1 гол сэдэв

Юу болов?

Энэ өдрүүдэд ахлах сургуулийн сурагчдын дунд явагддаг олон улсын олимпиадууд явагдлаа. Манай сурагчид баяр наадмын өдрүүдээр амжилт арвин байсныг бид хамгийн түрүүнд онцолж байна.

Математик: 7 дахь алт

Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг амжилттай оролцож, 120 орноос 30-р байрт бичигдлээ. Японы Чиба хотод болж буй тус олимпиадад улсын хошой аварга Д.Энэрэлт нийт 35 оноо авч, эх орондоо түүхэн дэх 7 дахь алтыг авчирлаа. Манай баг нийт 1 алт, 4 хүрэл, 1 тусгай байрын амжилт үзүүлэв. Сонирхуулахад манай сурагчид 2019 оноос хойш 5 дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ билээ.

Физик: 3 дахь медаль

Токио хотноо явагдсан 53 дахь удаагийн Олон улсын физикийн олимпиадаас манай баг 1 мөнгө, 2 хүрэл, 1 тусгай байртай буцаж байна. Сант сургуулийн сурагч О.Анирчулуу тус олимпиадаас 3 дахь медалиа (2 мөнгө, 1 хүрэл) хүртэж, онцгой амжилт үзүүлэв. Одоогоор тус олимпиадаас манай баг алтан медаль хүртэж амжаагүй байгаа юм.

Биологи: Хос хүрэл

АНЭУ-ын Ал Аин хотноо явагдсан Олон улсын биологийн олимпиадаас манай баг хос хүрэл, нэг тусгай байрын амжилт үзүүллээ. 34 дэх удаагийн олимпиадаас Г.Мишээл (Шинэ үе), Т.Намуун (Шинэ эхлэл) нар тус бүр хүрэл медаль хүртсэн байна.

2 чухал тоо

20 - Испанийн 20 настай залуу од К.Алкараз анх удаа Уимблдонд түрүүллээ. Тэрээр 23 удаагийн их дуулгын аварга, домогт Н.Жоковичийг 5 сетийн эцэст буулган авсан нь энэ юм. Дэлхийн чансааг тэргүүлэгч Алкараз Уимблдонд түрүүлсэн түүхэн дэх гурав дахь залуу теннисчин болжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 24 настай Чех бүсгүй М.Вондрусова мөн анх удаа түрүүлсэн билээ.

9.9 - Хятадын ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч Honor зах зээл дэх хамгийн нимгэн буюу ердөө 9.9 мм-ийн зузаантай нугардаг утсаа танилцууллаа. Honor Magic V2 нь 6.4 инчийн дэлгэц, Snapdragon 8 Gen 2-оор тоноглогдсон бөгөөд 400 мянган удаа нээж, хаагдахад тэсвэртэй гэнэ. Уг утасны эхлэх үнэ 1250 доллар байх ажээ.

3 онцлох өгүүлбэр

I. HBO-ийн кинонууд Эммид өнгөлж байна.

- Америкийн телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал Эммид нэр дэвшигчид тодорлоо. HBO болон Max нийт 127 нэр дэвшигчтэйгээр бүх суваг, стримингийг тэргүүлэв. Тэд 21 дэх удаагаа ийм амжилтыг үзүүлж байна.

- Энэ жил 4 дэх бүлгээрээ өндөрлөсөн "Succession" нийт 27 төрөлд өрсөлдөх болж, дээд амжилтыг тогтоов. Уг цуврал одооогоор Эммигээс 13 шагнал хүртээд байгаа юм. Үүнээс гадна HBO-ийн "The Last of Us" (24 нэр дэвшилт), "The White Lotus" (23) бүтээлүүд гол шагналыг түүх төлөвтэй байна.

- Тэдний хойноос "Wednesday", "The Crown", "Beef" зэрэг хит бүтээлээ сойх Netflix (нийт 103) болон Hulu (64), Apple TV+ (54), Disney+ (40) зэрэг стриминг платформууд жагсчээ. Эммигийн эзэд 9-р сарын 18-нд тодрох юм.


II. Microsoft, Sony-ийн өрсөлдөөн дууслаа.

- Видео тоглоомын салбарын хамгийн том худалдан авалт өндөрлөх дөхөж байна. Microsoft-ийн Activision Blizzard-ийг 68 тэрбум доллараар худалдан авах хэлцлийг шүүхээс хүлээн зөвшөөрч, зохицуулах байгууллагыг хориг тавих үндэслэлгүй хэмээн үзжээ.

- Үүнээс өмнө тэд Европын холбоо, Хятад зэрэг хэд хэдэн чухал зах зээлд "ногоон гэрэл" аваад байсан. Зөвхөн Их Британид л наймааг монополийн шинж чанартай хэмээн үзэж, хориг тавиад байгаа ч энэ байдал удахгүй өөрчлөгдөх бололтой. 2 тал давж заалдаж, дахин хэлэлцэх шинэ товыг хүлээн зөвшөөрсөн байна.

- Үүнтэй зэрэгцэн тэд гол өрсөлдөгч Sony-той хамгийн хит тоглоом Call of Duty-г 10 жилийн турш ашиглуулах тохиролцоонд хүрсэн байна. Чухам энэ мэт зарим тоглоомыг Xbox-д л тоглох боломжтойгоор зах зээлд байршуулах гэж байна хэмээн PS-ийг эзэмшдэг Sony маргаж байсан билээ. Энэ хэлцлийн дараагаар Microsoft-ийн эзэмшилд Call of Duty-аас гадна Minecraft, Candy Crush, Diablo, Halo, Warcraft зэрэг үе үеийнхний дунд хитй тоглоомууд багтдаг болж байна.


III. Холливүүд ажил хаялтад өртөв.

- Энтертэйнмент салбарын хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлаж, Холливүүдийн бүх ажил гацалтад орлоо. Энэ нь 1980 оноос хойшхи анхны тохиолдол юм. Тэд дэлхийн хамгийн том кино студи, медиа группүүдийг ийн шахалтад оруулж, ажлын нөхцлөө сайжруулахыг оролдож байна.

- Найруулагчид, жүжигчид болон техникийн ажилчдын шаардаж буй хамгийн эхний гол шаардлага бол стримингийн орлогоос хуваалцах юм. Тэд стриминг үйлчилгээний нийт орлогын 2%-ийг ажилчдад хуваарилахыг шаардаж буй. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн багадаа 4%-аар, шат даралаан нэмэгдүүлэх шаардлага тавьжээ.

- Үүнээс гадна AI-ийн хэрэглээг нээлттэй болгох, өөрсдийн ажлыг орлуулахгүй байх баталгааг шаардаж байгаа нь сонирхолтой нөхцөл байв. Ширээний нөгөө талд буй Disney, Warner Bros,Discovery зэрэг гигантуудын хувьд цар тахлын дараа дөнгөж сэргэж буй энтертэйнмент салбарт ахин ийм доголдол үүсэж буй харамсаж байгаагаа илэрхийлсээр байна. Үүний уршгаар ирэх зун гарахаар төлөвлөж байсан олон кино, телевизийн шоуны цацагдах хугацаа хойшлох бололтой.

4 мэдүүштэй зүйл

Шинэ журам: Хятадын зохицуулах байгууллага хиймэл оюунтай холбооны анхны журмаа баталлаа. Тус журамд шинээр хөгжүүлж сургаж буй аливаа AI нь "социализмын суурь зарчмуудтай нийцсэн байх" ёстойг заасан нь анхаарал татав. Мөн оюуны өмчийг хүндэтгэсэн байх, хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байх зэрэг хязгаарлалтуудыг тогтоожээ. Тус улс AI-ийг боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт ашиглаж, шинэ инновац бий болгохыг хөхиүлэн дэмжинэ гэдгээ мөн илэрхийлсэн байна.

Сарны аялал: Энэтхэг улс "Chandrayaan-3" хөлгөө амжилттай хөөргөж, саран дээр газардсан 4 дэх улс болох ээлжит аяллаа эхлүүллээ. Хамгийн сүүлд 2019 онд тус улсын илгээсэн сансрын хөлөг газардах үедээ осолдож байсан юм. Энэтхэг 2024 онд багтаан өөрийн газар нутаг дээрээс өөрсдийн бүтээсэн пуужингаа хөөргөх амбицтай байгаа билээ.

Шинэ өрсөлдөгч: БНСУ-ын технологийн тэргүүлэх компани Kakao өөрсдийн хөгжүүлж буй шинэ AI-аа танилцууллаа. Тэд 30 тэрбум параметрийг сургасан KoGPT-д суурилсан Karlo нэртэй шинэ зураг үүсгэгчээ сошиал апп-даа интеграц хийж байгаа нь энэ юм.

Түүхэн нислэг: Хятадын сансрын стартап Landspace шингэн метан, хүчилтөрөгчийн эх үүсвэртэй пуужинг хөөргөсөн анхны компани боллоо. ZQ-2 нэртэй пуужингийн амжилт нь хүн төрөлхтөнд илүү холын аялалд үр ашигтай шатахуунтай гарах суурийг тавих учиртай. Тэднээс гадна SpaceX ижил технологи хөгжүүлж байгаа билээ.

5 сонин хачин

1. Энэ зуны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг "Mission Impossible: Dead Reckoning Part One" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 235 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Хэдийгээр Хойд Америкийн зах зээлд тооцоолж байсан тоондоо хүрээгүй ч Хятад зэрэг топ зах зээл дэх амжилт нь тус ангийг 27 жилийн настай франчайзын нээлтийн рекордоо эвдэхэд нөлөөлөв. Том Круйзын ээлжит хит бүтээлийн нийт өртөг хамгийн багадаа 300 сая доллараар хэмжигдэж байгаа гэнэ.

2. Microsoft тэрбум гаруй хэрэглэгчтэй оффисын програм Office-ийн үндсэн фонтыг албан ёсоор шинэчиллээ. Aptos нэртэй шинэ фонтоо тэд сүүлийн таван жилийн хугацаанд хөгжүүлж, энэ долоо хоногоос эхлэн Word, Excel, Powerpoint зэрэг програмууддаа нэвтрүүлж байна. Тэд өмнө үндсэн фонт Calibri-г 2007 оноос хойш ашиглаж байсан юм.

3. Meta хэрэглэгчдэд аватар ашиглан видео дуудлага хийх боломжийг олгохоор зэхэж байна. Avatar Calling нэртэй уг үйлчилгээг хэрэглэгчид Messenger, Instagram-д шууд ашиглах боломжтой гэнэ. Мөн тэд өөрсдийн виртуал стикерээ хослуулан ашиглах шинэ функцийг туршиж байгаа гэнэ.

4. Норвегид төвтэй интерактив асуулгаар төрөлжсөн боловсролын стартап Kahoot 1.7 тэрбум долларын үнэ хүрч, бүрэн хувийн хэвшилд шилжлээ. 2021 онд Ослогийн бирж дээр IPO хийж байсан тус компанийг Goldman Sachs, Lego тэргүүтэй хөрөнгө оруулагчид худалдаж авч байгаа нь энэ юм. Цар тахлын үеэр тус компанийн үнэлгээ 5 тэрбум доллар хүрч байжээ.

5. Тэйлор Свифт Биллбордын топ 10-т дөрвөн цомгоороо зэрэг багтсан анхны эмэгтэй артист боллоо. Энэ амжилт 1966 оноос хойш гараагүй байсан. Түүний шинээр гаргасан "Speak Now (Taylor's Version)" цомог нь 507 мянган хувь биетээр борлуулагдсан нь энэ жилийн хувьд дээд амжилт болов. Тэрээр мөн 12 дахь удаагаа №1 амжилтын эзэн болсон нь эмэгтэй уран бүтээлчдийн хувьд эхэнд бичигдэх, нийт зөвхөн The Beatles, Jay-Z-ийн ард л бичигдэх амжилт гэнэ.

10 унших мэдээ

Сонирхох: Үндэсний их баяр наадмын тойм /Ikon/

Үзэх: Гибли студийн шинэ нууцлаг кино нээлтээ хийв /Japan Times/

Болгоомжлох: Хэт халалт Хойд Америкийг бүрхэж байна /BBC/

Гайхах: Түүхэн үечлэлд өөрчлөлт орох уу? /Morning Brew/

Турших: Google Bard шинэчлэл хийлээ /The Verge/

Эмээх: Чихэр оруулагч хорт хавдар үүсгэдэг үү? /CNBC/

Хүлээх: LG 39 тэрбумын шинэ хөрөнгө оруулалт хийнэ /Techcrunch/

Хэрэглэх: Thread үнэхээр Twitter-ийг давах уу? /NYTimes/

Мэдэх: Хятадын эдийн засгийн өсөлт 6.9%-д хүрлээ /CNN/

Үнэлэх: Twitter контент бүтээгчдийг урамшуулж эхэллээ /Forbes/