1 гол сэдэв
Юу болов?
Google сансарт AI дата төв байгуулна гэв. Тэд улам бүр өсөн нэмэгдсээр буй AI дата төвийн хэрэгцээг нарны эрчим хүчээр бүрэн шийднэ гэж үзэж байна. Google эхний ээлжинд дэлхийн нам орбит орчимд 81 ширхэг хиймэл дагуулыг хөөргөх бөгөөд тус бүрийг машин сургалтад зориулан тоноглох гэнэ. Энэ нь ирээдүйд AI хөгжүүлэлтийн цогц кластерыг сансарт бий болгох суурь платформ болох учиртай аж.
Гэхдээ...
Гэхдээ уг төслийг хэрэгжүүлэхэд технологи талаасаа ч, зардал талаасаа ч шийдвэрлэх ёстой олон сорилт хүлээж байгааг Google2ийн CEO С.Пинчай нуусангүй. Дата төвүүд агаар мандалд тойрох үедээ эх дэлхийтэй тогтмол холбоотой байх, нарны цацрагын нөлөөг төхөөрөмжүүд дээр тооцоолох зэрэг үүнд багтана. Гэсэн ч тэд 2027 онд анхны туршилтын нислэгээ үйлдэж, 2030 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх хуваарийг баталжээ.
Өөр хэн сонирхож байна вэ?
Google сансрыг дата төв болгох амбицтай ганц газар биш. Үүнээс өмнө Amazon-ийн үүсгэн байгуулагч Ж.Бэйзос сансрыг дата төв байгуулах хамгийн үр ашигтай байршил хэмээн мэдэгдэж байсан бол И.Маск SpaceX, Starlink-ийн ирээдүйг сансрын дэд бүтэц гэж үздэгээ нуудаггүй.
2 чухал тоо
1000: Apple анх удаа 1000 доллараас хямд үнэтэй лаптоп үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэв.
42%: AI-ийн нөлөөгөөр Duolingo-ийн хэрэглэгчдийн өсөлт саарч, долоо хоногийн дотор үнэлгээ нь 25%-аар буурлаа
3 онцлох өгүүлбэр
I. Грэммид нэр дэвшигчид зарлагдлаа
- Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог “Грэмми 2026”-д нэр дэвшигчид тодорлоо. Буддын шашины тэргүүн Далай Лам “Meditations: The Reflections of His Holliness The Dalai Lama” бүтээлээрээ “Шилдэг аудио ном”-ын ангилалд нэр дэвшжээ. Өмнө нь энэ шагналыг Б.Обама, Б.Клинтон, Ж.Картер зэрэг улс төрчид хүртэж байсан удаатай.
- Харин нийт уран бүтээлчдийг Кендрик Ламар 9 төрөлд нэр дэвшсэнээрээ тэргүүллээ. Тэрээр 2025 онд “Not Like Us” бүтээлээрээ шилдэг дуу, шилдэг бичлэгийн шагналыг хүртсэн удаатай. Энэ удаад түүнтэй Lady Gaga хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байна. Тэрээр 2010 оноос хойшхи хамгийн өндөр буюу 7 төрөлд өрсөлдөх эрхтэй болжээ. “Шилдэг шинэ артист”-ын төрөлд ялах магадлалтай гэгдэж буй Леон Томас нийт 6 төрөлд өрсөлдөнө. Ирэх оны Супер боулын завсарлагаанаар тоглох Bad Bunny, шинэ үеийн поп од Сабрина Карпентер нар мөн 6 төрөлд нэр дэвшлээ.
- Шинэ эмэгтэй дуучинтай эргэн ирсэн Linkin Park шилдэг рок цомог, шилдэг рок бичлэгийн төрөлд өрсөлдөх болов. Netflix-ийн түүхэн хит болсон “Kpop Demon Hunters”-ийн “Golden” шилдэг дууны төрөлд ялах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна. Б.Айлишийн “Wildflower”, Rose x Бруно Марсын “APT” зэрэг хит дуунууд мөн Грэммиг өнгөлөх төлөвтэй байна. 68 дахь удаагийн Грэмми 2026 оны 2-р сарын 1-нд явагдана. Нийт 95 төрөлд ялагч тодрох юм.
II. И.Маск 1 их наядын цалин авна
- Tesla-ийн хувьцаа эзэмшигчид удтал хэлэлцэж, талцсаны эцэст үүсгэн байгуулагч И.Маскт тодорхой шаардлага хангасан тохиолдолд 1 их наяд долларын урамшуулал олгох төслийг дэмжлээ. Санал хураалтад оролцогчдын 75% нь төлөвлөгөөг дэмжжээ. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм И.Маск түүхэн дэх хамгийн өндөр цалинг авахын тулд дараах зорилтуудад хүрэх ёстой.
- Tesla-ийн үнэлгээг 8.5 их наядад хүргэнэ. Одоогоор тус компанийн үнэлгээ 1.5 их наяд доллараар хэмжигдэж буй.
- Жилийн борлуулалтын орлогыг 50 тэрбум долларт хүргэнэ. Өнгөрсөн жилд тэд 4.2 тэрбум долларын борлуулалт хийсэн.
- 20 сая машин үйлдвэрлэнэ. Tesla үүсгэн байгуулагдсанаасаа хойш 8.2 сая машин худалдаанд гаргасан.
- Одоогоор гараагүй байгаа Optimus роботыг 1 сая ширхэг борлуулах, 1 сая робот таксиг худалдаанд гаргана.
- ТУЗ-ийн зүгээс урамшууллыг Tesla-ийн борлуулалт 500 тэрбум доллараар нэмэгдэх тус бүрд 12 хуваан олгох төлөвтэй байна. Мөн зорилт бүрэн биелсэн тохиолдолд түүний компанид эзэмших хувь бараг 2 дахин нэмэгдэж, 25%-д хүрэх юм. Tesla 2018 онд мөн ижил төстэй зорилтуудыг тавьж, И.Маскад 56 тэрбум долларын цалинг олгох шийдвэр гаргаж байсан. Өнгөрсөн жил И.Маск бүх тоонуудыг гүйцээсэн ч зарим хувьцаа эзэмшигчид шүүхэд гомдол гаргаж, дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа билээ.
III. Starbucks Хятадын бизнесээ заржээ
- Дэлхийн хамгийн алдартай кофе шопын сүлжээ Starbucks Хятадын бизнесийнхээ 60%-ийг Boyu хэмээх хөрөнгө оруулалтын фирмд заржээ. 1993-2003 онуудад Хятадыг удирдаж байсан Жианг Земинийн ач хүүгийн үүсгэн байгуулсан Boyu энэ хэлцлийн хүрээнд 4 тэрбум долларыг төлж байгаа гэнэ. Starbucks 1999 онд анх Хятадын зах зээлд нэвтэрч, кофены соёлыг түгээн дэлгэрүүлсэн гавьяатай гэгддэг.
- 250 гаруй хотод 7800 гаруй салбараараа дамжуулан тэд жилд 3 тэрбум долларын орлого олж байв. Гэвч сүүлийн жилүүдэд Luckin зэрэг дотоодын хямд үнэтэй сүлжээнүүд гарч ирснээр тавхан жилийн дотор зах зээлд эзлэх хувь нь 3 дахин буурч, ердөө 14%-ийг эзлэх болжээ.
- Boyu-ийн хувьд жижиг хотуудад Starbucks-ийн брэндийг ашиглан тэлэлт хийх зорилготой байна. Тэд хэдийнээ 20 мянган салбартай, гурав дахин хямд үнээр кофе зарж буй Luckin-тай үнээр өрсөлдөхгүй гэдгээ мөн мэдэгджээ. Ташрамд дурдахад, McDonalds 2017 онд Хятадын бизнесийн 80%-ийг Citic тэргүүтэй хөрөнгө оруулагчдад 2.1 тэрбумаар зарсан нь маш амжилттай, үр дүнтэй болсонд тооцогддог билээ.
4 мэдүүштэй зүйл
Оршуулгын лото: Парис хотын захиргааны уг санаачлага хуучирч муудсан оршуулгын газрын байршлыг шинэчлэн засаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой юм. Тэд хотын иргэдийн дунд сугалаа явуулж, зөвхөн алдартнууд, оддыг нутаглуулдаг байршлыг худалдаж авах боломж олгож байгаа гэнэ. Нийт 3 газарт 30 байршлыг тус бүрийг нь 4000 еврогоор зарах бөгөөд ялагчидтай жилийн 960 еврогоор түрээсийн гэрээ байгуулах аж. Өөрөөр хэлбэл, сугалаанд ялагч алдарт зохиолч О.Уайлд, Ж.Сартр, домогт дуучин Э.Пиаф, The Doors-ийн Ж.Моррисон нартай зэрэгцэн “нойрсох” боломжийг худалдаж авна гэсэн үг.
C5+1: Төв Азийн удирдагчид Цагаан ордонд зочиллоо. 2015 онд анх эхэлж байсан “C5+1” платформ бол Төв азийн 5 орон болон АНУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх үндсэн зорилготой. Талуудын хэлцлийн гол сэдэв чухал ашигт малтмал байв. Дэлхийн ураны борлуулалт талаас илүүг тус бүс нутаг дангаараа бүрдүүлдэг. Тэд стратегийн түншлэлийн санамж бичиг байгуулж, нийлүүлэлт, үйлдвэрлэлтийн иж бүрэн түншлэл үүсгэх тохиролцоонд хүрчээ. Мөн Узбекистаны хувьд АНУ-д 100 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, Казахстан 37 ширхэг Boeing онгоц худалдаж авах болсон байна. Тэрчлэн АНУ-ын компаниуд таван улсад 20 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалтыг уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хийхээр тохиролцжээ.
Социалист мэр: Ардчилсан намаас нэр дэвшсэн Зоран Мамдани нийт санал хураалтад оролцогсдын 50,3%-ийн саналаар Нью Йорк хотыг удирдах боллоо. Өдгөө 34 настай З.Мамдани дөнгөж 2018 онд Америкийн иргэн болсон бөгөөд тус улсын хамгийн том хотыг удирдах анхны муслим шашинтан болж байна. З.Мамдани нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох, сургууль-цэцэрлэгээс эхлээд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгож, нийт иргэдэд нээлттэй үнэгүй бараа зардаг дэлгүүрийн сүлжээ үүсгэх зэрэг популист амлалтуудаараа маш богино хугацаанд улс төрийн байр сууриа баталгаажуулж чадсан юм. Мөн цагдаагийн байгууллагын төсвийг танаж, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн хямд үнэтэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ.
Аварга нэгдэл: Kimberley-Clark Kenvue-г 48.7 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэлээ. Энэ бол Kimberley-Clark-ийн 150 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том наймаа нь болж байна. Тэд Америкийн төдийгүй дэлхийд алдартай гэр ахуйн брэндүүд болох Huggies, Kleenex, Kotex-ийг эзэмшдэг. Одоо харин Band-Aid, Tylenol зэрэг өдөр тутмын эрүүл мэндийн брэндүүдийг портфолиодоо нэмлээ. Kenvue бол 2023 онд Johnson & Johnson-оос салж бие даасан компани. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус компанийн хамгийн гол брэнд Tylenol буюу парацетамолыг аутизмд нөлөөлдөг хэмээн мэдэгдсэн нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Ердөө 2 жилийн дотор тус компанийн зах зээлийн үнэлгээ 35%-аар буурч, 27 тэрбум доллар болоод байсан юм. Kimberley-Clark-ийн хувьд ингэснээр 32 тэрбум долларын жилийн борлуулалттай аварга нэгдлийг үүсгэж чадлаа. Мөн ирэх жилд л гэхэд 1.9 тэрбум долларын зардал хэмнэх тооцоо гарчээ. Тэд дэлхийн зах зээл дээр Procter & Gamble-тэй гол өрсөлдөөнийг үзүүлдэг билээ.

5 сонин хачин
1. Predators: Badlands бокс оффисыг тэргүүллээ 1987 оноос эхтэй “Predator” франчайзын 6 дахь кино “Badlands” 30 сая долларын орлогоор жагсаалтыг тэргүүллээ. Энэ амжилт бол 2004 оны “Aliens vs Predators”-ийн дараа хоёрт бичигдэх үзүүлэлт юм. Disney уг кинонд маш их найдлага тавьж, 105 сая долларыг зарцуулаад байгаа юм.
2. Видео тоглоом сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж буй тоглоомуудын нэг “Grand Theft Auto VI” 2026 оны 11-р сарын 19-нд гарах болжээ. Өмнө нь уг тоглоом 2025 оны намар гарах хуваарьтай байсан ч 2026 оны тавдугаар сар хүртэл хойшлоод байсан билээ. Энэ мэдээний дараагаар тоглоомыг бүтээгч Take Two-ийн хувьцааны ханш 8%-аар буурсан байна. Сонирхуулахад, 2013 онд гарсан “GTA V” тоглоом нийт 215 сая хувь борлуулагдсанаар бүх цаг үеийн жагсаалтын 2-р байрт бичигддэг билээ.
3. Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бекхэм Их Британийн эзэн хааны хамгийн эрхэм хүндтэй шагнал болох хүлэгт баатрын цолоор шагнагдлаа. Одооноос түүнийг "Сэр Дэвид Бекхэм" хэмээн дуудах болно. Өдгөө 50 настай Д.Бекхэм хөлбөмбөгийн карьераа Манчестер Юнайтедаас эхлүүлж, Реал Мадрид, Лос Анжелес Галакси, АС Милан, ПСЖ клубүүдэд хүчин зүтгэж байв. Мөн Английн шигшээгийн ахлагчаар 6 жил тоглож, 56 тоглолтод оролцжээ. Тэрээр зөвхөн хөлбөмбөгөөс гадна хүмүүнлэг, соёл урлагийн салбарт нэрээ цуурайтуулсан нэгэн билээ.

4. Англи хэл дээрх хамгийн том толь бичиг “Collins Dictionary” жил бүр уламжлал болгон зарладаг онцлох үгээ тодруулжээ. 2025 оны онцлох үгээр “Vibe Coding” нэрлэгдэв. Хиймэл оюуны хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд хүч түрэн орж ирж буй үед програмистуудын дунд өргөнөөр ашиглагдах болсон хэллэг онцлогдсон нь санамсаргүй хэрэг биш. OpenAI, Tesla-ийн анхны AI инженерүүдийн нэг А.Карпатигийн моодонд оруулсан уг хэллэг нь AI-аар код бичүүлж буй санааг илэрхийлдэг билээ.

5. Apple Google-ийн Gemini AI-г жилд 1 тэрбум доллар төлж ашиглах гэрээг хийхэд ойрхон байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Google 1.2 их наяд параметртэй тусгайлсан моделийг Siri-д зориулан хөгжүүлнэ гэв.

Сэтгэгдэл бичих

