1 гол сэдэв

Юу болов?

Starlink Монгол улсад албан ёсоор нээгдлээ. Энэ мэдээ Барселона хотноо явагддаг харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ Mobile World Congress-ийн үеэр ил болсон юм

Хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгчид одоо шууд Starlink-ийн сайтаар орон захиалга өгөх боломжтой. Монголд сарын төлбөр дунджаар 220-250 мянган төгрөг байх бөгөөд төхөөрөмжийн үнэ байршлаас хамааран 1.2-1.5 сая төгрөг байх гэнэ.

Одоо яах вэ?

Энэ бол өргөн уудам газар нутагтай Монгол улсын хувьд маш том мэдээ. Ялангуяа алслагдсан бүс нутагт эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тогтмол харилцаа холбоог үүсгэх боломж олдож байгаа нь энэхүү түншлэлийн хамгийн чухал агуулга билээ. Сонирхуулахад, Starlink-ийг үүсгэн байгуулагч И.Маск өнгөрсөн долоо хоногт хиймэл дагуулаар дамжсан дуудлага хийх туршилтыг гүйцэтгэснээ зарласан юм.

2 чухал тоо

62.000 - Биткойны ханш өнгөрсөн долоо хоногт 62 мянган долларын босгыг давж, 2020 оноос хойшхи хамгийн өндөр ханшиндаа хүрлээ. Үүнтэй зэрэгцэн Ether, Solana, Cardano зэрэг бусад криптогийн ханш ч өндөр өсөлт үзүүлж байна.

675.000.000 - Хүнтэй төстэй робот бүтээх зорилготой Figure AI хэмээх стартап 675 сая долларын шинэ санхүүжилт татлаа. Нийт зах зээлийн үнэлгээ нь 2.6 тэрбумтай тэнцэх болсон тус компанид Amazon-ийн Ж.Бэйзос, NVidia, Microsoft, OpenAI зэрэг зах зээлийн топ тоглогчид хөрөнгө оруулжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Apple автомашин бүтээх төслөө зогсоолоо.

- Тэд 2015 оноос хойш Project Titan гэсэн нэрийн дор автомашин бүтээхээр ажиллаж байсан юм. Төдийлэн ил гардаггүй нууцлаг уг төсөлд 2000 орчим ажилтан ажиллаж байсныг эх сурвалжууд баталж байна. Эдгээрийн дийлэнх нь AI хөгжүүлэлтийн баг руу шилжих бололтой.

- Apple-ийн хувьд жолоочгүй машины технологи нь төлөвлөсөнд хүртэл хөгжүүлэгдэж чадаагүй нь дээрх шийдвэрийн гол үндэс болсон гэнэ. 100 мянган долларт багтааж зах зээлд борлуулах амбицтай байсан тэд цахилгаан хөдөлгүүрт мөн төвлөрч байсан юм.

- Уг төсөлд Tesla-ийн авто удирдлагын технологийг тэргүүлж байсан С.Мүүр, BMW-ийн дэмжлэгтэй цахилгаан машин бүтээгч Canoo-ийн үүсгэн байгуулагч У.Кранц нар ажиллаж байсан билээ.


II. Леброн Жэймс 40 мянган онооны босгыг давлаа.

- Тэрээр NBA-ийн түүхэнд ийм амжилтыг үзүүлсэн анхны тамирчин болж байна. Өдгөө 39 настай Жэймс 21 дэх улиралдаа лигт хүчин зүтгэж байгаа юм.

- Бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгчдийн нэгт зүй ёсоор тооцогдох Л.Жэймс карьерынхаа хугацаанд 4 удаа аваргын цом хүртэж, тус бүрд нь финалын MVP-ээр нэрлэгдсэнээс гадны улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 4 удаа тодорсон билээ.

- Лос Анжелес Лэйкэрс багт хүчин зүтгэж буй тэрээр ирэх зун Парист болох олимпын наадамд оролцох магадлал өндөрт тооцогдож байна. Л.Жэймс 2012 онд Америкийн шигшээ багтай хамт олимпын аварга болж байв.


III. "Dune: Part Two" нээлтээ хийлээ.

- Ф.Хербертийн алдарт зохиолоос сэдэвлэсэн "Dune"-ийн 2-р анги дэлхий даяар 178 сая долларыг олж, бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Энэ бол 2024 он гарснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

- Үүнээс 81 саяыг нь Хойд Америкийн зах зээлээс олсон нь өнгөрсөн жилийн 10-р сард Т.Свифтийн "The Eras Tour"-ийн нээлтийн дараа орох амжилт болжээ. Уг киноны төсөв 290 сая орчимд тооцогдож байгаа. Ташрамд дурдахад, 2021 онд гарсан 1-р анги нь дэлхий даяар 402 сая долларыг цуглуулсан юм.

- Найруулагч Д.Вильневийн шинэ бүтээлийн үзэгчид болон шүүмжлэгчдийн үнэлгээ маш өндөр байгааг мөн онцлох хэрэгтэй. Одоогоор "Dune: Part Two"-ийн үнэлгээ Rotten Tomatoes дээр 94%, CinemaScore дээр "A" байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

AI зарга: И.Маск өөрийн 2015 онд хамтран үүсгэн байгуулсан OpenAI-ийг шүүхэд өглөө. Тэрээр компанийг анхны алсын хараа болох хүн төрөлхтний сайн сайхны төлөө AI-ийг бүтээж хөгжүүлэх хэмээх зорилгоо умартаж, ашгийг эрхэмлэсэн Microsoft-ийн хаалттай нэгж болсон хэмээн буруутгажээ.

Шинэ түншлэл: Саудын Арабын төрийн сан PIF мэргэжлийн теннисийн хамгийн том холбоо ATP-тэй урт хугацааны стратегийн гэрээ байгууллаа. 700 тэрбумын хөрөнгө удирддаг PIF-ийн хувьд үүнээс гадна мотоспорт, гольф, боксоор дамжуулан улс орныхоо нэр хүндийг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа юм.

Аварга амбиц: Энэтхэг улс бүс нутгийн чип үйлдвэрлэлийн төв болох төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ хүрээнд тэд 15 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийх гэнэ. Үүнтэй зэрэгцэн Tata Electronics Тайванийн PSMC-тэй хамтран Гужарат мужид шинэ үйлдвэр байгуулах төсөлд 11 тэрбум долларын санхүүжилт хийх болсноо зарлажээ.

Шинэ хэлцэл: Microsoft Францад төвтэй AI хөгжүүлэгч Mistral-тай стратегийн гэрээ байгуулж, бага хэмжээний хувьцаа эзэмшигч болж байгаагаа зарлалаа. 2 тэрбум доллараар үнэлэгдэж буй Mistral цаашид хөгжүүлэлтээ OpenAI-ийн адилаар Azure-ийн суурийг ашиглаж хийх юм.

5 сонин хачин

1. Барселона хотноо явагдсан Mobile World Congress-ийн хамгийн эрэлттэй төхөөрөмж нь Lenovo-ийн нэвт харагддаг лаптоп байв. ThinkBook Transparent Display Laptop нь 17.3 инчийн дэлгэцтэй бөгөөд 55% хүртэл нэвт харагдах үзүүлэлттэй. Тэд уг концепцоо дижитал артистуудад дэлгэцийн арын хэсэгтэй харьцаж ажиллахад тохиромжтой хэмээн тодотгожээ.


2. Хятадын Oppo брэнд MWC-ийн үеэр AI шилээ танилцууллаа. Харахад энгийн нүдний шил мэт дизайнтай уг шил нь Oppo-ийн ухаалаг утастай шууд холбогдон, AndesGPT моделтой хослон ажиллах гэнэ.

3. Өнгөрсөн сард Unpacked арга хэмжээнийхээ үеэр анхлан танилцуулсан Samsung Ring MWC-ийн тайзнаа анхны загваруудаа дэлгэв. Мөнгөлөг, хар, алтлаг гэсэн гурван өнгийн сонголттой гарах, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянах зориулалттай уг бөгж энэ онд багтаан худалдаанд гарах гэнэ.

4. 2023 оны сүүлээр анх зарласан Motorola-ийн нугалдаг утасны концепц мөн олны анхаарлыг татлаа. Rollable Concept Phone нэртэй уг утас нь бугуйн цаг шиг нугалах боломжтой илүү уян хатан гэдгээрээ онцлогтой. Нэг ёсондоо ухаалаг цаг болон ухаалаг утсыг нэг төхөөрөмжид шингээсэн гэдгээрээ ялгарч байв.

5. Google Doc маркертай боллоо. Энэ нь тухайн файл дээр хэрэглэгчид өөр өөрсдийн сэтгэгдэл, тэмдэглэлийг зурах, бичих илүү сонголтыг олгож байгаа хэрэг. Хэрэглэгч өөрийн бичиглэлийн хэвийг сонгон, өнгөөр ялгаж тэмдэглэх боломжтой болсон нь бүтээмж нэмэгдүүлнэ хэмээн Google найдаж байна.

10 уншууртай мэдээ

Харуусах: 100 гаруй хүн хоолны төлөө амиа алдав /Vox/

Сонсох: Таны гал тогоо үнэхээр ухаалаг гэж үү? /The Verge/

Сонирхох: Америкийн сүүлчийн морз илгээх төв /The Atlantic/

Эрэх: MH370-ийн хайгуул үргэлжилсээр /Morning Brew/

Анзаарах: М.Бениофф яагаад Хавайд газар авах болов? /NPR/

Хүлээх: Serial-ийн 4-р бүлэг гарна /Deadline/

Унах: BYD-ийн анхны супер машинтай танилц /BI/

Анхаарах: Хятадын намын хурлын өмнө /BBC/

Төвлөрөх: Газын зурваст юу болж байна вэ? /CNN/

Гайхах: Германы цэргийн бичлэг үнэн байсан уу? /Euronews/