1 гол сэдэв

Юу болов?

Католик шашны тэргүүн, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын Пап Францис 88 насандаа таалал төгслөө. Тэрээр хамгийн сүүлд Улаан өндөгний баярын өдрийг тохиолдуулан Гэгээн Петрийн талбайд цугласан сүсэгтэн олныг адислаж, улмаар орон нутгийн цагаар өглөөний 07:35-д амьсгал хураажээ. Пап Францис сүүлийн 2 сарын хугацаанд уушгины хатгалгаа, бөөрний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан билээ.

Түүний өв юу байв?

Пап Францис 1936 онд Аргентинийн Буэнос Айрес хотноо мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Хорхе Марио Бергоглио гэдэг байв. 1958 оноос хамгийн анх шашин сонирхож эхэлсэн тэрээр эхэндээ их сургуульд философи, сэтгэл судлалын чиглэлээр багшилж байжээ. Улмаар 1973 оноос бурхан шашины үйлд улам идэвхтэй оролцох болж, улмаар 1998 онд Буэнос Айрес хотын, 2005 онд Аргентин улсын тэргүүн хамбаар өргөмжлөгдсөн байна. 2013 онд Пап Бенедикт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа чөлөөлөгдсөний дараа тэрээр католик сүмийг удирдах 266 дахь эрхэмээр сонгогдсон билээ. Тэрээр түүхэн дэх анхны өмнөд америкаас тодорсон пап лам байв. Тэрээр “ард түмний пап” хэмээн хүндлэгдэж байсан нь санамсаргүй хэрэг биш. Пап Францис дэлхийн олон орноор аялан, сүсэгтэн олонтой уулзахдаа эгэл даруу, энгийн байдлаа хадгалж, шашинаа илүү хүртээмжтэй, энэрэнгүй болгон шинэчлэх, мөн даян дэлхийд энх тайвныг тогтооход ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байв. Тэрээр 2023 онд Монгол улсад түүхэн айлчлал хийж байсан билээ.

Одоо яах вэ?

Пап Францис өөрийгөө элдэв нэмэлт чимэглэлгүйгээр, даруухан байдлаар оршуулахыг захижээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа 5 хоногийн турш үргэлжилж, Д.Трамп, Э.Макрон, В.Зеленски тэргүүтэй төрийн тэргүүд, алдартнууд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл үзүүлж, залбирал үйлдсэн сүсэгтнүүдийн цуваа хэдэн цагаар ч тасрахгүй үргэлжилсээр байна. Дараагийн пап уламжлал ёсоор 5-р сарын 6-12-ны хооронд явагдах төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар анхны ази, эсвэл анхны өнгөт арьстан пап тодрох магадлал өндөр байгаа гэнэ.

2 чухал тоо

1.000.000.000 - Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуульд тооцогдох Харвардын их сургууль тав орчим хувиа 1 тэрбум доллараар үнэлэн зарж байгаа гэнэ. Тус сургууль дэд бүтэц, судалгаа хөгжүүлэлтийн шинэ төсөлд санхүүжилтээ зарцуулахаар төлөвлөж байна. Гэхдээ уг хэлцэл нь тус сургуулийн АНУ-ын засаг захиргаатай өрнүүлж буй маргаантай огт холбоогүй гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Тэд 2024 оноос эхлэн Lexington Partners-тай хэлцлээ эхлүүлжээ. Ташрамд дурдахад, Харвардын их сургуулийн удирдлага АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын DEI хөтөлбөрүүдээ цуцлах шаардлагыг хүлээн авахгүй гэдгийг мэдэгдсэнээр улмаар 2.2 тэрбум долларын төрийн санхүүжилт нь царцаад байгаа юм. Үүний дараагаар тэд засгийн газрын эсрэг нэхэмжлэх гаргаж, шүүхэд маргаан үүсгээд байгаа билээ.

200.000.000 - Chess.com 200 сая хэрэглэгчтэй болжээ. 2005 онд анх нээгдэж байсан уг платформ дээр өдөрт 20 сая шатрын тоглолт явагддаг гэнэ. Албан ёсны бүртгэлтэй 200 сая тоглогчийн 1.5 сая нь төлбөрт багц ашигладаг ажээ. Chess.com тоглогчид хоорондоо чатаар харилцангаа тоглох, өдөр бүрийн сорил, тааврыг санал болгохоос гадна шатрын ертөнцийн мэдээг уншиж, тэмцээнийг шууд үзэх боломжоор хангадаг юм.

3 онцлох өгүүлбэр

I. Yahoo Chrome-ийг худалдаж авахыг хүсэж байна

- АНУ-ын шүүхээс Google-ийг хайлтын зах зээлд монополийн шинжтэй байна хэмээн үзсэн. Үүнтэй холбоотой тус компанийг 3.5 тэрбум хэрэглэгчтэй Chrome веб хөтчөө салгах, эсвэл зарахыг шаардах шийдвэр гарах магадлал өндөр байгаа юм. Шүүгчийн эцсийн шийдвэр 8-р сард гарах төлөвтэй байгаа ч Chrome-ийн ирээдүйн талаарх яриа хэдийнээ анхаарлын төвд оржээ.

- Тэгвэл нэгэн үе интернетийн хамгийн эрэлттэй брэнд байсан Yahoo Chrome-ийг худалдаж авах саналтай байгаагаа илэрхийлсэн гэнэ. Тэд Yahoo-ийн гол нэрийн хуудас болсон үйл явдал, спорт, санхүүгийн мэдээгээ хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой байгаа нь энэ. Тэднээс гадна AI-ийн зах зээлд тэргүүлж буй OpenAI болон Perplexiy компаниуд Chrome-ийг эгнээндээ нэгтгэхэд бэлэн байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Chrome-ийн зах зээлийн үнэлгээ хамгийн багадаа 20 тэрбум доллар байх бололтой.

- Ташрамд дурдахад, шүүхээс Google-ийг хайлтын системээ бусад утас үйлдвэрлэгчдийн үндсэн сонголт болгох аливаа тохиролцоо хийхийг хориглох төлөвтэй байна. Улмаар 5 жилийн дотор хайлтын зах зээл илүү өрсөлдөөнтэй болохгүй бол Android үйлдлийн системийн бизнесийг нь мөн салгах боломжтой гэдгийг анхааруулаад байгаа билээ.


II. Д.Трамп, В.Зеленски нүүр тулан уулзжээ

- Энэ бол АНУ, Украйны төрийн тэргүүд Вашингтонд ам муруйж, газрын ховор элементийн гэрээнд гарын үсэг зуралгүй уулзалтаа дуусгаснаас хойшхи анхны уулзалт гэдгээрээ онцлогтой. Тэд Пап Францисын оршуулах ёслолын үеэр Ватиканы ордонд тусгайчлан уулзсан зураг нь сошиал ертөнцөд ихээхэн шуугиан тарьж байна.

- АНУ-ын талаас 15 минутын уулзалтыг “маш үр дүнтэй боллоо” хэмээн тодотгосон бол В.Зеленскигийн хувьд “түүхэн нөлөөтэй байх боломжтой” хэмээн сошиал хуудсандаа бичжээ. Өнгөрөгч баасан гарагт Трампын төлөөлөгч С.Виткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй 3 цагийн турш уулзаж, гал зогсоох хэлэлцээрийн талаар ярилцсан.

- Үүний дараагаар Трамп “талууд тохиролцоонд хүрэхэд маш ойрхон боллоо” хэмээн мэдэгдсэн удаатай. Гэсэн ч ОХУ-ын тал энэ жилийн хамгийн том халдлагаа Киев хот руу хийж, 9 хүний аминд хүрсэн нь нөхцөл байдлыг хурдасгаж орхисон. Трамп ч энэ явдлыг эрс буруутгаж, Путиныг удаа дараалан шүүмжлэх болсон билээ.


III. Тарифын нөлөө улирлын тайлангуудад мэдрэгдэж эхэллээ

- Дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниуд нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулж байна. Шинжээчдийн таамаглаж байсанчлан компаниуд АНУ-ын тарифын бодлоготой холбоотой өсөлтийн таамгаа бууруулж, зардал нэмэгдэх төлөвтэй байгааг хүлээн зөвшөөрчээ.

- Pampers, Tide зэрэг брэндүүдийг эзэмшигч Procter & Gamble-ийн хувьд тарифтай холбоотой 1.5 тэрбум долларын нэмэлт зардал гарах тооцоо хийсэн байна. Үүний улмаас зарим нэрийн бүтээгдэхүүний үнийг нэмэхээр төлөвлөжээ. American Airlines, Delta зэрэг авиа компаниуд мөн орлогын төсөөллөө эрс бууруулсан байна. Энэ нь үнийн өсөлттэй холбоотойгоор зорчигчдын эрэлт буурна гэсэн хүлээлттэй холбоотой гэнэ. Эмийн зах зээлийн гигант Merck тарифтай холбоотой 200 сая долларын нэмэлт зардал гарах тооцоог үзүүлж, Хятадын зах зээл дэх борлуулалтын таамгаа бууруулжээ.

- Гэхдээ Д.Трамп Хятадын удирдагч Ши Жинпинтэй ярьсан хэмээн мэдээлсэн нь олон нийтэд бага ч гэсэн итгэл төрүүлэх болсон. Хэдий үүнийг Хятадын талаас батлаагүй ч аль аль нь хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна.

4 мэдүүштэй зүйл

Гэнэтийн уруудалт: Tesla-ийн борлуулалт 71%-аар буурчээ. Зарим шинжээчид үүнийг тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск улс төртэй хэт хутгалдаж, гол анхаарлаа хандуулах болсонтой холбон тайлбарлаж байна. Тэрээр Д.Трампын засаг захиргаанд DOGE буюу төрийн зардлыг бууруулах тусгай нэгжийг ахалж байгаа юм. Тэрээр эхэндээ уг ажлаа 100 хоногийн хугацаанд л хийнэ хэмээн зарлаж байсан ч одоо “ерөнхийлөгч хүсэж байвал ажилласаар байна” хэмээн ярих болсон. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр долоо хоногт 1-2 өдрийг уг төсөлд зориулсан хэвээр байх бололтой.

Шинэ өнгө: Берклигийн их сургуулийн эрдэмтэд нүцгэн нүдээр харах боломжгүй цоо шинэ өнгийг нээжээ. Гүн ногоон-цэнхэр гэсэн тодотголтой уг өнгөнд тэд “оло” гэдэг нэр оноосон гэнэ. Тэд хүний нүд рүү лазер тусгах үед торлог бүрхэвчийн зарим эс өдөөгдөж, улмаар “оло” өнгийг олж харсан аж. Гэхдээ уг нээлтэд олон эрдэмтэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, “нэмэлт баталгаа шаардлагатай” гэж үзэж байна.

Далайн нөөц: АНУ далайн гүнийн ашигт малтмалыг олборлоно. Д.Трамп Америкийн эрчим хүчний найдвартай байдал, газрын ховор элементийн гадаад орнуудаас хамааралтай байдлыг бууруулахад стратегийн чухал ач холбогдолтой хэмээн шийдвэрээ тодотгожээ. Далайн гүнийн олборлолтын салбар ирэх 10 жилд 100 мянган ажлын байрыг шинээр бий болгож, 300 тэрбум долларын эдийн засгийн үр өгөөж авчирна хэмээн түүний баг тооцжээ. Гэхдээ уг шийдвэрийг Хятад тэргүүтэй олон улс эрс эсэргүүцэж байна.

Цуст халдлага: “Энэтхэгийн швейцарь” хэмээгддэг жуулчдын ихээр зочлох дуртай Кашмирын Пахалгам тосгонд болсон халдлагад 26 хүн амиа алдлаа. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар зэвсэгт этгээдүүд жуулчид ихээр бөөгнөрсөн хэсэг рүү гэнэт гал нээсэн гэнэ. Энэтхэгийн засгийн газар уг хэрэгт Пакистаныг буруутгаж, хилээ бүрэн хаан, зарим дипломат, албан тушаалтнуудын визийг хүчингүй болгож байгаагаа зарласан юм. Харин Пакистаны засгийн газраас гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, олон улсын дундын шинжээчдийг ажиллуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. 1947 онд Пакистан улс үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хоёр улсын хооронд Кашмир орчмын хилийн маргаан тасрахгүй үргэлжилсээр байгаа юм.

5 сонин хачин

1. Клое Кардашиан попкорны брэнд бүтээжээ. Цуут Кардашианы гэр бүлийн гишүүн тэрээр 7 грам протейны агууламжтай попкорноо “генийн өөрчлөлтгүй, органик” хэмээн сурталчилж байна. “Khloud” нэртэй уг бүтээгдэхүүн нь гурван төрлийн амттайгаар худалдаанд гарчээ. Тэрээр уг бизнестээ зориулан 10 сая долларыг босгосон бөгөөд алдарт теннисчин С.Уильямсын Serena Ventures-аас гол хөрөнгө оруулалтаа татжээ.

2. Instagram-ийн шинэ апп 7 сая удаа татагджээ. Edits нэртэй уг апп нь хэрэглэгчдэд илүү хялбар байдлаар сошиал видеогоо засаж, эвлүүлэх боломжийг олгодог. TikTok-ийн CapCut-тай шууд өрсөлдөх уг апп-ын эхний долоо хоногийн таталт 7.1 сая байсан нь апп чартыг тэргүүлэхэд хангалттай үзүүлэлт байв. CapCut-ийн хувьд эхний гурван өдөртөө ердөө 83.5 мянган хэрэглэгчтэй болж байсан ч өдгөө 1.2 тэрбум хэрэглэгчтэй, энэ зах зээлд үнэмлэхүй ноёлж байгаа билээ.

3. Ф.Кипьоген, Nike-тай хамтран 1 милийн рекордыг шинэчилнэ. Энэ бол 2019 онд алдарт Э.Кипчогегийн бүтэн марафоныг 2 цагийн хугацаанд туулсан анхны хүн болсон сорилттой төстэй төсөл. Энэ удаад тэд 1 миль буюу 1.609 метрийн зайг 4 минутын дотор дуусгах анхны эмэгтэй тамирчин болохыг зорих болно. Олимпын 3 удаагийн аварга Ф.Кипьоген уг зайн дэлхийн рекордыг 4:07.64 секундын амжилтаар эзэмшдэг юм. Тэрээр ирэх 6-р сард Парис хотноо Nike-ийн шинэ пүүз, дэмжих багийн тусламжтайгаар өөрийн амжилтаа 7 секундээр урагшлуулах оролдлогогоо хийнэ. Сонирхуулахад, 1 милийн уралдаан Олимп, дэлхийн аваргын албан ёсны хөтөлбөрт багтдаггүй ч дундын зайн хамгийн сонгодог уралдаанд тооцогдсоор ирсэн юм.

4. Холливүүдийн супер од Р.Рэйнолдсын 2020 онд худалдаж авч байсан “Врексхам” клуб Английн хөлбөмбөгийн 2-р лиг буюу Чампионшипд дэвших болзлоо хангалаа. Энэ бол тус клубын сүүлийн 3 жилд 3 дахиа дараалан лиг дэвшиж байгаа тохиолдол. Ийм амжилтыг өмнө нь Английн хөлбөмбөгийн түүхэнд ямар ч баг үзүүлж байгаагүй юм. Р.Рэйнолдс 1864 онд байгуулагдсан уг клубыг худалдаж авахад тэд бүр 5-р түвшний лигт тоглож байв. Рэйнолдс клубын эргэн тойронд болж буй үйл явдлыг нэгтгэсэн баримтат цувралыг бүтээж, олны анхаарлыг татаж, түүгээрээ дамжуулан санхүүжилтээ нэмэгдүүлсэн нь уг амжилтын нэг хэсэг болсон нь гарцаагүй.

5. Flow IPO хийнэ. WeWork-ийг үүсгэн байгуулагч Адам Ньюманы шинээр эхлүүлсэн уг стартап 100 сая долларын нэмэлт санхүүжилт татсанаар 2.5 тэрбум долларын үнэлгээтэй болсон байна. А.Ньюман өдгөө үл хөдлөхийн менежментийн платформ хөгжүүлж байгаагаас гадна орон сууц ихээр худалдан авч, дундын түрээсийн үйлчилгээг санал болгож байгаа юм. Тэрээр Flow-ийг нээлттэй компани болгох төлөвлөгөөтэй байгаагаа мөн ил болгожээ. Түүний өмнөх компани WeWork нэгэн үе 47 тэрбумаар үнэлэгдэж, IPO хийх хүсэлтээ гаргаад байсан ч санхүүгийн сахилга батгүй байдал, хөөсрөлттэй тайлангийн асуудал нь ил болж, улмаар дампуурлаа зарласан удаатай юм.