Amazon, Apple, Meta энэ амжилтыг үзүүлж байв.
- Хиймэл оюуны тэсрэлттэй холбоотойгоор хүчирхэг чипний хэрэглээ тасралтгүй нэмэгдэх болсон. 30 жилийн турш өндөр үзүүлэлт, хүч сайтай технологид бооцоо тавьсаар ирсэн NVidia-ийн борлуулалт үүнтэй зэрэгцэн нэмэгдсэн нь ч санаандгүй амжилт биш. Тэд сүүлийн 3 сард л гэхэд 2 тэрбум долларын ашиг олжээ.
- Хамгийн сүүлд Nvidia Computex 2023 арга хэмжээгээ хийсэн тэд DGX GH200 суперкомпьютерээ зарлаж, клоуд технологийн тусламжтай AI модель сургах замыг нээсэн. Мөн ACE хэмээх шинэ хөдөлгүүрээ зарласнаар видео тоглоом хөгжүүлэгчдэд AI-ийг ашиглах боломжтой болгосон билээ.
III. "Spider-Man"-ийн шинэ анимэйшн нээлтээ хийлээ.
- "Spider-Man: Across the Spider-Verse" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 208.6 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Хятадыг оролцуулан нийт 59 улсын зах зээлийг манлайлсан тус кино Хойд Америкийн зах зээлээс л гэхэд 120.5 сая долларыг олжээ.
- Энэ нь 2023 оны хувьд зөвхөн "The Super Mario Bros. Movie"-ийн ард бичигдэх үзүүлэлт юм. Мөн "Spider-Man"-ийн франчайзын хувьд гуравт бичигдэх амжилт болжээ. Тус анимэйшний эхний анги дебют долоо хоногтоо 35.5 сая долларын орлого олж, нийт 384 сая долларын борлуулалт хийсэн юм.
- Бокс оффисын 2-р байрт Диснейн шуугиан дүүрэн шинэ бүтээл "The Little Mermaid' бичигдсэн. Одоогоор тус кино 326 сая долларын орлого олоод байна.
4 мэдүүштэй зүйл
Чухал туршилт: Алдарт энтрепренер И.Маскийн үүсгэн байгуулсан Neuralink хүн дээр туршилт хийх эрхээ баталгаажууллаа. 2016 онд байгуулагдсан тус компани хүний тархинд чип суулгаж, цаашлаад компьютертэй холбох зорилготой юм.
Шинэ өрсөлдөгч: Alibaba зарлаад удаагүй байсан хиймэл оюунд суурилсан шинэ чатботоо хэрэглээнд нэвтрүүллээ. Tingwu нэртэй ухаалаг туслахтай уг платформ нь зөвхөн хайлтаас гадна мултимедиа контент бүтээх, аудио болон видеогоос текст хураангүй үүсгэх чадалтай гэнэ.
Төгс хурд: NASA, MIT-ийн эрдэмтэд лазер технологийн тусламжтайгаар секундэд 200 гигабайт хурдаар мэдээлэл дамжуулж дээд рекорд тогтоосон байна. Дэлхийн тойрог замд хөөргөсөн TBIRD системийн тусламжтай тэд энэ хурдыг үзүүлжээ.
Цөмийн аюул: OpenAI-ийн үүсгэн байгуулагч С.Алтман болон Google DeepMind-ийн CEO Д.Хассабис тэргүүтэй энтрепренер, эрдэмтэд нэгдэн хиймэл оюуны хүн төрөлхтөнд учруулж буй эрсдлийг анхааруулсан захидал гаргажээ. 22 үгтэй уг захидалд AI-ийг цар тахал, цөмийн дайн зэрэг эрсдэл үүсгэхээс сэргийлэх шаардлагатайг анхааруулсан байна.
5 сонин хачин
1. Queen хамтлагийн бүх цаг үеийн хит уран бүтээл "Bohemian Rhapsody" анх зохиогдохдоо "Mongolian Rhapsody" нэрээр бичигдэж байсан гэнэ. Ф.Меркуригийн дууны үг, дахилтаа ноороглосон гар бичмэл "Sotheby's"-ийн дуудлага худалдаанд орох үед энэ баримт ил болсон юм. Уг гар бичмэл 1.2 сая долларын үнэ хүрэх магадлалтай гэнэ.
2. EA Sports болон Nike компаниуд NFT зах зээлд хамтрах болсноо зарлалаа. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн дуртай видео тоглоомдоо эзэмшиж буй пүүз, хэрэглэлийн NFT-ээ ашиглах боломжтой болж байгаа гэсэн үг юм. Nike-ийн хувьд өнгөрсөн жил .Swoosh нэртэй веб3-т суурилсан шинэ платформоо танилцуулаад байсан билээ.

3. Хятадын технологийн топ компаниудын нэг Oppo анхны MR төхөөрөмжөө зарлалаа. MR Glass Developer Edition-ийн хувьд Snapdragon XR2+-аар тоноглогдсон бөгөөд хөгжүүлэгчдэд VR технологид суурилсан шинэ апп, тоглоом бүтээхэд онцгойлон зориулжээ.

4. NASA болон Boeing долдугаар сарын сүүлээр хөөргөх байсан Starliner-ийн нислэгийг техникийн асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа зарлалаа. Олон улсын сансрын станцад ачаа тээвэр хүргэх ажлыг хөнгөвчлөх зорилготой уг хөлөг нь энэ удаагийн нислэгээр 2 сансрын нисгэгч тээвэрлэх зорилготой байсан юм.
5. Дэлхийн хамгийн том блог платформ Wordpress цахим товхимлын зах зээлд нэвтэрлээ. Тэд Wordpress Newsletter үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдэд өөрийн цахим товхимлоо бүтээж, хэрэглэгчдэд хүргэх, мөн төлбөр авах системийг танилцуулав. Сонирхуулахад, идэвхтэй хэрэглэгдэж буй нийт вебсайтын 43% нь Wordpress-д суурилсан байдаг гэнэ.


Сэтгэгдэл бичих

