1 гол сэдэв

Юу болов?

Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд ч ховор гэж хэлж болох улс төр өрнөж, Монгол улсын парламент нэг өдөр спикерээ, мөн ерөнхий сайдаа үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Энэ бол өнгөрсөн сараас эхтэй эрх баригч намын хуваагдал дээд цэгтээ хүрсний тод илэрхийлэл боллоо.

Ерөнхий сайдын бойкот

- УИХ-ын гишүүд эхлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан. Түүнийг чөлөөлөх бичигт П.Сайнзориг тэргүүтэй 54 гишүүн гарын үсгээ зураад байсан юм. Үндсэн хуульд заасны дагуу УИХ 10 хоногийн дотор уг асуудлыг хэлэлцэх учиртай байсан. Тиймдээ ч яг 24 цагийн өмнө буюу пүрэв гарагаас эхлэн гол улс төр буцалж эхлэв.

- Уг асуудалд санал, дүгнэлт гаргах Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалт 3:19 гэсэн саналаар “огцруулахгүй” гэж гарсан нь гэнэтийн шийдвэр байв. Энэ бол парламент байнгын хорооны “огцруулахгүй гэсэн шийдвэрийг дэмжинэ” гэсэн томъёоллоор санал хураах болсон гэсэн үг.

- Гэвч пүрэв гарагт 10 цагт эхлэх хуваарьтай байсан чуулган ирцээ бүрдүүлж чадахгүй 24 цаг сунав. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа бүтэн өдрийн турш гишүүдийг хуралдаа орж ирэхийг шахаж, шаардаж, гуйж бас бухимдаж үзэв. Олонхийн ирц бүрдэхэд шаардлагатай 64 гишүүн хүрэхэд 3 дутаж шөнийг өнгөрүүлэв. Өөрөөр хэлбэл, ерөнхий сайдын талын гишүүд хуралдаа суухгүй бойкот хийж, өрөөгөө тас түгжээд суусан гэсэн үг. Энэ үед МАН-ын 31, АН-ын 20, ХҮН-ийн 5, Үндэсний эвслийн 4, ИЗНН-ын 1 гишүүн ирцээ бүртгүүлээд байв. Ерөнхийлөгчтэй Энэтхэгийг зорьсон хэсэг гишүүд бүр онгоцны буудлаасаа шууд төрийн ордонд ирсэн нь нөхцөл байдал ямар хурц байсныг илтгэнэ.

- Гэсэн ч бүлгээрээ 02, 03-ыг аль алийг нь зэрэг хэлэлцвэл хуралдаа сууна хэмээн улс төрийн шийдвэр гаргасан АН тоглоомыг эргүүлж орхив. Тэд баасан гарагийн өглөө бөөнөөрөө ирцээ бүртгүүлсэн нь энэ. Улмаар Үндсэн хуулийн сүүлийн хугацаа болсон 13:30-аас өмнө санал хураалт явагдахад 111 гишүүн чуулганд сууж байлаа. Санал хураалтын дүнд 71 гишүүн буюу 63.9% нь ерөнхий сайдыг огцруулах саналыг өгснөөр Монгол Улсын 34 дэх ерөнхий сайд Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв. Тэрээр ажлаа аваад ердөө 126 л хонож байсан. Энэ бол түүхэн дэх хамгийн богино хугацаанд ажилласан төрийн тэргүүн боллоо гэсэн үг.

УИХ-ын даргын гэнэтийн шийдвэр

- Пүрэв гарагийн үдшийн бойкотоос өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналаа өгсөн нь олон нийтийг цочролд оруулав. Тэрээр нүүрсний хэрэгтэй холбоотой нэр төрөө сэргээлгэх зорилгоор уг шийдвэрийг гаргаснаа зарласан юм. Гэхдээ тэрээр ганцаараа явахгүй, ерөнхий сайдыг ч хамтдаа огцрохыг уриалсан нь анхаарал татав. Улмаар уг шийдвэр нь АН-ын бүлгийг хуралд “суухаас өөр аргагүй” ацан шалаанд оруулсан гэж хэлж болно.

- Ерөнхий сайдын талынхан бүлгээрээ хэлэлцсэн АН-ын гишүүдийг ч хуваагаад байсан нь нууц биш. УИХ-ын даргын хувьд өнгөрсөн сард МАН-ын бага хуралд ялалт байгуулж, намын даргаар сонгогдох болзлоо хангаад буй. Гэвч үүнийг нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй маргалдсаар буй. Дээд шүүх ч түүний материалыг хүлээж авах баталгаа байхгүй. Тиймээс 11-р сарын 15-нд товлогдсон их хурлаар асуудлаа эцэслэх зорилго өвөртөлж буй биз ээ.

- Ерөнхий сайдыг огцруулсны дараагаар УИХ-ын даргын чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэж, нийт 114 гишүүний 102 нь буюу 89.7%-ийн саналаар дэмжлээ. Ингэснээр 13 дахь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцорч, түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга Х.Булгантуяа ажиллах болсон юм. Хамгийн сүүлд 2019 онд М.Энхболд спикерын албан тушаалаас хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байв.

Одоо яах вэ?

- Энэ бүх үйл явдал сөрөг хүчин АН-ын хувьд дараалсан ялалт байлаа гэхэд хэлсдэхгүй. Тэд бүлгийн шийдвэрээ бүрэн дагаж, эрх баригчдын хуваагдлыг өөрсдөд ашигтай байдлаар эргүүлж чадлаа. 126 гишүүнтэй шинэ парламентад сөрөг хүчний нөлөө, үүрэг ямар хүчтэй юм бэ гэдгийг уг үйл явдлууд харуулав. Дараагийн улс төрийн нүүдлүүд бүгд тэднээс хамаарна.

- Нэр бүхий сайд нар уг шийдвэрийг үндсэн хуулийн бус агуулгаар ерөнхий сайдыг огцруулсан, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хэмээн үзэж цэцэд маргаан үүсгээд байгаа. Цэцээс уг шийдвэрийг түдгэлзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Цэц 9 гишүүнтэй. Үүний гурвыг нь ерөнхийлөгч, гурвыг нь дээд шүүх нэр дэвшүүлдэг. Харин нөгөө гурвыг нь УИХ-аас дэвшүүлдэг бөгөөд Г.Занданшатар 2019-24 онд УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ гурван гишүүн батлуулсан гэдгийг онцлох хэрэгтэй.

- Нөгөө талаас ерөнхийлөгч өөрөө мөн хориг тавих эрхтэй. Гэхдээ урьд өмнө ийм явдал огт гарч байгаагүй. Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж авах эсэх нь УИХ-ын мэдэлд байгааг мартаж болохгүй. УИХ-ын тамгын газраас уг санал хураалт, үйл явцыг хуулийн хүрээнд явагдсан гэдгийг онцолж байна. Хамгийн сүүлд 2017 онд яг ижил үйл явц, томъёоллоор Ж.Эрдэнэбат, 2021 онд У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулж байжээ.

- УИХ дахь эрх баригч намын бүлэг хоёр хуваагдсаныг мөн мартаж болохгүй. МАН-ын бүлэг одоо Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал гэсэн хоёр даргатай болоод байна. Намын бүлгээс УИХ-ын даргын нэрийг дэвшүүлнэ. Тиймээс эхлээд намын бүлгийн асуудал цэгцрэх учиртай. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас ерөнхий сайдын нэрийг тодруулна. Тэдэнд 30 хоног бий, хугацаа хэдийн явж эхэлсэн.

2 чухал тоо

15.000.000.000 - Google ирэх таван жилд Энэтхэгийн зах зээл дэх AI-ийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор 15 тэрбум доллар зарцуулна гэв. Энэ хүрээнд тэд дотоодын компаниудтай хамтран ажиллаж, 1 гигаваттын дата төвийг байгуулах төлөвлөгөөтэй байна.

25.570.000 - Японы Осака хотноо явагдсан Дэлхийн Экспо албан ёсоор өндөрлөлөө. 6 сарын турш үргэлжилсэн уг арга хэмжээнд дэлхийн 158 орон оролцож, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлүүдээр дамжуулан өөрсдийн соёл, өв уламжлал, инновацыг сурталчилжээ. Энэ удаагийн экспог нийт 25 сая хүн үзэж сонирхжээ. Өмнө нь 1970 онд уг арга хэмжээг хүлээн авч байсан Осака хот 28 сая тасалбар зарах төлөвлөгөөтэй байсан гэнэ. Гэхдээ нийт зарагдсан мерч бүтээгдэхүүний борлуулалтын орлого 525 сая долларт хүрсэн нь таамагласнаас бараг 2 дахин илүү үзүүлэлт болжээ. 5 жил тутам явагддаг Дэлхийн экспо 2030 онд Саудын Арабт явагдах хуваарьтай.

3 онцлох өгүүлбэр

I. Apple F1-ийг шууд дамжуулна

- Дэлхийн хамгийн их үзэгчтэй авто уралдаан Apple TV-ээр цацагдах боллоо. Талууд 2026 оноос эхлэн таван жилийн хугацаанд хамтран ажиллана. Apple жил бүр 140 сая долларыг F1-д төлөх бөгөөд эхний ээлжинд Америкийн нутаг дэвсгэр дэх эрхийг эзэмшинэ гэв. Өмнө нь уг эрхийг ESPN жилд 85 сая доллар төлж эзэмшиж байжээ.

- Энэ бол Apple-ийн хувьд спортын шууд дамжуулалтын хоёр дахь том гэрээ болж байна. Үүнээс өмнө тэд Америкийн хөлбөмбөгийн лиг буюу MLS-ийг шууд дамжуулах эрхийг худалдаж авсан. Домогт хөлбөмбөгчин Л.Месси Америкт ирснээр лигийн үнэ цэн эрс өсөж, Apple-ийн үзэгчид ч тэр хэрээрээ нэмэгдэх болсон гэдэг.

- Apple энэ оны эхээр “F1: The Movie” киног бүтээсэн нь тэр дороо хит болж, дэлхий даяар 628 сая долларын орлого олсон. Брэд Питтийн гол дүрд нь тоглосон уг кино түүхэн дэх спортын сэдэвт хамгийн өндөр орлого олсон бүтээл болсон билээ.


II. Нидерланд Хятадын чип үйлдвэрлэгчийг удирдана

- Нидерландын засгийн газар урьд өмнө төдийлэн ашиглаж байгаагүй хуулийн заалтыг хэрэглэж, Хятадын Nexperia компанид бүрэн хяналтаа тогтоолоо. Тэд АНУ, БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотой Европын чипний нийлүүлэлт тасалдах эрсдлийн эсрэг уг арга хэмжээг авсан хэмээн тайлбарлажээ.

- “Goods Availability Act”-ийн хүрээнд онц нөхцөл байдал үүссэн тохиолдолд стратегийн чухал бүтээгдэхүүн, нөөцийг таслахгүйн тулд засгийн газар хяналтаа тогтоохыг зөвшөөрдөг. Нидерланд улс 1952 онд хүйтэн дайны үед батлагдаж байсан уг хуулийг хэзээ ч ашиглаж байгаагүй гэнэ.

- Энэ мэдээний дараагаар Nexperia-ийн толгой компани Wingtech-ийн Шанхайн бирж дэх хувьцааны үнэ 10%-аар уналаа. Nexperia-ийн хувьд автомашин, цахилгаан бараа зэрэг масс хэрэглээнд зориулсан бичил чипээр дагнасан компани юм.


III.Жолоочгүй машин хөгжүүлэгч Pony.AI олон улсад нэвтрэнэ

- Хятадын засаг захиргаа жолоочгүй автомашин үйлдвэрлэгч Pony.AI-ийг Хонгконгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Үүнээс гадна ижил технологи хөгжүүлэгч WeRide-д IPO хийх зөвшөөрөл өгөв.

- Pony.Ai-ийн хувьд Европын зах зээлд нэвтрэх зөвшөөрлөө авсан нь мөн онцлох мэдээ байв. Тэд Chrysler, Jeep, Citroen зэрэг брэндүүдийг эзэмшигч Stellantis-тай стратегийн түншлэл байгуулжээ. Туршилт ирэх жилээс Люксембургт эхлэх бөгөөд Берлин, Лондонд үргэлжилнэ гэв.

- Харин үүнтэй зэрэгцэн Google-ийн эзэмшдэг Waymo Лондонд анхны туршилтаа эхлүүлснээ зарлалаа. Уг салбарт технологиор тэргүүлэгч Waymo-ийн хувьд АНУ-ын зах зээлээс гадна Японы Токиод технологио нэвтрүүлээд байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ банк: “Бөгжний эзэн” зохиолын гол уулын нэр “Erebor”-оор нэрлэгдсэн уг банк нь AI, крипто технологи хөгжүүлэгч компаниудыг санхүүжүүлнэ гэдгээрээ онцлогтой гэнэ. Уг банкны эзэн бол П.Лаки. VR технологийн анхдагчдын нэг Oculus-ийг үүсгэн байгуулсан П.Лаки бизнесээ Facebook-т зарж, улмаар 3.6 тэрбум долларын хөрөнгөтэй болсон нэгэн юм. Тэрээр батлан хамгаалахын салбарын дэвшилтэт зэвсэг, технологи хөгжүүлэгч Anduril-ийг мөн эхлүүлээд байгаа билээ.

Шинэ модель: Antrophic шинэ моделио зарлалаа. Claude Haiku 4.5 нэртэй уг модель нь илүү хямд, илүү хурдтай гэдгээрээ онцлог. Өнгөрсөн сард Claude Sonnet үндсэн загвараа гаргасан тэд хөгжүүлэгчдэд бараг гурав дахин бага зардлаар шинэ апп, бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж олгож байгаа нь энэ юм. Сонирхуулахад, ChatGPT-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцогдох Antrophic-ийн хувьд 30 сая хэрэглэгчтэй болсноо зарласан билээ.

Шинэ IPO: Хамгийн их хэрэглэгчтэй фитнессийн апп-уудын нэг Strava энэ онд багтаан нээлттэй компани болох амбицтай байгаа гэнэ. 2009 онд анх гарч байсан тус апп өдгөө 50 сая хэрэглэгчтэй. Өдгөө 2 тэрбум доллараар үнэлэгдэж буй тус апп Nike, Garmin зэрэг өрсөлдөгчдөөсөө “тасрахын” тулд шинэ санхүүжилт татахыг зорьж байна.

Шинэ нэр: Apple-ийн видео стриминг платформ брэндийн шинэчлэлт хийж, Apple TV нэртэйгээр үйл ажиллагаа явуулна гэдгээ зарлалаа. 6 жилийн өмнө анх нээгдсэн тус үйлчилгээ одоогоор 45 сая хэрэглэгчтэй болсон ч жил бүр 1 тэрбум долларын алдагдалтай ажилласаар ирсэн. Тэд А зэрэглэлийн супер ододтой ажилладгаараа бусдаас ялгардаг билээ. Apple TV гэдэг нэр нь өмнө нь ухаалаг зурагтны төхөөрөмж, апп-д ашиглагддаг байв.

5 сонин хачин

1. Blumhouse-ийн ээлжит бүтээл “Black Phone 2” нээлтийн долоо хоногтоо 24 сая долларын орлого цуглуулжээ. Энэ бол 2022 онд гарсан эхний ангиа давсан үзүүлэлт. 30 сая долларын өртөгтэй бүтсэн уг кино Сүнсний баярын долоо хоногоор оргил амжилтаа үзүүлэх төлөвтэй байгаа юм.

2. Хятадын технологийн тэргүүлэгчдийн нэг Honor шинээр бүтээж буй утасны концепцоо танилцууллаа. Уг утас нь камер удирдахад туслах робот гартай байна гэдгээрээ онцлогтой. Робот гар нь камерын илүү уян хатан удирдахад туслахаас гадна орчин тойрныг мэдрэн хэрэглэгчийн өмнөөс худалдан авалт хийх, QR уншуулах, хайлт хийх зэрэг үйлдлийг хийх гэнэ. Honor-ийн хувьд ирэх 5 жилд 10 тэрбум долларыг AI хөгжүүлэлтэд зориулна гэдгээ мэдэгдээд буй. Тэд ирэх оны эхээр явагдах Mobile World Congress-ийн үеэр шинэ утсаа зарлана гэв.

3. Лондонд сумогийн тэмцээн явагдав. Энэ бол Японы сумочид 12 жилийн дараа хилийн чанадад үзүүлэх тэмцээн хийж байгаа тохиолдол юм. Хамгийн сүүлд 2013 онд Индонезид мэргэжлийн сумогийн тэмцээн явагдаж байв. Харин Лондон хот 1991 онд сумочдыг хүлээн авч байжээ. Алдарт “Royal Albert Hall”-д явагдах таван өдрийн тэмцээний 27 мянган тасалбар бүгд дууссаныг зохион байгуулагчид онцлов. Сумочид ирэх оны зун Парист зочлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

4. Apple өмнөхөөсөө 4 дахин хүчирхэг үзүүлэлттэй болж, AI ачааллахад тохируулан хөгжүүлсэн M5 чипээ зарлалаа. Улмаар M5 ашиглан бүтээсэн анхны Macbook, Ipad-ийг худалдаанд гаргав. Macbook Pro-ийн хувьд 1599 долларын эхлэх үнэтэй байх бол iPad Pro-ийн хувьд 999 доллараас эхлэн зарагдана. Мөн илүү хүчтэй, олон апп-тай нийцэж ажиллах болсон Vision Pro-ийн шинэ загварыг танилцуулжээ. Ийнхүү тэд 11,12-р сарын баярын улирлын өмнө бүх төхөөрөмжийнхөө шинэ загваруудыг байрлуулж амжсан нь энэ юм.

5. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Украины дайнтай холбоотой ээлжит хэлэлцээрээ Унгарын Будапешт хотноо хийх болжээ. Өнгөрсөн долоо хоногт талууд хоёр цаг орчим утсаар ярьсны эцэст уг шийдвэрт хүрчээ. В.Путин Газын зурваст энх тайвныг тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн Д.Трампад баяр хүргэсэн гэнэ. Харин Трампын хувьд Украинд фротын нөхцөл байдалд үлэмж нөлөө үзүүлэх боломжтой томахавк пуужинг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч дайныг аль болох хурдан эцэслэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ.