1 гол сэдэв
Юу болов?
98 дахь удаагийн Оскарын наадамд нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо. Кино урлагийн хамгийн нэр хүндтэй, хамгийн алдартай наадмын ялагчид 3-р сарын 15-нд тодрох билээ. Нэр дэвшигчдийг “Sinners” өнгөлж, нийт 16 төрөлд өрсөлдөх болсноор Оскарын дээд амжилтыг эвдлээ. Үүнээс өмнө All About Eve (1950), Titanic (1997), La La Land (2016) кинонууд 14 төрөлд нэр дэвшсэнээрээ рекорд эзэмшиж байв. Гэхдээ “One Battle After Another” тэдэнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болно. П.Андерсоны найруулж, Л.Ди Каприогийн гол дүрийг нь бүтээсэн уг кино 13 төрөлд нэр дэвшжээ.
Өөр онцлох бүтээлүүд юу байна?
Гадаад киноны төрөлд тэргүүлэх магадлалтайд тооцогдож буй “Sentimental Value” нийт 9 төрөлд өрсөлдөх боллоо. Норвегичуудын бүтээсэн уг киноны од С.Скарсгард шилдэг туслах эрэгтэй дүрд нэр дэвшсэн анхны гадаад киноны жүжигчин болжээ. Харин олон нийтийн дунд нэр хүндтэй байсан БНСУ-ын “No Other Choice” нэг ч төрөлд нэр дэвшиж чадаагүй нь анхаарал татаж байна.
Өөр?
Өөр хэд хэдэн амжилтыг онцлох хэрэгтэй. Өнөө цагийн Холливүүдийн од Т.Шаламе 30 настайдаа Оскарт гурав дахиа нэр дэвшсэнээр домогт М.Брандогийн амжилтыг эвдэв. Түүний тоглосон “Marty Supreme” мөн 9 төрөлд өрсөлдөнө. Харин 37 настай Эмма Стоун хамгийн залуудаа 7 нэр дэвшилт цуглуулсан жүжигчин боллоо. Түүний өмнөх амжилтыг Волт Дисней тогтоож байжээ. Netflix-ийн өнгөрсөн зуны хит “Kpop Demon Hunters” шилдэг анимэйшний төрөлд нэр дэвшлээ. Гэхдээ уг ангилалд түүхэн дэх хамгийн өндөр орлоготой анимэйшн болоод байгаа “Zootopia 2” тэргүүлэх магадлалтай байгаа юм. Netflix-ээс Г.Дел Торогийн “Frankenstein” шилдэг зохиол, шилдэг хөгжим, шилдэг зураглал зэрэг 9 төрөлд өрсөлдөх болсноороо толгой цохижээ.
2 чухал тоо
46: Instagram-ийн хэрэглээний бараг тал буюу 46% нь Reels үзэхэд зарцуулагдаж байгааг Sensor Tower-ийн судалгаа харуулжээ. Энэ тоо 2024 онд 37% байсан юм. Харин зар сурталчилгааны орлогын бараг 60%-ийг Reels дангаараа бүрдүүлсэн байна. Энэ бол Reels дангаараа 40 орчим тэрбум долларын борлуулалт хийсэн гэсэн үг билээ.
320.000.000: Meta-ийн хөгжүүлж байгаа текст суурьтай сошиал платформ Threads 320 сая хэрэглэгчтэй болоод байгаа. Тэгвэл тэд энэ долоо хоногоос эхлэн хэрэглэгчдэдээ зар сурталчилгаа харуулж эхлэх болсноо зарлалаа. Тус платформыг хэрэглэгчдийг талаас их нь зөвхөн гар утсаар ордог, мөн өдөр бүр апп-аа ашигладаг онцлогтой гэнэ.
3 онцлох өгүүлбэр
I. Sony телевизийн бизнесээ заржээ
- Японы технологийн гигант Sony уламжлалт телевизийн бизнесээсээ гарч байгаагаа зарлалаа. Өөрөөр хэлбэл, тэд Хятадын TCL-тэй хамтарсан компани байгуулж, телевиз үйлдвэрлэхээ зогсоож байгаа гэнэ.
- Шинэ компанийн 51%-ийг TCL эзэмших бөгөөд бүх бизнесийн шийдвэрийг гаргаж, телевизийн дэлгэц, эд анги, нийлүүлэлтийг хариуцна. Харин 49%-ийг эзэмших Sony-ийн хувьд аудио, дүрслэлийн технологид анхаарлаа хандуулна гэв. TCL-ийн хувьд гол бүтээгдэхүүн болсон Bravia брэндээ бие даасан хэлбэртэйгээр үргэлжлүүлэн үйлдвэрлэсэн хэвээр байх аж.
- Өнгөт телевизийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд Sony-ийн технологийн дэвшил онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэдний хамгийн анх гаргасан өнгөт телевиз Trinitron брэнд 100 сая ширхэг зарагдаж, айл өрхүүдэд зурагт эзэмших соёлыг дэлгэрүүлсэн түүхтэй. Гэсэн ч сүүлийн үед Samsung, LG, Hisense зэрэг илүү хямд үнэтэй брэндүүд зах зээлд гарч ирсэнээр тэдний бизнесийн орлого тасралтгүй буурсаар байсан билээ.
II. 101 давхар луу хамгаалалтгүй авирчээ
- Дэлхийн хамгийн алдартай авирагчдын нэг Алекс Хоннолд Тайванийн хамгийн алдартай барилга Taipei 101-ийг ердөө 1 цаг 31 минутын дотор эзэлжээ. Уг авиралтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулсан нь олны анхаарлыг татав.
- Ингэснээр тэрээр ямар ч хамгаалалтгүйгээр хамгийн өндөрт авирсан дэлхийн дээд амжилтыг тогтоож байгаа нь энэ юм. А.Хоннолдын хувьд өмнө нь хүнд хэцүү байршлууд, хад чулуунд авирч байснаараа алдартай. Netflix-ийн хувьд түүнд 1 сая орчим долларыг төлсөн хэмээгдэж буй.
- Ташрамд дурдахад, Netflix-ийн орлого 4-р улиралд 18%-аар өсөж 12 тэрбум долларт хүрчээ. Тус апп-ын хэрэглэгчдийн тоо ч мөн адил түүхэн үзүүлэлтдээ хүрч, одоогоор 325 сая болоод байгаа юм.
III. Сенегал Африкийн аварга боллоо
- Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээний аваргаар Сенегал тодорлоо. Тус улс түүхэндээ 2 дахь удаагаа уг тэмцээнд аваргалж байгаа нь энэ юм. Тэд шигшээд тэмцээнийг зохион байгуулагч Мороккогийн багийг 1:0-ээр буулгаж авсан.
- Гэхдээ тоглолтын төгсгөл урд өмнө харагдаж байгаагүй дуулиантай өрнөсөн билээ. Финалын тоглолтын цаг дуусаж байх үед шүүгч талбайн эздэд торгуулийн цохилт цохих эрх олгосон нь эргэлзээтэй шийдвэр байв. Улмаар Сенегалын дасгалжуулагч, тоглогчид уг шийдвэрийг эсэргүүцэж, талбайг орхисон нь асуудлыг бүр ч даамжруулж орхив. Тоглолт бараг 20 орчим минут завсарлан эргэн эхэлж, Реал Мадридын од, тэмцээний мэргэн бууч Б.Диаз пенальти гүйцэтгэсэн ч алдсанаар ялагч нэмэлт цагт тодорсон нь энэ юм.
- Хүрэл медалийг Нигерийн баг хүртсэн. Тэд Египтийг торгуулийн цохилтоор буулган авчээ. Уг тэмцээний шилдэг тоглогчоор Сенегалын багийн лидер С.Мане тодорсон бол шилдэг хаалгачаар Мороккогийн Я.Боно нэрлэгджээ.
4 мэдүүштэй зүйл
Хүүхэдгүй нийгэм: Хятад улсад 2025 онд 7.9 сая хүүхэд төржээ. Энэ бол статистик хөтөлж эхэлсэн 1949 оноос хойшхи хамгийн доод түвшин болов. Хятадын хүн амын тоо 1.4 тэрбумаар тоологдсон нь өмнөх жилтэй харьцуулахад 3.3 саяар буурсан үзүүлэлт ажээ. Тус улсын хувьд удтал баримталж ирсэн нэг хүүхдийн бодлогыг 2016 онд цуцалж, гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Мөн гурав хүртэлх насны хүүхэд бүрд жилд 500 долларын тэтгэмж олгож, зарим мужууд тусгайлсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Гэсэн ч хөгшрөлт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Уран нүүдэл: Болгарын ерөнхийлөгч Р.Радев үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Энэ оноос эхлэн евро бүсэд шилжээд буй тус улсад улс төрийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр буй. Сүүлийн 4 жилд 8 удаа сонгууль явуулсан тус улсын улс төрд Р.Радев хамгийн нэр хүндтэй нэгэн болоод байгаа. 9 жил ерөнхийлөгчөөр ажиллаад байгаа тэрээр цаашдаа өөрийн намыг байгуулж, парламентын сонгуульд өрсөлдөх төлөвтэй байгаа юм.
Итгэлтэй сонголт: Японы ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгуулийг 2-р сарын 8-нд зарлалаа. Тэрээр өнгөрсөн оны 10-р сард тун хүнд нөхцөлд шинэ эвсэл үүсгэсний эцэст ерөнхий сайдаар томилогдсон. Тиймээс цаашид гол асуудлууд дээр улс төрийн гацаа үүсгэхгүйн тулд өөрийн намын олонхийн суудлыг баталгаажуулах зорилгоор сонгууль зарлаж байгаа нь энэ. Т.Санаэгийн хувьд АНУ, БНСУ, Италийн төрийн тэргүүдийг хүлээн авч, үндэсний аюулгүй байдлын асуудлыг чухалчилж байгаагаараа олон нийтээс ихээхэн дэмжлэгтэй байгаа. Зарим судалгаагаар тэрээр 70 гаруй хувийн дэмжлэгтэй байгаа нь ойрд үзэгдээгүй өндөр үзүүлэлт гэжээ.
Мөнгөний лиг: Deloitte-оос жил бүр гаргадаг хөлбөмбөгийн хамгийн өндөр орлоготой багуудын жагсаалт гарлаа. Уг жагсаалтыг Испанийн Реал Мадрид клуб 3 дахь жилдээ дараалан тэргүүлэв. Тэд нийт 14 дэх удаагаа №1 болж байгаа нь энэ. “Football Money League”-ийн 29 жилийн түүхэнд анх удаа нэг ч англи баг топ 3-т багтаагүй нь ч 5-10-р байрыг дан англичууд бүрдүүлжээ. Барселона, Байерн Мюнхен клубүүд хоёр, гуравдугаар байрт бичигдэв.
5 сонин хачин
1. “Zootopia 2” хамгийн амжилттай анимэйшн боллоо. Disney-ийн бүтээсэн уг анимэйшнийн орлого 1.7 тэрбумд хүрч, өмнөх амжилтыг эзэмшигч “Inside Out 2”-ийн амжилтыг гүйцжээ. Уг кино зөвхөн Хятадаас л гэхэд 610 сая долларын орлого олсон нь гол хүчин зүйл байв. Хятадын Диснейлэндэд нээгдсэн “Zootopia”-ийн парк үүнд гол нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Тэд Хойд Америкийн зах зээлээс ердөө 310 сая долларыг олсон нь олон улсын үзэгчид ямар хүчтэй байсныг илэрхийлнэ. Ташрамд дурдахад, Disney-ийн хувьд 2025 онд бокс оффисоос 4 тэрбум долларын орлого олсон цорын ганц студи болжээ.
2. Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Бэйзосын эхлүүлсэн сансрын стартап Blue Origin нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх болсноо зарлалаа. Terawave нэртэй уг үйлчилгээ нь 2027 он гэхэд 5408 ширхэг хиймэл дагуулыг хөөргөх амбицтай байгаа гэнэ. Энэ бол тэд И.Маскийн SpaceX-тэй шууд өрсөлдөгч болж байна гэсэн үг. SpaceX-ийн Starlink үйлчилгээний хувьд одоогоор 9000 хиймэл дагуулыг хөөргөж, 9 сая хэрэглэгчтэй болоод байгаа билээ.

3. Японы ариун цэврийн өрөөний тоноглолын тэргүүлэх брэнд Toto үйл ажиллагааны чиглэлдээ хиймэл оюуныг нэмжээ. Тэд AI дата төвд хэрэглэгддэг электростатик ялтас үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ мэдээний дараагаар тус компанийн хувьцааны ханш 11%-аар нэмэгдэв. Сонирхуулахад, Toto-ийн “бусад” ангиллын бизнес нийт борлуулалтын 42%-ийг бүрдүүлдэг аж.

4. Цахиурын хөндийн медиа компаниуд Apple-ийг 2027 он гэхэд цоо шинэ AI төхөөрөмж бүтээхээр ажиллаж байгаа талаар мэдээлж эхэллээ. Тэд камер, микрофоноор тоноглогдсон, AirTag шиг хэмжээтэй, хувцсандаа зүүж болох бичил төхөөрөмжийн төслийг эхлүүлсэн гэнэ. Энэ бол OpenAI-ийн хувьд тийм ч таатай мэдээ биш. Тэд Apple-ийн гол төхөөрөмжүүдийн дизайныг гаргасан Ж.Айвтай гэрээ хийж, хамгийн анхны массд зориулсан AI төхөөрөмж гаргах амбицтай байгаа юм. OpenAI-ийн хувьд 2026 оны сүүлийн хагаст гарах төлөвтэй байгаа шинэ төхөөрөмж нь борлуулалт дэмжих гол хүчин зүйл болно гэж найдаж буй.
5. Дэлхийн хамгийн амжилттай финтек стартапуудын нэг Brex-ийг Америкийн Capital One банк 5 тэрбумаар худалдаж авлаа. Brex-ийн хувьд стартап компаниудын санхүүгийн үйлчилгээг хялбарчилж, технологид суурилсан шийдлүүд санал болгодог юм. 2023 онд тус компани 12 тэрбумын үнэлгээтэй хөрөнгө оруулалт татаж байсан түүхтэй. Хэдий үнэлгээ нь хоёр дахин унасан мэт боловч анхны хөрөнгө оруулагчид нь оруулсан хөрөнгөө 800 дахин үржүүлж чадсан нь салбарын хамгийн амжилттай хэлцлүүдийн нэгт тооцогдоход хүргэлээ. Capital One-ийн хувьд өнгөрсөн жил гол өрсөлдөгчдийн нэг Discover Financial-ийг 35 тэрбумаар худалдаж авч, Америкийн зах зээл дэх байр сууриа улам баталгаажуулж чадсан билээ.


Сэтгэгдэл бичих

