1 гол сэдэв
Юу болов?
ПСЖ Аваргуудын лигт анх удаа түрүүллээ. Энэ бол тэдний анхны Европын түрүү. Тэднээс өмнө Францаас зөвхөн Марсель клуб л Аваргуудын лигт аваргалж байв. Мюнхенд явагдсан финалд тэд Италийн Интер клубтэй тоглосон. Эхний 20 минутанд л 2 гоол оруулсан ПСЖ тоглолтын турш илт давамгайлсаар 5:0-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө бут ниргэв. Энэ бол Аваргуудын лигийн шигшээ тоглолтын түүхэн дэх хамгийн том ялалт юм.
Интер Милан?
Интерийн хувьд дөрөвдүгээр сар эхлэхэд 3 тэмцээнд түрүүлэх боломжтой байсан. Гэвч лигийн сүүлчийн тойрогт аваргалах боломжоо алдан 2-р байрт орсон тэд Италийн цомын тэмцээний хагас шигшээгээс мултарсан. Байерн, Барселона зэрэг гигантуудыг хожсон тэд шигшээд юу ч хийж чадсангүй.
ПСЖ?
Лигтээ ердөө 2хон хожигдолтой илт тасархай түрүүлсэн ПСЖ оны эхээр Францын цомын тэмцээнд мөн түрүүлээд байсан юм. Ингэснээр тэд Францын багуудаас хамгийн анхны требл хийсэн клуб боллоо.
2 чухал тоо
1.000.000.000 - Meta AI 1 тэрбум хэрэглэгчтэй болжээ Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард Meta AI-ийг бие даасан апп болгон гаргасан. Энэ нь цаашлаад төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд нэмэлт функцийг санал болгох боломжийг нээж байгааг М.Цукерберг онцолсон байна. Өдгөө Meta-ийн хөгжүүлсэн AI туслахыг Instagram, Whatsapp, Facebook-ийн экосистемд нийт 1 тэрбум хэрэглэгч ямар нэгэн байдлаар ашиглаж байгаа гэнэ. Ташрамд дурдахад, Meta өнгөрсөн долоо хоногоос хэрэглэгчдийн нийтэд нээлттэй тавьсан пост, зургийг хиймэл оюун сургалтанд ашиглаж эхэлснээ зарласан билээ.
20 - "Огцрох амархан" жагсаал эхлээд гурав дахь долоо хоногийн нүүрийг үзэж, Монголын улс төрд засаглалын хямрал үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-аар өөрт нь итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт явуулахаар шийдэж, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзлаа. Мөн АТГ-аас ерөнхий сайдын хөрөнгөтэй холбоотой шалгах ажиллагааг эхлүүлснээ баталж, АН засгийн газраас ямар ч тохиолдолд гарна гэдгээ илэрхийлэв.
3 онцлох өгүүлбэр
I. Нарны аймгаас шинэ одой гараг илрүүлжээ
- Зарим одон орончид манай нарны аймгийн зах хязгаарт нууцлаг ес дэх гараг оршин байх боломжтой хэмээн үздэг. Тэгвэл уг гарагийг хайж байсан эрдэмтэд Далайн вангийн цаана орших Куйперын бүслүүрт шинэ одой гараг оршин байгааг илрүүлжээ.
- 2017 OF201 нэртэй уг гараг нь 700 орчим км-ийн өргөнтэй, дэлхийтэй харьцуулахад 1,600 дахин хол тойрог замаар нарыг тойрон эргэдэг гэнэ. Энэ нь нарыг нэг бүтэн тойроход 25,000 жил шаардлагатай гэсэн үг. Мөн 2006 оноос хойш нарны аймгийн ес дэх гарагт тооцогдож байгаад хасагдсан Далайн вангаас гурав дахин жижигт тооцогдоно.
- Уг нээлт нь ес дэх гарагийг хайгчдын хувьд тийм ч таатай мэдээ биш. Уг гарагийн тойрог замын загварчлал ес дэх гарагийн онолоос зөрж байгааг судлаачид тогтоожээ. Куйперийн бүслүүрт үүнтэй төстэй олон зуун одой гараг байх боломжтойг ч тэд үгүйсгэсэнгүй.
II. Nvidia-ийн борлуулалт 69%-аар нэмэгджээ
- AI-ийн тэсрэлттэй холбоотой хамгийн чухал нийлүүлэгч болоод буй Nvidia-ийн борлуулалт дахин өсөж, өнгөрөгч улиралд 44.1 тэрбум доллар болсон байна. Энэ нь өмнөх улирлаас 12%-аар, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 69%-аар өссөн үзүүлэлт гэсэн үг.
- Нийт орлогын дийлэнхийг буюу 39.1 тэрбумыг дата төвийн бизнес нь бүрдүүлж буй. Энэ бол тус компани Microsoft, Amazon, Google, Oracle зэрэг клоуд үйлчилгээ үзүүлэгчдээс ихээхэн хамааралтай байгаагийн илрэл юм.
- Нөгөө талаас Хятадын зах зээлд H20 чипийг нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай болсны улмаас 2.5 тэрбум долларыг алдсанаа тэд ил болгов. Тус компанийн үүсгэн байгуулагч Ж.Хуанг Хятадыг 50 тэрбум долларын зах зээл хэмээн тодорхойлжээ.
III. Т.Свифт урын сангаа дахин эзэмших болжээ
- Өнөө цагийн поп ертөнцийн гол нүүр царай болсон Тэйлор Свифт өөрийн 2006-2017 оны хооронд гаргасан 6 цомгийг өмчлөх эрхийг эргүүлэн худалдан авчээ.
- 2019 онд Shamrock Capitals хэмээх компани түүний урын санг 300 сая доллараар худалдан авснаа зарлахад Т.Свифт өөртэй нь зөвлөлдсөнгүй хэмээн экс продюсерын багтаа гомдоллож, ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. Улмаар тэрээр дөрвөн ч цомгоо шинэ хувилбараар бичүүлж, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ.
- Түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй уран бүтээлчид тооцогдох болсон Т.Свифтийн хөрөнгө 1.6 тэрбум доллараар хэмжигдэж байна.
4 мэдүүштэй зүйл
Чат туршилт: И.Маск Twitter-ийг өөрийн болгосон цагаасаа эхлэн тус апп-ыг супер апп болгох амбицаа нуугаагүй. Үүнийх нь хамгийн чухал нэг хэсэг болсон мессеж бичих, чат илгээх функцийн туршилт эхэллээ. Тэд X-ийн хуучин DM-ийг шинэчлэн Xchat нэртэйгээр нэвтрүүлж байгаа нь энэ юм. Одоо хэрэглэгчид групп чат үүсгэх, файл хуваалцах, нууцлалтай чатлах, мөн хугацаа зааж устгах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой болжээ.
Цаг уурч: Microsoft-ийн шинэ AI цаг агаарын мэдээ хүргэнэ. Aurora AI нэртэй уг модель нь зөвхөн уламжлалт цаг агаарын мэдээнээс гадна агаарын чанарын үзүүлэлт, хуй салхины чиглэл зэрэг олон төрлийн үйл явдлыг урьдчилан таамаглах чадвартай гэнэ. Тэд уг моделийг сургахдаа сая гаруй цагийн хиймэл дагуул, радар, цаг уурын станцын датаг ашиглаж, олон зуун мянган удаагийн симуляц хийсэн гэнэ. Тэд эхний ээлжинд уг моделийг MSN Weather апп-д нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Шинэ хамтрал: 1 тэрбум хэрэглэгчтэй мессеж апп Telegram xAI-ийн хөгжүүлсэн Grok чатботыг ашиглах болсноо зарлалаа. Тус апп-ыг үүсгэн байгуулагч П.Дуровын мэдээлснээр xAI жилд 300 сая долларын төлбөрийг төлөх бөгөөд Grok-ийн төлбөртэй үйлчилгээний орлогыг тэнцүү хуваахаар тохиролцсон гэнэ. Ташрамд дурдахад, тус апп-ыг Вьетнамд ашиглахыг хориглох шийдвэр гарсан. Энэ нь тус апп-аар дамжин гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ихээр гарах болсонтой холбоотой гэнэ.
Аварга худалдаа: Salesforce Informatica-г 8 тэрбумаар худалдан авлаа. Тэд клоуд дата менежментийн компанийг эгнээндээ нэгтгэснээр AI шилжилтээ улам эрчимжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Байгууллагын технологийн бүхий л шийдлийг нэг дор цогцлоох зорилготой Salesforce-ийн борлуулалтын орлого 9.8 тэрбум доллар болж, өмнөх жилээс 8%-аар нэмэгдсэн ч хувьцааны үнэлгээ нь 5 хувиар буурчээ. Алдарт тэрбумтан М.Бениоффын тэргүүлсэн Salesforce экосистемийн гол өрсөлдөгчдөө өндөр үнээр худалдан авдгаараа алдартай. Тэд 2021 онд Slack-ийг 27.7 тэрбумаар, Tableau-г 15.7 тэрбумаар тус тус худалдан авч байсан билээ.
5 сонин хачин
1. Netflix-ийн хамгийн том хит Stranger Things-ийн хамгийн сүүлийн буюу тавдугаар бүлгийн хуваарь ил боллоо. Шинэ бүлэг нийт гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь 11-р сарын 26-нд буюу Монгол улс тунхагласан өдрөөр цацагдана. Харин дараагийн хэсэг нь зул сарын баяраар, хамгийн сүүлийн анги нь шинэ жилийн үдэш олон нийтэд хүрэх аж. Одоогийн байдлаар киноны үйл явдал, түүхтэй холбоотой албан ёсны мэдээлэл цацагдаагүй байна.
2. “Haribo”-ийн хамгийн алдартай цуврал болох колатай чихрийг идсэн зарим хэрэглэгчдийн дотор муухайрч, бие тавгүйрхсэн гэх гомдол удаа дараалан ирсэн гэнэ. Улмаар нарийвчлан шинжилж үзэхэд Нидерланд улсад нийлүүлсэн 1 кг-ийн савлагаатай чихрээс каннабис илэрчээ. “Haribo”-ийн зүгээс уг цувралын бүх чихрийг эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Одоогийн байдлаар хэрхэн чихрийн найрлаганд каннабис шингэснийг тогтоохоор ажиллаж байна.
3. Челси Европын бүх тэмцээнд түрүүлсэн анхны баг боллоо. Тэд Конференц лигийн шигшээд Испанийн Реал Бетисийг 4:1-ээр илт давуу хожиж, тус тэмцээнд анх удаа түрүүллээ. Ингэснээр тэд Европын клубын түвшин дэх бүх тэмцээнд түрүүлсэн анхны баг болж байна. Үүнд Аваргуудын лиг (2012, 2021), Европа лиг (2013, 2019), Цомтой багуудын цом (1971, 1998), УЕФА Супер цом (1998, 2021) хамаарах юм. 2021 оноос эхтэй уг тэмцээнд өмнө нь Рома (Итали), Уэст Хэм (Англи), Олимпиакос (Грек) клубүүд түрүүлж байжээ.
4. Дэлхийд анхны гэх тодотголтой роботуудын боксын тэмцээн Хятадын Ханжоу хотноо явагдлаа. “Unitree Robotics” хэмээх компанийн бүтээсэн роботууд муайтай төрлөөр өрсөлдөж ялагчаа тодруулсан байна. Эдгээр роботыг инженерүүд алсын зайнаас удирдаж, өвдөглөх, хажуунаас цохих, хамгаалах зэрэг нарийн үйлдлүүдийг олон төрлийн мэдрэгчийн тусламжтайгаар гүйцэтгэж байжээ. Сонирхуулахад, роботуудын марафон саяхан Бээжинд явагдсан билээ.
5. Оносато сүмогийн 75 дахь их аварга боллоо. Тавдугаар сарын башёд 14 даваатай түрүүлсэн Оносатод ёкозүна цол олгох шийдвэр гарлаа. Өдгөө 24 настэй тэрээр сумод элсээд ердөө 13хан тэмцээний дараагаар их аварга болсон нь түүхэнд хамгийн хурданд тооцогдоно. Тэрээр 2017 оноос хойш төрж буй анхны япон аварга. Тухайн үед түүний багш Кисеносато их аварга болж байв. Япончууд түүнийг сүүлийн 8 аваргын зургааг нь төрүүлсэн Монголчуудын ноёрхлыг сөрөх гол найдвар хэмээн тооцож буй. Хамгийн сонирхолтой нь тэрээр их аварга М.Даваажаргалын зохион байгуулдаг “Хакухо Кап” тэмцээнд анх түрүүлж, улмаар их сургууль, сонирхогчдын дэлхийн аваргад тус тус тэргүүлж байжээ.