1 гол сэдэв
Юу болов?
Microsoft-ийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт эцэслэгдлээ. Тэдний видео тоглоомын гигант Activision Blizzard-ийг 69 тэрбум доллараар худалдан авах хэлцлийг Их Британийн зохицуулах байгууллага хүлээн зөвшөөрчээ. Үүнээс өмнө тус байгууллага энэ наймааг монополийн шинж чанартай, шударга бус өрсөлдөөнийг өдөөнө хэмээн үзэж хориг тавиад байсан билээ.
Яагаад удав?
Энэ наймаа 2022 оны 1-р сард хамгийн анх зарлагдсан. Гэсэн ч Microsoft АНУ, Их Британи, Европын Холбоо тэргүүтэй нийт 16 улсын зохицуулах байгууллагад шалгагдаж, өрсөлдөгчидтэйгөө зөвшилцөж, шаардлагыг хангасны үндсэн дээр ийн ард нь гарч байна. Тэд Activision-ийн хамгийн алдартай тоглоом Call of Duty-г гол өрсөлдөгчид болох Sony, Nintendo-той хуваалцах тохиролцоо хийж, бүр клоуд тоглоомын бизнесээ Ubisoft-д зарахыг зөвшөөрсөн билээ.
Одоо яах вэ?
Ингэснээр Xbox-ийг эзэмшигч Microsoft-ийн портфолиод Call of Duty-ээс гадна Diablo, Guitar Hero, Warcraft, Overwatch зэрэг топ тоглоомууд нэмэгдэж байна. Үүгээр зогсохгүй Activision-ийн 2016 онд худалдан авч байсан гар утасны тоглоом бүтээгч King-ээр дамжин Candy Crush, Farm Heroes зэрэг хит тоглоом ч багтана. Тэд хэдийнээ Minecraft, Forza, Halo зэрэг хит тоглоомыг бүтээгчдийг эгнээндээ нэгтгээд байсан билээ.
2 чухал тоо
35.000.000 - Крикетийн дэлхийн цомын хамгийн анхаарал татсан тоглолт болох Энэтхэг, Пакистаны өрсөлдөөнийг нэгэн зэрэг 35 сая хэрэглэгч стримингээр үзсэн нь дэлхийн дээд амжилт боллоо. Уг тоглолтыг Disney-ийн эзэмшдэг Энэтхэгийн Hotstar стриминг платформ үнэ төлбөргүй дамжуулсан юм. Сонирхуулахад, Youtube-ийн үзэлтийн рекорд 6.1 сая, Twitch-ийнх 3.4 сая байдаг аж.
4070 - Газын зурвас дахь нөхцөл байдал улам хүндэрч, одоогийн байдлаар 4000 гаруй хүн амь насаа алджээ. Израйл Хамас бүлэглэлийн эсрэг агаар, ус, газраар дайралт хийхээ мэдэгдэж, 3000 гаруй пуужинг харваад байгаа юм. Одоогоор 1 сая Палестиний иргэд орон гэрээ алдаж, тус бүс нутагт хүмүүнлэг, геополитикийн асар том хямрал өрнөж байна.
3 онцлох өгүүлбэр
I. Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан тодорлоо.
- Харвардын их сургуулийн эдийн засагч Клаудио Голдин хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн ялгаа, эрэгтэй эмэгтэй ажилчдын цалин хөлс, оролцооны ялгаатай байдлын талаарх судалгаагаараа энэ жилийн ялагч боллоо.
- Түүний нийгмийн зохион байгуулалт болон амьдралын хэв маягийн өөрчлөлт нь хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн ялгаатай байдалд үзүүлж буй нөлөөллийн тухай санаа олон судлаачдад сэдэл болсон. 20-р зууны сүүлийн хагаст эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэж, гэрлэх дундаж нас өсөн, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглээнд нэвтэрсэн зэрэг нь жендерийн ялгаанд эергээр нөлөөлж эхэлсэн гэдгийг түүний судалгаа харуулдаг. Тэрээр шагнал авсныхаа дараа "бид хосуудын тэгш байдлыг бий болгохгүйгээр хэзээ ч жендерийн тэгш байдлыг хангаж чадахгүй" хэмээн онцлон хэлжээ.
- Өдгөө 77 настай тэрээр Нобелийн эдийн засгийн шагналыг хүртэж буй 3 дахь эмэгтэй болж байна. Гэхдээ тэрээр дангаараа ялагчаар нэрлэгдсэн анхны эмэгтэй болж байгааг тодотгох учиртай.
II. Starlink үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ.
- И.Маскийн үүсгэн байгуулсан Starlink 2024 оноос эхлэн үүрэн холбооны үйлчилгээг санал болгох болсноо зарлалаа. Эхний ээлжинд тэд хэрэглэгчдэд мессеж илгээх боломжийг нээнэ гэнэ.
- Харин 2025 оноос эхлэн ухаалаг утаснаасаа шууд дуудлага хийх, дата ашиглах боломжтой болно гэв. Мөн ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд ч хэрэглээ нээгдэх аж.
- Нийт 42 мянган хиймэл дагуулыг хөөргөх амбицтай тус компанийн үйл ажиллагаа ийнхүү зөвхөн интернетээс хальж гарч байгаа нь энэ. "Starlink Direct to Cell" үйлчилгээ нь ухаалаг утасны хэрэглээг шинэ түвшинд гаргана хэмээн тэд итгэж байна.
III. NASA-ийн шинэ аялал эхэллээ.
- NASA 3.6 тэрбум км-ийн алсад орших Psyche нэртэй астеройдыг судлах хөлгөө хөөргөлөө. Psyche бол хүн төрөлхтний илрүүлээд байгаа метал бүтэц бүхий есөн астеройдын нэг гэдгээрээ онцлогтой юм.
- Psyche хөлгийн аялал 2029 онд эцсийн цэгтээ хүрэх учиртай. Эрдэмтэд уг астеройдыг судалснаар дэлхийн цөмийн талаар илүү мэдээлэл цуглуулж, нарийвчлан судлах боломжтой болно гэж үзэж буй.
- Үүнээс гадна тус биет нь төмөр, никель, силикат зэрэг металлаас бүрдсэн нь эрдэмтдийн анхаарлыг татаж буй. Уг хөлөг астеройдын бүтцийг судалж, гарал үүслийн талаар мэдээлэл цуглуулах зорилготой. NASA уг төсөлд 1.2 тэрбум доллар зарцуулж байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
AI чип: ChatGPT-ээрээ хувьсгал хийж, AI чатботын зах зээлд тэргүүлж буй OpenAI өөрсдийн нэрийн чип хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 11 тэрбум доллар босгож, жилийн борлуулалтын орлого нь тэрбум долларыг даваад байгаа тус компани хиймэл оюун, машин сургалтад тусгайлан зориулагдсан чип бүтээж, зардлаа бууруулах зорилготой байгаа нь энэ юм.
Нууц үг: Google нууц үгийг халахыг хүсэж байна. Тэд энэ сараас эхлэн үндсэн үйлчилгээнд нэвтрэхдээ "Passkeys" буюу царай таних, хурууны хээ уншуулах, пин код хийх сонголтыг хэрэглэгчдэд эхэлж санал болгох болжээ. Үүнийгээ тэд хэрэглэгчдэд илүү хялбар бөгөөд найдвартай арга хэмээн үзэж байгаа юм.
Шинэ нэгдэл: Atlassian байгууллагын дотоод видео бичлэг, заавар зөвлөмж бүтээдэг платформ Loom-ийг 975 сая доллараар худалдан авлаа. 25 сая хэрэглэгчтэй Loom цар тахлын үеэр хүчээ авч, юникорн статустай болж байв. Atlassian-ийн хувьд энэ үйлчилгээг өөрсдийн эзэмшдэг Trello, Jira, Confluence зэрэг бусад платформуудтай уях зорилготой байгаа юм.
Агаарын кофе: Alaska Airlines онгоцоор нисэхдээ уухад зориулан тусгайлан бэлтгэсэн шинэ төрлийн нэрийн кофе гарган авчээ. Агаарын даралтын улмаас кофены амт сулардаг асуудлыг халж, илүү таатай амтыг санал болгож чадна хэмээн тэд сурталчилж байна. Шинэ кофе 12-р сарын 1-ээс нислэг бүрд зорчигчдод хүрнэ.
5 сонин хачин
1. Алдарт Тэйлор Свифтийн аялан тоглолтын баримтат кино бокс оффисыг доргиож, дэлхий даяар 97 сая долларыг цуглуулаад байна. Энэ нь тус кино аравдугаар сард нээлтээ хийсэн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээл боллоо гэсэн үг. Үүнээс өмнө 2019 оны "Joker" эхний долоо хоногтоо 96 сая долларын орлого олж, дээд амжилт тогтоож байв. "Taylor Swift: The Eras Tour" нэртэй 169 минут үргэлжлэх уг бүтээл зөвхөн Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагт л дэлгэцнээ гарч байгаагаараа онцлогтой. Үүнийгээ уран бүтээлчид олон фенүүд нэг дор цугларч, сэтгэл хөдөлгөм уур амьсгал бүрдүүлэх гэсэн шийдвэр хэмээн тайлбарласан билээ.
2. Google хайлтын нүүр хуудсаа өөрчлөхөөр зэхэж байна. Тэд өөрсдийн нэрийн хуудас болсон минимал хэв маягаа өөрчилж, Bing, Yahoo зэрэг бусад өрсөлдөгчдийнхтэй ижил "Discover Feed"-ийг туршиж байгаа гэнэ. Үүнд нь сүүлийн үеийн мэдээ, цаг агаар, ханшийн мэдээлэл зэрэг багтах бололтой.
3. Хятадын иргэний нисэхийн байгууллагаас Ehang нэртэй компанид агаарын таксины үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгожээ. Дэлхийд анхны гэж хэлж болох энэ лицензийг авснаар Ehang жолоочгүй нисдэг таксиг агаарт хөөргөж, хүн тээвэрлэх эрхтэй болж байгаа юм. Ehang-ийн хувьд цахилгаан хөдөлгүүртэй, хоёр зорчигчийн багтаамжтай онгоц хөгжүүлдэг.
4. Дэлхийн газрын тосны салбарын тэргүүлэгч Exxon Mobil Америкийн зах зээл дэх гол өрсөлдөгч Pioneer Natural Resources-ийг 59.5 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр хоёр компани зардлаа бууруулж, ашигт ажиллагааг сайжруулахаас гадна байгальд ээлтэй шинэ технологи хөгжүүлэх гарц нэмэгдэнэ хэмээн тэд мэдээлж байна. Exxon 1998 онд Mobil Oil-ийг 81 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэж байсан билээ.
5. Netflix үнэнч үзэгчдэдээ зориулан "Netflix House"-ийг байгуулах болсноо зарлалаа. Хамгийн алдартай кино, цувралуудын өнгө төрх, орчныг шингээсэн уг төвд зочлогсод кофе ууж, худалдаа хийн, зарим хөгжөөнт тоглоомоор ч тоглох боломжтой байх гэнэ. Тэд 2025 он гэхэд АНУ-д 2 төвийг эхэлж байгуулан, олон улс руу тэлэхээр төлөвлөж байна.
10 унших мэдээ
Сонирхох: Боб Айгерын шид хаа байна? /Bloomberg/
Хүлээх: Монгол, Франц ураны мега гэрээ байгууллаа /Nikkei/
Гайхах: SBF-ийн шүүх хурал үргэлжилсээр /Techcrunch/
Үзэх: NASA сансраас тээвэрлэсэн шороогоо дэлгэв /NASA/
Мэдэх: GenZ юуг таалж байна? /Morning Brew/
Санах: Шинэ Зеланд түүхэн сонголт хийв /BBC/
Шагших: Сар хиртэлтийг гэрчлэх нь /CNN/
Сонсох: Криптогийн ирээдүй хааш чиглэж байна вэ? /Wired/