1 гол сэдэв

Юу болов?

Amazon-ийн намрын эвентийн гол дүр нь AI-аар илүү хүчирхэгжсэн Alexa+ байлаа. Тэдний зарласан бүх төхөөрөмжүүд Alexa+-ийн тусламжтайгаар илүү ухаалаг болсныг Amazon тодотгож байв. Энэ жилийн тухайд тэд Echo Show нэртэй ухаалаг дэлгэцийн 8, 11 инчийн шинэ хувилбарыг танилцууллаа. Уг дэлгэцүүд одоо 13 мегапикселийн камертай болж, орчны хөдөлгөөнийг мэдрэх чадвартай болжээ.


Өөр?

Үүнээс гадна 100 долларын үнэтэй зарагддаг Echo Dot Max ухаалаг спикер дизайны томоохон өөрчлөлтийг хийсэн байна. Арай премиум зэрэглэлийн Echo Dot Max нь ч дизайнаа шинэчилж, Dolby Atmos түвшний дууны чанартай болжээ. Тэрчлэн дэлхий даяарх уншигчдын хамгийн хайртай төхөөрөмжүүдийн нэг Kindle гурван Scribe загвараа танилцууллаа. 429 долларын эхлэх үнэтэй шинэ загварууд нь өнгөт дэлгэцтэй, 2 долоо хоногийн батарейтай, текстийг тоймлох чадвартай AI туслахтай байх гэнэ.


Тэгээд?

Үүнээс гадна Ring, Blink-ийн илүү чанартай бичлэг хийх ухаалаг хонх, камерын систем олон хэрэглэгчдийн сонирхлыг татах нь гарцаагүй. Мөн 479 доллараас эхлэх 50-75 инчийн Amazon Fire TV зурагтууд нь бүгд Alexa+-аар тоноглогджээ.

2 чухал тоо

125.750: Дэлхийн тэргүүлэх криптовалют биткойны ханш ням гарагт 125.750 долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтаа тогтоолоо. Энэ бол зөвхөн аравдугаар сар гарснаас хойш биткойны ханш 9%-аар нэмэгдсэн гэсэн үг. Он гарснаас хойш АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп криптод ээлтэй бодлого хэрэгжүүлж байгаа нь биткойны ханшид эергээр нөлөөлж буй. АНУ-ын засгийн газар төсвийн төслөө баталж чадаагүйн улмаас тэг зогсолт хийж буй нь хөрөнгийн захад олон талын эрсдэл үүсгэж буй. Гэхдээ энэ нь эсрэгээрээ биткойн тэргүүтэй крипто зах зээлд эерэг нөлөө үзүүлж байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

500.000.000.000: Хиймэл оюуны давлагааг тэргүүлж буй OpenAI-ийн үнэлгээ 500 тэрбум долларт хүрлээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт хоёроос дээш жил ажиллаж буй ажилчдадаа эзэмшиж буй хувьцаагаа зарах эрхийг нээсэн нь ийн үнэлгээг өсгөжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус компанийн ажилчид 6.6 тэрбум долларын үнэлгээ бүхий хувьцааг хаалттай хүрээнд арилжаалжээ. Тэднээс өмнө И.Маскийн үүсгэн байгуулсан сансрын технологи хөгжүүлэгч SpaceX 400 орчим тэрбумын үнэлгээтэйгээр хамгийн үнэ цэнтэй хувийн компанид тооцогдож байсан юм.

3 онцлох өгүүлбэр

I. Япон анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болно

- Эрх баригч Либерал ардчилсан намын даргын сунгаанд 64 настай Такаичи Санаэ тэргүүлж, тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болох болзлоо хангалаа. Тэрээр ирэх өдрүүдэд явагдах парламентын санал хураалтаар албан тушаалаа жинлэх төлөвтэй байна. Эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн соёл, нийгмийн сэтгэлзүйтэй Японд эмэгтэй улс төрч ийн төрийн тэргүүн болсон нь үнэхээр онцлохуйц үйл явдал мөн.

- Ерөнхий сайд агсан Шинзо Абегийн багийн гишүүн гэгддэг тэрээр өмнө нь Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан. Аюулгүй байдлын асуудлыг чухалчилж, дүрвэгсэд болон ижил хүйстнүүдэд халтай байр суурьтай тэрээр үндсэрхэг үзлийг баримталдаг. Их Британийн алдарт ерөнхий сайд М.Тэтчерийн шүтэн бишрэгч гэдгээ нуудаггүй түүнийг “Төмөр хатагтай” гэж нэрлэдэг нь санаандгүй хэрэг биш.

- Түүнтэй Японы экс ерөнхий сайд Ж.Койзүмигийн хүү Шинжиро гол өрсөлдөөнийг үзүүлэв. Одоогийн намын дарга Шигэрү Ишиба жил хүрэхгүй хугацааны өмнө албан тушаалаа авсан ч парламентын хоёр танхимын сонгуульд олонхын байр сууриа алдсаны улмаас огцроно гэдгээ мэдэгдсэн билээ.


II. Т.Свифтийн шинэ цомог дэлхийг байлдан дагуулж байна

- Өнөө цагийн энтертэйнмент ертөнцийн нүүр царай болсон Т.Свифтийн 12 дахь бие даасан цомог “The Life of a Showgirl” нэртэйгээр гарлаа. Уг цомог гарсан эхний өдрөө 2.7 сая хувь зарагдсан нь бүх цаг үеийн дээд амжилт болсон. Үүнээс гадна долоо хоногийн рекорд болсон Adele-ийн 3.4 сая ширхэг борлуулалтыг эвдэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

- Онлайн орчинд ч түүний амжилт үргэлжилсээр. Уг цомог гарсан даруйдаа Spotify, Apple Music-ийн түүхэн дэх нэг өдөрт хамгийн их тоглуулагдсан цомог болжээ. Spotify дээр л гэхэд Playboy Carti-ийн өмнөх рекордыг тэр ердөө 11 цагт л эвдсэн нь энэ.

- Өргөн дэлгэцэнд ч Т.Свифт гялалзаж, Хойд Америкийн бокс оффисийг тэргүүлэв. Түүний гурван өдрийн турш тусгайлан хүргэж буй “The Official Release Party of a Show Girl” нэртэй 89 минутын урт баримтат кино нь 30 сая долларын орлого цуглуулсан байна. Уг бүтээлд цомог бүтсэн түүх, хаана ч цацагдаагүй байгаа шинэ видео зэрэг нь багтжээ.


III. Газад энх тайван тогтох сэжим гарлаа.

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвас дахь дайныг зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллах төлөвлөгөөг танилцуулжээ. Уг төлөвлөгөөг Израйлын тал бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэнээс гадна ХАМАС бүлэглэл ч зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.

- 20 заалт бүхий уг төлөвлөгөөнд Палестин улсыг бие даан байгуулах тухай заалт багтаагүй ч боломжийг нээлттэй орхисон нь анхаарал татав. Гэсэн ч уг төлөвлөгөөг Египт, Йордан, Катар, Саудын Араб зэрэг бүс нутгийн засгийн газрууд хамтарсан мэдэгдлээр дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Уг төлөвлөгөө ёсоор 72 цагийн дотор бүх барьцааны хүмүүсийг чөлөөлөх үүргийг 2 тал хүлээнэ. Тэрчлэн бүрэн гал зогсоох тохиролцоонд хүрч, дайныг бүр мөсөн зогсоох учиртай.

- Мөн Д.Трамп өөрийн биеэр ахлах Удирдах түр хороо байгуулж, сэргээн босголт, дэд бүтэц, хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлэх гэнэ. Үүний дараагаар эрх мэдлийг Палестины засаг захиргаанд аажмаар шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж.

4 мэдүүштэй зүйл

Шинэ робот: Америкийн хоол хүргэлтийн зах зээлийн лидерүүдийн нэг DoorDash шинэ роботоо танилцууллаа. Dot нэртэй уг робот бол тус компанийн бие даан хөгжүүлсэн анхны робот. 6 хайрцаг пицца эсвэл 10 кг хүртэлх ачааг тээвэрлэх боломжтой уг робот 30 км/цаг хүртэл хурдлах чадалтай гэнэ.

Аварга компани: Nvidia 4.5 их наядын үнэлгээтэй болжээ. Ингэснээр тус компани ийм амжилтыг үзүүлсэн түүхэн дэх анхны компани боллоо. Зөвхөн энэ онд л гэхэд тус компанийн хувьцаа 39%-аар нэмэгджээ. Nvidia өнгөрсөн сард OpenAI, Intel зэрэг AI-ийн экосистемийн гол тоглогчдод хөрөнгө оруулахаа зарласан нь тэдний зах зэлэд эзлэх байр суурийг улам бататгах болсон юм.

Тэг зогсолт: Эрүүл мэндийн салбарын төсөв, түүнтэй холбогдох төслүүдийн санхүүжилттэй холбоотой үл ойлголцлын улмаас АНУ-ын засгийн газар тэг зогсолт хийлээ. Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намын аль нь ч буулт хийх шинжгүй байна. Хамгийн сүүлд 2018 онд засгийн газар үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байв. Тухайн үед 35 хоног тэг зогсолт хийсэн нь түүхэнд хамгийн уртад тооцогддог юм.

Давхар цохилт: Италийн шигшээ баг эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга болж, аварга цолоо хамгааллаа. Тэд Финалд Болгарын багийг 3:1-ээр хожжээ. Энэ бол тэдний түүхэн дэх тав дахь түрүү юм. Болгарын багийн хувьд 1970 оноос хойш анх удаа финалд шалгарч байгаа нь энэ юм. Тэд хамгийн сүүлд 2006 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэмцэний хүрэл медалийг дэлхийн хошой аварга Польшийн баг хүртжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн сард Италийн эмэгтэйчүүдийн шигшээ баг мөн дэлхийн аварга болоод байсан билээ.

5 сонин хачин

1. Microsoft хамгийн алдартай бүтээгдэхүүн болох Office-ийн шинэ айконы дизайныг танилцууллаа. Тэд хамгийн сүүлд 2018 онд Office-ийн дизайныг шинэчилж байсан. Тэгвэл шинэ загвар нь Microsoft-ийн AI туслах Copilot-ийн хийцийг шингээж, илүү өнгөлөг, илүү орчин үеийн болжээ. Тэрчлэн тэд энэ үеэрээ Copilot-ийн хэрэглэгчтэй харьцах дижитал нүүр царайнуудын сонголтыг ил болгосон байна.

2. Дэлхийг байлдан дагуулж буй Хятадын хямд өртөгтэй хувцасны сүлжээ Shein Францад анхны дэлгүүрээ нээх болсон байна. Тэд өмнө нь зөвхөн дижитал орчинд үйл ажиллагаа явуулж байв. Энэ шийдвэр нь Францын эрх баригчид Shein, Temu зэрэг онлайн борлуулагчдад их хэмжээний татвар ногдуулж, зарим зар сурталчилгаа явуулах эрхийг нь хязгаарласантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

3. OpenAI TikTok-ийн өрсөлдөгч апп бүтээжээ. Sora нэртэй уг апп нь TikTok-той ижил алгоритмыг ашиглах сошиал апп юм. Хэрэглэгчид OpenAI-ийн видео бүтээгч модель Sora 2-ыг ашиглан богино хэмжээний видео бүтээж, найзууддаа хуваалцах боломжтой гэнэ. Тэд хэрэглэгчдийг өөрсдийн бодит дүрсийг AI-аар бүтээсэн орчин, хэрэглэлүүдтэй хослуулан илүү бүтээлч видео бүтээхийг уриалж байгаа нь энэ ажээ. Sora-ийн хувьд эхний ээлжинд АНУ, Канадын зах зээлд нээлттэй байх юм. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Meta Vibe нэртэй ижил апп-ыг танилцуулаад байсан билээ.

4. 700 сая хэрэглэгчтэй дэлхий хамгийн том хөгжмийн стриминг платформыг хамтран үүсгэн байгуулагч Даниел Эк ирэх оны 1-р сард ажлаа хүлээлгэн өгнө гэнэ. Шведээс гаралтай Spotify 2011 онд анх байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа ашигтай ажилласнаа зарласан билээ. Хамгийн сонирхолтой нь түүний орыг хоёр хүн залгах болсон байна. Сүүлийн үед цахиурын хөндийд хоёр захиралтай байх тренд болж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэднээс өмнө Oracle, Netflix, Comcast зэрэг топ компаниуд хоёр захиралтай бүтцийг хэрэгжүүлж байгаа билээ.

5. Пуэрто Рикогоос гаралтай под од Bad Bunny ирэх оны 2-р сард явагдах NFL-ийн улирлын финал буюу Супер Боулын завсарлагааны шоунд тоглох болжээ. Тэрээр Супер боулын тайзнаа гарах анхны эрэгтэй латин гаралтай уран бүтээлч болжээ. Түүний хувьд 2020 онд Женнифер Лопезийн үзүүлбэрт уран бүтээлээ хүргэж байсан түүхтэй. Сонирхуулахад, энэ оны Супер Боулын үеэр уран бүтээлээ хүргэсэн Кендрик Ламарын тоглолтыг 2 сая гаруй хүн шууд үзсэн нь дээд амжилт болсон билээ.