1 гол мэдээ

Юу болов?

NBA-ийн хамгийн амжилттай багуудын нэг “Лос Анжелес Лэйкерс” 14 сарын дотор хоёр дахь удаагаа эзэмшигчээ солих гэж байна. Disney-ийн гүйцэтгэх захирал асан Боб Айгер, хөрөнгө оруулагч Жошуа Кушнер нар одоогийн эзэн, тэрбумтан Марк Уолтероос NBA-ийн алдарт багийг худалдан авахаар тохиролцжээ. 12.5 тэрбум долларын үнэлгээтэй энэхүү хэлцэл батлагдвал мэргэжлийн спортын багийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй худалдаа болно.

Яагаад?

Уолтер 2025 онд “Лэйкерс”-ийг 40 гаруй жилийн турш эзэмшсэн Бассын гэр бүлээс 10 тэрбум доллараар худалдан авсан юм. Жил гаруйн дотор тус багийн үнэлгээ 25%-аар өссөн нь мэргэжлийн спортын багуудыг хөрөнгө оруулагчид медиа, энтертэйнментийн платформ гэж үнэлэх болсны илрэл боллоо. Зохицуулах байгууллагаас татварын асуудлаар шалгагдаж буй Уолтерын хувьд энэ наймаанд өөрийн эзэмшдэг бэйсболын “Дожерс” болон эмэгтэй сагсан бөмбөгийн “Спаркс” багуудыг багтаагаагүй байна.

Хэн авав?

Айгер бол өнгөрсөн арваны дэлхийн медиагийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг. Тэрээр Disney-г удирдах хугацаандаа Pixar, Marvel, Lucasfilm, 21st Century Fox-ийн дийлэнх хэсгийг худалдан авах ажлыг удирдсанаараа алдартай. Харин Кушнер Thrive Capital-ийн үүсгэн байгуулагч бөгөөд “Мемфис Гриззлиз” багт багахан хувь эзэмшдэг . Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнерын дүү гэдгийг онцлох хэрэгтэй.

2 чухал тоо

17: Цөлжилтийн эсрэг COP17 Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ бол 2016 онд АСЕМ-ыг зохион байгуулснаас хойш Монголд явагдаж буй хамгийн том арга хэмжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн хамгийн чухал хэлэлцүүлэгт оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 20 мянга гаруй зочид хүрэлцэн иржээ. Хурал 12 хоногийн турш үргэлжилнэ.

7.7: Индонезын Флорес арлын ойролцоо болсон 7.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас 50 гаруй хүн амиа алджээ. Нурсан барилгаас иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч хөрсний гулгалт, эвдэрсэн зам, тасарсан харилцаа холбоо алслагдсан бүс нутагт хүрэхэд саад болж байна. Олон зуун орон сууц, сургууль, эрүүл мэндийн байгууллага эвдэрч, олон мянган иргэн нүүлгэн шилжүүлэгджээ. Үүний дараа Суматрагийн ойролцоо 6.9 магнитудын өөр нэг газар хөдлөлт болсон ч томоохон хохирол бүртгэгдээгүй байна.

3 онцлох өгүүлбэр

I. Google шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа

- Google өнгөрсөн долоо хоногт AI-д суурилсан гэх тодотголтой Pixel 11, Pixel 11 Pro, Pixel 11 Pro XL, Pixel 11 Pro Fold загварын гар утаснуудаа танилцууллаа. Энэ удаагийн загварын гол онцлог нь Gemini-тай төгс нийцэн ажиллана гэдэг нь байв.

- Өөрөөр хэлбэл, Gemini Intelligence нь зурвас, хуанли, газрын зураг болон Google-ийн бусад үйлчилгээн дэх мэдээллийг нэгтгэн, аяллын сонголт харьцуулах, хуваарь шалгах, рестораны захиалга эхлүүлэх зэрэг ажлыг хэрэглэгчийн өмнөөс гүйцэтгэх боломжтой болжээ. Шинэ загварууд 256 гигабайтын багтаамжтай бөгөөд зарим нь 30-аас дээш цагийн цэнэг барина. Pixel 11-ийг борлуулах эхлэх үнэ 899 доллар байх гэнэ.

- Google мөн Android утасны Find Hub сүлжээгээр эд зүйлсийн байршлыг тогтоох 30 долларын үнэтэй Pixel Tag төхөөрөмжөө танилцуулав. Ингэснээр тэд Apple-ийн AirTag-тай шууд өрсөлдөх болж байна.


II. Disney D23 арга хэмжээгэрээ шинэ төслүүдээ танилцууллаа

- X-Men: Өнөө цагийн Холливүүдийн хамгийн эрэлтэй байгаа одод Марвелд нэгдлээ. Тухайлбал, Сэди Синк Жин Грэйн дүрд, Кристофер Эбботт Профессор Иксийн дүрд, Адам Драйвер Мистер Синистерийн дүрд тоглоно. Кино 2028 оны тавдугаар сард нээлтээ хийх аж.

- Avengers: Doomsday: Роберт Дауни Жуниор Доктор Дүмийн дүрд тоглож, Крис Эванс Стив Рожерсийн дүрээр эргэн ирнэ гэдэг нь хүлээлтийг улам нэмэв.

- Star Wars: Starfighter: Дисней клубээс карьераа эхлүүлсэн Райан Гослинг Кэйд Обероны дүрийг бүтээх болжээ. Star Wars-ийн ертөнцийн сэргээх найдлага тээж буй уг бүтээл 2027 оны тавдугаар сард гарна.

- Frozen 3: Аннагийн хурим, шинэ дуунууд болон нууцлаг эмэгтэй эсрэг дүрийг танилцуулжээ. Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн амжилттай анимэйшнийн нэг 2027 оны арваннэгдүгээр сард шинэ ангиа цацна.

- Incredibles 3: 2028 оны зун нээлтээ хийх уг цувралын шинэ түүх хүүхдүүдийн адал явдлаар үргэлжилнэ гэнэ.

- Coco 2: Мигель хүү хэдийнээ өсвөр насанд хүрчээ. Coco-ийн шинэ анги 2029 оны 1-р улиралд гарна гэнэ.


III. Норвегийн баялгийн сан 184 тэрбумын ашигтай ажиллажээ.

- Дэлхийн хамгийн том үндэсний баялгийн сан болох Норвегийн “Government Pension Fund Global” 2026 оны эхний хагаст 184.3 тэрбум долларын рекорд ашигтай ажиллав. 2.3 их наяд долларын хөрөнгөтэй тус сангийн өгөөж 9.4 хувьтай гарсан бөгөөд Азийн технологи, хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны өсөлт голлон нөлөөлжээ.

- Сан мөн SpaceX компанийн 0.05 хувийг эзэмших болсноо анх удаа ил мэдээлэв. Энэхүү хувьцаа 1.22 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа ч Nvidia, Apple, Alphabet, Microsoft, TSMC зэрэг компанид оруулсан хөрөнгөтэй харьцуулахад бага дүн юм.

- Норвегийн газрын тос, байгалийн хийн орлогоор бүрдсэн тус сан дэлхийн 7,100 орчим компанид хувь эзэмшдэг.

4 мэдүүштэй зүйл

Аймшигт халдвар: Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдсэн Эбола вирусийн халдвар энэ хэвээр тархвал 2014–2016 онд Баруун Африкт тохиолдсон дэгдэлтээс давж, түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар тус улсын зургаан мужид 4,665 тохиолдол батлагдаж, 2,184 хүн нас бараад байна.

Аймшигт гамшиг: Колумбын баруун хэсэгт даваа гарагт тохиосон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 300 орчимд хүрч, бараг 4,000 хүн гэмтжээ. Олон зуун хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд аврах багууд Кали, Перейра болон бусад хотын нурсан барилгуудад эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Гэнэтийн айлчлал: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 13-нд Оросын хяналтад байдаг Итуруп буюу Японы нэршлээр Эторофү аралд анх удаа айлчиллаа. Үүнийг Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи эрс буруутгаж, уг айлчлалыг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдэв.

Гэнэтийн шийдвэр: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар импортын дронд 100 хүртэлх хувийн тариф тогтоохоо зарлалаа. Том оврын болон аюулгүй байдлын мэдрэмтгий хүчин чадалтай дронд хамгийн өндөр тариф ногдуулах бол жижиг төхөөрөмжүүдэд ерөнхийдөө 25 хувийн татвар үйлчилнэ.

5 сонин хачин

1. Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх буудал 2026 оны эхний хагаст 38.39 сая олон улсын зорчигчид үйлчилж, уг үзүүлэлтээр анх удаа дэлхийд тэргүүллээ. Лондоны Хитроу 37.79 сая, Сингапурын Чанги 34.53 сая зорчигчтойгоор удаалжээ. Ираны мөргөлдөөний улмаас зорчигчид Ойрх Дорнодын зангилаа нисэх буудлуудаас зайлсхийж, Инчоноор дамжих нь нэмэгдсэн байна. Тус буудлын дамжин өнгөрөх зорчигч 18.1 хувиар, Европыг зорьсон дамжин өнгөрөх урсгал 63.2 хувиар өсжээ. 2024 онд дууссан өргөтгөлийн үр дүнд Монголчуудын түгээмэл зорчдог Инчон жилд 106 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон билээ.

2. Uber Хятадын автомат жолоодлогын Pony.ai-тай хамтран Европт 2,000 гаруй роботакси нэвтрүүлэхээр болжээ. Хорватын Загреб хотод эхлүүлсэн үйлчилгээг цаашдаа зөвхөн Европ төдийгүй Ойрх Дорнодод нэвтрүүлэх аж. Шинэ түншлэлийн хүрээнд Pony.ai дөрөвдүгээр түвшний автомат жолоодлогын технологио нийлүүлж, Uber захиалга, төлбөр, хэрэглэгчийн үйлчилгээг платформдоо нэгтгэнэ. Харин орон нутгийн түншүүд автомашиныг санхүүжүүлэх, эзэмших, өдөр тутмын ажиллагааг хариуцах аж. Энэ загвар нь компаниудад бүх үйл ажиллагааг өөрсдөө эзэмшихгүйгээр үйлчилгээгээ хурдтай тэлэх боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байна.

3. БНХАУ-ын Ерөнхий сайд асан Жу Рунжи 97 насандаа Бээжин хотод өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1998–2003 онд Ерөнхий сайдаар ажиллаж, хугацаандаа инфляцыг хязгаарлах, татварын тогтолцоог төвлөрүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг шинэчлэх бодлогыг хэрэгжүүлсэн гэдгээрээ үнэлэгддэг. Гэхдээ түүний хамгийн том өв нь Хятадыг 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх хэлэлцээг удирдсан явдал байв. Энэ үйл явдал гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг эрчимжүүлж, Хятад улсыг дэлхийн үйлдвэрлэл, худалдааны гол тоглогчдын нэг болоход чухал нөлөө үзүүлсэн билээ.

4. Fenway Sports Group Английн хөлбөмбөгийн хамгийн алдартай клубүүдийн нэг “Ливерпүүл”-ийн 30 хувийг “1892 Holdings” нэртэй консорциумд худалдахаар тохиролцлоо. Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Бейзос, Facebook-ийн хамтран үүсгэн байгуулагч Эдуардо Саверин нарын оролцоотой уг хэлцэл 1.65 тэрбум фунт стерлингийн дүнтэй бөгөөд клубийг 5.5 тэрбум фунтээр үнэлж байна. FSG-ийн хувьд клубын өдөр тутмын үйл ажиллагааг үргэлжлүүлэн удирдана гэв.

5. Lamborghini хамгийн хүчирхэг машинаа танилцуулав. Revuelto SV нэртэй уг автомашинаа тэд өөрсдийн бүтээсэн хамгийн шилдэг хайбрид машин хэмээн тодорхойлжээ. Компани байгуулагдсан 1963 оныг бэлгэдэн ердөө 1,963 ширхэг үйлдвэрлэх уг загварын үнэ 741,172 доллароос эхэлнэ. 6.5 литрийн V12 хөдөлгүүрийг гурван цахилгаан мотортой хослуулснаар 1,050 гаруй морины хүч гаргаж, 100 км/цагийн хурдыг ердөө 2.4 секундэд авах боломжтой болгожээ. Уг машины дээд хурд нь 348 км/цаг байх гэнэ.