Ковер зургийн тайлбар: Сан Франциског улбар үүл бүрхэв

1 гол сэдэв

"Samsung"-ийн Z Fold 2 худалдаанд гарсантай зэрэгцэн хэд хэдэн компани хос дэлгэцтэй утсаа танилцуулж, хэрэглэгчдийн гарт хүргэв. Ухаалаг утасны дизайны шинэ трендийг бид энэ удаад онцолж байна.

Motorola

Энэ оны эхээр "домогт" Razr брэндээ шинэчлэн гаргасан Motorola 5G технологи дэмждэг, хоёрдугаар үеийн загвараа танилцууллаа. Шинэ загвар 1399 долларын үнэтэй байх бөгөөд классик дэлгэгддэг утасны дизайнтай гэдгээрээ онцлог. Мөн камер, РАМ, мемори, батарейн үзүүлэлт нь эрс сайжирсныг экспертүүд онцлов.

Microsoft

"Microsoft" асар өндөр хүлээлт дор хос дэлгэцтэй Surface Duo-оо худалдаанд гаргалаа. Утас болдог таблет хэмээн тодорхойлж болох уг утас 1400 долларын үнэтэй гэдэг нь 2000 долларын үнэтэй Z Fold 2-оос хавьгүй хямд гэсэн үг. 8.1 инч болж томордог дэлгэц нь Microsoft Pen-ийг ашиглаж, Microsoft Office-той хоршдог гэдгээрээ онцлог. Microsoft-ийн том бооцоо хэр амжилттай болохыг цаг хугацаа харуулна.

LG

Солонгосын технологийн топ компаниудын нэг LG ухаалаг утасны зах зээлд шинэ хэрэглээ, дизайн нэвтрүүлэх зорилго бүхий Explorer's Project-ийг хэрэгжүүлээд чамгүй удаж буй. Тус төслийн эхний бүтээгдэхүүн нь "Wing" нэртэйгээр аравдугаар сарын 5-нд гарах гэж байна. LG-ийн концепц нь хос дэлгэц, гэхдээ нумардаг, нугардаг биш эргэлддэг гэдгээрээ онцлог. Snapdragon-ий чипээр тоноглогдсон уг утас 1000 доллар орчмын үнэтэй байх аж.

2 чухал тоо

100: Хөгжмийн ертөнцийн хамгийн том тоглогчдын нэг "Sony Music" подкастад анхаарлаа хандуулж, 100 гаруй оригинал контент бүтээж байгаагаа зарлалаа. Тэд зөвхөн энэ онд 40 шинэ подкаст цацах бөгөөд "Planet Money"-ийн экс хост А.Дэвидсон, "The Big Short"-ийг бүтээгч А.МакКи зэрэг уран бүтээлчидтэй хамтарч байгаа гэнэ.

1147: Хятадын цэвэр усны зах зээлийн 21 хувийг эзэлдэг "Nongfu" Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, нээлттэй компани болов. Брэнд хөгжүүлэлт, нийлүүлэлтийн сувгийн өсөлтөд зориулан IPO хийсэн тус компанийн арилжааны захиалга нь 87 тэрбум доллар буюу 1147 дахин их байсан нь түүхэн рекорд болсон байна. IPO-ийн дараагаар "Nongfu"-г үүсгэн байгуулагч Жан Шаншан 53 тэрбум долларын хөрөнгөтэй болж, нийт 68 долларын саятан тус компаниас төрөн гарчээ. Энэ нь тэрээр зөвхөн Ж.Магийн ард, Хятадын 2 дахь баян хүн болж байна гэсэн үг юм.

3 онцлох зүйл

Баячууд: "Forbes" сэтгүүл "Америкийн хамгийн чинээлэг 400 эрхэм"-ийн жагсаалтаа танилцууллаа. 39 дэх жилдээ гарч буй уг жагсаалтыг "Amazon"-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзос гурав дахь жилдээ дараалан тэргүүлэв. 179 тэрбум долларын хөрөнгөтэй түүний ард "Microsoft"-ийн Б.Гэйтс, "Facebook"-ийн М.Зукерберг нар бичигджээ. Коронавирусийн тахлын үе таарсан ч эдгээр эрхмүүдийн нийт хөрөнгө 240 тэрбум доллараар нэмэгдэж, 3.2 их наяд доллар болсон байна. Шинээр 18 хүн жагсаалтад нэмэгдсэний дотор "Zoom"-ийн Э.Юань, "Nikola"-ийн Т.Милтон нар багтав. "Tesla"-ийн Э.Маск 68 тэрбум доллар болон өсөж, Валтоны гэр бүл, "Google"-ийг үүсгэн байгуулагчдыг гүйцэн 7-р байр луу үсэрчээ. Сонирхолтой нь, Топ 400-д багтахын тулд дор хаяж 2.1 тэрбум долларын хөрөнгө шаардлагатай ажээ.

Дэлгэрэнгүйг: Forbes


Эрдэмтэд: Шинжлэх ухааны салбарын Оскарын шагнал хэмээгдэх "Breakthrough Prize"-ийн 2021 оны ялагчид тодорлоо. Амьдралын шинжлэх ухаан, онолын физик, математикийн салбарт оруулсан хувь нэмрээрээ хүн төрөлхтөний мэдлэгийг арвижуулж, салбарын хөгжлийг ахиулсан эрдэмтдэд олгодог уг ялагчдын шагналыг гурван сая доллар дагалддаг. Энэ жил нийт зургаан эрдэмтэн, түүн дотор Паркинсоны өвчнөөс сэргийлэх дэвшилтэт аргачлалыг илрүүлсэн Р.Юүл, стохастик шинжилгээний онолд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан М.Хайрер, хар матери, хар энергийн тухай онолын суурь судалгаа-хэмжилтүүдийг гүйцэтгэсэн Вашингтоны Их Сургуулийн эрдэмтдийн баг тус тус хүртжээ. Мөн нийт есөн залуу эрдэмтэн карьерын эхэн үеийн амжилтыг нь урамшуулдаг "New Horizons" шагналын эзэд болжээ. Сонирхуулахад, Ж.Ма, Ю.Милнер, М.Зукерберг нарын үүсгэсэн уг шагнал 2012 оноос 250 гаруй сая долларыг 3000 орчим эрдэмтдэд олгоод байна.

Дэлгэрэнгүйг: Breakthrough Prize


Тамирчид: Талбайн теннисийн энэ оны хамгийн сүүлий их дуулгын тэмцээн болох US Open-ий аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн төрөлд Японы теннисчин Наоми Осака хоёр дахь удаагаа түрүүлэв. 22 настай Осака тэмцээний турш "Black Lives Matter" хөдөлгөөнийг дэмжиж, тоглолт бүрийн өмнө "хохирогчдын" нэрийг бичсэн маск зүүж байсан нь анхааралд өртөв. Эрэгтэйчүүдийн төрөл харин шинэ аваргатай болов. Цагийг эзэлсэн "домогт" тамирчид болох Р.Федерер, Р.Надаль нар өнжиж, Н.Жокович тун чиг азгүй байдлаар тэмцээнийг орхисноор 2003 оноос хойш анх удаа их дуулгын шөвгийн наймд эдгээрийн хэн нь ч шалгараагүй юм. Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лиг NFL-ийн шинэ улирал өнгөрсөн долоо хоногт эхэлснээр спортын түүхэнд анх удаа NBA, NHL, MLB, NFL, WNBA, MLS гэсэн топ лигүүдийн тоглолт нэг өдөр давхцав. Мөн Европын хөлбөмбөгийн топ лигүүд болох Английн Премьер лиг, Францын Лиг 1, Испанийн Ла лига 2020-21 оны улирлын тоглолтуудаа эхлүүлээд байна.

4 мэдүүштэй баримт

Коллежийн сүлжээ: Фэйсбүүк оюутнуудад зориулсан Campus нэмэлтээ танилцууллаа. Их сургуулийн имэйлээ ашиглан бүртгүүлж, оюутны хотхоныхоо хүрээнд мэдээлэл аван, групп үүсгэх боломжтой уг нэмэлтэд одоогоор АНУ-ын 30 их сургууль хамрагдаад байгаа аж.

Бүтэлгүй туршилт: Оксфордын их сургууль болон "AstraZeneca"-ийн хамтран гарган авсан коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн туршилт зогслоо. Нийт 17 мянган хүн хамрагдах учиртай туршилтын үед нэгэн өвчтөнд ноцтой гаж нөлөө илэрсэн нь үүний шалтгаан. Хамгийн томд тооцогдох уг туршилт АНУ, Их Британи, Бразил, ӨАБНУ-д явагдаж байсан юм.

Аюулын дохио: Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр 1970-2016 онд дэлхийн ан амьтдын тоо толгой 68 хувиар буурсан байна. Хүнээс хамаарсан хүчин зүйлс, цаг уурын өөрчлөлт зэрэг нь үүний шалтгаан болсон бөгөөд ердөө 40 жилийн дотор дэлхийд сая жилд тохиолдоогүй гачигдал үүссэнийг онцолжээ. Ирэх зуунд нэг сая зүйлийн амьтан, шавж устаж мөхөх аюулд орсныг ч тайлан сануулсан байна.

Сар олборлогч: NASA сарны гадаргууд олборлолт хийж, эх дэлхийд тээвэрлэх компани шалгаруулах төсөл зарлалаа. 2024 онд саран дээр хүн аваачих зорилготой буй тэд 500 хүртэлх грамм шороог олборлож, өмчлөлийг шилжүүлснээр сансрын худалдааны загварыг анхлан турших зорилготой байгаа гэнэ.

5 сонин хачин

1. Цахилгаан автомашины технологи хөгжүүлэгч "Nikola" салбарын гигантуудын нэг GM-тэй стратегийн түншлэл үүсгэсэн нь хөрөнгийн зах зээлийг доргиов. GM тус компанийн брэнд пикап болох "Badger"-ийг 2022 онд худалдаанд гаргахад шаардагдах үйлдвэрлэл, инженерчлэлийн ажлыг гүйцэтгэх болж, хариуд нь "Nikola"-ийн 11 хувийг эзэмших болов. Энэ мэдээний дараагаар "Nikola"-ийн үнэлгээ 53 хувиар, GM-ийнх 9 хувиар нэмэгджээ. Харин гол өрсөлдөгч "Tesla"-ийн хувьцааны үнэ 21 хувиар буюу 80 тэрбум доллараар багассан нь түүхэн доод үзүүлэлт юм.

2. "Microsoft" ирэх арваннэгдүгээр сард хамгийн хямд буюу 299 долларын үнэтэй шинэ төрлийн Xbox консолийг гаргах гэж байгаагаа зарлалаа. Xbox S нь өмнө ил болоод байсан Xbox X-ээс 60 хувиар жижиг хэмжээтэй ч 512GB-ийн SSD, 4K нягтаршил бүхий өндөр үзүүлэлттэйгээр гарах гэнэ. Тэд энэ оны сүүлээр танилцуулагдах, гол өрсөлдөгч "Sony"-ийн PS5-ийг үнийн хувьд "цохиж" чадлаа хэмээн шинжээчид үзэж байна.

3. Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн үүсгэн байгуулсан цахим спортын стартап "Guild Eports" Лондоны хөрөнгийн бирж дээр IPO хийх болсноо мэдэгдлээ. Тэд нийт 25.9 сая долларыг босгож, эгнээндээ шинэ тоглогчид нэгтгэх зорилготой байгаа гэнэ. Guild Esports нь Fortnite, CS:Go, FIFA, Rocket League-д франчайз багууд үүсгэж байгаа ажээ.

4. AMC хамгийн алдартай ТВ цувралуудын нэг "The Walking Dead"-ийг 11-р бүлгээр төгсгөхөөр болсноо мэдэгдлээ. Хоёр жилийн турш цацагдаж, 2022 оны эхээр дуусах шинэ бүлэг 24 ангитай байх нь. Гэхдээ энэ нь "TWD"-ийн зомбигийн ертөнц тэр чигтээ эцэс болно гэсэн үг биш. Гол дүр Рикийн түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино хийгдэж буйгаас гадна фэнүүдийн хайртай баатрууд болох Дарил, Кэрол нарын тухай шинэ цуврал ч хийгдэх болжээ.

5. Инстаграм зурагны дор тайлбарт линк холбох тохиолдолд төлбөр төлдөг системийг хөгжүүлж байгаа гэнэ. Тэд 2016 онд анх энэ технологиороо патент авах хүсэлтээ гаргасан нь сонирхолтой. Инстаграм хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг уг нэмэлт нь фэйсбүүкийн орлогыг өсгөх том боломж гэдгийг шинжээчид онцолж байна.

10 унших мэдээ

Бахархах: Африкийг өөрчилж буй 1 долларын технологи /CNN/

Гэрчлэх: Түймэрт автсан Сан Франциског дроноор дурандах нь /The Verge/

Сонирхох: Хойд мөсөн туйлд үүссэн хүйсийн тэгш бус байдал /E&E/

Гайхах: Мулан Диснейн толгойны өвчин болох цагаар /Bloomberg/

Танилцах: Марсело Бьелса /BBC/

Мэдэх: LVMH Tiffany-г авахгүй /WSJ/

Ажиглах: Хятад Трампын шүүх хурал эхэллээ /SCMP/

Сонсох: Бетховений 5-р симфонийг тайлбарлах нь /Vox/

Ойлгох: Леброн байх ямар байдаг вэ? /BR/

Тооцох: BTS-ийнхэн саятан болно /CNBC/