Юу болов?

Орчин цагийн хамгийн цуут хөрөнгө оруулагчдын нэг Чарли Мюнгер 99 насандаа таалал төгслөө. Тэрээр өөрийн хамтрагч В.Баффетийн хамтаар "Berkshire Hathaway"-ийг дэлхийн хамгийн хүчирхэг хөрөнгө оруулалтын пүүс болгон хөгжүүлсэн билээ.

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ

Юугаар дурсах вэ?

Тэрээр 1978 онд Berkshire-т нэгдэхээсээ өмнө өөрийн хувийн хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулж, амжилттай удирдаж байсан туршлагатай. Улмаар насан эцэслэх хүртлээ компанийн гол шийдвэрүүдэд оролцож, Geico, Kraft Heinz, American Express, Coca Cola, Apple, Bank of America зэрэг томоохон компаниудад хөрөнгө оруулах хэлцлийг тэргүүлж байжээ.

Өөр?

В.Баффет нэгэнтээ түүнийг богино хугацаанд маш хурдтай, зөв шийдвэр гаргадаг хэмээн магтаж, "хамгийн гоц 30 секундын тархитай" хэмээн онцолж байлаа. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө, амжилтын түүх, туршлагаараа салбарын амьд домог, хамгийн хүндэт гуру нарын нэг болсон тэрээр Мичиган, Стэнфорд, Калифорны их сургуулийн хамгийн том хандивлагчдын нэг байжээ.

2 чухал тоо

100 - 20-р зууны хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Хенри Киссинжер 100 насандаа таалал төгслөө. 1969-77 онд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрээр 1973 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байлаа. Хүйтэн дайны бодлогыг тодорхойлж, Вьетнамын дайныг дуусгаж, Хятадтай харилцааг нээсэн хэмээн үнэлэгддэг тэрээр Камбожийг бөмбөгдөж, Аргентин, Чили, Бангладешт төрийн эргэлт, иргэний дайныг зохион байгуулсан хэмээн буруутгагддаг онцгой дүр байсан билээ.

28 - Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том цугларалт COP28 нээлтээ хийлээ. Дубайд хоёр долоо хоногийн турш дэлхийн лидерүүд, активистууд нэгдэн шинэ төсөл, амлалт, зорилгуудаа тодорхойлно.

3 унших өгүүлбэр

I. Марк Кюбан хамгийн алдартай 2 төслөөсөө "гарав".

- Shark Tank-ийн хамгийн алдартай шаркуудын нэг, Америкийн тэрбумтан Марк Кюбан шоуг 12 жилийн дараа орхиж байгаагаа зарлалаа. Тэрээр ирэх жил

- Энэ мэдээнээс хэдхэн цагийн дараа тэрээр өөрийн хамгийн гол бизнес NBA-ийн Даллас Маверикс багийн дийлэнх хувьцааг зарж байгаагаа зарласан юм. Тэрээр 2000 онд 285 сая доллараар худалдан авч байсан багаа Лас Вегасын казиногийн бизнесийн могул Аделсоны гэр бүлд 3.5 тэрбум доллараар зарсан нь энэ. Гэхдээ тэрээр жижиг хувьцаа эзэмшигчээр үлдэж, клубын үйл ажиллагааг хариуцсан хэвээр байх ажээ.

- Мэргэжлийн спортын хамгийн шилдэг, идэвхтэй багийн эзэнд тооцогддог Кюбаны шийдвэр ихэд гэнэтийн байлаа. Тоглолт бүрээ алдалгүй үзэж, тоглогчидтой ойр харилцаатай байдгаараа алдартай тэрээр Техаст спорт бооцоог нэвтрүүлэхийн тулд Аделсоны гэр бүлтэй хамтарлаа хэмээн зарим шинжээчид үзэж буй. 31.9 тэрбумын хөрөнгөтэй Мириам Аделсоны хувьд Las Vegas Sands-аар дамжуулан Marina Bay Sands, Sands Macao зэргийг эзэмшдэг билээ.


II. Tesla-ийн Cybertruck худалдаанд гарлаа.

- 2021 онд хэрэглэгчдийн гарт очих хуваарьтай байсан Cybertruck-ийн нээлт сүр жавхлан дүүрэн өнгөрлөө. Нийт 2 сая хэрэглэгч хэдийнээ урьдчилгаа байршуулж, захиалга өгөөд байгаа уг машин сум нэвтэрдэггүй, ирээдүйлэг дизайнаараа хэдийнээ олон нийтийн ярианы сэдэв болж эхэлжээ.

- 5000 кг ачааг чирэх чадалтай гэдэг нь зах зээлд хамгийн эрэлттэй Ford F-150 Lightning-аас хагас тонноор илүү үзүүлэлт. Мөн чиргүүлтэй үедээ Porsche 911-ээс илүү хурд авах чадалтайгаа тэд үндсэн промогоороо нотлов.

- Нэг цэнэглэлтээр 547 км зам туулах Cybertruck-ийн эхлэл үнэ 61 мянган доллар байх ажээ.


III. 2023 оны шилдэг апп-ууд нэрлэгдлээ.

- Google Play 2023 оны шилдэг андройд апп-уудаа зарлалаа. Энэ оны шилдэг апп-аар Imprint тодров. Imprint нь сэтгэл судлал, түүх, эрүүл мэнд зэрэг сэдвүүдийн ерөнхий мэдлэгийг визуал хэлбэрээр түгээдэг боловсролын апп юм.

- iPhone-ийн шилдэг апп-аар AllTrails нэрлэгдлээ. Уг апп нь ойр орчмын уул, алхалт, аяллын замыг санал болгодог юм. Харин iPad-ийн шилдэг апп нь нүүр будалтын тэмплэйт, төсөөлөл олгодог Pret-A-Makeup байв.

- Харин аль аль платформын шилдэг тоглоомоор Honkai: Star Rail нэрлэгджээ. 4-р сард гарсан даруйдаа хит болсон уг тоглоом нь 2011 онд анх гарсан Honkai-ийн ертөнцөд өрнөдөг 4 дэх тоглоом юм.

4 мэдүүштэй зүйл

Нас уртасгагч: АНУ-ын зохицуулах байгууллагаас Loyal нэртэй стартапын шинэ эмийг туршилтанд оруулахыг зөвшөөрлөө. Уг эм нь нохойн хөгшрөлтийг удаашруулж, насжилтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй гэнэ. Сүүлийн жилүүдэд тэжээмэл амьтдын эрүүл мэндийн бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдэж байгаагий нэг илрэл нь энэ боллоо.

Нисдэг такси: Германд төвтэй Lilium хэмээх компани Европын Холбооноос агаарын такси бүтээх, загварчлах болон хөөргөх зөвшөөрлөө авлаа. 2025 онд цахилгаан хөдөлгүүртэй, арилжааны хөлгөө хөөргөх зорилготой байгаа тус стартап энэ зөвшөөрлийн хүрээнд албан ёсны туршилтуудаа томоохон хотуудын агаарын замд хийхийг зорьж байна.

Өөр хувилбар: Amazon ажлын хэрэглээнд зориулсан ухаалаг чатбот Q-г танилцууллаа. AWS-ийн Reinvent арга хэмжээний гол зарлал байсан тус чатбот нь сарын 25 долларын үнэтэй байх гэнэ. Үүнээс гадна тэд NVIDIA-тай харилцаагаа улам бэхжүүлж, шинээр Trainium2 нэртэй чипээ танилцуулжээ.

Шинэ төхөөрөмж: Финляндын Varjo нэртэй стартап анхны AR/VR шинэ төхөөрөмжөө худалдаанд гаргалаа. XR-4 нэртэй уг зүүдэг төхөөрөмж нь 3990 долларын үнэтэй бөгөөд байгууллагын хэрэгцээнд зориулсан гэдгээрээ ялгаатай. Apple, Facebook-ийн сүүлийн үед ихэд хүч хаяж буй энэ салбарт тэд өнгөний нягтаршил, дизайны тав тухаараа ялгарна хэмээн найдаж буй.

5 сонин хачин

1. Алдарт Beyonce-ийн бичиж найруулсан "Renaissance" концертын кино бокс оффисыг 27.6 сая долларын орлогоор тэргүүллээ. Сүүлийн 20 жилд Талархлын баярын дараагийн долоо хоногт өөр ямар ч кино 20-оос дээш сая долларын орлоготой нээгдэж байгаагүй гэнэ. Сонирхуулахад, Тэйлор Свифтийн "The Eras Tour"-ийн кино хэдийнээ 250 сая долларын борлуулалттай болоод байгаа юм.

2. Утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Booker Prize-ийн ялагчид тодорлоо. 2023 оны шилдгээр Ирландын зохиолч Пол Линчийн "Prophet Song" тодорчээ. Уг шагналын ялагчид 50 мянган фунт дагалддаг юм.

3. Apple болон Paramount стриминг үйлчилгээгээ багцлан хүргэх төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа гэнэ. Энэ мэдээний дараа компанийн хувьцаа өссөн нь илүү хямд үнэтэй санал залуу хэрэглэгчдийг татах магадлалтай гэж үзсэнтэй холбоотой. Тэд Netflix, Disney+-тай өрсөлдөхүйц каталог бүхий үйлчилгээг хямд үнээр гаргахыг зорьж байгаа нь энэ юм.

4. Spotify жилийн эцсийн хэрэглээний тайлан Wrapped 2023-аа танилцууллаа. Энэ жилийн хамгийн эрэлттэй артист нь Тэйлор Свифт байв. Түүний дуунууд нийт 26.1 тэрбум стриминг цуглуулсан нь түүхэн амжилт болов. Өмнөх гурван жилийг Bad Bunny тэргүүлээд байсан юм. Энэ онд Spotify-г 574 сая хүн хэрэглэсэн бөгөөд хэрэглэгч бүр өөрсдийн топ артист, топ дууны жагсаалтыг үзэх боломжтой болжээ.

5. Netflix-ийн видео тоглоомын зах зээлд нэвтрэх хамгийн том амбиц 12-р сард биеллээ олох нь. Тэд түүхэн дэх хамгийн алдартай цувралуудын нэг Grand Theft Auto: The Trilogy-тэй гэрээ хийснээ зарлалаа. Ингэснээр Netflix-ийн хэрэглэгчид уг тоглоомыг гар утасны апп-аасаа шууд тоглох боломжтой болох юм.

10 унших мэдээ

Зочлох: Apple-ийн чип туршилтын үйлдвэрээр /CNBC/

Төсөөлөх: Саудын Арабын видео тоглоомын эзэнт гүрэн болох төлөвлөгөө /The Verge/

Гайхах: И.Маск ба 'Go F*ck Yourself!" /Wired/

Ангайх: K-Pop-ийн одоос лам болсон түүх /Vice/

Мэдэх: Газад юу болж байна? /NYTimes/

Анхаарах: Жорж Сантосыг төлөөлөгчөөс хасав /Vox/

Аялах: Дэлхийн хамгийн тайван улсын жагсаалт /CNN/

Анзаарах: Парисын олимп юу болох бол? /BBC/

Эмээх: Филиппинд газар хөдлөв /Reuters/

Ойлгох: Sports Illustrated-ийн уналт /The Atlantic/