1 гол сэдэв

Юу болов?

Испани хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо. АНУ, Канад, Мексик улсыг дамнан явагдсан уг тэмцээний финалд тэд аваргаа хамгаалагч Аргентинийг 1:0-ээр буулган авсан юм. Өмнө нь 2010 онд ДАШТ-д түрүүлж байсан тэд энэ тэмцээний туршид ердөө ганцхан гоол алдаж, Бельги, Португал, Францын хүчирхэг багуудыг ээлж дараалан сөхрүүлсээр түрүүлж чадлаа.

Тоглолтын талаар

Тоглолт урьдчилан таамаглаж байсанчлан Испанийн бөмбөг эзэмшилт дор явагдсан. Гэвч Аргентин үндсэн цагт төдийгүй 117 дахь минут хүртэл ганц ч цохилт хийгээгүй нь урьд өмнө үзэгдээгүй үйл явдал болов. Тоглолтын цорын ганц гоолыг нэмэлт цагийн 2-р үе эхлэнгүүт Ф.Торрес хийжээ. Домогт Л.Месси энэ тоглолтод төдийлэн гоцорч чадсангүй. Үндсэн цагийн өмнөхөн Э.Фернандес улаан хуудас авч талбайг орхисон нь бүр ч нэрмээс болж орхив.

Тэмцээний талаар

Тэмцээний шилдэг тоглогчоор Испанийн багийн ахлагч Родри тодорлоо. 2024 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тэрээр талбайн голд тоглолтын хэмнэлийг удирдах, зохион байгуулах чадвараараа ялгарч байв. Шилдэг довтлогчоор харин Францын К.Мбаппе 10 гоолтойгоор тодорлоо. Тэрээр Англид 4:6-аар хожигдсон хүрлийн төлөөх тоглолтод 2 гоол оруулж, улмаар бүх цаг үеийн гоолын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрээр хоёр дахиа дараалан мэргэн бууч болсон анхны тоглогч болж байгаа нь энэ юм. Харин түүний багийн анд М.Олизе 1970 оны алдарт Пелегийн хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн амжилтыг 7 болгон ахиулжээ. Энэ удаагийн тэмцээн түүхэн дэх хамгийн их орлоготой, бас хамгийн их хэл ам дагуулсан тэмцээн хэмээн түүхэнд үлдэх болно.

2 чухал тоо

5: Колумбын Букарангма хотноо явагдсан Физикийн олимпиадад оролцсон манай бүх сурагчид медаль хүртэж, бахдам амжилт үзүүлжээ. Дэлхийн 90 гаруй улсын оролцсон уг олимпиадаас манай баг 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13-р байрт эрэмблэгдсэн байна. Энэ бол манай улсын хувьд түүхэн дээд амжилт юм. Өнгөрсөн жил манай сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 22-р байрт бичигдэж байв.

4: Узбекистаны Ташкент хотноо явагдсан Олон улсын химийн олимпиадад манай сурагчид мажилттай оролцож, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн жилийн олимпиадаас манай сурагчид 4 мөнгөн медаль хүртэж байв.

3 онцлох өгүүлбэр

I. “The Odyssey” хүлээлт дүүрэн нээлтээ хийлээ

- Алдарт найруулагч Кристофер Ноланы шинэ кино “The Odyssey” дэлхий даяар нээлтээ хийлээ. М.Дэмон, А.Хатавэй, Т.Холланд, Ш.Терон, Р.Паттинсон зэрэг Холливүүдийн супер оддыг нэгтгэсэн уг уран бүтээл нээлтийн долоо хоногтоо 265 сая долларын орлого оллоо. Энэ бол К.Ноланы хувьд рекорд амжилт. Түүний өмнөх бүтээл Oppenheimer Хойд Америкийн зах зээлээс 100 сая долларыг цуглууж байв.

- Шинжээчдийн хувьд уг кинонд 96%-ийн эерэг үнэлгээ өгсөн нь санамсаргүй хэрэг биш. К.Нолан эртний Грекийн домгоос сэдэвлэсэн уг бүтээлээ амьдралынхаа туршид төсөөлж төлөвлөсөн хэмээн тодотгожээ. Уг бүтээл IMAX 70мм-ын форматаар бичигдсэн анхны кино болж байгаагаараа онцлог. Иймд Америкт 25, дэлхийд 50 кино театр л киног бүтэн дэлгэцээр үзүүлэх чадвартай гэнэ. Тиймээс эдгээр кино театрууд дахь тасалбар бараг жилийн өмнөөс дуусаж, шагийн үнэ нь 1200 долларт хүртэл өсчээ. Шөнийн 3 цагт үзвэр гаргасан ч суудал олдохгүй байгаа аж.

- Энэ зуны гол хитэд тооцогдож буй уг кино дор хаяж 1 тэрбум долларын орлого цуглуулах төлөвтэй байгаа. Хэдийгээр зарим жүжигчдийн сонголтоос шалтгаалан сошиал орчинд сөрөг сэтгэгдлүүд ихээр гарч байгаа ч киноны найруулга, зураг авалт, зохиомж уг бүтээлийг хэдийнээ “классик” ангилалд багтахад хүргэсэн гэнэ. Сонирхуулахад, салбарын шинжээчид энэ жилийн бокс оффисын орлого 2019 оноос хойш анх удаа 10 тэрбум долларыг давна хэмээн тооцоолж байна. Үүнд The Odyssey-ээс гадна Toy Story 5, Michael зэрэг хит кинонуудын амжилт шууд нөлөөлж байгаа юм.


II. Antrophic IPO-д бэлдэж эхэлллээ

- Хиймэл оюуны зах зээлд OpenAI-тай хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй Antrophic энэ оны сүүл гэхэд нээлттэй компани болохоор бэлтгэж байна. Энэ хүрээнд тэд тэргүүлэх банкуудтай албан уулзалт хийж эхэлжээ.

- Тус компанийн хувьд хамгийн сүүлд 965 тэрбум доллараар үнэлэгдэж байв. Зарим шинжээчид тэдний IPO-г SpaceX-ээс ч давах эрэлттэй байх магадлалтай гэж үзэж буй. Босгох хөрөнгийн хэмжээгээрээ ч тэднээс илүү гарах боломжтой гэж тооцож байгаа.

- 2021 байгуулагдсан тус компанийн Claude Code загвар хөгжүүлэгчдийн хамгийн гол хэрэгсэл болж чадсан нь орлогыг эрс нэмэгдүүлж байгаа билээ. Тэдний хамгийн сүүлд гаргасан Fable 5, Mythos 5 зэрэг загваруудыг АНУ-ын засгийн газраас үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэмээн түр хугацаанд хориглосон удаатай.


III. Uber Delivery Hero-г худалдаж авна

- Такси дуудлагын үйлчилгээний салбарын лидер Uber хоол хүргэлтийн зах зээлийг донсолгосон аварга наймааг хийлээ. Тэд Европын зах зээл дэх гол өрсөлдөгчд Delivery Hero-ийн 100 гаруй улс дахь бизнесийг 14.8 тэрбум доллараар худалдан авах хэлцлийг хийжээ. Ингэснээр Uber Eats болон Delivery Hero-ийн жилийн орлого 100 тэрбум долларыг давах болов.

- Германд төвтэй Delivery Hero-ийн хувьд Uber Eats-ийн үйл ажиллагаа явуулдаг 14 улс дахь бизнесээ SSW Partners хэмээх хөрөнгө оруулалтын компанид тусад нь заржээ. Уг наймааны үнэлгээ 1.6 тэрбум доллар болсон байна.

- Uber-ийн хувьд Хятадын зах зээлийг эс тооцвол дэлхийн хамгийн том хоол хүргэлтийн компани болж байгаа нь энэ юм.

4 мэдүүштэй зүйл

Сөрөг довтолгоо: Украйны дрон Оросын онлайн худалдааны хамгийн том платформын нэг Wildberries-ийн хоёр ч агуулахыг оножээ. Москвагаас 400 орчим км-ын зайд орших Тамбов, Электросталь хотуудад уг халдлага болсон байна. Дэлбэрэлтийн улмаас нийт 9 хүн нас барж, 100 гаруй хүн шархаджээ. Уг компанийг үүсгэн байгуулагч, Оросын анхны эмэгтэй тэрбумтан Татьяана Ким уг халдлагыг зэрлэг хэмээн нэрлэж, “аймшигт шөнө” боллоо хэмээн мэдэгджээ. Харин Украйны зүгээс хот суурин газруудад халдсаны хариу хэмээн тайлбарлав.

Маргаантай сэдэв: Франц сайн дураараа амиа егүүтгэхийг зөвшөөрлөө.2022 оноос эхлэлтэй уг асуудалд парламентын гишүүд ихэд эмзэг хандаж, удаа дараалсан мэтгэлцээнийг хийсээр байсан юм. Улмаар санал хураалтад 291 гишүүн дэмжиж, 241 гишүүн татгалзжээ. Ингэснээр эдгэшгүй өвчнөөр шаналж буй, өвчний улмаас бие болон сэтгэл санааны байнгын зовлон эдэлж буй насанд хүрсэн хүн өөрийн хүсэлтээр үхлийн тунтай эм ууж, амиа егүүтгэх боломжтой болж байгаа юм. Тэднээс өмнө Европт Швейцарь, Бельги, Нидерланд улс уг заалтыг хуулиар баталгаажуулсан байдаг ажээ.

Шинэ лидер: Их Британийн шинэ лидер тодорлоо. Өдгөө 56 настай Энди Бюрнхэм Хөдөлмөрийн намын даргаар сонгогдлоо. Сүүлийн 10 жилийн турш Манчестер мужийг удирдсан тэрээр ерөнхий сайдын албаа албан ёсоор энэ долоо хоногт хүлээн авна. Ингэснээр тэрээр сүүлийн 10 жилд тус улсыг тэргүүлэх 7 дахь ерөнхий сайд болж байна. Өмнөх ерөнхий сайд К.Стармер орон нутгийн сонгуульд “түүхэн ялагдал” хүлээснээр намын даргын албаа хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Э.Бюрнхэмийн хувьд бизнест ээлтэй, эдийн засгийг сэргээх зорилгоо тэргүүн эгнээнд тавина хэмээн мэдэгджээ.

Онцгой нэр: Флоридагийн онгоцны буудал нэрээ Трамп болгожээ. Өмнө нь Palm Beach International Airport нэртэй байсан тус буудал нэрээ АНУ-ын ерөнхийлөгчийн нэрээр өөрчилж, President Donald J.Trump International Airport болгон шинэчилжээ. Голцуу дотоодын нислэг хүлээн авдаг уг буудлын товчлол 8-р сараас эхлэн DJT болох бөгөөд энэ өөрчлөлтөд 5 сая долларын зардал гаргана гэнэ. Сонирхуулахад, уг хотод Д.Трампын хувийн өргөө байрлаж, олон төрлийн хүлээн авалт зохион байгуулдаг нь уг шийдвэр гарах нөхцөл болжээ.

5 сонин хачин

1. Tesla хүүхдийн дугуй гаргажээ. “Balance Bike for Kids” нэртэй уг бүтээгдэхүүн нь 2-5 насны хүүхдэд зориулсан бөгөөд 225 долларын үнэтэй зарагдана гэнэ. Суудлыг таван түвшинд тохируулж болдог, зөвхөн хөлөөрөө жийх зориулалттай уг дугуйн эрэлт маш өндөр байж, гарсан даруйдаа дууссан гэнэ. Tesla-ийн хувьд жилд хэд хэдэн удаа үнэнч фенүүддээ зориулан онцгой төхөөрөмж, мерч бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай билээ.

2. Бээжинд төвтэй MoonShot хэмээх компанийн гаргасан Kimi K3 нэртэй шинэ загвар хиймэл оюуны чадавхыг хэмждэг үзүүлэлтүүдийг тэргүүлж, зах зээлд тэсрэлт хийж чадлаа. Энэ бол Хятад стартап Цахиурын хөндийг донсолгож буй анхны тохиолдол биш. Өнгөрсөн онд Deepseek-ийн модель бүх чартыг тэргүүлж байсан удаатай. Kimi-ийн хувьд цөөн үзүүлэлтээр Claude Fable 5, ChatGPT 5.6 Sol загваруудын ард бичигдсэн. Гэхдээ үнийн хувьд хямд, альтернатив сонголт гэдэг утгаараа шинжээчдээс өндөр үнэлгээ аваад байна. Antrophic, ChatGPT-ээс бараг 2 дахин их буюу 2.8 тэрбум параметртай уг загварын сарын төлбөр 15 доллар байгаа нь өрсөлдөгчдөөсөө 2-3 дахин хямд гэсэн үг билээ.

3. Гус нэртэй тиранозаврын араг яс дуудлага худалдаагаар 50.1 сая долларын үнэд хүрсэн нь түүхэн дээд рекорд боллоо. Sotheby-ийн дуудлага худалдааны ордон 2 жилийн өмнө стегозаврын ясыг 44 сая доллараар зарж, Гиннесийн номонд бүртгэгдэж байв. Өмнөд Дакота орчмоос олдсон уг олдвор 67 сая жилийн настай хэмээгдэж буй. 4 метрийн өндөр, 11.5 метрийн урттай гэдэг нь одоогоор олдсон хамгийн том T-Rex-ийн олдворт тооцогдоно. Нийт биеийн 61% нь буюу 183 төрлийн яс уг олдворт хамаарах ажээ.

4. Netflix 300 орчим кинондоо AI ашиглаж байгаагаа зарлалаа. Тэд саяхан нэрт жүжигчин Б.Аффлекийн үүсгэн байгуулсан InterPositive хэмээх AI компанийг 587 сая доллараар худалдан авсан юм. Уг компани нь уран бүтээлчдэд AI ашиглан зураг авалт, дүрслэл, графикаа сайжруулах боломж олгодог гэнэ. Гэсэн ч тус компанийн улирлын тайлангийн дүн шинжээчдийн таамагт хүрээгүй учир ханш нь 11%-аар буурчээ.

5. WAICO буюу Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага албан ёсоор байгуулагдлаа. Шанхайд явагдсан World AI Conference-ийн үеэр Хятадын санаачлагаар Казахстан, ОХУ, Пакистан, Индонез зэрэг 29 улс уг байгууллагад нэгджээ. Хятадын удирдагч Ши Жинпин уг арга хэмжээний нээлтийн үгэндээ AI-ийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай байдлаар хөгжүүлж, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийг хурдасгах хэрэгсэл болгох санааг онцолжээ.