1 гол сэдэв
Юу болов?
Украйны ерөнхийлөгч В.Зеленски Starlink-ийн хиймэл дагуулын үйлчилгээнд тогтоосон хязгаарлалт агаарын довтолгооноос хамгаалах болон цохилт өгөх ажиллагаанд хүндрэл учруулж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Financial Times, Piers Morgan Show-д оролцож, дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Энэ үеэрээ В.Зеленски АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад “мэхлүүлсэн” мэт сэтгэгдэл төрж байна гэж хэлсэн нь анхаарал татав.
Яагаад?
Д.Трампын хувьд Украйныг ОХУ-ын газрын тосны агуулахууд руу халдаж байгааг буруутгаж, Украйны ард түмнийг шинэ ерөнхийлөгчөө сонгох цаг болсон хэмээн мэдэгдсэн билээ. Мөн АНУ, ОХУ-тай дизель түлш худалдан авах тохиролцоонд хүрсэн нь олон нийтийг талцахад хүргээд байгаа. В.Зеленскигийн хувьд үүнд ихэд эгдүүцэж, эрчим хүчний байгууламжууд руу довтлохгүй байх тохиролцооноос гарч байгаагаа зарлажээ.
Одоо яах вэ?
Starlink-тэй холбоотой асуудалд, тус компанийн үүсгэн байгуулагч И.Маск хариу өгч, SpaceX бус АНУ-ын засгийн газрын эрх мэдлийн хүрээний асуудал хэмээн өөрөөсөө холдуулав. Вашингтон, Киевийн харилцаа ихэд хөрч, хоорондоо тагнуулын мэдээлэл солилцохоо түр хугацаанд зогсоосон тухай ч эх сурвалжууд мэдээлж байна.
2 чухал тоо
6 - Netflix хамгийн том цомхотголоо хийлээ. Тэд нийт ажиллах хүчнийхээ 6% буюу 1000 гаруй ажилтныг чөлөөлж байгаа гэнэ. Эдгээр ажилчдын дийлэнх нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хуулийн хэлтэст харьяалагдаж байжээ. Netflix-ийн хувьд өсөлтөө хадгалахын тулд спортын шууд дамжуулалт, видео тоглоомын зах зээлд нэвтрээд буй. Тэд хэрэглэгчдийн чөлөөт цагийг татах тал дээр TikTok, Youtube-ийг гол өрсөлдөгчөө хэмээн үздэг юм.
16.800.000.000 - Энэ онд багтаан түүхэн дэх хамгийн том IPO-г хийх төлөвтэй буй Antrophic 3-р улирлын тайлангаа ил болголоо. Тэд тайлант хугацаанд 16.8 тэрбум долларын ашигтай ажилласан нь өмнөх улиралтай харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар тэдний оны борлуулалтын орлого 110 тэрбум байх төлөвтэй байгаа юм. Хөгжүүлэгчдийн дунд хамгийн өргөн хэрэглэгдэж буй Claude-г бүтээгчид 1 их наядын үнэлгээтэйгээр нээлттэй компани болохоор зэхэж байгаа билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Tesla “нисдэг” машин танилцууллаа
- Цуут энтрепренер Илон Маскийн ээлжит сюрприз бол нисдэг машин! Тэрээр Tesla-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр “Roadster” нэртэй спорт загварын машинаа ил болголоо. Уг машин нээлтийн үеэр өндөр, налуу замаар алдалгүй давхиж, улмаар агаарт бүтэн эргэлдээд аюулгүй газарджээ. “Нүдээр үзэхээс нааш итгэхэд бэрх зүйл болно” хэмээн И.Маск эвентийн өмнө мэдэгдээд байсан. Үнэхээр л автомашины зах зээлд тэсрэлт хийх цоо шинэ технологийг тэд нэвтрүүлжээ.
- Уг технологийг И.Маскийн өөр нэг компани SpaceX хөгжүүлсэн гэнэ. Одоо шинэ машин агаарт эргэлдэж, урдах саадаа нисэж давах боломжтой болжээ.
- 100 км-ын хурдыг ердөө 1 секундэд авах бYоломжтой, нэг цэнэглэлтээр 500 км зайг туулах цахилгаан хөдөлгүүртэй, 370 км/цагийн дээд хурд авах чадалтай уг автомашин 2028 оноос үйлдвэрлэгдэж эхэлнэ. “Roadster”-ийн үнэ тодорхой болоогүй байгаа ч энгийн загварыг захиалахад 50 мянган долларын урьдчилгаа байрлуулах шаардлагатай ажээ.
II. Amazon зүүдэг төхөөрөмж танилцууллаа
- Amazon 2025 оны зун ухаалаг бугуйвч үйлдвэрлэгч Bee-г худалдаж авч, AI төхөөрөмжийн багцаа зузаатгасан удаатай. Үргэлж асаалттай, байнга сонсдог горимд ажилладаг онцлогтой Bee-ийн шинэ хувилбар 75 долларын үнэтэй, 7 хоног цэнэгээ барих чадвартай гэнэ.
- Үүнээс гадна тэд кредит картын хэмжээтэй, утсан дээрээ наах зориулалттай Bee Eclipse нэртэй төхөөрөмжөө зарлалаа. Эдгээр төхөөрөмжүүд нь чанга дуу чимээтэй орчинд хэрэгцээтэй мэдээллийг ялгаж, тэмдэглэл хөтлөн, харилцан ярианд анализ хийх боломж олгоно гэнэ.
- Amazon ухаалаг төхөөрөмжийн стратегиа шинэчилж, шинэ таблет төхөөрөмжүүдээ Alexa нэрийн дор гаргаад буй. Тэд ирэх баярын улирлаар гол борлуулалтаа хийх зорилттой байгаа юм.
III. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
- АНУ-ын эдийн засагч Роберт Холл болон Майкл Вудфорд нар 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Тэд макро эдийн засгийн бодлогод микро эдийн засгийн орчин хэрхэн нөлөөлдөг талаар судалсан ажлаараа үнэлэгдсэн нь энэ.
Өөрөөр хэлбэл, хувь хүмүүс болон пүүсүүдийн шийдвэр, үйл хөдлөл эдийн засагт бүхлээр нь нөлөөлөх боломжтой гэдгийг харуулжээ. Энэ бол өнөөгийн геополитикийн эрсдэлтэй, дайн дажинтай байгаа орчинд хамгийн ихээр хөндөгдөж буй итгэлцэл, хүлээлтийн талаарх суурь ойлголт юм.
- Хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд худалдан авалт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа ирээдүйн талаарх төсөөлөлдөө үндэслэдэг тул засгийн газраас цаашдын төлөвлөгөөгөө ил тод мэдээлж, хүлээлтийг удирдах нь үр дүнтэй гэдгийг тэд батлан харуулсан гэнэ.
4 мэдүүштэй зүйл
Өргөн хүрээ: Францад өнгөрсөн сард эхэлсэн ахлах ангийн сурагчдын жагсаал улам өргөжсөөр байна. Багш нарын тоог нэмэгдүүлж, сурах орчныг сайжруулах шаардлага тавьж буй жагсаалд хамгийн сүүлд гэхэд 40 гаруй хотын 200 мянган сурагч нэгджээ. Улмаар жагсаалын шаардлага хил давж, Европын хэд хэдэн улсад өрнөж эхэлсэн байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд Грек, Бельги, Албанид сурагчид төв талбайдаа жагсчээ. Албанийн нийслэл Тиранад явагдсан жагсаал эмх замбараагүй байдалд хүргэж, бүр Боловсролын яамны барилгыг галдан шатаасан байна. Тэдэнтэй их сургуулийн оюутнууд нэгдэж, сургалтын төлбөрийг бууруулахыг шаардаж байгаа гэнэ.
Гэнэтийн онош: Ромын Пап XIV Лео уушгины хорт хавдартай гэдэг нь батлагдаж, яаралтай мэс засалд оржээ. Мэс засал 3 цаг орчим үргэлжилсэн бөгөөд дурангийн аргаар баруун уушгины доод хэсгийг авсан гэнэ. Өдгөө 71 настай Пап хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад байж, албан үүргээсээ чөлөө авна гэнэ.
Сонгуулийн балаг: Энэтхэгийн сонгуулийн хорооноос сонгогчдын нэрсийн жагсаалтаас 130 сая гаруй хүнийг төрөл бүрийн шалтгаанаар хассан нь шударга бус үйлдэл боллоо хэмээн үзсэн олон нийтийн жагсаал явагдаж байна. Сар дамнан явагдаж буй жагсаалыг залуусын тэргүүлсэн “Жоом” хөдөлгөөн тэргүүлж, сөрөг хүчний намууд дэмжиж байгаа юм. Тэгвэл цагдаагийн газраас тус хөдөлгөөний удирдагчдыг ээлж дараалан баривчилсан нь байдлыг улам хурцатгав. Энэхүү үйл явдал нь сүүлийн 12 жил тус улсыг удирдаж буй Н.Модигийн карьерын хамгийн том сорилт болж байна.
Жигтэй халдлага: Франц даяар супер маркетын сүлжээ дэлгүүрүүдийг онилсон кибер халдлага явагдаж, зуу гаруй сая еврогийн хохирол учруулжээ. Хакерууд Carrefour, Monorpix, Cooperative U зэрэг брэндийн 180 гаруй дэлгүүрийн хөргөгч, хөргүүрийн сүлжээнд халдаж, 50 градус болтол нь халаасан гэнэ. Үүний улмаас дотор нь байсан бүтээгдэхүүн муудаж, зарим дэлгүүрт гал оволзсон гэнэ.
5 сонин хачин
1. Алдартай видео тоглоомын цувралаас сэдэвлэсэн “Street Fighter”-ийн шинэ кино нээлтийн долоо хоногтоо 31 сая долларын орлого олжээ. 40 жилийн түүхт “Street Fighter”-ийн тоглоом 60 гаруй сая хувь зарагдсанаараа бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай тоглоомын нэгт тооцогддог. 1994 онд анх гарсан кинонд домогт Жан-Клод Ван Дам тоглож, 100 гаруй сая долларын орлого олж байв. Энэ долоо хоногт A24-ийн шинэ баримтат кино “You Can See Everything” нээлтээ хийсэн. Дусал цуснаас нарийн шинжилгээ авах боломжтой хэмээн хөрөнгө оруулагчдаа мэхэлж, өдгөө шоронд ялаа эдэлж буй Э.Холмесийн тухай өгүүлэх уг кино Оскарт хүчтэй өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа юм. Уг кино 12 сая долларын орлого цуглуулав.
2. Apple ухаалаг гэрийн төхөөрөмж зарлалаа. HomeView нэртэй энэхүү төхөөрөмж Amazon-ийн Echo Show, Google-ийн Nest Hub-тай шууд өрсөлдөх болж байна. Siri AI-аар тоноглогдсон уг төхөөрөмж нь 7 инчийн дэлгэцтэй, дуу хоолой болон нүүр царай таньж ажилладаг, ухаалаг гэрийн түгжээ, гэрэл, хамгаалалтын удирдлага болон ажиллах чадвартай. Зарим шинжээчид уг төхөөрөмжийг аварга том Apple Watch-тай зүйрлэсэн байна. HomeView 299 долларын үнэтэй зарагдана.
3. Дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны брэндүүдийн нэг KFC Америкийн зах зээлд Coca Cola-тай гэрээлжээ. Тэд 1986 оноос хойш Pepsi-г санал болгодог байсан юм. Тухайн үед Pepsi KFC-г худалдан авч, рестораны зах зээлд нэвтэрч байсан түүхтэй. Хэдийгээр Pepsi удалгүй KFC, Pizza Hut зэрэг брэндүүдээ салгаж, зарсан ч хамтын ажиллагаа нь хэвээр үлдээд байсан юм. Энэ бол Coca Cola-ийн хувьд том мэдээ. Тэд дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ болох McDonalds-тай урт хугацааны гэрээтэй ажилладаг билээ. Үүнээс өмнө 2024 онд Pepsi Subway-тэй гэрээ байгуулж, Coca Cola-д томоохон цохилт өгч байсан билээ.
4. AOL, WeTransfer, Evernote зэрэг хөгжүүлэгчдийн дунд алдартай хэрэгслүүдийг ээлж дараалан худалдаж авсаар байгаа Bending Spoons-ийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 41%-аар нэмэгдлээ. Үүний шалтгаан бол домогт хөрөнгө оруулагч В.Баффетийн гэдгээрээ алдартай Berkshire Hathaway тус компанид хувь эзэмших болсон нь байв. Тэд 330 сая доллартай тэнцэх буюу нийт компанийн 4%-ийг худалдан авчээ.

5. Дэлхийн хамгийн их үзэгчтэй авто уралдаан Формула-1 40 жилийн дараа Африкт зохиогдох боллоо. Зохион байгуулагчид 2032-33 оны улирлын хуваарьт Руандагийн гран приг оруулах тохиролцоог хийсэн байна. Руандагийн Бугесарад шинээр баригдах уралдаан замын бүтээн байгуулалт хэдийнээ эхэлсэн бөгөөд 2030-аад оны эхэн үед ашиглалтанд орох төлөвтэй байна. Хамгийн сүүлд Ф1-ийн уралдаан Африкт 1993 онд л явагдаж байсан удаатай. Тухайн үед ӨАБНУ-ын гараанд алдарт А.Прост, А.Сенна нар тэргүүн байр эзэлж байв.
Сэтгэгдэл бичих

