1 гол сэдэв

Юу болов?

Католик шашины тэргүүн Ромын Пап Францис Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүний хувиар хийж буй төрийн айлчлал нь түүний Азид зочилж буй анхны тохиолдол болжээ. Сонирхуулахад, өдгөө 86 настай Пап 777 жилийн өмнө Монголын эзэнт гүрний хаан Гүюгээс ирүүлсэн Пап IV Иннокентэд ирүүлсэн захидлын хуулбарыг бэлэг болгон авчирчээ.


Юуг онцлов?

Тэрээр айлчлалын эхэнд олон нийтэд хандан хэлсэн үгэндээ хоёр орны 700 гаруй жилийн түүхтэй харилцааг дурдаж, Монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн өв, хувь нэмрийг онцлон тодотгосон юм. Авилгалын асуудал, хөр хөнөөлийг цохон тэмдэглэсэн тэрээр Монгол нутгийн шашины эрх чөлөө, нүүдэлчин соёл иргэншлийн онцлогоор дамжуулан даян дэлхийн энх тайван, байгаль орчны асуудалд хамтын ажиллагаа үүсгэх хүсэл зорилготой байгаагаа илэрхийлжээ. Пап Францис шашин хоорондын уулзалтын үеэр “Хаана гэр байна тэнд амьдрал бий. Монгол гэр бол төөрсөн хүмүүсийн итгэл найдварын оч юм” хэмээн хэлснийг онцолъё.


Өөр яах вэ?

Тэрээр дөрвөн хоногийн айлчлалын хүрээнд Монголын шашины тэргүүдтэй уулзалт хийж, олон нийтэд нээлттэй арга хэмжээнд оролцож, айлтгалаа хүргэж буй. 1.4 тэрбум сүсэгтэнтэй шашины тэргүүн геополитикийн ээдрээтэй үед Монголд зочилж байгаа нь олон улсын анхаарлыг ихээр татаж байна. Тиймдээ ч энэ айлчлалыг дагалдан 50 гаруй улсын 150 гаруй сэтгүүлчид хүрэлцэн иржээ.

2 чухал тоо

1.342.000.000 - Энэ зуны гол хит "Barbie"-ийн орлого 1.3 тэрбумыг давснаар Warner Bros.-ийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээл боллоо. 2011 оноос хойш энэ амжилтыг Harry Potter and the Deathly Hallows Part 2 эзэмшиж байсан юм. Тус кино одоогоор бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулттай киноны жагсаалтын 17-р байрт бичигдэж байгаа билээ.

100 - WordPress 100 жилийн багцаа зарлалаа. 38,000 долларын үнэтэй уг багцад тухайн хэрэглэгчийн домэйн, хост болон бусад дагалдах үйлчилгээний 100 жилийн төлбөр багтана гэнэ. Тэд бизнесийн байгууллагууд урт хугацаанд бизнесээ төлөвлөх, хувь хэрэглэгчид гэр бүлийн түүх, үнэт зүйлсээ хойч үедээ өвлүүлж үлдээхэд энэ үйлчилгээ тус болно хэмээн үзэж байгаа аж.

3 онцлох өгүүлбэр

I. Энэтхэг улс нарыг судлана.

- Сарны өмнөд туйлд газардсан анхны орон болоод удаагүй байгаа Энэтхэг дараагийн төслөө эхлүүллээ. Энэ бол нарыг судлах Aditya-L1 төсөл юм. Уг судалгааны хөлөг өнгөрсөн бямба гарагт Шрихарикота дахь баазаас амжилттай хөөрчээ.

- Уг хөлөг 135 хоногийн турш 1.5 сая км зайг туулан эцсийн зогсоолдоо хүрэх учиртай. Таталцлын тогтвортой цэг буюу Лагранжийн 1-р цэг (L1) дээр байрласнаар уг хөлөг дэлхийтэй хамт нарыг тойрон эргэх учир байнга нэг зайд оршиж, тогтмол мэдээлэл дамжуулан, бага түлш зарцуулах боломжтой болох юм.

- Aditya-L1 нийт 7 төрлийн судалгааны хэрэгслээр тоноглогдсон бөгөөд нарны титэм, нарны гадаргууг тогтмол ажиглаж, түүн дээрх өөрчлөлтийн эх дэлхийд үзүүлэх нөлөөг судлах зорилготой юм. Судалгааны хөлгийн төсөв ойролцоогоор 46 сая доллар болжээ.


II. Google Cloud Next 23 явагдлаа.

- Google-ийн үүлэн технологи, түүнтэй холбоотой хийгдэж байгаа төслүүдийн шинэ мэдээллийг танилцуулдаг уг арга хэмжээний гол дүр нь AI байв. Тэд байгууллагын их тоон өгөгдөл, том дэд бүтцийг удирдахад нийцэж ажиллах хиймэл оюуны шинэ шийдлүүдийг зарласан нь анхаарал татав.

- Хувь хэрэглэгчдийн хуьд хамгийн анхаарал татах мэдээлэл нь Duet AI функц байв. Gmail хэрэглэгчдэд имэйл бичихэд туслах зориулалттай тус AI нь Workspace-ийн бусад үйлчилгээнүүдтэй интеграц хийж, чат, бичиг баримт, уулзалтын тэмдэглэлүүд дээр давхар ажиллах чадвартай болжээ.

- Энэ үеэр зарлагдсан хамгийн том хамтын ажиллагааны мэдээлэл нь GM болон Google-ийн түншлэл байв. Тэд GM-ийн машинд суурилсан OnStar системд Google-ийн AI чатботыг нэвтрүүлж, илүү ухаалаг хэрэглээг бий болгохыг зорьж байна. Ингэснээр жолооч өөрийн дуу хоолойгоор AI-тай харилцаж, чиглэл удирдах, ерөнхий мэдээлэл авах, техникийн туслалцаа хүсэх боломжтой болох юм.


III. IFA, Apple, Google-ийн арга хэмжээнүүд айсуй.

- 9,10-р сарын технологийн цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болон IFA 2023 нээлтээ хийлээ. Германы Берлин хотноо 99 дэх удаагаа явагдаж буй уг арга хэмжээ нь Европын хамгийн том технологийн эвентэд тооцогдоно. Энд LG, Samsung, Lenovo, Honor зэрэг топ брэндүүд шинэ бүтээгдэхүүн, загваруудаа танилцуулах юм.

- Apple энэ намрын хамгийн өндөр хүлээлттэй эвентийн товыг зарлалаа. Шинээр iPhone 15-ыг танилцуулах учиртай тус эвент 9-р сарын 12-нд зохиогдох болсон байна. Энэ үеэр мөн 9-р үеийн Apple Watch зарлагдах төлөвтэй байгаа юм.

- Тэгвэл Google-ийн хувьд Pixel-ийн шинэ бүтээгдэхүүнүүдээ зарлах арга хэмжээгээ 10-р сарын 4-нд зарлалаа. Энэ арга хэмжээгээр тэд Pixel 8 болон Pixel Fold-ийг танилцуулах хүлээлттэй байгаа. Мөн өмнөх эвентийн уламжлалыг харвал ухаалаг цаг, таблетын шинэ загвар танилцуулагдах магадлалтай байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Шинэ туслах: Нэгэн үе интернетийн хамгийн алдартай имэйл үйлчилгээнд тооцогдож байсан Yahoo Mail хиймэл оюунд суурилсан шинэ туслахтай болсноо зарлалаа. Уг туслах нь зөвхөн имэйл бичих, хайлт хийхэд туслахаас гадна "Shopping Saver" нэмэлтийн тусламжтайгаар бэлгийн карт, дискоунт код зэргийг олох, санал болгох чадвартай гэнэ.

Хятад AI: Хятадын зохицуулах байгууллага анх удаа хиймэл оюуны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо. Эдгээрээс Baidu-ийн хөгжүүлж буй Ernie нэртэй чатбот хамгийн эрэлттэй нь байж, 19 цагийн дотор 1 сая хэрэглэгчтэй болжээ.

Цахилгаан цэнэглэгч: Mercedes-Benz цахилгаан машин цэнэглэгч станцын төслөө танилцууллаа. Тэд 2024 оны эцэс гэхэд 2000 гаруй станц байгуулах зорилготой байгаа бөгөөд АНУ, Хятад, Германаас эхлэх гэнэ. Цаашлаад 2030 он гэхэд гол зах зээлүүдэд 10000 цэнэглэгч станцтай болох ажээ.

Төлбөртэй үйлчилгээ: Meta Европын хэрэглэгчдэд зориулан Facebook, Instagram-ийг төлбөртэй болгож, оронд нь сурталчилгаа үзэхгүй байж болох ангиллыг санал болгож магадгүй байна. Энэ нь тэдний Европын холбооны зохицуулах байгууллагаас тавьж буй хувийн мэдээлэл, нууцлал хангах шаардлагатай холбоотой гаргаж буй шийдвэр хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

5 сонин хачин

1. Д.Вашингтоны гол дүрийг нь бүтээсэн "The Equalizer 3" нээлтийн өдрүүддээ 42 сая доллар цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Энэ нь өмнөх хоёр ангийн амжилтаасаа давсан гэсэн үг. Энэ амжилт нь Хойд Америкийн зах зээлд Хөдөлмөрчдийн баярын түүхэнд 2-т бичигдэх үзүүлэлт болсон байна.

2. Instagram богино хэмжээний видео формат рийлсийн /reels/ уртыг 10 минут хүртэл сунгах туршилт хийж байна. Ингэснээр хэрэглэгчид 3 эсвэл 10 минутын уртаас сонголт хийх боломжтой болох юм. Тэдний гол өрсөлдөгч, энэ зах зээлд тэргүүлэгч TikTok-ийн хувьд төлбөр төлсөн хэрэглэгчид 20 минут хүртэлх видеог оруулах боломжтой байдаг билээ.

3. Аудио технологийн тэргүүлэгчдийн нэг Harman шинэ загварын JBL ухаалаг спикерээ танилцууллаа. Уг өсгөгчийн гол онцлог нь Amazon Alexa болон Google Assistant аль аль нь зэрэг ажилладаг гэдэг нь юм. Энэ бол ухаалаг туслахын зах зээлийн гол өрсөлдөгчид нэг төхөөрөмжид хамтдаа ашиглагдаж буй анхны тохиолдол болжээ.

4. Snapchat AI ашиглан сельфигээ авч хуваалцах боломж олгох "Dreams" нэмэлтээ танилцууллаа. Энэ нь хэрэглэгчдэд өөрийн мөрөөдөл, төсөөлөлдөө тулгуурлан гаргасан авсан AI зургаа сошиал хуудастаа ашиглах боломжийг олгоно. Эхний найман зураг үнэ төлбөргүй байх бөгөөд 1 доллар төлөн нэмэлт багц худалдан авах сонголттой байх гэнэ.

5. Аялан тоглолтын орлогоороо дээд амжилтуудыг ээлж дараалан тогтоосоор байгаа Тэйлор Свифт AMC кино театрын рекордыг мөн эвдлээ. Тэрээр Taylor Swift: The Eras Tour нэртэй 3 цагийн урттай аялан тоглолтынхоо киноны урьдчилсан борлуулалтаар ердөө 3 цагийн дотор 26 сая доллар цуглуулсан байна. Үүнээс өмнөх рекордыг Spider-Man: No Way Home эзэмшиж байжээ.

10 унших мэдээ

Үзэх: Веницийн наадамд оролцож буй монгол найруулагч /Variety/

Мэдэх: И.Маск хэрхэн Твиттерийг өөрийн болгов? /WSJ/

Тоглох: Super Mario-ийн шинэ тоглоом /Nintendo/

Эрэмблэх: Google Doodle-ийн хамгийн, хамгийн /Techradar/

Унших: С.Кинг өөрийн бүтээл AI-ийг сургаж байсан тухайд /The Atlantic/

Зочлох: VR сургууль ямар байдаг вэ? /New Yorker/

Анхаарах: AI-аар бичсэн эссе ирээдүй мөн үү? /The New York Times/

Хүлээх: Apple-ийн намрын эвентээс юу хүлээх вэ? /The Verge/

Гайхах: Домэйнээр баяжиж буй арлын улс /Bloomberg/

Анзаарах: Сингапур шинэ ерөнхийлөгчтэй боллоо /BBC/