1 гол сэдэв

Юу болов?

Dr Pepper, 7Up, Snapple зэрэг брэндүүдийг эзэмшдэг “Keurig Dr Pepper” Нидерландад төвтэй кофе, цайны компани “JDE Peet’s”-ийг 18 тэрбум доллараар худалдан авлаа. Энэ мэдээний дараа KDP-ийн хувьцааны ханш 15%-аар унасан бол “JDE Peet’s”-ийнх 11%-аар өсчээ.

Яагаад?

2018 онд капсул кофе, кофены машинаараа алдартай “Keurig” болон төрөл бүрийн гаазтай ундаа болон ус үйлдвэрлэгч “Dr Pepper” нэгдэж, жилийн 11 тэрбум долларын борлуулалттай шингэн хүнсний компанийг үүсгэж байсан удаатай. Гэсэн ч тэдний кофены бизнесийн борлуулалт тасралтгүй буурсаар байсан нь энэхүү аварга наймааг хийхэд түлхэц болсон нь гарцаагүй.

Одоо яах вэ?

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар KDP энэ хэлцлийн дараагаар компаниа 2 салгаж, кофе болон шингэн хүнсний чиглэлээр дагнасан компаниуд үүсгэх бололтой. Ингэснээр талууд ирэх 3 жилд 400 сая доллартай тэнцэх зардал хэмнэнэ гэв.

2 чухал тоо

236.000.000: Бокс оффисыг тэргүүлсэн Netflix-ийн анхны кино болсон “Kpop Demon Hunters”-ийн амжилт үргэлжилсээр. Тус анимэйшнийн үзэлт 236 саяд хүрсэн нь Netflix-ийн түүхэн дэх хамгийн амжилттай кино болоход хангалттай үзүүлэлт байв. Үүнээс өмнө “Red Notice”, “Don’t Look Up” кинонууд хамгийн их үзэлтийн рекордыг тогтоож байв. Үүнээс гадна уг киноны оригинал дуунууд Billboard-ийг ч эзэлж, нийт 4 дуу нь топ 10-т бичигдсэн нь урд өмнө гарч байгаагүй амжилт болов. “Golden” нэртэй хит бүтээл нь бүр чартыг тэргүүлжээ. Ташрамд дурдахад, уг бүтээлийн эрхийг Netflix цар тахлын үеэр Sony-оос ердөө 20 сая доллараар худалдан авч байжээ.

4 - Йеменийн ерөнхий сайд амиа алджээ. Өнгөрсөн 8-р сард тус улсын ерөнхий сайдаар томилогдсон А.Ар-Рахави нийслэл Сана хотод Израйлын сөнөөгч онгоцны бөмбөгдөлтөд өртөж амиа алджээ. Израйлын тал пүрэв гарагаас эхлэн хусит бүлэглэлийн гол төв хуарангууд руу нийт 12 удаа цохилт өгсөн бөгөөд 4 хүн амиа алдсаны дотор ерөнхий сайд байжээ. Йеменийг 2014 оноос хойш хяналтандаа авсан хусит бүлэглэл Израйлын Газын зурваст явуулж буй ажиллагааг буруушааж, цэргийн шинэ ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн мэдэгдээд байжээ.

3 онцлох өгүүлбэр

I. БНСУ-ын сургуулиудад ухаалаг утсыг хориглолоо

- Өмнөд Солонгосын парламент дунд сургуулийн сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг албан ёсоор хориглох хуулийг баталлаа. Парламентын 165 гишүүний 113 нь уг хуулийн төслийг дэмжжээ. Хууль ирэх хичээлийн жилээс буюу 2026 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжинэ.

- Засгийн газраас явуулсан судалгаагаар тус улсын дөрвөн хүн тутмын нэг нь буюу 10 гаруй сая хүн ухаалаг утасны хамааралтай байгааг тогтоожээ. 10-19 настнуудын дунд нөхцөл байдал хамгийн хурцадмал буюу 43%-ийн донтолттой байсан гэнэ.

- Шинэ хуулиар сургуулиудад зөвхөн хичээлийн танхимаас гадна сургалтын орчинд утсыг хориглох эрхийг нээжээ. Үүнээс өмнө Хятад, Итали, Нидерланд, Финланд зэрэг зарим улсууд ухаалаг утсыг сургуулийн орчинд хориглох шийдвэр гаргаж байв.


II. Nvidia дахиад рекорд тогтоов

- 4 их наядын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны компани Nvidia-ийн улирлын тайлан зарлагдлаа. Тус компанийн өнгөрсөн улирлын орлого түүхэн рекорд буюу 46.7 тэрбум долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 56%-аар өссөн үзүүлэлт байв.

- Гэхдээ шинжээчид тайлангаас хэд хэдэн зүйлийг онцлон тодотгож байна. Тус компанийн нийт орлогын 88%-ийг дата төвийн бизнес бүрдүүлж буй. Зөвхөн энэ нэгж нь л дэлхийн бусад бүх чип үйлдвэрлэгчдээс том. Нөгөө талаас нийт орлогын 39%-ийг ердөө 2 компани бүрдүүлж байгаа нь анхаарал татав. Эдгээр компаниудын нэрсийг тэд ил зарлаагүй ч цаашид уг хамаарал улам өсөх магадлалтайг сануулжээ.

- Nvidia-ийн хувьд “галзуу” гэмээр өсөлтөө хадгалахын тулд Хятадын зах зээлд ихэд найдаж буй. Тэд Трампын захиргаатай орлогын 15%-аа хуваалцах хэлцэлд хүрч, гол бүтээгдэхүүн H20 чипээ Хятадад зарахаар төлөвлөж байгаа. Энэ нь тэдэнд нэмэлт 50 тэрбум долларын борлуулалтыг авчрах боломжтой гэж үзэж буй. Сонирхуулахад, 2026 онд AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт улам нэмэгдэж, 500 тэрбум долларт хүрнэ хэмээн UBS-ээс тооцжээ. Шинжээчдийн хувьд Nvidia-ийн өсөлт, AI-ийн тэсрэлттэй холбоотой хөрөнгө оруулалтын хөөсрөлт хагарч магадгүйг анхааруулсаар байгаа билээ.


III. Хятадын топ 500 аж ахуй нэгж зарлагджээ

- Бүх Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан жагсаалтыг онлайн худалдааны JD.com тэргүүллээ. Тус компанийн орлого өнгөрсөн жил 1.14 их наяд юаньд хүрч, ийм амжилт үзүүлсэн хятадын анхны хувийн компани болжээ.

- 27 дахь удаагийн жагсаалтад жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум юань буюу 140 сая доллараас өндөр 7 мянга орчим компани хамрагдаж, шилдэг 500-г нь зарласан байна. Жагсаалтын дараагийн байруудад Alibaba, Hengli Group бичигдсэн нь сүүлийн 4 жил өөрчлөгдөөгүй үзүүлэлт байв.

- Сонирхуулахад, топ 500 компанийн судалгаа, шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалт анх удаа 1 их наяд юанийг давжээ. Эдгээр компаниудад 1.15 сая ажилчин зөвхөн судалгаанд төвлөрөн ажиллаж, 721 мянган патентыг эзэмшиж байгаа гэв.

4 мэдүүштэй зүйл

Анхны чип: Малайзын SkyChip нэртэй компанийн бүтээл MARS1000 Зүүн өмнөд азийн орнуудад бүтээгдсэн хамгийн анхны AI чип болов. Хэдий тус чипний үзүүлэлт Nvidia зэрэг зах зээлийн тэргүүлэгчдийн хэмжээнд хараахан хүрэхгүй ч тус улсын технологийн дэвшлийг илтгэсэн том амжилт билээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп худалдааны дайнтай холбоотой Малайз, Тайланд зэрэг улсад зарим дэвшилтэт технологийн экспортыг хорих эрсдэлтэй байгаа нь энэхүү бүтээлийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

Дотоодын шийдэл: Microsoft анхны AI моделио танилцууллаа. Microsoft-ийн бие даан хөгжүүлсэн уг моделийн нэр бол MAI. Зах зээлийн лидер ChatGPT-г бүтээгч OpenAI-ийн хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft уг моделио Gemini, DeepSeek, ChatGPT-5-тэй өрсөлдөхүйц хэмээн тодорхойлсон нь сонирхолтой. Nvidia-ийн 15 мянган чип ашиглаж сургасан уг моделио тэд эхний ээлжинд Copilot-д нэвтрүүлэх гэнэ.

Гахайн уушги: Гахайны уушгийг хүнд шилжүүлэн суулгажээ. Дэлхийд анхдагч болсон уг хагалгааг Хятадын мэс засалчид амжилттай гүйцэтгэжээ. Тархи нь үхэжсэн 39 настай өвчтөнд шилжүүлэн суулгасан гахайн генийн хувиргалттай уушги одоогоор 7 хоногийн турш халдвар авалгүй хэвийн ажилласан байна. Өмнө нь гахайн зүрх, бөөрийг амжилттай шилжүүлэн суулгаж байсан боловч гадаах агаартай шууд харьцдаг, халдварын эрсдэлтэй учир уушгинд ямар нэгэн ахиц гараагүй хэвээр байсан юм.

Аварга зарга: И.Маск OpenAI, Apple-ийг шүүхэд өгчээ. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм И.Маск “Grok” нэртэй AI моделийг бие даан хөгжүүлж буй. Гэсэн ч тэрээр Apple, OpenAI-ийг “монополийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж”, Grok-ийг системтэйгээр хавчин шахаж байна хэмээн гомдоллосон байна. Үүнийхээ төлөө тэрээр тэрбум гаруй долларыг нэхэмжилжээ. Түүний зарганд ChatGPT-ийн өрсөлдөгч Perplexity, DeepSeek апп-ууд гарсан даруйдаа App Store-ийн номер нэг апп болж, хэрэглэгчдэд санал болгох жагсаалтад багтдаг ч Grok-ийг тодотгох, онцлох ажил хийгдээгүйг баримтжуулан хавсаргажээ.

5 сонин хачин

1. Т.Свифт сүй тависнаа зарлалаа. Өнөө цагийн поп ертөнцийн нүүр царай Тэйлор Свифтийн Instagram зарлал сошиал ертөнцийг донсолголоо. Уг пост нь 24 цаг хүрэхгүй хугацаанд 13 сая лайк цуглуулсан нь сошиал медиагийн рекордод тооцогдоно. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Т.Свифт болон түүний найз залуу, NFL-ийн од Т.Келче нар 2 долоо хоногийн өмнө сүй тависнаа одоо л зарлаж байгаа нь энэ гэнэ.

2. Spotify DM-тэй болжээ. 700 сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том хөгжмийн стриминг платформ Spotify илүү сошиал шинжтэй болохыг хүсэж байна. Тэд DM функцийг нэвтрүүлсэнээр хэрэглэгчдийг апп-аасаа гарахгүйгээр бие биедээ дуу санал болгож, плэйлист хуваалцаж, аудио ном илгээх боломжийг нээжээ.

3. 21-р зууны теннисийн ертөнцийн өнгийг тодорхойлсон гол тоглогчдын нэг Рожер Федерерийн хөрөнгө тэрбум долларт хүрснийг Forbes зарлалаа. Ингэснээр тэрээр тэрбумын босго давсан 7 дахь тамирчин болж байна. Өдгөө 44 настай Федерер 2022 онд зодог тайлсан ч Швейцарийн спорт хувцасны брэнд On-д эзэмшиж буй хувьцаа нь тасралтгүй өссөөр дээрх амжилтад хүрсэн гэнэ. Их дуулгын 20 удаагийн аварга Р.Федерерийн тэмцээний орлого 131 сая доллартай тэнцдэг бөгөөд Rolex, Lindt, Uniqlo, Mercedes-Benz зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг юм. Сонирхуулахад, түүнээс өмнө Т.Вүүдс (гольф), Л.Жэймс (сагсан бөмбөг), К.Роналду (хөлбөмбөг), Ф.Мэйвэдэр (бокс), Л.Месси (хөлбөмбөг), Ф.Микелсон (гольф) нар тэрбумтны жагсаалтад багтаж байв. Харин сагсан бөмбөгийн домгууд болох М.Жордан, М.Жонсон нарыг спортын бус бизнесийн хөрөнгө оруулалтаар тэрбумтан болсон гэж үздэг ажээ.

4. Жордан-Брайнтын карт 13 сая долларын үнэ хүрчээ. NBA-ийн домогт тоглогчдын аль алиных нь гарын үсэгтэй маш ховор карт дэлхийн хамгийн үнэтэй спортын хэрэгсэл болж байгаа нь энэ юм. Тус картыг Shark Tank-ийн шарк гэдгээрээ танигдсан Канадын тэрбумтан К.О’лери худалдан авчээ.

5. Google Duolingo-той өрсөлдөнө. Тэд дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг орчуулгын апп Google Translate-д хэл сурах нэмэлтийг байршуулж эхэлжээ. Хэрэглэгчид одоо Google Translate-ийн апп дээрх Practice нэртэй цэсээр нэвтрэн Англи, Испани, Франц хэлийг өөрийн түвшиндээ тааруулан суралцаж эхлэх боломжтой болов. AI суурьтай уг функцийг тэд эхний ээлжинд цөөн зах зээлд туршиж байгаа бөгөөд оны сүүлээр бүх хэрэглэгчдэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.