1 гол сэдэв
Юу болов?
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт Аляскад явагдлаа. Маш өндөр хүлээлт дунд явагдсан уулзалт нэг талаараа тодорхой шийдвэр, шийдэлгүй өндөрлөсөн ч нөгөө талаасаа энхийн хэлэлцээр байгуулахад ойрхон ирлээ гэх найдварыг төрүүлсэн чухал ач холбогдолтой байв. Энэ бол В.Путины хувьд 2022 онд Украйн руу дайрснаас хойш барууны оронд зочилж буй анхны тохиолдол. Д.Трампын хувьд ч сонгуулийн кампанит ажлынхаа турш амалж байсанчлан дайныг дуусгах амбицынх нь хамгийн том илрэл нь уг уулзалт болсон гэж хэлж болно. Тэд хамгийн сүүлд 2019 онд уулзаж байсан билээ
Юуг онцлов?
Ерөнхийлөгчдийн уулзалт 3 цаг орчим үргэлжилсэн. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин “Трамп ерөнхийлөгч байсан бол дайн эхлэхгүй байх байсан” хэмээн хэлсэн нь анхаарал татав. Д.Трамп хэлцэл найрсаг, дулаан, хүндэтгэлтэй уур амьсгалд явагдсаныг онцлоод дараагийн уулзалт ойрхон байгааг онцолсон. Путин түүнийг Москвад уриад хүртэл амжив. Үүний дараагаар Д.Трамп Украйны ерөнхийлөгч В.Зеленски болон барууны орны удирдагчидтай утсаар ярьж, уулзалтын талаар мэдээллээ хуваалцсан гэнэ. Улмаар Зеленскиг даваа гарагт Цагаан ордонд урьжээ. Энэ үеэр талууд энхийн хэлэлцээрт шаардлагатай нөхцлүүдийг ярилцаж, тохиролцоо хийх бололтой. Зеленскигийн хувьд ямар ч хэлэлцээрт Украйны тал заавал байх ёстой гэдгийг хатуу шаардсаар байгаа юм.
Одоо яах вэ?
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талууд дайныг аажмаар бус шууд зогсоох ёстой гэдэг дээр санал нэгдсэн бололтой. Украйн болон НАТО-ын хувьд эхлээд гал зогсоох хэлэлцээр байгуулж, дараа нь нөхцлүүдээ тохирох хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Юутай ч 3 жил гаруйн турш үргэлжилж, сүүлдээ цөмийн зэвсэг хүртэл хөндөгдөх болсон дайн эцэс болох шинэ найдвар төрж эхэллээ.
2 чухал тоо
124,496 - Өнгөрөгч лхагва гарагт нэг ширхэг биткойны ханш $124,496 хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлтдээ хүрлээ. 7-р сарын АНУ-ын инфляцын тайлан тооцоолсноор өндөр гарсан нь ханшид нөлөөлсөн нь энэ юм. Зөвхөн криптогоос гадна хөрөнгийн зах зээлд ч өсөлт ажиглагдаж, S&P 500-ын ханш гурван өдөр дараалан түүхэн дээд үзүүлэлтдээ хүрчээ.
4 - Австрали Палестиныг хүлээн зөвшөөрнө. Үүнээс өмнө Америкийн холбоотнуудаас Их Британи, Канад, Франц улсууд ирэх сард явагдах НҮБ-ын ерөнхий ассемблейн үеэр Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрнө хэмээн мэдэгдээд байсан. Австралийн ерөнхий сайд Э.Албанезе Газын зурвас дахь нөхцөл байдлыг сайжруулах хамгийн шилдэг шийдэл нь энэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Сүүлийн үед Газын зурвас дахь Израйлын явуулж буй бодлогод олон улс ихээхэн шүүмжлэлтэй хандах болсон. Саяхан гэхэд дэлхийн 30 гаруй улсын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэхийг уриалсан билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Perplexity Chrome-ийг худалдан авах санал тавьжээ
- Хиймэл оюуны технологи ашиглан хайлтын системийг тэр чигт нь өөрчилж, Google-тэй өрсөлдөх амбицтай Perplexity хамгийн сүүлд 18 тэрбум доллараар үнэлэгдсэн. Гэхдээ тэд дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй веб хөтөч Chrome-ийг худалдаж авахын тулд 34.5 тэрбум доллар төлөхөд бэлэн байгаа гэнэ.
- Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын шүүхээс Google-ийг монополийн шинж чанартай ажиллаж байна хэмээн үзэж, зарим бизнесээ салгах шаардлага тавьсан. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Google Chrome-ийг хайлтын бизнесээс салгаж, зарах эсвэл бие даалгах шаардлага тавигдах магадлал өндөр байгаа юм. Тухайн үед Perplexity-ээс гадна OpenAI хүртэл Chrome-д санал тавихад бэлэн гэж мэдэгдэж байлаа.
- Chrome-ийн хувьд веб хөтчийн зах зээлийн 68%-ийг дангаараа эзэлдэг юм. Perplexity-ийн хувьд веб хөтчийг цаашид хөгжүүлж, AI-тай интеграц хийхэд зориулж 3 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
II. Америкийн засгийн газар Intel-ийг эзэмших үү?
- Bloomberg-ийн мэдээлснээр тэд Intel-ийн зарим бизнесийг худалдаж авах, эсвэл томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа гэнэ. Энэ мэдээний дараа Intel-ийн хувьцаа 7%-аар өсчээ. Сүүлийн үеийн технологийн давлагаанаас хоцорч, хангалттай хурдан дасан зохицож чадахгүй байгаа тэд зөвхөн 2024 онд л гэхэд нийт үнэлгээнийхээ 60%-ийг алдсан билээ.
- Салбарын шинжээчид засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцох нь тийм ч тааламжтай үйлдэл биш хэдий ч Intel-ийн хувьд үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул зах зээл эергээр хүлээн авна хэмээн дэмжсэн шинжтэй байгаа юм. Intel-ийг аврах нь AI-ийн их тэсрэлтийн үед Америкийн байр суурийг хүчтэй хадгалах гол хэрэгсэл хэмээн засгийн газар үзэж буй. Тэд CHIPS хөтөлбөрийн хүрээнд хамгийн их буюу 11 тэрбум долларыг Intel-д олгоод байгаа билээ.
- Д.Трампын хувьд эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшилтэй “стандарт бус” тохироог хийх болсон. Тухайлбал, Nvidia, AMD-г Хятад руу чип экспортлох зөвшөөрлийг олгож, оронд нь борлуулалтын орлогын 15%-ийг авахаар болсон. Мөн Америкийн нутаг дэвсгэрт газрын ховор элемент олборлож буй цорын ганц компани MP Materials-д 400 сая долларын хөрөнгө оруулж, хамгийн том хувьцаа эзэмшигч нь болоод байгаа билээ.
III. БНСУ-ын экс тэргүүн хатагтай баривчлагджээ
- Өдгөө 52 настай Ким Кён Хи сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хувьцааны үнэд нөлөөлөх оролдлого хийсэн, хээл хахууль авсан зэрэг 16 хэргээр буруутгагдаж байна. Түүнийг нотлох баримтыг санаатайгаар устгаж болзошгүй хэмээн үзэж хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилжээ.
- Энэ бол БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн гэр бүл нэгэн зэрэг баривчлагдсан анхны тохиолдол болж байна. Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сог Ёль цэргийн дэглэм тогтоосон хэргээр шүүгдэж буй.
- Тэргүүн хатагтайн хувьд 2022, 2024 оны сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон байх боломжтой нотлох баримт олдсон юм. Мөн бизнесийн давуу тал олгосныхоо төлөө тансаг бэлэг, газар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байна.
4 мэдүүштэй зүйл
Мөнгөжүүлэх төлөвлөгөө: ChatGPT-5 моделио зарлаад удаагүй байгаа OpenAI 6 тэрбум доллартай тэнцэх хувьцаагаа борлуулахаар бэлтгэж байна. Одоогийн болон хуучин ажилчдад эзэмшиж буй хувьцаагаа зарахыг зөвшөөрч, мөнгөжүүлэх гэж буй энэхүү үйлдэл нь талентуудаа хадгалж үлдэх нэг оролдлого хэмээн шинжээчид үзэж байна. Сүүлийн үед Meta, Google зэрэг технологийн гигантууд AI суурьтай инженерүүдэд маш өндөр хэмжээний бонус, цалин амалж, багаа илт хүчирхэгжүүлэх болсон юм. Үүнд хамгийн их өртөж, ажилчдаа алдаж байгаа компани нь OpenAI болоод байгаа билээ.
Шинэ эзэн: 53 настай Том Дундон хэмээх тэрбумтан NBA-ийн Портлэнд Трэйл Блэйзэрс 4.5 тэрбум доллараар худалдан авлаа. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг Т.Дундон 2017 онд NHL-ийн Каролинаг худалдан авч, лигийн хамгийн шилдэг менежменттэй баг болгож чадсанаараа алдартай. Тэр мөн Major League Pickleball-ийг үүсгэн байгуулсан шилдэг менежер билээ. Сонирхуулахад, Microsoft-ийн хамтран үүсгэн байгуулагч П.Аллен Портлэндийг 1988 онд 70 сая доллараар худалдан авч байсан түүхтэй. Тэрээр 2018 онд таалал төгсөхийнхөө өмнө өөрийн гэр бүлдээ спортын багаа зарж, буяны үйлсэд зарцуулахыг гэрээслэн үлдээж байжээ.
Аварга нүх: Хамгийн том хар нүхийг илрүүлжээ. SDSS J1148+193 нэртэй уг хар нүхний масс нь манай нарнаас 36 тэрбум дахин их гэнэ. Дэлхийгээс 5 тэрбум гэрлийн жилийн цаана орших уг хар нүхийг хамгийн анх 2007 онд ажигласан бөгөөд “таталцлын линзчлэл” гэх шинэ аргаар өндөр нарийвчлалтай тооцоолол хийж чаджээ. Уг хар нүх нь “унтаа байдалтай” буй тул материуд сорон залгихгүй байгааг одон орончид онцолжээ.
Дампуурлын ирмэгт: 130 гаруй жилийн түүхтэй Kodak хуримтлагдсаар буй өр төлбөрөө төлөх чадамжгүй болж, урт хугацааны санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрсээр байгааг хөрөнгө оруулагчдадаа анхаарууллаа. Өнгөрсөн улиралд 26 сая долларын алдагдалтай ажилласан тэдний хувьцааны ханш нэг өдөрт л 20%-аар буурав. Гэрэл зураг, хэвлэлийн зах зээлийн топ тоглогч байсан Kodak 2012 онд дампуурлаа зарлаж, улмаар гол патентууд, зарим нэгжээ зарж байсан удаатай. Тэд өнгөрсөн жил АНУ-ын засгийн газраас эмийн үйлдвэрлэл эрхлэх санхүүжилт авч, компанийн үйл ажиллагаагаа сэргээх гэж оролдож байгаа юм.
5 сонин хачин
1. ПСЖ Супер цомын эзэд боллоо Европын хөлбөмбөгийн шинэ улирлыг нээж, Супер цомын төлөө Аваргуудын лигийн аварга ПСЖ (Франц), Европа лигийн аварга Тоттенхэм (Англи) клубүүд тоглолоо. Уг тоглолтын үндсэн 2:2-ын харьцаатайгаар өндөрлөж, улмаар торгуулийн цохилтоор ПСЖ илүүрхжээ. Францын аваргууд түүхэндээ анх удаа супер цомд түрүүлж байгаа нь энэ юм.
2. Paramount UFC-ийг дамжуулах эрхийг авлаа. Энэ бол Paramount-ийн хувьд Skydance-тай нэгдсэнээс хойш хийж буй хамгийн эхний том хэлцэл болж байна. Тэд холимог тулааны хамгийн алдартай лиг UFC-ийг АНУ-ын нутаг дэвсгэрт шууд дамжуулах онцгой эрхийг 7 жилийн хугацаанд 7.7 тэрбум доллараар худалдан авчээ. Гэрээ 2026 оноос эхлэн хэрэгжинэ. UFC-ийн хувьд сүүлийн 5 жил ESPN-тэй хамтарч ажиллаж байсан. ESPN-ийн хувьд жилд 500 сая доллар төлж байв. Тэд өнгөрсөн долоо хоногт өөр нэг энтертэйнмент спорт WWE-ийн шууд дамжуулалтын эрхийг 5 жилийн хугацаанд 1.7 тэрбум доллараар худалдан авснаа зарласан билээ.
3. Threads 400 сая хэрэглэгчтэй болжээ. Meta-ийн хөгжүүлж буй текст суурьтай сошиал медиа ердөө 2 жилийн дотор уг үзүүлэлтэд хүрсэн нь энэ юм. Өнгөрсөн сард тэд гар утасны апп хэрэглээ нь өмнөх жилтэй харьцуулахад 127%-аар нэмэгдэж, 115.1 саяд хүрснээ зарлаад байсан билээ. Харьцуулахад, Threads-ийн гол өрсөлдөгч X-ийн хувьд 600 сая орчим хэрэглэгчтэй гэгддэг юм.
4. Т.Свифт шинэ цомог гаргана. Тэрээр 12 дахь цомгоо “The Life of a Showgirl” хэмээн нэрлэжээ. Нийт 12 дуунаас бүрдэх уг цомог 10-р сарын 13-нд худалдаанд гарах гэнэ. Хамгийн сүүлд 2024 онд гаргасан “The Tortured Poets Department” цомог нь гарсан даруйдаа хит болж, оны хамгийн өндөр борлуулалттай цомог болж байсан удаатай. Түүний хамгийн сүүлд дэлхий даяар хийсэн “Eras” аялан тоглолт нь 2 тэрбум долларын орлого олж, бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлэх болсон билээ.
5. БНХАУ-ын Бээжин хотноо хүн дүрст роботуудын дэлхийн спортын наадам нээлтээ хийлээ. Анх удаа зохиогдож буй тус тэмцээнд 16 орны 280 багийн робот өрсөлдөж байна. Роботууд хөлбөмбөг, гүйлт, уртын харайлт зэрэг спортын төрлүүдээс гадна бараа ангилах, зөөвөрлөх, цэвэрлэх зэрэг үйлдэл гүйцэтгэх юм. Нийт 26 төрлөөр шилдэг роботуудыг тодруулах ажээ.